Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/00508

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б дүүрэгт оршин суух, Ц овогт Б.Б /РД:********/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэгт оршин суух, Ч овогт С.У /РД:*********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2 420 000 төгрөг гаргуулах тухай,

Хариуцагч: Х дүүрэгт оршин суух, Ч овогт С.У /РД:********/-гийн,

Нэхэмжлэгч: Б дүүрэгт  оршин суух, Ц овогт Б.Б /РД:********/-д холбогдох

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 1 592 500  төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т,

Хариуцагч С.У*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранзул нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч С.У*******д холбогдуулан 2 420 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбараа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Б.Б******* би С овогтой С.У*******тай анх 2016 онд танилцаж байсан. 2019 оны 12 дугаар сард С.У******* нь нялх хүүхдээ тэврэн Голомт банкны үүдэнд сууж байгааг хараад өрөвдөж, дугаарыг нь олж холбогдож гэр бүлд нь тус болох үүднээс мөнгө шилжүүлж, холбоо тогтоож эхэлсэн. Б.Б******* миний бие хавдар туссан. 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хавдарын хагалгаанд ороод эмнэлэгт бие муу байхад С.У******* над руу холбогдож мөнгө зээлэх тухай хэлсэн ба бэлэн мөнгө байхгүйг өөрт нь хэлсэн. С.У******* нь хүнд нөхцөлд байна. Яаралтай олж өгөөч гэж удаа дараа гуйсан. Ингээд би өөрт байсан дурсгалтай, үнэт эдлэл болох монетан ээмэг, монетан кулон, монетан бугуйвч, монетан 2 ширхэг бөгжөө өгсөн. С.У******* нь 14-30 хоногийн дотор буцаагаад өгнө гэж хэлж авч явсан. Өмнө нь тавьж байсан А******* ХХК-ийн ломбардийг зааж өгсөн ба А******* ХХК-ийн ломбардад тавьсан байсан. Уг монетан эдлэлүүд миний хувьд дурсгалт, үнэлж баршгүй эд хөрөнгө. Үүнд: Монетан бөгж шигтгээтэй Згр бөгжийг манай нөхөр бид хоёрын сүйн бөгж, би өөрийн хадгаламж болон аав ээжийн минь хадгалсан мөнгийг нийлүүлж кулон, бугуйвч, ээмэг, бөгжийг бүгдийг нь хосоор авсан. Б.Б******* би эмнэлгээс гарахад С.У******* нь хэд хэдэн удаа ирж уулзсан бөгөөд уулзахдаа amway бараа болон хувцас авч яваад худалдан борлуулж мөнгийг буцаан өгнө гэж удаа дараа хэлдэг байсан. Үүнд: С.У******* нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр  хувцас нийт 540 000 төгрөг, мөн amway бараа нийт 1 143 900 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр amway бараа нийт 1 597 700 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр amway бараа 234 800 төгрөг нийт 3 516 400 төгрөг болсон. С.У******* нь өөрийн Хаан банкны 50*******185 тоот дугаартай данснаас Б.Б******* миний Хаан банкны 57*******78 дугаартай данс руу 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 50,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 100,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 100 000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 100 000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 100 000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 250 000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 1 000 000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 100 000 төгрөг нийт 1 800 000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл төлбөр 1 716 400 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. С.У******* нь монетан ээмэг, монетан кулон, монетан бугуйвч, монетан 2 ширхэг бөгж авч явсан ч өнөөдрийг хүртэл монетан эдлэлийг буцааж өгөөгүй, монетан эдлэл төлбөрийг ч төлөөгүй. Монетан ээмэг, монетан кулон, монетан бугуйвч, монетан 2 ширхэг бөгж нь нийт 24.5 гр болж байна. Монетан эдлэл нь 1 гр нь 160,000 төгрөгөөр худалдагдаж байгаа ба 24,5 гр нь 3,920,000 төгрөг. Монетан эдлэл болон хувцас, amwaу-гийн барааны үлдэгдэл төлбөр нийт 5.136.400 төгрөгтэй ба өнөөдрийг хүртэл С.У******* нь “Монетан эдлэлийг буцааж адилханг худалдаж авч өгнө, amway бараа, хувцас мөнгийг бүгдийг төлнө” гэж удаа дараа хэлдэг боловч өнөөдрийг хүртэл бүхэлд нь төлж барагдуулаагүй. Иймд хариуцагч С.У*******гаас үлдэгдэл төлбөр болох 5 636 400 төгрөгийг гаргуулж Б.Б*******д олгож өгнө үү.

1.2.Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 5 636 400 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2 420 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Энэ нь хариуцагчид өгсөн монетон ээмэг, клоун, бугуйвч, 2 ширхэг бөгжийг түр барьцаанд тавиулахаар өгсөн боловч буцаан өгөөгүй, мөн дээрх эд зүйлс нь биетээр байхгүй болсон байгаа тул эд зүйлийн үнийг гаргуулах шаардлага гаргасан. Үнэлгээг 3 920 000 төгрөгөөр тооцож, үүнээс нэхэмжлэгчид хариуцагчаас төлсөн 1 500 000 төгрөгийг нь хасаад үлдэх 2 420 000 төгрөгийг төлөөгүй байгаа тул монетон эдлэлүүдийн үнэ болох 2 420 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

1.3.Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь хариуцагчтай хамт явж А******* барьцаалан зээлдүүлэх газарт эд зүйлсийг барьцаалаагүй, өөрөө эмнэлэгт хэвтэж байсан бие муу байсан гэдэг. Мөн тэр хуваан авсан гээд байгаа 750 000 төгрөгийг нь аваагүй гэсэн, урьд нь өөрийнхөө үнэт эдлэлийг бас тэр ломбардад тавьж байсан гэсэн. Тэгээд авсаны дараа дахин мөнгө хэрэгтэй байна гээд байхаар нь бэлэн байхгүй байсан учраас л С.У*******д туслах гээд дахин өөрийнхөө зүйлүүдийг өгсөн асуудал болсон. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, ломбардны буруутай гээд байгаа боловч хариуцагч өөрөө л цаг хугацаандаа төлбөрөө төлөөд авчихсан бол ийм асуудал үүсэхгүй байсан гэв.

 

2.Хариуцагч С.У******* шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний найз Б.Б******* бид 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр А******* ХХК-ийн барьцаат зээлийн тасалбар 1702 дугаартай 1 575 000 төгрөг барьцаанд тавиад хүүг төлж явж байтал ковид-19 хатуу хөл хорионд улс даяар орсон байх үед А******* ХХК-ийн ломбард найзын маань бугуйвч, бөгж, ээмэг, кулоныг зарсан гэж мессежээр мэдэгдсэн болно. 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр короновируст халдвар цар тахлын урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10, 13 дугаар зүйлд тусгайлан заажээ. Төв банк цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар зайлшгүй тохиолдолд арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэг клоун, нэг бөгж, нэг хос ээмэгийг зөвшөөрч байна дахин нэг бөгж хаанаас гарч ирж байгааг ойлгохгүй байна, тиймээс 2 420 000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна, 1 650 000 төгрөгийг бол зөвшөөрч байна. Би нэг бөгж тавьсан гээд нотлох баримтаа гаргаж өгч байсан, нэхэмжлэгч өөрөө тухайн үед хамт явсан, гараад мөнгөө хувааж авсан. Гэхдээ намайг гарын үсэг зурсан гээд надаас нэхэмжлээд байгаа, би ганцхан нэхэмжлэгчээс бараа авсан юм биш нэхэмжлэгч ч бас надаас бараа авч байсан.  Нэг бөгжийг бол авсан гэдгийг зөвшөөрөхгүй гэв.

 

2.1.Шүүхэд хандаж, нэхэмжлэгчид холбогдуулан дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. А******* ХХК барьцаалан зээлдүүлэх газарт 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр миний бие Б.Б*******гийн хамт монетан бугуйвч-1ш, ээмэг 1 хос, бөгж-1 ширхэгийг тус тус 1 500 000 төгрөгөөр үнэлж барьцаанд тавьж хүүгийн хамт эргэн төлөхөөр тохирсон болно. Миний бие тус ломбардад барьцааны төлбөрийн баримтад чи мөнгө авч байгаа тул гарын үсгээ зурна гэсний дагуу гарын үсгээ зураад мөнгийг Б.Б******* авч ломбарднаас гараад надад 750 000 төгрөг өгөөд Б.Б******* өөрөө 750 000 төгрөгийг надад өгөлгүй өөртөө авч үлдсэн. Энэ нь надад тухайн үедээ их эвгүй санагдсан ч 1 500 000 төгрөгөө бүрэн нэхэлгүй салсан. Учир нь ломбардад өөрөө эд зүйлээ надад мөнгийг нь өгнө гэж тавьсан атлаа мөнгөө авсны дараа өөрөө талыг нь аваад үлдэнэ гэж тохироогүй хэрнээ тал мөнгө өгсөн нь хачин санагдсан боловч өөрийнхөө эд зүйлийг ломбардад тавьж байгаа тул би тухайн үедээ ямар нэг шаардлага тавьж чадаагүй. Эхний сарын хүүгийн төлбөрийг би төлөөд дараа сарын 1 хүүгийн төлбөрийг Б.Б******* өөрөө төлсөн. Барьцаанд байх хугацаанд хүүгээ төлж байсан бөгөөд барьцаанд тавьснаас хойш 6 сарын дараа буюу улс орон даяар цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байхад тухайн эд зүйлсийг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр зарж борлуулсан байдаг. Иймд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 141.4-т “Зээлдэгч энэ хуулийн 141.1, 141.2-т заасны дагуу хөнгөлөлттэй зээлийн хүү, алданги төлөх эрхтэй бөгөөд бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх, барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан хөрөнгөөрөө үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй байхыг шаардах эрхтэй” гэснийг тус ломбард зөрчиж эд зүйлсийг борлуулсан байдаг. Гэтэл Б.Б******* надаас тус эд зүйлийн хохирлыг бүрэн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй бөгөөд тэр эд зүйлийг ломбардад тавьсны тал мөнгө болох 750 000 төгрөгийг өөрөө авсан билээ. Б.Б*******гийн хүсэлтээр шүүхээс шинжээч томилж тус эд зүйлсийн үнэлгээг 3 185 000 төгрөгөөр үнэлсэн шижээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан тул надаас гомдлын шаардлага гаргаж байгаа үнийн дүнгийн 50 хувь болох 1 592 000 төгрөгийг шаардах ёстой байтал 3 185 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжпэлийн шаардлага гаргаж байгаа нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй шударга бус байна гэж үзэж байна. Иймд тус эд зүйлийн үнэлгээний 50 хувь болох 1 592 500 төгрөгийг сөрөг нэхэмжлэл гарган шаардаж байна. Мөн миний бие 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Б.Б*******гийн Хаан банк 57*******78 тоот дансруу 1 500 000 төгрөгийг шилжүүлсэн болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасны дагуу миний бие төлбөрийн чадваргүй болох нь талаарх баримтыг нэхэмжлэлд хавсаргасан бөгөөд улсын тэмдэгтийн хураамж 40 430 төгрөгийг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлж өгөхийг хүсч байна.

2.2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь зөвшөөрөхгүй байна, шаардлагаа багасгаж байгааг нь ойлгож байгаа. Гэхдээ нэг клоун, нэг бөгж, нэг бугуйвч, нэг хос ээмэг гэдгийг нь зөвшөөрч байна. Харин дахин нэг бөгж хаанаас гарч ирээд байгааг ойлгохгүй байна. Тиймээс багасгасан шаардлага болох 2 420 000 төгрөгийг нь зөвшөөрөхгүй, 1 650 000 төгрөгийг төлөхийг бол зөвшөөрч байна. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэв.  

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, У.Т*******д олгосон итгэмжлэл, дансны хуулга, гар бичвэр, гэрэл зураг, А******* ХХК-ийн барьцаат зээлийн тасалбар, чатаар бичсэн зурвас, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар /хэргийн 3-21, 98-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хариу тайлбар, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан бичиг, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний хариу албан бичиг, А******* ХХК-ийн барьцаат зээлийн тасалбар, А******* ХХК-д гаргасан хүсэлт, сөрөг нэхэмжлэл, Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, Э.Х*******тай байгуулсан Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, дансны хуулга, А******* ХХК-ийн барьцаат зээлийн тасалбар /хэргийн 44-49, 58, 85-88, 91-92, 132-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлт /хэргийн 66-77-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн.

 

  ҮНДЭСЛЭХ нь:

 

            1.Нэхэмжлэгч Б.Б*******гийн нэхэмжлэлээс 1 685 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 735 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч С.У*******гийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

            2.Нэхэмжлэгч нь хариуцагч С.У*******д яаралтай мөнгө хэрэгтэй байна гэхээр нь өөрийн хэрэглэж зүүж байсан дурсгалтай, үнэт эдлэл болох монетон ээмэг, монетон кулон, монетон бугуйвч, монетон 2 ширхэг бөгжийг түр өгсөн боловч ломбардад тавиад эргүүлж өгөөгүй тул эд зүйлийн үнэ болох 3 920 000 төгрөгнөөс түүний эргүүлэн төлсөн 1 500 000 төгрөгийг хасч, үлдэх 2 420 000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.

            3.Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Б*******тай хамт түүний хэрэглэж байсан үнэт эдлэл болох монетон ээмэг, монетон кулон, монетон бугуйвч, монетон бөгж 1 ширхэгийг тус тус ломбарданд 1 500 000 төгрөгөөр тавьж, уг 1 500 000 төгрөгнөөс 750 000  төгрөгийг нь надад өгч, өөрөө 750 000 төгрөгийг нь авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, уг эд зүйлийг цар тахалын үед зарсан нь ломбардны буруутай үйл ажиллагаа байсан гэж үгүйсгэсэн.

            4.Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан түүний ломбарданд тавьсан эд зүйлийн үнэ болох шинжээчийн дүгнэлтэд дурдсан 3 185 000 төгрөгний үнэлгээний 50 хувь болох 1 592 500 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, цар тахалын үед хууль зөрчиж эд зүйлийг худалдан борлуулсан ломбардны буруутай үйл ажиллагаа байхад эд зүйлийг бүрэн төлүүлэхээр шаардсан нь үндэслэлгүй гэсэн.

            5.Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хугацаандаа эд зүйлийг буцаан авч нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй учраас эд зүйлийн үнэлгээний 50 хувь болох 1 592 500 төгрөгийг хариуцахгүй гэж няцаасан.

 

            6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримтт тогтоогдож байна.

 

            6.1.Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч С.У*******д өөрийн хэрэглэж байсан үнэт эдлэл болох монетон ээмэг, монетон бугуйвч, монетон кулон, монетон 1 ширхэг бөгжийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан А******* ХХК-ийн барьцаат зээлийн №А-269, 1702 тасалбараар тогтоогдож байна гэж үзэв.

 

6.2.Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчид монетон ээмэг, монетон бугуйвч, монетон кулон, монетон 2 ширхэг бөгжийг шилжүүлсэн болох нь түүний нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн гэрэл зураг, тайлбараар нотлогдоно гэсэн боловч хариуцагч нь монетон ээмэг, монетон бугуйвч, монетон кулоныг авсан талаар маргаагүй, харин монетон бөгж нь 1 ширхэг байсан гэж маргасан бөгөөд талуудын хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн А******* ХХК-ийн барьцаат зээлийн тасалбар №1702-д “...эхлэх 2020-01-14, дуусах 2020-2-13 өдөр, үйлчлүүлэгч Сонинпил У*******, барьцааны эд зүйл: монетон бугуйвч 1 ш, монетон бөгж 1 ш, монетон ээмэг 1 хос, 21,5 гр, монетон кулон 1 ш /шигтгээтэй 3гр/, журамтай танилцаж зөвшөөрсөн У*******” гэж гарын үсгээ зурсан байх бөгөөд нэхэмжлэгчээс дээрх эд зүйлийг урьд нь өөрөө А******* ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж байсан болохыг нотлоно гэсэн барьцаат зээлийн тасалбар №А-269-д “...Баасансүх Б*******, барьцааны эд зүйл: монетон бугуйвч 1 ш, монетон бөгж 1 ш, монетон ээмэг 1 хос, 21,5 гр, монетон кулон 1 ш /шигтгээтэй 3гр/” гэсэн байх тул 2 ширхэг бөгж өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.

 

6.3.Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид өөрийн үнэт эдлэл болох монетон ээмэг, монетон бугуйвч, монетон кулон, монетон бөгж 1 ширхэгийг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байна гэж үзсэн тул дээрх эд зүйлсийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй байна.

6.4.Өөрөөр хэлбэл зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д заасан гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд 339 дүгээр зүйлийн 339.1-д “эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

7.Иргэний хуулийн 340 дүгээр зүйлийн 340.1.4-д “гэрээний хугацаа дуусахад эд хөрөнгийг бүрэн бүтэн буцааж өгөх” өгөх үүргийг хариуцагч нь хүлээсэн бөгөөд 342 дугаар зүйлийн 342.3-д “эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд ашиглалтын ердийн элэгдлээс илүүтэйгээр тухайн эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн, үрэгдүүлсэн, өөрчилснөөс болж нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч нь дээр эд зүйлс буюу үнэт эдлэлийг буцаан шилжүүлэн өгөх боломжгүй болсон тул үнийг нөхөн төлөх үүрэгтэй байна.

 

7.1.Хариуцагч нь эд зүйлсийг буюу үнэт эдлэлийг буцаан шилжүүлэн өгөх боломжгүй байсан нь түүнээс шалтгаалаагүй, барьцаалан зээлдүүлэх газар нь хууль зөрчин худалдан борлуулсан байснаас шалтгаалсан, энэ талаар холбогдох газарт нь гомдол гаргасан байгаа гэж тайлбарласан боловч  нэхэмжлэгчид эд зүйлсийг бүрэн бүтэн буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар эд зүйлс буюу монетон эдлэлийн үнийг шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

 

7.2.Нэхэмжлэгч нь эд зүйлс болох үнэт эдлэлийн үнийг нэхэмжлэлдээ монетан ээмэг, монетан кулон, монетан бугуйвч, монетан 2 ширхэг бөгж нь нийт 24.5 гр болж байна. Монетан эдлэл нь 1 гр нь 160 000 төгрөгөөр худалдагдаж байгаа ба 24,5 гр нь 3 920 000 төгрөг” гэж тодорхойлоод түүнээс хариуцагчийн нэхэмжлэгчид шилжүүлсэн 1 500 000 төгрөгийг хасч, үлдэх 2 420 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

7.3.Хариуцагч нь дээрх эд зүйлсийг ломбардад тавихад 1 500 000 төгрөгөөр тавьсан, үнэлгээнд 1 бөгж өгсөн байж 2 бөгж гээд оруулсан нь үндэслэлгүй гэж маргасан бөгөөд шүүхээс эд зүйлсийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон. 

7.4.Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн №163 дугаар хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлтэд “…монетон бугуйвч, бөгж, ээмэг, кулон шигтгээтэй эд зүйлсийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлоход нийт 24,5 гр жинтэй монетон эдлэлийн өнөөгийн зах зээлийн үнэ цэн 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 3 185 000 төгрөг болохыг тодорхойлов” гэжээ.

7.5.Иймд шинжээчийн дүгнэлтэд эд зүйлсийн үнэлгээг хийхдээ нийт 24,5 гр жинтэй монетон эдлэлийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлж 3 185 000 төгрөг гэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан А******* ХХК-ийн барьцаат зээлийн тасалбар №1702-д “...барьцааны эд зүйл: монетон бугуйвч 1 ш, монетон бөгж 1 ш, монетон ээмэг 1 хос, 21,5 гр, монетон кулон 1 ш /шигтгээтэй 3гр/ буюу нийт 24,5 гр” гэсэн байх тул шинжээчийн дүгнэлтийг үндэслэж нийт 3 185 000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 1 500 000 төгрөгийг хасч, үлдэх 1 685 000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

8.Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан А******* ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт хамтдаа очиж эд зүйлсийг 1 500 000 төгрөгөөр үнэлж, барьцаанд тавьж, 1 500 000 төгрөгийг хүлээн аваад уг мөнгөний 750 000 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө авсан тул эд зүйлсийн үнэлгээ болох 3 920 000 төгрөгний 50 хувь 1 592 500 төгрөгийг гаргуулахаар шаардаж, эд зүйлсийг буцаан өгөөгүй нь барьцаалан зээлдүүлэх газрын буруутай үйл ажиллагаа байсан, цар тахалын үед барьцааны эд зүйлсийг худалдан борлуулж хууль зөрчсөн гэсэн.

8.1.Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, барьцаалан зээлдүүлэх газарт хамт очоогүй, эмнэлэгт өвчтэй байсан, хариуцагч нь хугацаандаа үүргээ гүйцэтгээд төлбөрөө төлөөд эд зүйлсийг буцаан авах үүрэгтэй байсан гэж мэтгэлцсэн.

8.2.Хариуцагч нь нэхэмжлэгчийг барьцаалан зээлдүүлэх газарт хамт очсон гэх боловч түүнийг нотлох баримтгүй, мөн А******* ХХК-ийн барьцаат зээлийн тасалбар №1702-д “...эхлэх 2020-01-14, дуусах 2020-2-13 өдөр, үйлчлүүлэгч Сонинпил У*******” гэсэн байх бөгөөд 750 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, хүлээлгэн өгсөн талаар баримтаар нотлоогүй болно.

8.3.Мөн хариуцагч нь Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуулийн 141.4-т заасныг зөрчиж барьцаалан зээлдүүлэх газар нь эд зүйлийг худалдан борлуулсан гэсэн бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 141.3-д “Барьцаалан зээлдүүлэх газар энэ хуулийн 141.1-д зааснаас бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцох болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглоно” гэж заасан байна.

8.4.Гэвч хариуцагч нь дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 141.4-д заасан “зээлдэгч энэ хуулийн 141.1,  141.2-т заасны дагуу хөнгөлөлттэй зээлийн хүү, алданги төлөх эрхтэй бөгөөд бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх, барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан хөрөнгөөрөө үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй байхыг шаардах эрхтэй” гэж заасан эрхээ хэрэгжүүлсэн эсэх талаарх баримтгүй, мөн гэрээний хугацаанд дээрх эд зүйлсийг буцаан аваагүй нь хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл байсан эсэх талаарх баримтыг ирүүлээгүй болно.

8.5.Иймээс хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзэв.

 

9.Иймд нэхэмжлэгч Б.Б*******гийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 685 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч С.У*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 735 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч С.У*******гийн нэхэмжлэгч Б.Б*******д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

10.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 58 дугаар зүйлийн 58.4-д “зохигчийн эд хөрөнгийн болон бусад байдлыг харгалзан шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамж төлөх хэмжээг багасгах буюу хугацааг хойшлуулах, эсхүл хэсэгчлэн төлүүлж болно” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105 133 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.У*******гаас 41 920 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлөх 40 422 төгрөгийг тус шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШЗ2023/11560 дугаартай захирамжаар шүүхийн шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар хойшлуулсан тул хариуцагчаас 40 422 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн зардал 150 000 төгрөгийг нэхэмжлэгч нь төлсөн байх тул шинжээчийн зардалд 75 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагч С.У*******гаас 1 685 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 735 000 төгрөгийг, хариуцагч С.У*******гийн нэхэмжлэгч Б.Б*******д холбогдуулан гаргасан 1 592 500 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105 133 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.У*******гаас 41 920 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б*******д олгож, хариуцагч С.У*******гаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 40 422 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод нөхөн төлүүлж, шинжээчийн зардлын 50 хувь болох 75 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ХУЛАН