Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2024/01056

 
 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүрэгт байрлах, Х ХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэгт оршин суух, Э.Х /РД:**/,

Хариуцагч: Х дүүрэгт оршин суух, Г.Д /РД:*/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 93 424 566 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А,

Хариуцагч Э.Х, Г.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранзул нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Э.Х, Г.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 93 424 566 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Зээлдэгч Э.Х, Г.Д нар нь Хтай 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр №ЗГ/RCC180205020-1 тоот "Орон сууцны зээлийн гэрээ" болон №ЗБ/RCC180205020-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулан 80 000 000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлж авсан.  №ЗГ/RCC180205020-1 тоот Орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож №ЗБ/RCC180205020-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр Э.Хгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- 22731 дугаартай ,,,,, 71 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 6/11280, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 6/11897 тоот мэдэгдлээр мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон боловч гэрээний үүргээ 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан №ЗГ/RCC180205020-1 тоот гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасны дагуу Худалдаа, хөгжлийн банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй болно. №35/RCC180205020-1 тоот Орон сууцны зээлийн гэрээний 6.2.4-т "Гэрээнд өөрөөр заагаагүй бол зээлийн төлбөрийг гэрээний 3.1-т заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөрийн хуваарь зөрчигдсөн өдрөөс эхлэн төлөгдөөгүй байгаа зээлд үндсэн хүү (үндсэн хугацааны болон хэтэрсэн хугацааны)-ний хамт нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцож төлөх", мөн гэрээний 8.3-т "Зээлийн сар бүрийн тэнцүү хуваарийн дагуу Зээлдэгч төлбөрөө төлөөгүй эсвэл гэрээний 9.2-т заасан үндэслэлээр зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдолд банк гэрээг цуцалж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг үл маргах журмаар төлүүлнэ", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26.1-т "Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ", мөн хуулийн 26.2-т "..зээл, зээлийн хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгч, хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч, баталгаа гаргагч, батлан даагчийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлнэ" гэж тус тус заасан байна. Зээлдэгч нарын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр №ЗГ/RСС180205020-1 тоот "Орон сууцны зээлийн гэрээ”-ний үүрэгт 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 76 485 569  төгрөг, үндсэн хүү 16 899 810 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 185 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 36 000 төгрөг болсон. Иймд Э.Х, Г.Д нарын Хтай 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр №ЗГ/RCC180205020-1 тоот "Орон сууцны зээлийн гэрээ"-г нэг талын санаачилгаар шүүхийн журмаар хугацаанаас нь өмнө цуцлаж, зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбоотой гарсан зардал, нийт 93 424 566 төгрөгийг гаргуулах,  хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд №ЗГ/RCC180205020-1 тоот "Орон сууцны зээлийн гэрээ"- гээр хүлээсэн үүргийн баталгаа болгож №35/RCC180205020-1-1 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ"-гээр барьцаалсан Э.Хгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22731 дугаартай ,,,,, 71 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч нар нь 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 80 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай зээлсэн. Орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр Э.Хгийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг,, үйлдвэр гудамж,, 71 мкв орон сууцыг барьцаалсан, зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зөрчиж, зээлийн төлбөрөө хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 611280, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 611897 гэсэн мэдэгдлүүдийг хүргүүлж зөрчлийг арилгахыг сануулсан боловч хариуцагч нар нь гэрээний үүргээ 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225.1 дэх хэсэг, 226.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч талаас гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй, орон сууцны зээлийн гэрээний 6.2.4-т гэрээнд өөрөөр заагаагүй бол зээлийн төлбөрийг гэрээний 3.1-т заасан хугацаанд төлж барагдуулна, төлбөрийн хуваарь зөрчигдсөн өдрөөс төлөгдөөгүй байгаа зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцож төлөх мөн гэрээний 8.3-т сар бүрийн тэнцүү хуваарийн дагуу зээлдэгч төлбөрөө төлөөгүй, гэрээний 9.2-т заасан үндэслэлээр зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бол банк гэрээг цуцалж, нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүг үл маргаж журмаар төлүүлнэ гэж заасан. Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зээл төлөх хугацаа болоход зээл хамтран төлөгч, батлан даагч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлнэ гэж заасан, зээлдэгч нарын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан орон сууцны зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 76 485 569 төгрөг, үндсэн хүү 16 899 810 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 185 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардал 36 000 төгрөг байна, зээлдэгч нар нь үндсэн зээлд 3 514 430 төгрөг, хүүнд 65 205 485 төгрөгийг төлсөн байгаа. Зээлдэгч нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна, Хны 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан орон сууцны зээлийн гэрээг нэг талын санаачилгаар зээлийн журмаар хугацаанаас нь өмнө цуцалж, нийт 93 424 566 төгрөг гаргуулах хүсэлттэй байна, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр Э.Хгийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг,, үйлдвэр гудамж,, 71 мкв орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

2.Хариуцагч Э.Х шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зээл авсан талаар маргахгүй, анх зээл авахдаа нэг жил 18 хувийн хүү төлөөд, жилийн дараа хүү нь 0.8 хувь болж шилжинэ гэж байсан. Хүсэлтээ тавьсан боловч банк цар тахал гараад хүсэлтийг хүлээж аваагүй, шилжүүлж өгөхгүй яваад байсан, бид хоёр сар болгон төлөлтөө хийгээд нийт 80 орчим сая төгрөг төлсөн байгаа. Гэтэл үүнээс 2,3 хан мянган төгрөг үндсэн зээлээс хасагдаад байгаа нь зээлийн хүү гэдэг юмаар биднийг хохироож байна, хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурснаараа бид нар төлье гэж байгаа боловч цар тахал нөлөөлөөд бизнес дампуурсан энэ талаараа хэлээд дахиад хугацаа өгөөч гэсэн, манай хүн төрийн албан хаагч 1 500 000 төгрөгийн цалин авдаг, 3 хүүхэдтэй, 1 200 000 төгрөгийг нь байрны зээлдээ өгдөг, 2024 онд улсаас мөнгө авах юм аа гээд тайлбараа хэлсэн, 2023 оны 7 дугаар сараас хойш үнэхээр боломжгүй болоод төлж чадаагүй, цар тахлаас шалтгаалаад төлж чадахгүй байдалд үүссэн, эвлэрэх саналыг хүлээн аваач, бид төлөхгүй гэж хэлээгүй харин зөрчлөө арилгаад гэрээгээ үргэлжлүүлээд явья гэсэн хүсэлтэй байгаа, энэ талаараа хэлээд хариу өгөхгүй байгаа гэв.

3.Хариуцагч Э.Д шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Өнгөрсөн хугацаанд төлөөгүй хүү алдангийг төлөөд үлдсэн мөнгийг 0.6-0.8 хувийн хүүнд шилжүүлэх саналаа удаа дараа тавьсан, түүнийхээ дагуу зээлээ төлөх саналтай байна, цаашид өмгөөлөгч авна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид зээл авсан талаараа маргаагүй, зээлээ төлж байсан боловч цар тахал нөлөөлсөн, мөн хүүг шилжүүлнэ гэсэн боловч энэ талаар хүсэлтээ тавихаар хариу өгөөгүй, тэгээд одоо зөрчлөө арилгаад гэрээгээ үргэлжлүүлье гэхэд зөвшөөрөхгүй байна гэв.

 

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврууд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, орон сууцны зээлийн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Орон сууцны зээлийн гэрээ, Ү-22731 дугаартай Э.Хгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 6/11280 тоот албан бичиг, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 6/11897 дугаар мэдэгдэл, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, нотариатын нэхэмжлэл, итгэмжлэл /хэргийн 4-29, 44-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Х, Г.Д нарыг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаандаа зээлээ төлөөгүй тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, орон сууцны зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 76 485 569  төгрөг, үндсэн хүү 16 899 810 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 185 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 36 000 төгрөг, нийт 93 424 566 төгрөгийг гаргуулах, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан.

3.Хариуцагч Э.Х нь нэхэмжлэгч Х ХК-тай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 80 000 000 төгрөгийн зээл авсан боловч  ковидын цар тахлын улмаас эргэн төлөлт хийх боломжгүй болсон, гэрээний зөрчлийг арилгаад эвлэрэх саналтай, гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг зөвшөөрөхгүй, зээл, зээлийн хүүнд 80 гаруй сая төгрөгийг төлсөн гэж маргасан.  

4.Хариуцагч Г.Д нь нэхэмжлэгчтэй орон сууцны зээлийн гэрээ байгуулсан, зээлийн төлбөрийг хугацаандаа төлж байсан боловч цар тахалаас шалтгаалаад зөрчил гарсан, өнгөрсөн хугацаанд төлөөгүй хүү, алдангийг төлөөд гэрээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй байна, анх зээлийн гэрээг байгуулахдаа 0.6-0.8 хувийн хүүнд шилжүүлнэ гэж байсан боловч хүсэлтийг удаа дараа хүлээн аваагүй гэж үгүйсгэсэн.   

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Э.Х, Г.Д нартай 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр №ЗГ/RCC180205020-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, орон сууц худалдан авах зориулалтаар 80 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатайгаар орон сууц худалдан авах зориулалтаар зээлж, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №ЗБ/RCC180205020-1-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-гээр Э.Хгийн өмчлөлийн Нийслэлийн,,,, 71 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан №ЗГ/RCC180205020-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ, №ЗБ/RCC180205020-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, барьцаалбар, зээл эргэн төлөлтийн хуваарь, Х ХК-д гаргасан зээлийн өргөдөл, хүсэлт, анкет зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

6.Талуудын маргааны зүйл нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар байна, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар маргаагүй байна.

 

7.Зохигч зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, гарын үсэг зурсан, гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хариуцагч Э.Х, Г.Д нар нь хүлээн авсан талаараа хүлээн зөвшөөрч маргаагүй тул нэхэмжлэгч Төрийн банк ХК болон Э.Х, Г.Д нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 154 дүгээр зүйлийн 154.1, 154.4, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

7.1.Зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн  №ЗГ/RCC180205020-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-ний хугацаа нь 20 жил буюу 240 сар байх бөгөөд 2038 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дуусах боловч нэхэмжлэгч хугацаанаас өмнө гэрээг цуцлах шаардлагыг гаргажээ.      

7.2.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д ”талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан бөгөөд хариуцагч нарт удаа дараа зээлийн гэрээний үүргээ төлөхийг мэдэгдсэн гэж тайлбарлаж, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 6/11280 тоот албан бичиг, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 6/11897 дугаар мэдэгдлийг шүүхэд баримтаар ирүүлсэн байна.

7.3.Нэхэмжлэгч нь хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээнд 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс зөрчил үүссэн, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үүргээ биелүүлээгүй тул гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар шаардсан гэж тайлбарласан.

7.4.Хэрэгт авагдсан Х ХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 6/11280 тоот мэдэгдэлд “…Зээлдэгч та зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зөрчиж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүйгээс 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 368 819 төгрөг, үндсэн хүүний өр 4 547 215 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 1 292 төгрөг, нийт 4 917 327 төгрөгийн зөрчил үүссэн байна. Иймд зээлдэгч Э.Х, Г.Д нар нь энэхүү мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор үүссэн зөрчлийг төлж барагдуулаагүй тохиолдолд Худалдаа, хөгжлийн банкны зүгээс холбогдох хууль тогтоомж, гэрээнд заасны дагуу ажиллах болохыг үүгээр урьдчилан мэдэгдэж байна”,

2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 6/11897 дугаар мэдэгдэлд “…Зээлдэгч та зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зөрчиж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүйгээс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны  өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 431 058 төгрөг, үндсэн хүүний өр 5 716 501 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 2 420 төгрөг, нийт 6149 980 төгрөгийн зөрчил үүссэн байна. Иймд зээлдэгч Э.Х, Г.Д нар нь энэхүү мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор үүссэн зөрчлийг төлж барагдуулаагүй тохиолдолд Худалдаа, хөгжлийн банкны зүгээс холбогдох хууль тогтоомж, гэрээнд заасны дагуу ажиллах болохыг үүгээр урьдчилан мэдэгдэж байна” гэжээ.

7.5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нар нь гэрээний үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан тул зөрчлөө арилгахыг шаардаж, гэрээ цуцлах талаар мэдэгдсэн тул урт хугацаатай зээлийн гэрээг цуцлах талаар шаардлага гаргасан гэж тайлбарласан боловч дээрх мэдэгдлүүдэд гэрээ цуцлах талаар бус зөрчлөө арилгахыг шаардсан байна.

 

7.6.Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу зохих ёсоор төлөлт хийж байсан боловч ковид цар тахлын улмаас төлөлт хийх боломжгүй болсон, гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй, цар тахалаас өмнө гэрээний зөрчилгүй үүргээ гүйцэтгэж байсан гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нарыг 2023 оны 7 сараас эхлэн гэрээний зөрчил үүссэн, үүнээс өмнө гэрээний үүргээ гүйцэтгэж байсан талаар маргаагүй.

7.7.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн бол талууд гэрээнээс татгалзах буюу цуцлах боломжгүй бөгөөд хариуцагч нар нь орон сууц худалдан авах зорилгоор зээл авч, зориулалтын дагуу ашигласан байх бөгөөд гэрээний хугацаанд нийт үндсэн зээлд 3 514 430 төгрөг, ашигласан хугацааны хүүнд 65 205 485 төгрөгийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн гэрээний үүрэгт төлсөн гэж нэхэмжлэгч нь тайлбарласан.  

7.8.Иймд улс орон даяар үүссэн цар тахалын нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хорооноос орон сууцны болон хэрэглээний зээлийн хугацаа хэтрэлттэй холбогдох асуудлыг улс орон даяар нэгдсэн арга хэмжээ авч зээлдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн байх бөгөөд иргэдийн зээлийн төлөлтийн хугацааг сунгах боломжийг банкууд болон зээлдэгчдэд олгохоор шийдвэрлэсэн, хариуцагч нар нь цар тахалын хүндрэлээс зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учирсан, цаашид зөрчлөө арилгаад гэрээгээ үргэлжлүүлэх боломжтой гэж байхад нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр гэрээг цуцлахаар шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна гэж үзэв.

 

8.Иймд нэхэмжлэгч Х ХК-ийн хариуцагч Э.Х, Г.Д нартай байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр №ЗГ/RCC180205020-1 тоот "Орон сууцны зээлийн гэрээ" болон №ЗБ/RCC180205020-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээний хугацаа дуусаагүй, хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцлах үндэслэлгүй байна гэж үзэж, нэхэмжлэгчийн хариуцагч нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт 93 424 566 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 695 272 /625 072+70 200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4, 225.4.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн хариуцагч Э.Х, Г.Д нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 93 424 566 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 695 272 /625 072+70 200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                 

 

 

   

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН