Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/00974

 
 

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х дүүрэгт оршин суух, С овогт П.Ш /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Х дүүрэгт  оршин суух, Т овогт Б.Б /РД:********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн төлбөрт шилжүүлсэн 9 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Т*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н*******,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранзул нар оролцов.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч П.Ш******* нь хариуцагч Б.Б*******д холбогдуулан түрээсийн төлбөрт шилжүүлсэн 9 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

            1.1.П.Ш******* миний бие хүнсний ногоо тариалангийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Улмаар 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Б.Б*******гийн 60 га газрыг 1га газрыг 150.000 төгрөгөөр бодож нийт 9 000 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцон түрээсийн төлбөрийг шилжүүлсэн. Улмаар Б.Б*******тэй түрээсийн гэрээ хийх гэсэн боловч уг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нь шинэчлэх гээд Улсын бүртгэлийн газарт өгсөн байсан тул түрээсийн гэрээ байгуулаагүй, амаар гэрээ хийсэн. Уг түрээсийн 60 га газрыг 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр очиж үзэхэд зэрлэггүй буюу газар нь хараараа байсан бөгөөд өмнөх жил хүнсний ногоо тарьж байсан болохоор асуудалгүй мөн өөрөө ч ямар нэгэн асуудалгүй байхгүй гэсэн тул тохиролцсоныхоо дагуу ажлаа эхлэхээр болсон.

Ингээд 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр уг газарт хашаа хатгаж, трактор гээд бүх хэрэгтэй хэрэгсэл болоод ажилчдаа аваад очиход хиаг азаргана тэр чигтээ ургачихсан байсан. Энэ талаар хариуцагчид мэдэгдсэн бөгөөд ийм хиаг азарганатай газар ургац алддаг бөгөөд анх тохиролцсон чигээрээ бус байгаа учир төлбөрөө буцаан авч түрээслэхээ болих тухай хэлсэн. Улмаар хариуцагч Б.Б******* нь “..Болно, удахгүй мөнгийг нь шилжүүлье, 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хүлээгээч..” гэсэн тул миний бие өнөөдрийг хүртэл эвийн журмаар шийдэх гэж хүлээсээр байсан. Гэтэл хариуцагч Б.Б******* нь өгч чадахгүй ээ гэсэн тул миний бие шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд уг газарт очиход гаргасан зардал, хашаалсан хашаа, ажилчдын цалин хөлсөөр хохирсон. Иймд түрээсийн төлбөрт шилжүүлсэн 9 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. П.Ш******* нь хүнсний ногоо тариалах үйл ажиллагаа эрхэлдэг, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хариуцагчийн 60га газрын нэг га газрыг нь 150 000 төгрөгөөр түрээслэхээр 9 000 000 төгрөгийг 2024 оны 3 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн, гэрээ хийгээд улсын бүртгэлд бүртгүүлэх гэсэн боловч үл хөдлөхийн гэрчилгээ байхгүй байсан учир амаар тохиролцсон. 2022 оны 05 дугаар сарын 1-ний өдөр тухайн газар очиж үзэхэд зэрлэггүй ногоо тариалах боломжтой байсан, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ажилчид болон техниктэй очоод хашаа хатгаад төмс ногоогоо тариалах гэсэн боловч зэрлэг, хиаг, азаргана ургасан ногоо тариалах боломжгүй болсон байсан ингээд 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр болих талаараа хариуцагчид хэлсэн боловч төлбөрөө буцаан төлнө гэсэн ч одоо хүртэл төлбөрөө төлөөгүй байна, 9 000 000 төгрөгөө гаргуулан авах хүсэлттэй байна гэв.

1.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоёр иргэн хоорондоо тохироод төлбөр мөнгөө шилжүүлээд газар дээрээ очоод ажил үүргээ гүйцэтгэх гэсэн боловч хиаг ихтэй, өндөрлөг, чулуу ихтэйгээс болоод 2-5га газар яваад сүүлдээ ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болоод машин техникээ эвдээд учир байдлаа хариуцагчид хэлсэн, төлбөрөө буцаан төлнө гэж ярьсан, Иргэний хуулийн 204.1-ээр төлбөрөө буцаан гаргуулах хүсэлттэй байна.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Төв аймаг ******* 65га газар эзэмшдэг эзэмших эрхийн гэрчилгээтэй, энэ 65га газрыг түрээслэхээр нэхэмжлэгчтэй 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ярьж тохирсон, аман хэлцэл хийсэн бичгээр гэрээ байгуулаагүй, аман хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлж 65га газрыг нэхэмжлэгчийн эзэмшилд хүлээлгэн өгсөн ямар нэгэн зөрчилгүй, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 9 000 000 төгрөг шилжүүлсэн гэдэг нь үнэн, хамгийн гол нь хариуцагч ямар нэгэн доголдолгүй газраа шилжүүлэн өгч үүргээ зохих ёсоор биелүүлсэн, энэ 65га газрыг жил бүр түрээслүүлээд түрээслэгч нар нь ургацаа авдаг байсан, нэхэмжлэгчийн хэлээд байгаа шиг хиаг, азаргана, зэрлэг ургасан тохиолдол өмнө нь байгаагүй, өндөрлөг газар байна, техник хэрэгсэл явахад төвөгтэй байна гэдэг шалтаг шалтгаанаас болоод түрээслэхээ болих ёсгүй, хамгийн гол нь хугацаандаа газраа хагалуулаад, хугацаандаа тариалалтаа хийгээд явсан бол тодорхой хэмжээний үр ашиг хүртэх бүрэн боломж байсан, энэ боломжоо өөрсдөөсөө шалтгаалаад алдсан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, дансны хуулга, А.М*******д олгосон итгэмжлэл, С.Т*******тай байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 3-5, 71-р хуудас/ гэсэн баримтуудыг,

Хариуцагчаас Ч.Н*******д олгосон итгэмжлэл, хариу тайлбар /хэргийн 48, 53-р хуудас/ гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн газар зохион байгууллалтын албанаас Төв аймгийн *******56га газрын лавлагаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрчээр Б.Батболдыг асуусан тэмдэглэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн 80*******59 дугаарын гар утасны мессежид үзлэг хийсэн тэмдэглэл, Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас Төв аймгийн *******56га газрын лавлагаа, хавсралт /хэргийн 67-68, 88-103, 112-116, 121-135-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Б*******тэй харилцан тохиролцож түүний газрыг тариа тариалахаар түрээслэсэн боловч газар нь тариа тариалах боломжгүй хиагтай, доголдолтой байсан учир энэ талаар мэдэгдэж гэрээнээс татгалзсан бөгөөд хариуцагч нь мөнгийг удахгүй буцаан төлнө, үхэр өгнө гэсэн боловч өгөхгүй байгаа тул газрын үнэд төлсөн 9 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэгч П.Ш*******тай харилцан тохиролцоод газар тариалангийн газраа түрээслэж, 9 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан, өөрсдөө газраа үзэж хараад түрээслэсэн атлаа газар доголдолтой гэж гэрээнээс татгалзсаныг зөвшөөрөхгүй, доголдолтой газар шилжүүлээгүй, хиаг өвсгүй шаардлага хангасан байхад өөрсдийн буруугаас тариагаа тарьж чадаагүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Зохигч талууд 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Б.Б*******гийн эзэмшлийн *******гэдэг газарт орших газар тариалангийн зориулалттай 60га газрыг 1 га-г нь 150 000 төгрөгөөр тооцож, нийт 9 000 000 төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохиролцжээ.

 

5.Талуудын маргааны зүйл нь доголдолтой холбогдуулан гэрээнээс татгалзсан талаар байна, гэрээг байгуулсан, газрыг шилжүүлсэн, газрын түрээсийн үнэд 9 000 000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй.

 

6.Иргэний хуулийн 327 дугаар зүйлийн 327.1-д “хөдөө аж ахуйн зориулалттай газрыг уг зориулалтаар ашиглуулахаар сууцны болон аж ахуйн зориулалтаар ашиглагдах байгууламжийн хамт, эсхүл тийм байгууламжгүйгээр түрээсэлж болно” гэж зааснаар талуудын хооронд хөдөө аж ахуйн зориулалттай түрээсийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

6.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн боловч Иргэний хуулийн 330 дугаар зүйлийн 330.1-д “хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээг хоёр жилээс дээш хугацаагаар, бичгээр хийх бөгөөд энэ журмыг баримтлаагүй байгуулсан гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан гэж үзэж уг гэрээ үйлчилж эхэлснээс хойш нэг жил өнгөрснөөр дуусгавар болгоно” гэж заасан, хэдийгээр талууд гэрээгээ бичгээр байгуулаагүй боловч хэн аль нь гэрээ байгуулсан, гэрээнд заасан газрыг түрээслэсэн, түрээсийн гэрээний үнийг төлсөн талаараа хүлээн зөвшөөрч маргаагүй тул хэлцэл хүчин төгөлдөр байна гэж үзэв.

 

6.2.Хариуцагч Б.Б******* нь Төв аймгийн , гэдэг газарт 41127 нэгж талбарын дугаартай 299760м.кв газрыг эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Төв аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 07/629 тоот албан бичиг, Төв аймгийн Борнуур сумын Засаг даргын “Газар эзэмшүүлэх тухай захирамж”, “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ”, “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” Засаг даргын захирамжаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч П.Ш******* нь газрын түрээсийн төлбөрт 9 000 000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2022 оны 3 дугаар сарын 24-нд 9 000 000 төгрөгийг “Б******* ахад Ш*******гаас” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн баримтаар тус тус тогтоогдож байна .

6.3.Иргэний хуулийн 328 дугаар зүйлийн 328.1-д “түрээслүүлэгч нь газрыг гэрээнд заасан зориулалтаар ашиглах шаардлага хангасан эд хөрөнгийн хамтаар түрээслэгчид шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь газрыг тариалан эрхлэхээр шилжүүлэн авсан боловч доголдолтой буюу гэрээнд заасан зориулалтаар нь ашиглах боломжгүй байсан тул гэрээнээс татзалзаж, энэ талаараа хариуцагчид мэдэгдсэн гэж тайлбарласан.

6.4.Хариуцагч нь газрыг тариа тарих зориулалтаар ашиглахад бэлэн хүлээн авсан өөрийн буруугаас л ашиглаж чадаагүй гэж маргасан боловч Иргэний хуулийн 328 дугаар зүйлийн 328.3-д зааснаар “түрээсийн гэрээний харилцаа үүсэх, дуусгавар болох үед талууд гэрээгээр шилжүүлбэл зохих эд хөрөнгийн тоо хэмжээ, үнэ, шилжүүлэх үеийн чанарын байдал зэргийг заасан жагсаалтыг хамтран үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасныг хэрэгжүүлээгүй, гэрээ байгуулах үедээ газрын чанар байдлын талаар хамтран ямар нэгэн акт, жагсаалтыг үйлдээгүй байна.

6.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь газар чанарын шаардлага хангаж байсан болох нь гэрч Б.Батболдын мэдүүлгээр тогтоогдоно гэсэн бөгөөд гэрч Б.Батболд мэдүүлэхдээ “...Б.Б******* үл таних хоёр хүнтэй ирсэн, газраа түрээслэх гэж байгаа гэсэн тэгээд миний 15га газрыг түрээслэсэн, Б.Б*******гийн эзэмшлийн газарт ногоо тарина гэж байсан. Б.Б*******гийн газар дээр 2 га гарантай газар хагалсан хашаа барьсан, манай газар дээр газар хагалж төмс тарьсан. Тухайн үедээ юм хэлээгүй дараа нь хүнээс сонсоход трактор нь хүч алдсан, зэрлэг ихтэй байна гэж сураг дуулдсан” гэсэн тул түүний мэдүүлгээр уг газрыг чанарын шаардлага хангаж байсан гэж дүгнэх боломжгүй байна гэж үзэв.

7.Иймд нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох хөдөө аж ахуйн газар нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй тул гэрээнээс татгалзах талаараа хариуцагчид мэдэгдэж байсан, хариуцагч нь гэрээнээс татгалзсныг хүлээн зөвшөөрч, түрээсийн төлбөрийг буцаан төлнө гэж байсан болох нь хариуцагчтай харилцаж байсан утасны мессежээр тогтоогдоно гэсэн.

 

7.1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 225.2-д “үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж заасан.

7.2.Хэрэгт авагдсан талуудын харилцаж байсан гэх гар утасны мессежид хийсэн үзлэгт “...2022.05.17нд  “...ах нь ер нь 6 сарын 20-оос өмнө мөнгөний чинь өгч амжихгүй шүү, ямар ч байсан 2 хуваагаад өгнө л гэж бодож байна. Эхний тал хувийг 6 сарын 20 гэж ойлго. Танайх үхэр авах уу”, 2022.06.22-нд “тэр яах вэ чамд өгөхгүй гээгүй”, 2022.07.03нд “би 15 га түрээслэсэн түүний мөнгө орж ирэхээр хийе, үлдсэн газрыг нь өөрөө түрээслээд олж аваарай би бас яг чам шиг амьдрах гэж зүтгэж яваа нэгэн” гэсэн байх тул нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсаныг хүлээн зөвшөөрч байсан гэж дүгнэхээр байна.

7.3.Иргэний хуулийн 330 дугаар зүйлийн 330.3-д “гэрээг сунгах тухай санал болон татгалзлыг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэнэ” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь гар утсаар буюу мессежээр харилцаж байсан талаараа маргаагүй тул гэрээнээс татгалзах талаар хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэв.

 

7.4.Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагчаас түрээсийн гэрээний төлбөр болох 9 000 000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

8.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 158 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 327 дугаар зүйийн 327.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Б.Б*******гээс түрээсийн төлбөрт төлсөн 9 000 000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч П.Ш*******д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч П.Ш*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б*******гээс 158 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Ш*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ХУЛАН