Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2021/ДШМ/60

 

Б.Н-д холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд

Прокурор Б.Болор-Эрдэнэ,

Хохирогчийн өмгөөлөгч А.Мөнхтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

Нарийн бичгийн дарга Э.Ууганчимэг нарыг оролцуулан,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж шийдвэрлэсэн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Н-д холбогдох 2128000880071 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Б.Ц-н давж заалдах гомдлыг  үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

Өсвөр насны шүүгдэгч Б.Н нь 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сум 3 дугаар багт байрлах Ц дэлгүүрийн урд талын орон сууцны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас О.Ц-н нүүрэн тус газарт гар, хөлөөрөө цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь 11 дүгээр шүдний үзүүр хэсгийн эмтрэл, хамар ясны зүүн хажуу хананы уг хэсгийн сэтэрсэн, дунд хэсгийн цөмөрсөн нийлмэл хугарал, хамрын таславч муруйлт, хамар, хүзүү хацрын зөөлөн эдийн няцрал, дух шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Болор-Эрдэнэ нь Б.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч  Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хохирогч О.Ц-н нэхэмжлэлээс 2300000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Ц нь хамрын таславчийн гэмтэлд мэс засал хийлгэсэн тохиолдолд холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч О.Цт 825000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Ц нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл буюу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Хохирогч Б.Ц миний хувьд зүгээр байж байгаад ямар нэгэн шалтгаангүйгээр Б.Н гэх этгээдэд зодуулж, хамар ясны зүүн хажуу хананы уг хэсгийн сэтэрсэн, дунд хэсгийн цөмөрсөн нийлмэл шинэ хугарал, хамрын таславч муруйлт, хамар, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл авсан.

Цаашид хамрын мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд энэ талаар баримт хэргийн материалд авагдсан байдаг. Миний хувьд өөрөө зардлаа гаргаад мэс заслын эмчилгээ хийлгэх боломж энэ өвчин зовлонтой хэцүү цаг хугацаанд ажил төрөл олдохгүй үнэндээ байхгүй байна.

Шүүгдэгч Б.Н-н хувьд хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал огт байхгүй анхан шатны шүүх хурал дээр дүр эсгэсэн уучлалт гуйсан. Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан шүдний гэмтлийг учруулаагүй, гэрч, хохирогч нарын мэдүүлэгт дурдагдсан цохиж зодчихоод бэлэг эрхтнээс татаж босгосон үйлдлээ би тэгээгүй гэж хэнэг ч үгүй худлаа яриад зогсож байсан.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдчихээд хохирол төлбөрөө төлөхгүй Өршөөлийн хуульд хамрагдаад хүн зодож гэмтэл учруулсан ч зүгээр өнгөрч болдог юм байна гэсэн ойлголттой байгаа нь харагдаж байна.

Гэтэл миний бие өрх толгойлсон ээждээ гагнуурын ажил хийж өрхийн амьжиргаандаа тус дэм болж байсан. Энэ гэмтлээс болж хийж байсан ажлаа ч алдаж, байнгын хамар битүүрч толгой өвдөж хэцүү байдалтай байна.

Хуулийг миний хувьд хохирсон хүний эрх ашгийг хамгаалж, хохирсон дээр нь нэмж хохироохгүй байх гэж ойлгодог. Гэтэл миний хувьд биедээ гэмтэл авч хохироод дээрээс нь эдийн засгаараа хохирч байгаад гомдолтой байна.

Хохирогчийн зүгээс нийт иргэний нэхэмжлэлд 4500000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд 1500000 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин, үлдсэн 3000000 төгрөгийг мэс заслын эмчилгээний болон унааны зардал, дахин шинжилгээ хийлгэх зэрэгт зарцуулахаар төлөвлөсөн.

Хэргийн материалд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 03 дугаартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоосон тогтоолыг гаргаж өгсөн бөгөөд тухайн тогтоолын хавсралтын 92-т хамрын таславчийн эмгэгийн мэс заслын эмчилгээнд 2209096 төгрөгийн зардал шаардлагатай байдаг. Мөн эрүүл мэндийн даатгал төлдөггүй талаар баримтыг мөн хавсаргаж өгсөн билээ.

Иймд хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг үндэслэж хэргийн бодит байдалтай нийцсэн шийдвэр гаргаж, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/93 дугаартай шийтгэх тогтоолын 4 дэх заалтад өөрчлөлт оруулж иргэний нэхэмжлэл болох 4500000 төгрөгийг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

Прокурор Б.Болор-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр хохирогч Ц 825 000  төгрөгийг хохирол төлбөрийн баримтыг гаргаж өгсөн учраас түүнийг бодит учирсан хохирол байна гэж үзэн шүүх хангаж, харин 2 300 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хохирогч Ц 2 300 000 төгрөгийн баримтаа шүүхэд болон хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй байсан учир хэрэгсэхгүй болгож, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсан гэж үзэж байна” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч А.Мөнхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Хохирогч Ц-н хувьд шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтэл учирсан ба цаашид эмчлүүлэх шаардлагатай нь эмчилгээний баримтаар тогтоогддог. Хохирогчийн хувьд гагнуурчнаар сурахаас гадна өрх толгойлсон ээждээ тусалдаг. Өөрөө эмчилгээний зардлаа гаргаад эмчилгээ хийлгэх боломжгүй учраас давж заалдах гомдол гаргасан. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны үеэр эмчилгээний зардал хэдэн төгрөг болох талаар баримтыг гаргаж өгч чадаагүй. Иймээс Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 3 дугаартай Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоосон тогтоолын жагсаалтыг гаргаж өгсөн. Мөн анхан шатны шүүх хохирогчийн 4 500 000 төгрөгийн хохирол төлбөрөөс ажилгүй байсан хугацааны цалин болон имрайн зураг авахуулах төлбөр, Улаанбаатар хот явах эмчилгээний зардал 2 300 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм хор шаардах буюу баримтаа бүрдүүлээд нэхэмжлэх эрхийг хаасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэхтэй холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж, хангаж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Хохирогчийн зүгээс шүүгдэгчийг гэм буруутай үйлдэлдээ гэмшихгүй, дүр эсгэсэн байдалтай байсан гэдэгтэй санал нийлэхгүй байна. Яагаад гэвэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харвал Намсрайн хувьд хэргээ хүлээн мэдүүлдэг бөгөөд өөрт холбогдсон хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргадаггүй. Хэдийгээр яллагдагчид үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг байхгүй ч гэсэн үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хавтаст хэргийн 92 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлттэй шүүгдэгчийн зүгээс маргаагүй. Хохирол төлбөрийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг шүүх нээлттэй үлдээсэн. Мөн шийтгэх тогтоолын 8, 9 дүгээр талуудад хохирол төлбөрийн талаар буюу “...хохирогч цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх эмчийн тэмдэглэл үйлдсэн байх тул үүнийг үндэслэн...” гэж дүгнэлт хийсэн. Тэгэхээр хохирол төлбөрийн талаар дүгнэлт хийгээгүй гэх гомдол эрх зүйн үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч хохирол төлбөр төлөөгүй байж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан гэх талаар давж заалдах гомдолдоо дурдсан. Шүүхийн зүгээс хохирол төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзэн, бусдад төлөх хохирол төлбөргүй гэсэн дүгнэлтийг хийсэн. Хохирол төлөгдсөн талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан.

Хохирогч давж заалдах гомдолдоо 4 500 000 төгрөгийн хохирол нэхэмжилснийг хангаж өгнө үү гэсэн. 1 800 000 төгрөгийг ажилгүй байсан хугацааны төлбөр хэмээн нэхэмжилдэг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадвараа алдахад нөлөөлөхгүй гэж тогтоогддог. Тэгэхээр хохирогч ажил хийгээгүй гэх байдал нотлогдоогүй. Гагнуурчин хүний ажлын нөхцөл байдалд нөлөөлөх гэмтэл учруулаагүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах эрх зүйн үндэслэлгүй байна. Хэргийн хүрээнд хохирогчийн талаас жагсаалт гаргадаг. Гэтэл тухайн жагсаалтад дурдсан аль гэмтлээр мэс засал хийлгэх талаараа шүүх хуралдааны явцад нотолж чадаагүй. Мэс заслаа хаана хэзээ хийлгэх нь тодорхойгүй, нотлоогүй байсан. Иймээс эмчлүүлснийхээ дараа хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол эрх зүйн үндэслэлтэй байна. Мөн энэ хэрэг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр болсон. Өнөөдрийн шүүх хуралдаанд нотлох баримтаа гаргаад шийдвэрлүүлэх боломж байсан. Эмчлүүлэх цаг хугацаа хангалттай байсан. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна. Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Ц-н 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр бичсэн давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Ц дэлгүүрийн урд талын орон сууцны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас О.Ц-н нүүрэн тус газарт гар, хөлөөрөө цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь 11 дүгээр шүдний үзүүр хэсгийн эмтрэл, хамар ясны зүүн хажуу хананы уг хэсгийн сэтэрсэн, дунд хэсгийн цөмөрсөн нийлмэл хугарал, хамрын таславч муруйлт, хамар, хүзүү хацрын зөөлөн эдийн няцрал, дух шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 222 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-57/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 385 дугаартай дүгнэлтээр /хх-95-97/ тус тус тогтоогдож байна” гэж анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс “шүүгдэгч Б.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өөрийн холбогдсон гэмт хэргийг ойлгосон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 825000 төгрөгийг төлсөн”, гэж, “шүүгдэгч Б.Н нь 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байх ба дээрх цаг хугацаа нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.” гэж, “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мэнд овогт Баянжаргалын Намсрайд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.” гэсэн дүгнэлтүүдийг хийж Эрүүгийн хууль болон 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн “...шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Ц нь ...цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин нийт 4500000 төгрөг нэхэмжилж байна гэсэн тайлбарыг гаргасан”, “...хохирогчийн нэхэмжлэлээс нотлох баримтгүйгээр нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 1500000 төгрөг, MRI зураг авахуулах 500000 төгрөг, Улаанбаатар хот явах унааны зардал 300000 төгрөг нийт 2300000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.” /хх-202/ гэсэн дүгнэлт нь  хохирогчийн гэмт хэргийн улмаас эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан хохирол, гэм хорыг нэхэмжлэх эрхийг нь хассан, “...цаашид хамрын таславчийн гэмтэлд мэс засал хийлгэсэн тохиолдолд эмчилгээтэй холбоотой гарсан зардлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ...иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.” гэсэн нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь хязгаарласан агуулга бүхий дүгнэлтийг гаргаж хохирлыг шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолын холбогдох заалтыг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ц нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалин 1500000 төгрөг, мэс заслын болон унааны зардал, дахин шинжилгээ хийлгэх зэрэгт зарцуулах 3000000 төгрөг нэхэмжилсэнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй, анхан шатны шүүх 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн тул хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ц-н хохирол гаргуулах, Б.Н-д эрүүгийн хариуцлага ногдуулах тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/93 дугаар шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 4 дэх заалтын “Хохирогч О.Ц-н нэхэмжлэлээс 2300000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Ц нь хамрын таславчийн гэмтэлд мэс засал хийлгэсэн тохиолдолд холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Ц нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин нийт 4500000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

  

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.НАСАНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧИД                          Х.ГЭРЭЛМАА

                                                                             Ц.ОТГОНЦЭЦЭГ