2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2026/ШЦТ/548

 

2026        02          27                                       2026/ШЦТ/548

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

улсын яллагч Э.Баасанбаяр,

шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

хохирогч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Х Бод холбогдох эрүүгийн ....................... дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ............................ урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,           

Ц овогт Х Б /......................./.

Холбогдсон хэргийн товч агуулга;

Шүүгдэгч Х.Б нь ............................ УБС улсын дугаартай, .................. маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, 15.876.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.Б нь:

............................ улсын дугаартай, Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, 15.876.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

     Шүүгдэгч Х.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Би энэ хүнийг өмнө таньдаггүй байсан. Нутгийн дүү таньдаг өмнө дуудлагын жолооч хийдэг байсан гээд дуудсан байгаа. Би өдөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тул  энэ хүнээр машинаа бариулж явж байсан. Тэгээд намайг буулгаж өгчихөөд зөвшөөрөлгүй миний машиныг унаад явсан байсан ...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч М.Бын “.............................. Б, Н хоёртой орж үйлчлүүлсэн ба тэндээ архи согтууруулах ундаа хэрэглээд унтаад өгсөн намайг сэртэл Б, Н хоёр гараад явсан байсан юм гараад иртэл миний машин алга болсон байсан би уг буудалд ирээд хашаан дотор нь машинаа тавьсан юм миний машин ........... УБС улсын дугаартай приус 30 маркын тээврийн хэрэгсэл байгаа юм. Хяналтын камер шүүж үзтэл буудлын хашаанаас миний машин гараад явж байгаа харагдсан бөгөөд Б машин унаад явж байгаа бичлэг нь бичигдсэн байсан тул цагдаа дуудсан юм. Машин унаж явсан Б гэх хүнтэй холбогдож чадахгүй байсан ба утсаар холбогдоод уулзтал би машиныг чинь мэдэхгүй харин та намайг зодсон гээд өмнөөс тэгээд байгаа юм ...Тээврийн хэрэгсэл ачлагын төлбөр мөн тээврийн хэрэгсэл журмын хашаанд байсан хоногийн төлбөр, түлхүүр олшруулсан нийт 395.000 төгрөг нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 66 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дугаар тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 20-24 дүгээр тал/,

“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн БЗД2-25- 847 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 30-36 дугаар тал/,

Шүүгдэгч Х.Бын “...2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн орчимд Билгүүнтамир, Н нарын хамтаар Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь үл мэдэх зочид буудалд орсон, тухайн буудал энэ цагдаагийн хэлтсийн яг урд талд байдаг. Бид гурав нийлээд 1 шил 0.75 литрийн архи хувааж уугаад хэсэг хугацаанд унтсан, намайг сэрэхэд Н тухайн зочид буудлаас гараад явчихсан байсан, би багцаагаар шөнө 00 цагийн орчимд тус буудлаас гарсан бөгөөд Билгүүнтамирт хэлж мэдэгдэхгүйгээр приус 30 загварын ногоон өнгийн тээврийн хэрэгслийг нь унаад явсан. Анх тус зочид буудалд ирхэд Билгүүнтамирын тээврийн хэрэгслийг би унаж ирсэн учраас тухайн үед тээврийн хэрэгслийн түлхүүр нь надад байсан. Машин аваад явах үедээ согтуу байсан учраас машиныг нь хаана тавьсан талаараа огт мэдээгүй, нэг мэдсэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энх-Өргөө хотхоны 604 тоот гэртээ ирчихсэн байсан. 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр намайг цагдаагийн байгууллагаас дуудсан, ингээд тухайн үедээ цагдаагийн байгууллагад ирж мэдүүлэг тайлбар өгсөн, тэр хүртэлх хугацаанд Билгүүнтамиртай огт уулзаагүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-62 дугаар тал/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дугаар тал/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын төлөлт /хавтаст хэргийн 50-53 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Х.Б нь ........................ УБС улсын дугаартай, Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, 15.876.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд болон түүний мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинээр баримт мэдээлэл гаргах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй, хүлээн зөвшөөрч оролцсон ба түүний өмгөөлөгчөөс  хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй, хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсон гэж дүгнэлээ.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Х.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсны улмаас 15.876.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналдаа: “ ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай ...” гэсэн дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ .... Миний үйлчлүүлэгч нь барилгын ажил хийдэг. Барилгын ажлын хувьд улиралын шинж чанартай ажил тул удахгүй эхэлж байгаа тул ажлаа хийж хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулах саналтай байгаа. Шүүхээс энэ хүнийн хувийн байдал хохирол төлбөрөө төлөх нөхцөл байдлыг харгалзан үзээд 1 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Шүүх хуралдааны өмнө хохирогчоос уучлалт гуйж хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү ...” гэв.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэн шүүгдэгч Х.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар

Шүүгдэгч Х.Бын үйлдсэн автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн улмаас хохирогч М.Бт 15.876.000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч нь алдагдсан авто тээврийн буцаан авсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед тэрээр шүүгдэгчээс тээврийн хэрэгсэл ачлагын төлбөр мөн тээврийн хэрэгсэл журмын хашаанд байсан хоногийн төлбөр, түлхүүр олшруулсан нийт 395.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн.

Шүүхээс хохирогчийн нэхэмжилсэн 395.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч М.Бт олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Х Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсны улмаас 15.876.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Боос 395.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Бт олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ