Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 112/ШШ2023/0018

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Ж.М

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга А.А нарын хооронд үүссэн төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.М, хариуцагч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь Есөнбулаг сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Есөнбулаг сумын Наран багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа эцэслэн тодорхойлсон байна.

2. Ж.М нь анх Есөнбулаг сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/39 дүгээр захирамжаар Наран багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад мөн Есөнбулаг сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/37 дугаар захирамжаар Наран багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаар тогтоолыг үндэслэн Ж.Мыг Наран багийн Засаг даргаар томилсон байдаг.

3. Есөнбулаг сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар Ж.Мыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 64 дүгээр зүйлийн 64.2.2 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол болон аймгийн Прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2 дугаар мэдэгдлийг тус тус үндэслэн Ж.Мыг Наран багийн Засаг даргын албан тушаалаас огцруулсан байна.

4. Нэхэмжлэгч Ж.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Есөнбулаг сумын Наран багийн иргэн Ж.М би Есөнбулаг сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/39 дугаар захирамжаар Наран багийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Улмаар 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр багийн иргэдийн Нийтийн Хурал болж Наран багийн Засаг даргаар сонгогдож Есөнбулаг сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/37 дугаар захирамжаар Наран багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байтал Есөнбулаг сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар ажлаас огцруулсан. Би ажиллах хугацаандаа багийн иргэдийн эрх ашиг, нийгмийн байдал, байгаль орчин, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, газар тариалан болон аж ахуй зэрэг ажлуудыг чанартай гүйцэтгэж 2022 оны үр дүнгийн гэрээгээ хангалттай биелүүлж дүгнүүлсэн. Би ажлын бус Бямба гаригт чөлөөтэй цагаараа пиво ууж замын цагдаад баригдан зөрчлийн арга хэмжээ 2 удаа авхуулснаас өөр ямар нэгэн зөрчил гаргаж үзээгүй, албан үүргээ хоёргүй сэтгэлээр гүйцэтгэж ирсэн. Намайг огцруулсан Есөнбулаг сумын Засаг даргын захирамжийг хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж бодож байгаа учир Есөнбулаг сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгож, намайг Есөнбулаг сумын Наран багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү. Би Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Ж.М Есөнбулаг сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/39 тоот захирамжаар Наран багийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан. Улмаар 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр багийн иргэдийн Нийтийн хурал болж багийн Засаг даргаар сонгогдож Есөнбулаг сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/37 тоот захирамжаар Есөнбулаг сумын Наран багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан гэжээ. 

5. Хариуцагч А.А шүүхэд болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие А.А нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын захирагч ажилтай. Аймгийн Прокурорын газраас ирүүлсэн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар мэдэгдлийг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар тус сумын Наран багийн Засаг дарга Ж.Мыг үүрэгт ажлаас нь огцруулсан болно. Би өмнө нь бас өөрийгөө танилцуулсан. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс Есөнбулаг сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа гэж. Миний бие Засаг даргаар ажиллах нь төрийн албыг ёс зүйтэй удирдаж зохион байгуулж явуулах байх гэж хувьдаа боддог. Ж.Мын хэлж байгаа тайлбарыг бол сонслоо. Миний тухайд бол аль болох ийм зүйл гаргуулахгүй байх төрийн албыг нэр цэвэр байлгах үүрэгтэй гэж бодож байна. Бид хоёрын тухайд бас садан төрөл хүмүүс. Төрийн албаны нэр хүндийг цэвэр байг гэж хууль зөрчиж, архи ууж төрийн албан хаагч арга хэмжээ авхуулж ингэж ёс зүйгүй үйлдэл гаргасан учраас миний зүгээс ийм шийдвэр гаргасан. Мэдээж бас шүүх маань хууль зөрчсөн энэ үйлдлүүд, мөн ажлын бус цагаар ч бай, ажлын цагаар ч бай төрийн албан хаагч хүн ёс зүйтэй нэр төртэйгөөр төрийн албыг хаших хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа байх. Гэтэл удаа дараа шүүхээр шийдвэрлүүлж шийтгэл авсанд миний бие харамсаж байгаа. Хүнийг ажлаас халах бол хүнд шийдвэр байдаг. Миний зүгээс төрийн албаны нэр хүндийг цэвэр байлгах, хууль дээдэлсэн, ёс зүйтэй байгаасай гэдэг үүднээс энэ хүнийг ажлаас чөлөөлсөн байгаа. Шүүх бүрэлдэхүүн маань энэ бүхнийг бодож тунгааж шийдвэр гаргах байх. Шүүх маань өөрөө бас ийм архи уусан, ёс зүйгүй үйлдэл гаргасан, ажлын бус цагаар ч бай асуудал үүсгэж төрийн хууль, төрийн ажлыг орхигдуулсан хүнийг эгүүлэн ажилд нь томилох шийдвэр гаргахгүй байх гэж найдаж байна. Гэхдээ тийм шийдвэр гаргалаа гэхэд миний бие хуулиа биелүүлээд ажиллахад бэлэн байгаа гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

6. Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Есөнбулаг сумын иргэн Ж.М нь Есөнбулаг сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Есөнбулаг сумын Наран багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нь Есөнбулаг сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/39 дүгээр захирамжаар Наран багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон, Есөнбулаг сумын Наран багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаар тогтоолыг үндэслэн сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/37 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ж.М Наран багийн Засаг даргаар зохих ёсоор томилогдсон байна.

Есөнбулаг сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ж.Мыг Наран багийн Засаг даргын албан тушаалаас огцруулсан байна.

7. Есөнбулаг сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Есөнбулаг сумын Наран багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

7.1. Нэхэмжлэгч Ж.Маас: - Би ажиллах хугацаандаа багийн иргэдийн эрх ашиг, нийгмийн байдал, байгаль орчин, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, газар тариалан болон аж ахуй зэрэг ажлуудыг чанартай гүйцэтгэж 2022 оны үр дүнгийн гэрээгээ хангалттай биелүүлж дүгнүүлсэн. Би ажлын бус Бямба гаригт чөлөөтэй цагаараа пиво ууж замын цагдаад баригдан зөрчлийн арга хэмжээ 2 удаа авхуулснаас өөр ямар нэгэн зөрчил гаргаж үзээгүй, албан үүргээ хоёргүй сэтгэлээр гүйцэтгэж ирсэн. Прокурорын газраас ирсэн дүгнэлтэд Ж.Мыг архины сургалтад хамруул гэсэн болохоос ажлаас хал гэсэн үндэслэл байхгүй байсан. Намайг огцруулсан Есөнбулаг сумын Засаг даргын захирамжийг хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж,

7.2. Хариуцагчаас: - Төрийн албаны нэр хүндийг цэвэр байг гэж хууль зөрчиж, архи ууж төрийн албан хаагч арга хэмжээ авхуулж ингэж ёс зүйгүй үйлдэл гаргасан учраас миний зүгээс ийм шийдвэр гаргасан. Мэдээж бас шүүх маань хууль зөрчсөн энэ үйлдлүүд, мөн ажлын бус цагаар ч бай, ажлын цагаар ч бай төрийн албан хаагч хүн ёс зүйтэй нэр төртэйгөөр төрийн албыг хаших хэрэгтэй гэдгийг мэдэж байгаа байх. Гэтэл удаа дараа шүүхээр шийдвэрлүүлж шийтгэл авсанд миний бие харамсаж байгаа. Хүнийг ажлаас халах бол хүнд шийдвэр байдаг. Миний зүгээс төрийн албаны нэр хүндийг цэвэр байлгах, хууль дээдэлсэн, ёс зүйтэй байгаасай гэдэг үүднээс энэ хүнийг ажлаас чөлөөлсөн байгаа. Өнөөдөр ч бас хэдий эрүүл ч гэсэн машинаа унаад явж л байна. Гадаа зогсоол дээр машин нь байж байсан. Энэ хүн ингээд өөрөө хууль зөрчөөд яваад байгаа юм гэж тус тус маргадаг.

7.3. Есөнбулаг сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/16 дугаар захирамжид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 64 дүгээр зүйлийн 64.2.2 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол болон аймгийн Прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2 дугаар мэдэгдлийг тус тус үндэслэл болгожээ.

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар Есөнбулаг сумын Засаг дарга А.Ат хүргүүлсэн Зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай мэдэгдэлд: ... тус аймгийн Есөнбулаг сумын Наран багийн Засаг дарга ажилтай Ж.М нь 2022 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 00 цаг 41 минутанд ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоодсон зөрчилд холбогдож, Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5-д зааснаар 12 цагийн албадан сургалтад хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулжээ. Дээрх зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг судлахад: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн Засаг дарга буюу төрийн албан хаагч Ж.М урьд нь буюу 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 400.000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээсэн боловч уг зөрчилдөө дүгнэлт хийлгүйгээр дахин зөрчил үйлдсэн байх бөгөөд энэ түүний нийтээр дагаж мөрдөх ёстой хэм хэмжээг мөрддөггүй, төрийн албан хаагчийн ёс зүйг сахидаггүй зэрэг хувь хүнтэй холбоотой шалтгаан нөхцөлүүд байх боловч нөгөөтэйгүүр Есөнбулаг сумын удирдлагын зүгээс төрийн алба хаагчдадаа гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажил хангалтгүй, зөрчлийг таслан зогсоох, хариуцлагажуулах ажил сул байгаатай ч холбоотой гэж үзлээ. Иймд ...Удаа дараа зөрчил үйлдсэн албан хаагчдад ганцаарчилсан сургалт орох, хариуцлага тооцох... гэсэн байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн төлөөлөгч мөн., 58 дугаар зүйлийн 58.1-т Багийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 58.1.1. хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг хариуцах; 58.1.8. гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах, энэ ажилд иргэдийг татан оролцуулах, санал, санаачилгыг нь дэмжих; гэж тус тус заасан байна.

Засаг дарга бол хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг болон нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрүүдийг хэрэгжүүлж төрийг төлөөлж байдаг онцлог субъект юм.

Гэтэл Ж.М нь Наран багийн Засаг даргын албан тушаалыг хашиж байх үедээ гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үүргээ үл хайхран удаа дараа хууль зөрчсөн нь Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ЗШ/... дугаар шийтгэвэр болон Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Баривчлагдсан хүний хувийн хэрэг зэргээр нотлогдож байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-т бүх шатны Засаг дарга болон аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын орлогч; гэж зааснаар багийн Засаг дарга нь төрийн улс төрийн албан хаагч тул энэхүү хуулийн 37 дугаар зүйлд заасан үүргүүдийг сахин биелүүлэх ёстой атал хууль зөрчин, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ зөрчжээ.

7.4. Нэхэмжлэгчээс ...Түүнчлэн Засаг даргын энэ үйлдэл нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.8.5, 32.8.6-д заасныг зөрчиж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байгаа. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгээ би бол хүлээн зөвшөөрч байгаа. Тэр талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тус 2 удаагийн зөрчил бол эхний удаа 400,000 төгрөгөөр торгуулж, эрхээ хасуулсан. Дараа нь 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл аваад биеэр эдлээд гарсан. Энэ үед төрийн ажлыг цалгардуулсан зүйл байхгүй тул үндэслэлгүй гэж маргадаг.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй: 32.8.5. тухайн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн талаар Засаг даргын тайланг хэлэлцэж, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх; 32.8.6. Засаг даргыг хууль тогтоомжид заасан үндэслэлээр огцруулах санал гаргах; гэж заасан байна.

Мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна: 64.2.2.хууль тогтоомж удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн;, 64.3-т Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2-т заасан тохиолдолд зохих шатны Хурлын санал, эсхүл өөрийн санаачилгаар огцруулах шийдвэр гаргана гэж заажээ. Тодруулан тайлбарлавал дээд шатны Засаг дарга хуулийг удаа дараа зөрчсөн доод шатны Засаг даргыг өөрийн санаачлагаар огцруулах шийдвэр гаргах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл багийн Засаг дарга удаа дараа хууль зөрчсөн тохиолдолд багийн Иргэдийн нийтийн хурал огцруулах санал гаргаж сумын Засаг даргад хүргүүлэх эсхүл сумын Засаг дарга өөрийн санаачилгаар огцруулах эрхтэй.

Иймээс нэхэмжлэгчийн ...намайг багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэргүйгээр огцруулахгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

7.5. Мөн нэхэмжлэгчээс ...намайг огцруулсан талаар багийн иргэдийн Нийтийн Хуралд мэдэгдээгүй гэж маргадаг. Хариуцагч сумын Засаг даргаас нэхэмжлэгч шүүхэд маргаж байгаа учир түүний орны хүний талаар яригдаагүй байгаа. Дээр нь сумын Засаг дарга багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулах эрхгүй гэж мэтгэлцдэг.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15-д төрийн албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийх;-ийг хориглоно гэж хуульчилсан. Иймд Есөнбулаг сумын Наран багийн Засаг даргыг албан тушаалаас огцруулсантай холбоотой маргаан тус шүүхэд хянагдаж байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

7.6. Иймээс нэхэмжлэгч Ж.Мын Есөнбулаг сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Есөнбулаг сумын Наран багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

8. Ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд;

8.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан байна. Иймээс нэхэмжлэгчийг эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоогоогүй тул ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.5, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.7, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2, 64.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Ж.Маас Есөнбулаг сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Есөнбулаг сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Есөнбулаг сумын Наран багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ч.ОЮУНСҮРЭН