Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 81

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Батбаяр (томилолтоор),

шүүгдэгч Л.Батбаярын өмгөөлөгч Н.Цэцэгмаа (ҮД:1584),

шүүгдэгч Б.Пүрэвбаярын өмгөөлөгч Д.Очирдорж (ҮД:2020),

шүүгдэгч Л.Батбаяр, Б.Пүрэвбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Жамба овогт Лхагвасүрэнгийн Батбаяр, Урианхай овогт Батжаргалын Пүрэвбаяр нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201601080358 дугаар, 108/2017/0084/Э индекстэй хэргийг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                           

1. Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Зойсгуард” ХХК-д шуурхай хөдөлгөөний хамгаалагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 5 дугаар гудамжны 202 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн РЭ85071770 дугаартай, Жамба овогт Лхагвасүрэнгийн Батбаяр нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - Б.Пүрэвбаяртай бүлэглэн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Байтаг Богд” амралтын газрын орчим 2016 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө хохирогч Ч.Чойпүрэвийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,   

2. Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмийн оператор мэргэжилтэй, “Төр энх” ХХК-д албаны дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 56 дугаар гудамжны 762 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн ВЮ91022115 дугаартай, Урианхай овогт Батжаргалын Пүрэвбаяр нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - Л.Батбаяртай бүлэглэн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Байтаг Богд” амралтын газрын орчим 2016 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө хохирогч Ч.Чойпүрэвийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Батбаяр, Б.Пүрэвбаяр, тэдний өмгөөлөгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гэмт хэргийн талаар маргах зүйлгүй гэсэн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Батбаяр, Б.Пүрэвбаяр нар нь бүлэглэн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Байтаг Богд” амралтын газрын ойролцоо 2016 оны 08 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө хохирогч Ч.Чойпүрэвийг “бандидан, хүчиндэн” гэж хэлэн мод руу оруулж амыг нь таглан, хувцаснаас болон гарнаас хоёр талаас нь барьж байгаад бүтэн эргүүлээд хөл, нуруу хэсгээр нь газар савж унагаан зүүн хөлийн шилбэ өвдөгний доод хэсгээр нь хугалж, улмаар “хөл хугалчихлаа шүү дээ, та нар олуулаа, би ганцаараа хөл нь хугархай хүн яах билээ, та нар орхичихооч” гэж хэлэхэд Л.Батбаяр нь “яасан гүргэр ёо оё гэж дуугардаггүй залуу вэ” гэж хэлээд хугарсан хөлөн дээр нь удаа дараа дэвсэж зүүн шаант ясны бяцарсан далд хугарал гэмтэл учруулан, мөн шавар луу толгойгоор нь 4 удаа дүрээд ар нуруу руу нь өшиглөн цохиж, толгойг нь шавраас гаргаж ирээд сөхрүүлж суулгаад ам руу нь архи цутгах зэргээр зодож эрүүнд зулгаралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Батбаярын: “2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр найз Алтанхуягийн гэрээс гарч хорхог идэхээр Тэрэлж явсан. Тэрэлжид очиход танихгүй хүмүүс байсан. Ланд-200 маркийн автомашинтай 2 эрэгтэй, 3 эмэгтэй хүмүүс араас ирсэн. Хорхогоо идээд эргэж хот явах гэхэд хохирогч Чойпүрэв “дүү нартай сайхан танилцсан юм чинь жаахан суу” гэж хэлээд архи задалж, амралтын газраас гэр гаргуулж, 2 шил архи авсан. Чойпүрэв “дахиж архи ууя” гэж хэлээд Пүрэвбаярыг амралтын газар луу архинд явуулахад архи зарахгүй байна гээд эргэж ирсэн. Тэгэхэд Чойпүрэв “Хятадын амралтын газар яагаад архи зарахгүй байна вэ, хотоос дүү нарыг дуудаж энэ газрыг түйвээн” гэж хэлээд гар утсаа аваад гэрээс гарсан. Удалгүй 5-10 минутын дараа урд зүгт хүн орилж байхаар нь яваад очиход Чойпүрэв шаварт унасан байдалтай байсан. Хохирогчийг шавраас өргөж гаргахад “хөл нь гэмтсэн юм шиг байна, би гишгэж чадахгүй байна” гэж хэлсэн. Би машинтай найзыгаа дуудаж хот руу Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Хот орох замд хохирогч архи нэхээд байхаар нь би нэг шил архи авч өгсөн. Эмнэлэгт очоод хөлний зургийг авахуулахад хөл нь хугарсан байсан. Хохирогч “дүү нартайгаа сайхан танилцсан байж ах нь хөлөө хугалаад эвгүй юм боллоо” гэж хэлсэн. Үүний дараа хохирогч бид хэд салж явсан. Хохирогчид гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ар гэрийн байдлыг харгалзан үзэж надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Пүрэвбаярын: “шүүгдэгч Л.Батбаярын мэдүүлэгтэй ижилхэн. Хохирогчид гэмтэл учруулсан үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруугаа ойлгож байгаа тул надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Чойпүрэвийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: “... 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 18-19 цагийн орчим манай найз Зулаа 9911-тэй дугаараас залгаад “Тэрэлж рүү хүргээд өгөөч, манай найз Цагаанцэцэгийн найзууд нь ирчихсэн байна” гэж хэлэхээр нь би өөрийн Ланд крузер-200 маркийн цагаан өнгийн 70-00 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүргэж өгөхөөр болоод Хан-Уул дүүргийн 19-р хороонд байрлах “Говь” ХХК-ийн үйлдвэрээс очиж авахад Зулаа, Цагаанцэцэг 2 хамт байсан. Тэндээсээ хөдлөөд Маршал хотхоноор ороод Жуков орж нэг эмэгтэй найзыг нь найз залуутай нь аваад шууд Тэрэлж рүү явсан. Тэрэлжид 21 цагийн орчим “Богд” гээд амралтын газарт очсон. Бид нарыг очиход 4-6 орчим Хятад хүмүүс болон 10 орчим Монгол залуучууд ирсэн байсан. Намайг Тэрэлж рүү явж байхад хажуугаар хар өнгийн Ланд крузер-100 маркийн тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлээд явсан ба тэр машин тэнд очсон дотроос нь хүмүүс буучихсан байсан. Намайг очиход тэр машины тоос нь арилаагүй байсан. Тэгээд бид нар очоод машинаас буухад надтай хамт очсон хүмүүс тэнд байсан Хятадуудтай мэндээд яриад байсан. Тэгэхэд тэр дунд миний танилцсан нэг Өвөрмонгол залуу Бүрнээ байсан. Бусдыг нь бүгдийг нь танихгүй хүмүүс байсан ... Тэгснээ гэнэт “ах хүү Босоо Хөх Монгол бүлгэмд байдаг гэлүү” гэж Ука асуухад нь “би зүгээр гишүүн, дэмжигч нь байгаа юм. Намайг хүмүүс танихгүй” гэж хэлтэл “та нар манай Хятадуудыг дарамталж дээрэлхдэг гэл үү, Монголд байгаа Хятадуудыг дээрэлхэж дарамталдаг гэл үү” гэхээр нь “би ер нь энд байхгүй байсан дээр юм байна, ах нь одоо явлаа” гэж хэлээд бостол хашааны тийшээ алхтал хэнийг нь мэдэхгүй байна нэг залуу “наадахаа битгий явуул бариад ав, ал наадахаа” гэж орилсон. Би Укаг орилоо гэж бодсон. Тэгэхээр нь би хашаанаас гараад гүйтэл араас нөгөө хэдэн залуус гүйж ирээд барьж аваад газар унагаад намайг зодож эхэлсэн. Тэгтэл нэг нь “наадахаа гол руу чирээд яв, хүчинднээ” гэж хэлээд намайг тал бүрээс бариад гол руу чирээд явсан. Тэр үед нь би нэг ухасхийгээд зугтаах гэхэд 2-3 нь барьж аваад намайг газар савсан. Савах үед хөлөөрөө савагдаад унасан. Тэгэхээр нь би босоод гүйх гэтэл 2-3 алхаад яс шажигнах чимээ гараад их өвдөөд газар унасан. Тэгэхэд нь би “та нар болиоч ээ, хөл хугарчихлаа шүү дээ” гэж хэлтэл “худлаа шаагаад байгаарай наадахаа ал” гээд нэг залуу нь ирээд миний хугарсан зүүн хөлөн дээр дэвссэн. Харанхуй болчихсон байсан болохоор царайг нь хараагүй. Тэгээд намайг тэр хэд гол руу чирч яваад хоёр гарнаас нэг нэгээрээ бариад толгой доошоо тонгойлгоод нэг нэгээрээ миний хувцсыг тайлсан. Тэр үед нь “болиоч ээ би үхлээ шүү дээ” гэж зөндөө гуйсан. Тэгэхэд “чамайг бандиднаа” гээд байсан. Тэгээд миний гинжээр намайг боогоод эрүү шанаа руу цохиод байсан. Тэр үед хэсэгхэн зуур миний ухаан балартсан. Нэг сэрэхэд нөгөө хэдэн залуугийн нэг нь хувцсаа тайлчихсан байсан. Тэгснээ “энийг усанд живүүлнээ” гэж хэлээд гол руу чирсэн. Тэр үед нэг хазгай хэлтэй Өвөрмонгол хүн “одоо боль, болно” гэж хэлсэн. Тэр хүнийг би Бүрнээ байна гэж бодсон. Тэгтэл тэр хэд намайг үсдэж дараад шавар руу толгойгоор маань хүзүү хүртэл хийсэн. Тэр үед би ус, шавар залгиад амь тэмцээд ухаан алдсан. Тэгтэл тэнд байсан нэг шар царайтай залуу “энэ мууг ингээд алчихъя, энэ муу их зэвүүн” гээд дахиад шавар руу дүрсэн. Би тэр залуугийн царайг хол харсан. Бүр миний нүүрэнд нүүрээ тулгаж ирээд ярьсан. Тэгээд дахиад шаварт толгойгоор хийхэд дахиад ухаан алдсан. Нэг сэрэхэд би шавартай усанд толгойныхоо талаар хэвтэж байсан. Тэгтэл тэр хэд миний хажууд “одоо нэгэнт ийм болгочихсон юм чинь үлдээгээд яах юм бэ алъя, гүйцээе, согтуу усанд живээд нас барсан болгоё” гэж ярьж байсан. Тэр үед миний хөл янгинаад “ёо ёо” гэж дуугартал дахиж гүйж ирээд намайг хоёр гарнаас татаж босгож ирээд миний аманд архи цутгасан. Тэгээд би тэнд шавранд “туслаарай хүн байна уу” гэж орилоод мөлхтөл араас дахиж гүйж ирээд дээрээс дэвсээд байсан. Тэгснээ дахиж шаварт толгойгоор хийж ухаан алдуулсан. Тэгээд эргээд ухаан ортол “наадахаа гүйцээе” гээд гол руу чирсэн. Тэгэхэд нь би дүү нараа “тохиръё, үхлээ шүү дээ, та нар хужаа өмөөрөөд хүн алвал муухай шүү дээ, би та нарт болон бусад хүмүүст гай зовлон тариагүй шүү дээ, би олон нялх нойтон хүүхэдтэй, ингээд үхчихмээргүй байна, намайг суурин газарт хүргээд өгчихөөч дээ, ах нь хүн амьтанд элдэв юм ярихгүй” гэж хэлэхэд “ах олон юм ярихгүй биз дээ, таныг гэмтэл рүү хүргээд өгье, олон юм ярьвал хохьчин шүү” гэж хэлснээ “ядаж бандааш өмсүүл” гэж хэлээд нэг нь бандаашаа тайлж өгсөн. Тэгээд бандааш өмсүүлээд хар өнгийн жийп машинд суулгаад аваад явсан. Намайг наашаа эмнэлэг рүү хүргэж өгч байхдаа нэг нь миний хугарсан хөлийг хөдөлгөөд хөшөөд байсан. Эмнэлэг рүү явах замд ам руу цутгасан архи нь үйлчилж байсан. Замдаа би өвдөлтийн шокондоо 3 удаа ухаан алдсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очоод “за ах хэлсэндээ байгаарай” гэж хэлээд намайг дотогш оруулж өгсөн. Эмнэлэгт орж ирээд “энэ манай ах байгаа юм, гол дээр ноцолдож тоглож байгаад эвгүй гишгээд хөлөө хугалчихлаа, яаралтай эмчилгээ хийх хэрэгтэй байна” гэж хэлээд намайг эмнэлэгт үлдээгээд 2 асрагч намайг тасаг руу оруулж өгсөн. Тэр хэд тэгээд яваад өгсөн. ... Намайг эмнэлэгт ирэхэд 04 цаг өнгөрч байсан ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 33-39 дүгээр тал/,

2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: “... 2016 оны 08-р сарын 02-ны орой 22 цагийн орчим би өөрийн эзэмшлийн Ланд-200 маркийн авто машинтайгаа найз Зулаа, Зулаагийн Өвөрмонгол найз эмэгтэй, бас нэг найз эмэгтэй нь нөхөртэй нь хамт тавуулаа очсон. Намайг “Байтаг Богд” амралтын газарт очиход өмнө нь 2015 оны 11-р сард танилцаж байсан Өвөрмонгол Бүрнээ гэх залуу байсан ба “би энэ амралтын газрыг ажиллуулж байгаа энд хоноод унтаж амраад яв, би маргааш өглөө өөрийнхөө гараар хоол хийж өгөөд хүргэж өгье, машинаа явуулчих” гэхээр нь би машинаа Зулаагийн найзынх нь нөхрөөр унуулаад шөнө 00 цагийн үед хот руу хөдөлсөн. Тухайн үед намайг амралтын газарт очиход Бүрнээгийн дүү нар гэх 8-н залуучууд байсан ба миний машин хот руу явах үед тэнд байсан машинтай хүмүүс бужигналдаад хөдлөхөөр нь би тэдгээр залуучуудыг явчихсан юм байна гэж бодсон. Тухайн үед амралтын газрыг ажиллуулж байгаа Бүрнээ намайг унтаж амар гээд амралтын газрынхаа дүнзэн байшингийн зүүн талын 3 эгнээ гэрийн дундах буюу 2 дахь эгнээгийн ертөнцийн зүгээр баруун талын цэнхэр хаалгатай гэрийг онгойлгож өгөөд нэг шил 0.75 литрийн Улаанбаатар архи, жүржийн талст барьчихсан “удаан уулзаагүй хоёулаа сайхан хамт суугаад ууя” гээд Бүрнээ бид хоёр тэр гэрээс нь ширээ, сандлыг нь өргөж гаргаж гэрийн хаалгатай тулгаж тавиад Бүрнээ бид хоёр сууж байтал удалгүй гэрийн зүүн талаас буюу харанхуйгаас Бүрнээгийн дүү нар гэх 8-н залуучууд ширээний ойролцоо ирээд Алтанхуяг гэх залуу ах яваагүй үлдчихсэн юм уу гэж хэлээд ширээн дээр дахиад нэг шил Улаанбаатар архи тавиад сайхан ууцгаая гэж хэлээд сууцгаасан ба 4-н залуу хойгуур нь зогсож байсан. Би тэр өдөр л Бүрнээгийн дүү нар гэх залуучуудыг харсан тэрнээс бол огт танихгүй, урьд өмнө нь харж байгаагүй. Тухайн үед Бүрнээ дүү нараа танилцуулахад миний баруун талд суусан залууг Ука буюу Алтанхуяг гэдэг гэж байсан. Тэрнээс бусад залуучуудын нэрийг нь мэдэхгүй. ...Ука буюу Алтанхуяг нь ах “Босоо хөх Монгол бүлгэмд байдаг гэлүү, Хятадуудыг их дарамталж зоддог гэлүү” гэхээр нь би “ах нь хүн зодох нь байтугай хүнтэй ч маргалдаж үзээгүй” гэж хэлэхэд Алтанхуяг болон хойно нь зогсож байсан шар царайтай өндөр залуу нь “Худлаа шаагаад байгаарай манай Хятадуудыг зодож дарамталсан гэсэн биз дээ” гэхээр нь “үгүй тийм юм байхгүй хэдүүлээ хэл ам эвлэхгүй юм байна ах нь явъя даа” гэж хэлээд босоод явган хүний замаар алхаад жижиг хаалгаар гарахад хэн нь юм бүү мэд “наадахаа битгий явуул бариад ав, шууд ал” гэж хэлээд пижигнэлдээд бүгдээрээ гүйгээд ирсэн. Хүрч ирээд миний хувцаснаас татаад зууралдаад тал талаас цохиж зодоод байсан. Энэ үед 4-5 хүн байх шиг харагдаж байсан. Тэдгээр залуучуудаас архи уугаагүй байсан намхан бондгор залуу ирээд “одоо больцгоо” гээд дундуур орж салгаж байхад бас нэг намхан бондгор залуу миний мах идэж байсан хар өнгийн иштэй хутгыг гартаа барьчихсан “ингээд яахын бэ шууд хутгалаад алчихъя” гэж хэлээд дайраад байхаар нь би хаашаа хутгалах юм бол доо гэж бодоод зогсож байтал хутгатай намхан бондгор залуу нь ойртоод ирэхээр нь би хутганы ирнээс нь бариад автал шувтарч авахгүй миний хурууг нэг нэгээр нь тавиулаад хутга авсан. Тухайн үед бөөнөөрөө л байсан. Би арай хийж тэдгээр залуучуудаас мултарч зугтаахад араас хөөж гүйж ирээд 180-183 см орчим өндөртэй, шар царайтай, үсээ пинтүү маягаар засуулсан залуу мөн 180-185 орчим өндөртэй махлаг эрүүндээ мэнгэтэй залуутай хамт миний хоёр талаас хувцаснаас болон гарнаас барьж байгаад намайг урагшаа бүтэн эргүүлээд хөл, нуруу хэсгээр маань газар савж унагаасан. Энэ үед хонхортой, хэвгий газарт хөл маань цохигдож таараад зүүн хөлийн шилбэ өвдөгний доод хэсгээр хугарахаар нь би “хөл хугалчихлаа шүү дээ, та нар олуулаа, би ганцаараа хөл нь хугархай хүн яах билээ, та нар орхичихооч” гэж хэлэхэд Ука буюу Алтанхуяг нь “наадах чинь хөл хугарсан гэнэ үү яасан гэнэ ээ” гэхээр нь өөрийн хугарсан хөлөө тэр залуучуудад харуулахад миний зүүн хөлийн тавхай эргээд харчихсан байсан. Тэгтэл 180-183 см орчим өндөртэй шар царайтай пинтүү үсний засалттай залуу нь “битгий худлаа баашлаад бай босоод ир” гэхээр нь би босоод зугтаах гээд 2-3 алхаад өнхрөөд унасан. Хугархай хөлөөрөө газар гишгээд явахад шар, шир гээд дуугараад байсан. Намайг газар унахад нөгөө шар царайтай 180-183 см орчим өндөртэй залуу нь “яасан гүргэр ёо оё гэж дуугардаггүй залуу вэ” гэж хэлэхэд тэнд хамт байсан залуучууд бүгд миний 2 гар, хөлнөөс бариад тэлж татахад шар царайтай залуу нь миний зүүн хөлийн шагайны дээд хэсэг рүү нэлээн олон удаа дэвссэн. Намайг тал талаас бариад шавар луу толгойгоор 4 удаа зоогоод, зоолттой байхад миний ар нуруу руу өшиглөж цохиод байсан. Намайг 3 удаа шаварт зоогоод гарсны дараа сэрэхэд хэн нь юм бэ бүү мэд одоо бодоход би тэр шар царайтай миний хөлийг хугалж хөлөн дээр дэвсэж бяцалсан залуу ярьж байсан шиг санагдаж байна. Тэр залуу намайг алах зорилготой над руу дайраад байсан. Тэнд ярьж байхыг нь сонсоход “энийг нэгэнтээ ийм болгочихсон юм чинь ингэж хаяад яахын бэ, архи уугаад усанд живсэн болгоод хаячихъя” гэж ярьж байсныг нь сонссон. Тэгээд миний тал бие ус шаварт, тал нь усгүй байхад нөгөө шар царайтай залуу ирээд миний толгойг шавартай ус руу дүрж байгаад гаргаж ирээд сөхрүүлж суулгаад ам руу архи цутгах гэхээр нь би амаа жимийгээд шүдээ зуухад хоёр үснээс хойш татаж гэдийлгээд ам руу хуруугаа хийгээд жавьжийг дотроос нь ухаж “амаа ангай гичий минь, энийг гудар, яасан их манай Хятадуудыг зодож дарамталдаг юм бэ” гэхээр нь би амаа ангайгаад хэлээрээ таглаад уухгүй байсан ба ингэж байгаад амьсгаа авах үед ам руу архи орсон. Ойролцоогоор 20-30 хувийг залгисан бусад нь амнаас асгарч гоожсон гэж бодож байна. Намайг хашааны хаалганаас мод руу авч явж “бандидна, хүчинднэ” гээд мод руу оруулж ам тагласан. Миний амыг юугаар тагласныг мэдэхгүй байна. Ямар ч байсан миний ам руу хийж тагласан зүйл их сэжигтэй санагдсан. Тэр үед миний ухаан нэлээн балартсан хөл хугараад өвдөлтөндөө тэгж ухаан балартдаг юм уу аль эсвэл сэтгэцэд нөлөөлөх эм бодис үнэртүүлсэн эсэхийг мэдэхгүй байна. Мод руу аваачсаны дараа миний бүх хувцсыг урж тасдаад намайг “бөгсдөнө” гээд дайраад байсан. Миний биед учирсан зүүн шаант ясны бяцарсан далд хугарал гэмтлийг 180-183 см орчим өндөртэй пинтүү үсний засалттай шар царайтай залуу, мөн 183-185 см орчим өндөртэй махлаг эрүүндээ мэнгэтэй залуу энэ 2 залуу дээрх гэмтлийг учруулсан. Эрүүнд зулгаралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлийг тэнд байсан залуучууд цохиж зодоод байсан яг хэн нь учруулсныг мэдэхгүй байна. Би тэдгээр залуучуудаас анх амралтын газрын хашааны гаднаас зугтааж гарахдаа газар унаагүй. Намайг тал талаас гүйж ирээд барьж аваад тал талаас цохиж зодсон. Жолоо барьж явсан бондгор залуу л цохиж зодоогүй. Миний мөнгөн гинжээр хүзүү боогоод тасрахгүй байхаар нь “наад гинжээ авмаар байгаа бол тайлаад ав” гэж хэлэхэд тайлж авсан. Тухайн үед намайг цохиж зодож үсдэж дарж байхад хэн нь авсныг хараагүй. Миний хөлийг хугалсны дараа намайг шар царайтай пинтүү засалттай залуу “худлаа баашлаад бай босоод яв” гэхээр нь би босоод зугтаах гээд 2-3 гишгээд газар өнхөрч унасан. Миний зүүн хөлийн хугарал нь унаснаас учраагүй. Намайг хоёр талаас барьж байгаад газар савж унагаахад зүүн хөл маань хугараад дараа нь миний хугарсан хөлөн дээр дэвснээс болж гэмтлүүд учирсан ...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 77-80 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч С.Мөнхзулын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “... 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна манай найз Цагаанцэцэг бид хоёрыг манай гэрт байхад ирсэн юм. Тэр өдөр Цагаанцэцэг бид хоёрын хамтарч ажилладаг БНХАУ-ын иргэн /Lu Dongsheng/ Лу дунгшиг Монгол Улсад ирчихсэн, Тэрэлжид Бүрнээ хочит /Мeng Qingkeletu/ Мэнг күнгкэлэту-н амралтын газарт байна гэж хэлсэн. Тэгээд бид гурав ярилцаад хамт тэр амралтын газарт очихоор болсон. Цагаанцэцэг бид хоёр унаагүй явган явж байсан болохоор хүргээд өгөөч гэж хэлээд дагуулаад явсан. Тэгээд бид гурав Чойпүрэвийн цагаан өнгийн Ланд крузер-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй Тэрэлж рүү явахаар болоод замаараа манай найз Цэнгүүнийг найз залуутай нь хамт аваад явсан. Тэгээд явахаар болоод замаараа манай найз Цэнгүүнийг найз залуутай хамт аваад явсан. Тэгээд Тэрэлжид хэдэн цагийн үед очсоныг мэдэхгүй байна.  Бид  нарыг очиход гадаа  гэгээтэй  байсан.  Тэрэлжид амралтын  газар очиход Ука хочит Алтанхуяг дөрвөн залуучуудтай хамт ирсэн байсан. Амралтын газарт Лу дунгшиг орчуулагч нь гээд Чинбаа гээд Өвөрмонгол залуутай хамт байсан. Мөн амралтын газрын эзэн Бүрнээ нар байсан. Тэгээд бид нарыг очиход ресторанд оруулж хорхог идээд хорхогны хажуугаар архи ууцгаасан. Архинаас Лу дунгшинг, Ука, Чойпүрэв гурав уусан. Бусад нь уугаагүй. Архи ууж байхдаа ойр зуурын юм ярилцацгаасан. Тэгээд ууж байгаад Лу дунгшинг түрүүлээд ганцаараа тасарчихсан. Лу дунгшинг тасархаар нь орчуулагч Чинбаа нь аваад түрүүлээд явсан. Тэгээд Лу дунгшингийг явахад нь “бид нар ч гэсэн гол хүн нь явчихаж байгаа юм чинь явцгаая” гэсэн чинь Ука, Чойпүрэв хоёр ярилцаж байгаад тэр амралтын  газарт “хонолоо” гээд үлдсэн. Чойпүрэв “чи машин бариад явчих” гэж хэлсэн. Тэгээд би найзуудтайгаа машиныг нь жолоодоод Улаанбаатар явж гэртээ

харьцгаасан. Маргааш өглөө нь 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 10 цагийн орчим Чойпүрэвийн найз нь гэж нэг залуу миний утас руу залгаад “машиныг нь авах гэсэн юм гэхээр нь гэрт түлхүүр орхичихсон байгаа очоод ав” гэж хэлсэн. Өглөө машин асууж залгасан залуугийн араас нь манай найз Ганхуяг над руу залгаад “Чойпүрэвийн хөл нь хугарчихсан байна гэмтлийн эмнэлэгт ирсэн байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэмтлийн эмнэлэг рүү яваад очсон чинь гэрийнхэн нь ирчихсэн байна гэхээр нь ороогүй. Хөлөө яаж байгаад хугалсан талаар нь мэдэхгүй. ... Ямар ч хэрүүл маргаан зодоон цохионы асуудал гараагүй. ... Надад тэгэх шаардлага байхгүй. Чойпүрэв өөрөө л уугаад тэнд халуураад үлдсэн шүү дээ. Бүрнээтэй ч ойрд уулзаагүй гээд байсан. Бүрнээ Чойпүрэв хоёр танил юм шиг байсан ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 40-42 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч БНХАУ-ын иргэн /Мeng Qingkeletu/ Мэнг күнгкэлэтугийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “... Лу дунгшинг явсны дараа Чой, Ука, Укагийн 4 найз нь тэр хэд манай амралтын газарт хонон гээд үлдсэн. Тэр хэд тэгсэн чинь хүний тоогоор архи авна 6 шил архи авъя гэхэд нь “тийм их архи байхгүй” гээд би 3 шил 0.75 литрийн архи өгсөн. Тэр хэд манай амралтын газрын 3-ын дугаартай гэрүүдэд байрлаад 5-р гэрийн үүдэнд гадаа ширээ тавиад сууцгаасан. Тэгэхэд нь хамт нэг шилтэй пиво бариад суусан. Тэр хэд айхтар согтоогүй байсан. Тэгээд сууж байхад хоорондоо атмаануудыг яриад муудаад байсан. Чой /Чойпүрэв/ нь “манай Босоо Хөх Монгол Ландай гэдэг хүнийг сонин болгосон” гэсэн чинь Ука “тэр чинь миний ах, би ч гэсэн танай дүү нарыг сонин болгодог надаа архи барьж гүйдэг” гээд л хоорондоо маргалдаад байсан. 3 шил архи ууж дуусгатлаа маргалдаад байсан. Архи нь дуусчихаар нь би “одоо амарлаа та нар ч гэсэн амар” гээд гэртээ ороод амарсан. ... Тэгсэн чинь Ука нь “танай бүлгэм гэж зүгээр Монгол Улсад ирсэн хөрөнгө оруулагчдыг дээрэмддэг, хүн дээрэмддэг бүлэг, та нар бол тийм л ажил хийдэг бүлэг шүү дээ, та нараас болоод Монгол Улсад хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна” гэж хэлэхэд Чой “би тэгдэг хүн биш” гэж хэлсэн чинь “та нар бүгд адилхан шүү дээ” гээд маргалдаад байсан. Миний нүдэн дээр хоорондоо цохилцсон зүйл байхгүй Чой, Укаг “чи Хятадуудтай найзалдаг” гэсэн чинь “найз байх хэрэгтэй надад хаана ч найз байна, та нар бол Монголоос гараад хэн ч биш шүү дээ” гээд маргалдаад байсан. Би хажуунаас нь юм ярихад намайг ерөөсөө тоохгүй маргалдаад байсан ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 44-49 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч М.Амартүвшингийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: “... Алтанхуяг миний утас руу залгаад “гэрт очоод угаалгын машины хажуу талд ууттай хувцас байгаа, тэр хувцсыг авч яваад Мөнхзулд өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Алтанхуягийн гэрийн түлхүүрийг нь 3,4-р хорооллоос очиж Пүрэвбаяраас аваад Алтанхуягийн гэрт очсон. Алтанхуягийн гэрт очиход бол хүн байгаагүй. Тэгээд гэрт нь ороод угаалгын машины хажуу талд байсан жижиг тортой хувцас аваад Мөнхзулын 9911-тэй дугаар луу өөрийнхөө 88113770 гэсэн дугаарын утсаар залгаж байгаа газар нь аваачиж өгсөн ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 60-61 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Х.Батдэлгэрэхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “... Чойпүрэвийг хэр зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг сайн санахгүй байна. Ямар ч байсан Чойпүрэвийн зүүн шилбэний 2 яс доод хэсгээрээ үе дайрсан бяцарсан хугаралттай ирснийг хүлээн авч үзээд яс үений 1-р тасагт хэвтэн эмчлүүлэхээр өвчтний түүх нээж хэвтүүлсэн. Тухайн үед Чойпүрэвийг дагаад хамт явж байсан гээд нэлээн олон хүмүүс явж байсан, яг хэдэн хүн байсан тоог нарийн сайн санахгүй байна, одоо бодоход 5-6 хүн явж байсан санагдаж байсан. ... Хохирогч тухайн үед барилдаж байгаад гэмтээсэн гэл үү, унасан гэл үү тэгж ярьж байсан санагдаж байна ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 66-67 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №08 шэ/412 тоот:

1. Д.Чойпүрэвийн зүүн шаант ясны бяцарсан далд хугарал, эрүүнд гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 69 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад шинжээч эмч С.Төгсбуянгийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: “... Уг дүгнэлтэд Д.Чойпүрэвийн биед зүүн шаант ясны бяцарсан далд хугарал, эрүүнд зулгаралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Дээрх зүүн шаант ясны бяцарсан далд хугарал гэмтэл нь нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хатуу мохоо зүйлээр цохих, цохигдох мөн хязгаарлагдмал /товгор, овгор/ гадаргуутай зүйл дээр унах үед үүсэх боломжтой. Эрүүн дэх зулгаралт нь хатуу мохоо зүйлийн үрэх, шүргэлцэх, нидгэрдэх хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Хүзүүнд зөөлөн эдийн  няцрал  нь хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох, дарагдах, шахагдах хүчний нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Би Д.Чойпүрэвийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байх үеийн өвчний түүх болон Д.Чойпүрэвийг өөрийн биеэр үзэж дүгнэлтийг гаргасан ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 79-80 дугаар тал/,

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “... Дугараг хэлбэртэй, нэлэнхүйдээ хүрэн өнгийн нимгэн тав тогтсон байсан. Ямар нэгэн чиглэл байгаагүй. Дээрх тав нь хатуу мохоо зүйл дээр унаснаас үүссэн байх боломжтой. Шаант ясны бяцарсан далд хугарал нь яс хугарлын түвшинд олон дахин хатуу мохоо зүйлээр цохигдох, дарагдах, шахагдах үйлчлэлээр үүснэ. Нэг удаагийн үйлчлэлээр шаант ясны бяцарсан далд хугарал үүсэхгүй ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 81-82 дугаар тал/,

2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: “... Д.Чойпүрэвийн биед үзлэг хийхдээ ГССҮТ-д очиж өөрийн биеэр үзсэн. Ингэхэд толгойд нь нүдэнд ил
харагдах хаван хавдар, цус хуралт /хөхрөлт, няцралт/ байгаагүй. Мөн ГССҮТ-д 2016.08.08-ны  өдөр  авахуулсан цээжний компьютер томограф зургийн хариунд хавирга яс болон дал ясанд хугарал, гэмтлийн өөрчлөлтгүй гэсэн байсан учраас хавирга ясанд хугарал  гэмтэл байхгүй гэж дүгнэсэн.  Шаварт хөлөөрөө шигдэж унасан хүнийг татаж гаргах үед зүүн шаант ясны бяцарсан далд хугарал гэмтэл
үүсэх боломжгүй. Харин татаж гаргахдаа хөшсөн тохиолдолд шаант ясны хөндлөн
эсвэл ташуу хугарал үүсч болно. Миний дүгнэлтийн өвчний түүхийг бичсэн хэсэгт бичиглэлийн алдаа гарч 2016.08.03-ны өдрийг 2016.08.04-ний өдөр гэж буруу бичсэн байна. Ташуу өшиглөхөд зүүн шаант ясны бяцарсан далд хугарал үүсэхгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг тухайн үзлэг хийсэн цаг хугацаанд үүссэн байгаа гэмтлийг үндэслэж гаргадаг. Хөдөлмөрийн чадвар алдалтыг гэмтлийн үлдэц уршиг үүссэний дараа тогтоодог. Иймээс миний бие дүгнэлтдээ цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна гэж дүгнэсэн. Дээрх гэмтлийн эдгэрэлт нь эмч нарын эмчилгээний тактик, арга барил, чадвар, тухайн хүний бие махбодийн онцлог, суурь өвчин зэргээс хамаарч цаг хугацааны хувьд өөр өөр байж болно. 2 дахь удаагийн хагалгаанд орсон өвчний түүх, хагалгааны бичиглэлийг харахгүйгээр гэмтлийн зэрэг өөрчлөгдөх эсэхийг дүгнэх боломжгүй ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 83-84 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад Л.Алтанхуягийн сэжигтнээр 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “... 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр намайг гэртээ байж байхад 14 цагийн орчим БНХАУ-ын иргэн /Lu Dongsheng/ Лу дунгшиг миний гар утас руу залгасан. Тэгээд над руу залгахдаа “би Монгол Улсад ирчихсэн байна Чойр өнгөрөөд явж байна шууд Тэрэлж орно, чи Тэрэлжид хүрээд ирэх үү” гэж хэлэхээр нь “би очно” гэж хэлээд гэртээ байж байхад 19 цагийн орчим Лу дунгшигийн орчуулагч Өвөрмонгол хүн Чинбаа гэдэг залуу залгаад “Лу дунгшиг захирал бид 2 Тэрэлжид ирчихсэн байна, чамайг ирж байгаа юм уу гэж асууж байна, чамайг ирнэ гээд хорхог хийгээд хүлээж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрөө унаагүй байсан учир найз Насанжаргал руу залгаад “завтай бол Тэрэлж яваад ирье” гэж хэлэхэд Насанжаргал зөвшөөрөөд 30 орчим минутын дараа манай гэрийн гадна Ланд крузер-100 маркийн 00-90 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Насанжаргал манай гадаа ирэхдээ ганцаараа ирсэн. Насанжаргалыг ирэх үед манай гэрт Пүрэвбаяр, Баярсайхан гээд манай 2 найз байсан. Тэр үед манай найз Батбаяр өнөөдөр амарч байна уулзъя гээд манайд ирээд бид тав Тэрэлж рүү Насанжаргалын Ланд крузер-100 маркийн 00-90 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан. Тэрэлжид байрлах /Мeng Qingkeletu/ Мэнг күнгкэлэту-н амралтын газар болох “Байтаг богд” амралтын газарт 21 цагийн орчим очсон. Бид нарыг очиход /Lu Dongsheng/ Лу дунгшиг, түүний орчуулагч Чинбаа, /Мeng Qingkeletu/ Мэнг күнгкэлэту нар байсан. Би ирээд машинаас буухад /Lu Dongsheng/ Лу дунгшиг ирээд мэндлээд надтай гар бариад зогсож байхад цагаан өнгийн Ланд крузер-200 маркийн тээврийн хэрэгсэл ирсэн. Тэр тээврийн хэрэгсэл дотроос миний зүс таних Зулаа гэдэг эмэгтэй танихгүй 2 эмэгтэй, 2 эрэгтэй хүнтэй бууж ирсэн. Тэгээд бид нар бөөнөөрөө дотогш орж амралтын газрын ресторанд ороод ширээ засаад хорхог идэцгээсэн. Хорхогоо идэж байх зуураа архи задалж архи ууцгаасан. ... Тэгээд сууж байхад /Мeng Qingkeletu/ Мэнг күнгкэлэту “би орж амарлаа та нар сууж байгаад амарцгаагаарай” гэж хэлээд явсан. /Мeng Qingkeletu/ Мэнг күнгкэлэту явсны дараа архи дуусаад бид нар гэрт ороод унтах гэж байхад Чойпүрэв “ахиж архи ууна, архи аваад ир, намайг Монголд дийлэх хүн байхгүй, надад гар буу, хутга, жад хутга байгаа, болохгүй бол би хотоос залуучууд дуудаад энэ газрыг нураана” гээд агсраад байсан. ...тэгээд байж байснаа Чойпүрэв хужаагийн газрыг самарна гээд гарсан. Гэрээс урагшаа гараад бие засаад зогсож байхдаа амралтын газраас очиж архи авч уун гээд байсан. Тэгэхэд нь би та “хэтэрхий согтсон байна, амралтын газар архи өгөхгүй” гэж хэлтэл намайг Чойпүрэв мангастаад өшиглөхөд нь би “боль ах унтаж амар” гэж хэлэхэд “залуучуудаа дуудна” гээд тэр амралтын газраас гараад гүйсэн. Чигээрээ хашаанаас гарч гүйгээд зам хөндлөн гараад замын цаад талд байсан намагтай шавар луу уначихсан. Тэгэхээр нь би араас нь очиж шавраас гаргах гэтэл шавар нь их гүн байсан. Намайг очиход шавран дотор надтай зууралдаад орилоод байсан. Тэгэхээр нь би шавраас татаж гаргах гэсэн боловч дийлэхгүй байсан. Тэр үед манай найз Пүрэвбаяр, Баярсайхан нар ирээд бид гурав Чойпүрэвийг өргөж шавраас гаргасан. Шавраас гаргасан чинь дээшээ харж хэвтчихээд “ёо ёо” гээд орилоод байсан. Тэгэхээр нь хартал аль хөлийг нь санахгүй байна ямар ч байсан нэг хөл нь шилбээрээ хавдчихсан байсан. Тэр үед би Насанжаргалыг “машинаа аваад ир” гэж хэлээд Насанжаргалын машинд Чойпүрэвийг өргөж суулгаад шууд гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тэр үед 01 цаг болж байсан байх. Тэгээд гэмтлийн эмнэлэг рүү явж байхад Чойпүрэв замдаа “архи уумаар байна, хөл өвдөөд байна, ахын дүү нар архи аваад өг” гэж хэлсэн. Хот руу явж байхдаа замаараа нэг дэлгүүрээс нэг шил архи худалдаж авсан. Тэр архийг нь машинд явж байхдаа тэр архинаас Чойпүрэв ах нэг татаад, би нэг татсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр шөнө ирээд Чойпүрэв ахыг сугадаад ороод жижүүр эмчид нь үзүүлэхэд “зураг авахуулах шаардлагатай” гээд бид нар тэргэн дээр хэвтүүлээд рентген зураг авдаг өрөөнд орж хөлнийх нь зургийг авахуулаад “хөл нь хугарсан байна” гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 135-140 дүгээр тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 16-19 дүгээр тал/,

            Хохирогч Д.Чойпүрэвийн өвчний түүх /1 дүгээр хх-ийн 188-205 дугаар тал/,

            Б.Пүрэвбаярын хувийн байдлыг тогтоосон баримтууд /1 дүгээр хх-ийн 221-223 дугаар тал/,

            Л.Батбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 246 дугаар тал/,

            Б.Пүрэвбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 248 дугаар тал/,

            Л.Батбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 1 дүгээр тал/,

            Б.Пүрэвбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 2 дугаар тал/,

        Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 56-61 дүгээр тал/,

          Зургаар таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 62-72 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Л.Батбаяр, Б.Пүрэвбаяр нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Гэхдээ шүүгдэгч Л.Батбаяр, Б.Пүрэвбаяр нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсгээр ялыг оногдуулахгүйгээр тэнсэж,

улмаар шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг согтуурсан үедээ олон нийтийн дунд биеэ зөв авч явах чадваргүйгээр үйлдсэн байх тул тэдэнд согтууруулах ундаа хэрэглэхгүй байхаар үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч Б.Пүрэвбаяр цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Л.Батбаяр 30 (гуч) хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Д.Чойпүрэв “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Талст” авто угаалгын урамшууллын карт 1 ширхэг, хөх өнгийн дотуур хувцас 1 ширхэгийг тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Жамба овогт Лхагвасүрэнгийн Батбаяр, Урианхай овогт Батжаргалын Пүрэвбаяр нарыг бүлэглэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Л.Батбаяр, Б.Пүрэвбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 6 (зургаа) сарын хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 187, 189 дүгээр зүйлд тус тус зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийн биелэлтэд болон тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Талст” авто угаалгын урамшууллын карт 1 ширхэг, хөх өнгийн дотуур хувцас 1 ширхэгийг тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.  

5. Шүүгдэгч Б.Пүрэвбаяр цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Л.Батбаяр 30 (гуч) хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Д.Чойпүрэв “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

6. Тэнсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах,

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг тус тус шүүх шийдвэрлэхийг ялтан Л.Батбаяр, Б.Пүрэвбаяр нарт мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Батбаяр, Б.Пүрэвбаяр нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ