Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/00506

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Х дүүрэгт оршин суух, Д овогт Г.Н /РД:*********/,

  Нэхэмжлэгч: Х дүүрэгт оршин суух, Т овогт С.Ж /РД:********/ нарын нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Х дүүрэгт  байрлах, Х банк ХК /РД:********/-д холбогдох

  Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн болон барьцааны гэрээнээс татгалзаж, банкинд төлсөн 101 371 519 төгрөгийг гаргуулах, барьцааны зүйлийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Х дүүрэгт байрлах, Х ХК /РД:*******/-ийн,

  Нэхэмжлэгч: Х дүүрэгт оршин суух, Д овогт Г.Н /РД:*********/,

  Нэхэмжлэгч: Х дүүрэгт  оршин суух, Т овогт С.Ж /РД:********/ нарт холбогдох

  Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 148 154 634 төгрөг гаргуулах,  үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х*******, С.Г*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранзул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Г.Н*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч товлон зарласан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.Н*******, О.Ж******* нар нь хариуцагч Х******* ХК-д холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээнээс татгалзаж, Х*******инд төлсөн 101 371 519 төгрөг гаргуулах, барьцааны зүйлийг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Иргэн Г.Н*******, С.Ж******* бид 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Х******* ХХК-тай Орон сууцны зээлийн гэрээ №ЗГ201944322037, Орон сууцны барьцааны гэрээ №БГҮ/201944322037 байгуулж 140 000 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 2019 оноос 2034 он хүртэл 180 сарын хугацаатай зээлж барьцаанд нь өөрийн *******,*******,*******ы 1205 тоот сууцаа барьцаалсан юм. 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Г.Н*******гаас Х******* ХХК-д нийт зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрт 101 371 519 төгрөгийг төлсөн. Банк нь удаа дараа зээлийн гэрээний заалтуудыг зөрчин үнэн зөв мэдээллийг өгөхийг бичгээр шаардсаар байтал хариу өгөхгүйгээр зээлдэгчийг зохиомол хүү, төлбөрөөр дарамтлан хохироож, төлбөрийн графикаас 30 292 707 төгрөгийг илүү төлүүлж, хуримтлагдсан хүүтэй гэж үндэслэлгүйгээр зээлдэгчийн зээлийн мэдээллийг өөрчилж зээлдэгчийг бусад санхүүгийн байгууллагаас зээл авах, төлбөр тооцоо хийх эрхийг боогдуулж гэрээний заалтыг байнга зөрчиж энэ зээлийн гэрээний 5.2.4-д заасан “Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх”-гүй байх тул зээлийн болон барьцааны гэрээнээс татгалзаж, Х******* ХХК-д төлсөн 101 371 519 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний 2.4.2.1-д заасан “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-аас урьдчилан, эсхүл илүү төлсөн тохиолдолд зээлийн төлбөр гүйцэтгэсэн өдөр хүртэл хугацаанд тооцогдсон зээлийн хүүг төлүүлж, үлдсэн дүнгээр үндсэн зээлийг төлүүлнэ” гэснийг, мөн гэрээний 2.4.2.2-д “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-аас хугацаа хэтрүүлэн, эсхүл дутуу төлсөн тохиолдолд зээлийн төлбөр гүйцэтгэсэн өдөр хүртэл хугацаанд тооцогдсон нэмэгдүүлсэн хүү, уг хугацаанд тооцогдсон зээлийн хүүг тус тус төлүүлж, үлдсэн дүнгээр үндсэн зээлийг төлүүлнэ” гэж тус тус заасныг ноцтой зөрчиж 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн зээл төлөлтүүдээс орлого зарлагыг дээрх заалтад зааснаар хуваарилаагүй. 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр үүнийгээ залруулахдаа хуримтлагдсан хүү гэж үндэслэлгүйгээр 15 092 169 төгрөгийн хүү нэмэгдүүлсэн. Зээлийн гэрээний 2.4.2.1, 2.4.2.2 дахь хэсгүүдэд заасныг мөн ноцтой зөрчиж 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрүүдийн зээл төлөлтийн орлого зарлагыг зөв хуваарилалгүй шууд үндсэн зээлээс хасаж, буцааж засварлахдаа хуримтлагдсан хүү гэж 14 636 645 төгрөгийн үндэслэлгүй хүү дахин нэмсэн. Зээлийн гэрээний 5.2.2-д заасан “Зээлтэй холбоотой аливаа төлбөр тооцоо, бүртгэлийг үнэн зөв гүйцэтгэх” гэснийг зөрчин зээлдэгч надад зээлийн төлбөрийн мэдээллийг буруу мэдээлж 14 650 000 төгрөг нэн даруй төлөхийг шаардсан.  Зээлийн гэрээний 3.2.2-т заасан “хууль, энэ гэрээнд заасан үндэслэлээр зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагчийн мэдээллийг бусдад гаргаж өгөх, зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зээлийн мэдээллийг Зээлийн мэдээллийн санд нийлүүлэх” гэснийг зөрчин дээрх хуримтлагдсан хүү гэх 29 728 814 төгрөгийг төлөхийг шаардаж, энэ хуримтлагдсан хүү төлөөгүй гэх нэрийдлээр Монгол банк дахь Зээлийн мэдээллийн санд буруу мэдээлэл явуулж олон сараар санхүүгийн нэр хүндэд халдаж, хамтран зээлдэгчийн хамт бусад санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэх, санхүүгийн эх үүсвэр авах боломжгүй болгосон. Энэ бүх асуудал арилаагүй байхад сүүлийн сарын төлөлт сарын нийт төлөлт 2 500 000 төгрөг байтал 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зээл төлөлтийг зохиомлоор хоёр хувааж нэмэгдсэн зээл, хүү гэж 1 551 022 төгрөг, мөн дахин хүү 1 943 945 төгрөг, нийт 3 494 967 төгрөгийн зөвхөн хүү хуваарилж зээлийн хүүгийн дүнгээс үндэслэлгүй илүү хүү хасаж, үндсэн зээлээс дутуу хассан байгаа нь цаашид зээлийн гэрээний дагуу харилцаа явагдахад маш дарамттай боллоо. Зээлийн гэрээний 5.2.2-д заасан “Зээлтэй холбоотой аливаа төлбөр тооцоо, бүртгэлийг үнэн зөв гүйцэтгэх” гэснийг удаа дараа зөрчин 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хуримтлагдсан хүү хэмээн төлбөрт графикаас илүү 10 650 000 төгрөгийг мөн илүү төлүүлсэн нь цаашид энэ зээлийн гэрээний хүүгийн зээлээс хасагдах хэмжээ, үндсэн зээлийн төлөлтийн тооцоо, бүртгэл нь үнэн зөв явагдах нэгэнт боломжгүй болж байна. Банкны өмнө хүлээсэн үүргийн дагуу зээлийг ойрын хоёр жилийн нийгэм эдийн засгийн хүнд нөхцөлд төлж байгаа ч удаа дараа үндсэн зээл, зээлийн хүү илүү хасагдах, 29 728 814 төгрөгөөр огцом нэмэгдээд байгаа нь ойлгомжгүй болж 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр очиж уулзахад мэдээллийг үнэн зөвөөр өгөлгүй, худал мэдээлэлд үндэслэн хүсэлт бичүүлж хариу өгдөггүй, утсаа таслаад ярьдаггүй чимээгүй болчихдог. Үндэслэлгүй худал мэдээлэл өгч 10 650 000 төгрөгийг илүү төлүүлсэн байдлыг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Төв банкид очиж бичгээр өргөдөл гомдол гаргасан. Үүний үр дүнд зөвхөн зээлийн мэдээллийн сан дахь мэдээлэл зөв болж өөрчлөгдсөнөөс өөр зүйл хийхгүй байна. Тухайн үед зээл хариуцсан эдийн засагчаас өгсөн утасны дугаараар Төв банкны ажилтантай холбогдон асуухад манай программын алдаа гарсан байна гэж ярьсан. Тэгээд программийг экселээр нь хуулаад өгье гээд таг болсон. Хариуцсан эдийн засагч хоёр өдрийн дотор хуулж өгнө гээд өгөөгүй. Зээлдэгчийн зүгээс аль болох ойлголцох гэж “программ чинь буруу ажилласан гэж байгаа бол гар бланстайгаа хүүгээ тулгаад үзэж болдог гэнээ” гэж олон гуйсан. Гэвч олон сарын зээлийн хүү, зээл буруу хуваарилагдсан байгаа тул гар блансыг хоёр жилээр тулгах боломжгүй гэж амаар хариу өгсөн. Иймд цаашид 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Орон сууцны зээлийн гэрээ” /№ЗГ201944322037/-ний дагуу зээлийн хүүгийн төлбөр үнэн зөв төлөгдөх нь эргэлзээтэй болсон, Х******* ХХК нь хуримтлагдсан хүү гэх үндэслэл тооцоогүй төлбөр, хүү төлөхийг шаардаж, зээлдэгчийг санхүүгийн дарамтад удаа дараа оруулж, банкны программ дахь зээл, зээлийн хүү төлөлтийн бүртгэл байнга буруу хийгддэг, гар блансаар дахин тулгаж нягтлах нэгэнт боломжгүй болсон, зээлдэгчийн зээл төлөлтийг зөв хуваарилж нэгэнт чадахгүй болсон тул зээлийн болон барьцааны гэрээнээс татгалзаж, Х******* ХХК-д төлсөн 101 371 519 төгрөгийг гаргуулж барьцааны зүйлийг чөлөөлж өгнө үү” гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Г.Н*******, С.Ж******* нар нь Х*******ны Сэлбэ тооцооны төвтэй 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/201944322037 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 140 000 000 төгрөгийг жилийн 21,6 хувь /Хувьсах хүү/-ийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээл авсан. Тус зээлийн барьцаанд Г.Н*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2283 дугаартай, Нийслэлийн Б дүүргийн ,, 1205 тоот хаягт байршилтай 99,84 мкв 3 өрөө орон сууцыг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/201944322037 дугаартай зээлийн гэрээний зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 24 284 816 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 79 583 205 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2 919  төгрөг нийт 103 870 941 төгрөг төлсөн байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 -д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.1-д “Зээлийн төлбөрийн энэхүү гэрээнд өөрөөр зааснаас бусад тохиолдолд хавсралт 1-р тохиролцсон “Зээлийн олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу хуваарьт өдрийн 22:00 цагаас өмнө төлнө гэж, мөн гэрээний 2.4.2.1-д ”3ээл олголт, эргэн төлөлтийн хуваариас урьчилсан, эсхүл илүү дүнгээр төлсөн тохиолдолд зээлийн төлбөр гүйцэтгэсэн өдөр хүртэл хугацаанд тооцогдсон зээлийн хүүг төлүүлж, үлдсэн дүнгээр үндсэн зээлийг төлүүлнэ” гэж, 2.4.2.2-т “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваариас хугацаа хэтрүүлсэн, эсхүл дутуу төлсөн тохиолдолд зээлийн төлбөр гүйцэтгэсэн өдөр хүртэл хугацаанд тооцогдсон нэмэгдүүлсэн хүү, уг хугацаанд тооцогдсон зээлийн хүүг тус тус төлүүлж үлдсэн дүнгээр үндсэн зээлийг төлүүлнэ” гэж гэрээ болон хуулиар зохицуулсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаа хэтрүүлж байсан тул банк хууль болон гэрээнд заасан дарааллаар зээлийн төлбөрийг төлүүлсэн болно. Энэ нь банк гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ болон эргэн төлөх хуваарийн дагуу сар бүрийн 25-ны өдөр ундсэн зээл, хүүгийн төлбөрт нийт 2 625 900 төгрөгөөр төлөхөөр гэрээгээр тохирсон боловч зээлдэгч нар нь хугацаандаа зээлийн төлбөрийг төлдөггүй, хугацаа хэтрүүлж байсан болох нь нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, зээлийн бүртгэлийн карт болон зээлийн дансны агуулгаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй болно. Мөн хариуцагч Г.Н*******гийн дансанд шүүхийн шийдвэрийн дагуу дансны битүүмжлэлтэй байдаг тул хамтран үүрэг гүйцэтгэгч С.Ж*******ы данснаас зээлийн төлбөр суутгагддаг. 2020 оны 7 дугаар сарын 21, 2020 оны 08 дугаар сарын 21, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрүүдийн зээл төлүүлэлт нь хугацаа хэтэрсэн хоног 90 хоногоос болсон тул үндсэн зээлээс хасагдсан болох зээлийн дансны хуулга болон бүртгэлийн каргаар нотлогдож байгаа болно. 2021 оны 09 дүгээр сарын 07, 2021 оны 09 дүгээр сарын 30, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрүүдийн төлөлтийн хугацаа хэтэрсэн хоног 90 хоног болсон тул зээлдэгчийн үндсэн зээлээс хасагдсан. /Өмнөх хуримтлагдсан хүү төлөгдөөгүй 14 636 645 төгрөгийн хүү хуримтлагдсан/ Өөрөөр хэлбэл зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлж улмаар хугацаа хэтэрсэн хүүгийн төлбөрийг мэдэн будилж байгаа нь үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө гэжээ.

 

3.Хариуцагчийн төлөөлөгч С.Г******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Зээлдэгч Г.Н*******, С.Ж******* нар нь Хан банк ХК-ийн тооцооны төвтэй 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/201944322037 дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 140 000 000 төгрөгийг жилийн 21,6 хувь /Хувьсах хүү/-хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээл авсан. Тус зээлийн барьцаанд Г.Н*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2283 дугаартай, Нийслэлийн Б дүүргийн ,, 1205 тоот хаягт байршилтай 99,84 мкв 3 өрөө орон сууцыг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/201944322037 дугаартай гэрээний зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 24 284 816 төгрөг, зээлийн гэрээний төлбөрт 79 583 205 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2 919 төгрөг нийт 103 870 941 төгрөг төлсөн байна. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж заажээ. Зээлдэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл зээлийн болон барьцааны гэрээнээс татгалзаж байгаагаа илэрхийлсэн байх тул зээлийн гэрээнээс татгалзаж байна гэж үзэж байна. Иймд банк 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/201944322037 дугаартай Орон сууцны зээлийн гэрээний дагуу зээлдэгч Г.Н*******, С.Ж******* нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үндсэн зээлийн төлбөр 115 930 183 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 15 509 458 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 59 071 төгрөг, нийт 131 498 713 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг Г.Н*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2283 дугаартай Б дүүргийн ,,,, 1205 тоот хаягт байршилтай, 99.84 м.кв талбайтай 3 өрөө орон сууц буюу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Зээлдэгч Г.Н*******, С.Ж******* нар нь ХААН Банкны Сэлбэ тооцооны төвтэй 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/201944322037 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 140,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувь /Хувьсах хүү/-ийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээл авсан. Тус зээлийн барьцаанд Г.Н*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2283 дугаартай, Нийслэлийн Б дүүргийн ,, 1205 тоот хаягт байршилтай 99,84 мкв 3 өрөө орон сууцыг барьцаалуулж барьцаан гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч нар нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/201944322037 дугаартай 'зээлийн гэрээний зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 24 069 817 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 79 583 205 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2 920 төгрөг нийт 103 655 942 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /419 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээ болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж, мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 -д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 16 655 920 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Иймд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нараас Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, зээлийн гэрээний дагуу зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нараас зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 115 930 183 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 31 517 352 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 707 098 төгрөг нийт 148 154 634 төгрөг гаргуулж, нэхэмжлэл болон барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ү-22823 дугаартаай Г.Н*******гийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Орон сууцны зээлийн гэрээ, С.Ж*******ы зээл хүсэгч иргэний өргөдлийн маягт, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Барьцааны гэрээ, Г.Н*******гийн дансны хуулга, С.Ж*******ы дансны хуулга, С.Ж*******аас Г.Н*******д олгосон итгэмжлэл /хэргийн 3-164, 216, -р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэлүүд, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн  баримт, төлбөрийн даалгавар, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Орон сууцны зээлийн гэрээ, 2019 оны 025 дугаар сарын 26-ны өдрийн Барьцааны гэрээ, Г.Н*******гийн дансны хуулга, Ү-2283 дугаартай Г.Н*******гийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, лавлагаа, LOS программ дээр ажиллах журам, зээл хүсэгчийн анкетууд, оршин суугаа хаягийн тодорхойлолтууд, хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэлүүд, сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, Г.Н*******гийн дансны хуулга, тооцооллын баримт, итгэмжлэл /хэргийн 168-170, 175-203, 221-223, 229-237, 245-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1.Нэхэмжлэгч Г.Н*******, С.Ж******* нарын хариуцагч Х******* ХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэж, хариуцагч Х******* ХК-ний нэхэмжлэгч Г.Н*******, С.Ж******* нарт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

            2.Нэхэмжлэгч нар нь хариуцагч Х******* ХК-тай 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулсан боловч хариуцагч нь гэрээний үүргээ зөрчиж, зээлийн үндсэн төлөлт, хүүг дангаар дур мэдэн шинэчлэн байгуулах, нэмэх, хасах байдлаар зөрчиж, үнэн зөв мэдээллийг өгөхийг бичгээр шаардсаар байхад өгөхгүй, үндэслэлгүй хүү, төлбөрөөр дарамтлан хохироож төлбөрийн графикийг зөрчин илүү мөнгө татаж, хуримтлагдсан хүү төлөөгүй гэж Монгол банкинд зээлийн мэдээллийн санд буруу мэдээлэл явуулж санхүүгийн нэр хүндэд халдсан тул зээлийн болон барьцааны гэрээнээс татгалзаж, банкинд төлсөн 101 371 519 төгрөгийг гаргуулж, барьцааны зүйлийг чөлөөлүүлэхээр шаардлагаа тодорхойлсон.

            3.Хариуцагч нь нэхэмжлэгч Г.Н*******, С.Ж******* нартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, төлбөр төлөх хуваарийг харилцан тохиролцсон, зээлийн үндсэн төлөлт, хүүг дур мэдэн шинэчлэн байгуулаагүй, зээлийн графикийг өөрчлөөгүй, илүү мөнгө татаагүй зээлийн гэрээний үүргээ зөрчөөгүй, харин нэхэмжлэгч нар нь гэрээгээ зөрчиж зээлийн гэрээний хугацаандаа үндсэн зээл, хүүгээ төлөөгүй гэж маргасан.

            4.Хариуцагч Х******* ХК нь нэхэмжлэгч нар нь зээлийн гэрээний үүргийг зөрчиж, гэрээнээс татгалзаж байгаа учраас зээлийн гэрээг цуцлаж, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 148 154 634 төгрөгийг гаргуулах, үүргээ гүйцэтгэхгүй зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

5.Нэхэмжлэгч Г.Н*******, С.Ж******* нар нь хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, ихэсгэсэн шаардлагын 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус тус гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй болно.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1.Нэхэмжлэгч Г.Н*******, С.Ж******* нар нь хариуцагч Х******* ХК-тай 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр №ЗГ/201944322037 дугаартай Зээлийн гэрээг байгуулж, 140 000 000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар жилийн 21,6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн барьцаанд 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр №БГҮ/201944322037 дугаартай барьцааны гэрээгээр хариуцагч Г.Н*******гийн өмчлөлийн Б дүүргийн ,,,, 1205 тоот хаягт байршилтай 99,84 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг барьцаалсан болох нь 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Х*******ны 140 000 000 төгрөгний гүйлгээний баримт, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, зээл хүсэгчийн иргэний өргөдлийн маягт, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Х*******ны депозит банкны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

7.Талуудын маргааны зүйл нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эсэх талаар байна, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, хүлээн авсан талаараа маргаагүй.

8.Зохигч зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Г.Н*******, С.Ж******* нар нь хүлээн авсан талаараа хүлээн зөвшөөрсөн маргаагүй, хариуцагч нь гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нарт шилжүүлсэн болох нь 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Х*******ны 140 000 000 төгрөгний гүйлгээний баримт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байх тул нэхэмжлэгч Г.Н*******, С.Ж******* болон  хариуцагч Х******* ХК-ний хооронд зээлийн, хариуцагч болон нэхэмжлэгч Г.Н******* нарын хооронд барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 154 дүгээр зүйлийн 154.1, 154.4, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

 

8.1.Зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Орон сууцны зээлийн гэрээний хугацаа нь 180 сар буюу 2034 оны 2 дугаар сарын 25-ны өдөр дуусах боловч нэхэмжлэгч нар нь зээлийн болон барьцааны гэрээнээс татгалзах, хариуцагч нь хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцлах сөрөг шаардлагыг тус тус гаргасан.

8.2.Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэх бөгөөд харин хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийг харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэнэ.

 

9.Нэхэмжлэгч нар нь хариуцагчийг гэрээний үүргийг зөрчиж, зээлдэгчийн эрх ашгийг ноцтой хохироож байгаа тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ”, 205 дугаар зүйлий 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар гэрээнээс татгалзсан.

9.1.Нэхэмжлэгч нар нь хариуцагчийг зээлийн гэрээний үүргийг зөрчиж гэрээний 2.4.2.1-д заасан “зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-иас урьдчилан, эсхүл илүү төлсөн тохиолдолд зээлийн төлбөр гүйцэтгэсэн өдөр хүртэл хугацаанд тооцогдсон зээлийн хүүг төлүүлж, үндсэн дүнгээр үндсэн зээлийг төлүүлнэ”, 2.4.2.2-д “зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-иас хугацаа хэтрүүлэн эсхүл дутуу төлсөн тохиолдолд зээлийн төлбөр гүйцэтгэсэн өдөр хүртэл хугацаанд тооцогдсон нэмэгдүүлсэн хүү, уг хугацаанд тооцогдсон зээлийн хүүг тус тус төлүүлж, үндсэн дүнгээр үндсэн зээлийг төлүүлнэ” гэж заасныг ноцтой зөрчиж 2020 оны 7 дугаар сарын 21, 2020 оны 8 дугаар сарын 21, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн зээл төлөлтүүдээс орлого зарлагыг заалтад зааснаар хувиарлаагүй, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр залруулахдаа хуримтлагдсан хүү гэж үндэслэлгүйгээр 15 092 169 төгрөгийн хүү нэмэгдүүлсэн, мөн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрүүдийн зээл төлөлтийн орлого зарлагыг зөв хуваарилалгүй шууд үндсэн зээлээс хасаж, буцааж засварлахдаа хуримтлагдсан хүү гэж 14 636 645 төгрөгийн үндэслэлгүй хүү дахин нэмсэн.

9.2.Зээлийн гэрээний 5.2.2-д “зээлтэй холбоотой аливаа төлбөр тооцоо, бүртгэлийг үнэн зөв гүйцэтгэх” гэснийг зөрчиж, зээлдэгч надад зээлийн төлбөрийн мэдээллийг буруу мэдээлж 14 650 000 төгрөг нэн даруй төлөхийг шаардсан, гэрээний 3.2.2-т “хууль, энэ гэрээнд заасан үндэслэлээр зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагчийн мэдээллийг бусдад гаргаж өгөх, зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зээлийн мэдээллийг Зээлийн мэдээллийн санд нийлүүлэх” гэснийг зөрчиж, дээрх хуримтлагдсан хүү гэх 29 728 814 төгрөгийг төлөхийг шаардаж, үүнийг төлөөгүй гэж Монгол банк дахь Зээлийн мэдээллийн санд буруу мэдээлэл явуулж олон сараар санхүүгийн нэр хүндэд халдаж, хамтран зээлдэгчийн хамт бусад санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэх, санхүүгийн эх үүсвэр авах боломжгүй болгосон.

9.3.Мөн сүүлийн сарын төлөлт сарын нийт төлөлт 2 500 000 төгрөг байтал 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зээл төлөлтийг зохиомлоор хоёр хувааж нэмэгдсэн зээл, хүү гэж 1 551 022 төгрөг, мөн дахин хүү 1 943 945 төгрөг, нийт 3 494 967 төгрөгийн зөвхөн хүү хуваарилж зээлийн хүүгийн дүнгээс үндэслэлгүй илүү хүү хасаж, үндсэн зээлээс дутуу хассан байгаа нь цаашид зээлийн гэрээний дагуу харилцаа явагдахад маш дарамттай болсон, гэрээний 5.2.2-д заасныг удаа дараа зөрчин 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хуримтлагдсан хүү хэмээн төлбөрт графикаас илүү 10 650 000 төгрөгийг мөн илүү төлүүлсэн тул зээлийн төлөлтийн тооцоо, бүртгэл нь үнэн зөв явагдах нэгэнт боломжгүй болж байгаа тул гэрээнээс татгалзаж байна гэсэн.

9.4.Хариуцагч нь нэхэмжлэгч нартай гэрээний 1.2.6-д зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг харилцан тохиролцсон, нэхэмжлэгч нар нь өөрсдөө зээлийн гэрээний 2.4.2.2-д “зээл олголт, эргэн төлөлтийн хуваариас хугацаа хэтрүүлэн эсхүл дутуу төлсөн тохиолдолд зээлийн төлбөр гүйцэтгэх хүртэл хугацаанд тооцогдсон нэмэгдүүлсэн хүү, уг хугацаанд тооцогдсон зээлийн хүүг тус тус төлүүлнэ” гэж заасан тул үндэслэлгүйгээр 15 092 169 төгрөгийн хүү нэмэгдүүлээгүй, хуримтлагдсан хүү гэж 14 636 645 төгрөгийн үндэслэлгүй хүүг нэмээгүй, гэрээний 5.2.2-д “зээлтэй холбоотой аливаа төлбөр тооцоо бүртгэлийг үнэн зөв гүйцэтгэх” гэснийг зөрчин 10 650 000 төгрөгийг илүү татаагүй, зохиомлоор зээл төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулаагүй, нэхэмжлэгч нарын санхүүгийн нэр хүндэд халдаагүй болох нь хэрэгт авагдсан зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэгч нарын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгч нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдоно гэж мэтгэлцсэн.

9.5.Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар хэрэв аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэхээр заасан бөгөөд нэхэмжлэгч нар нь хариуцагчид гэрээнээс татгалзаж байгаа талаараа мэдэгдэж байсан баримтгүй, мөн хуримтлагдсан хүүг илүү тооцсон, үндэслэлгүйгээр суутгасан талаар гомдол хүсэлт гаргаж байсан талаарх баримтыг ирүүлээгүй, мөн хэрэгт авагдсан зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэгч нарын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгч нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, болон зээлийн тооцооллоор хариуцагч нь гэрээний үүргийг зөрчсөн хуримтлагдсан хүүг илүү тооцсон, үндэслэлгүйгээр суутгасан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нар нь гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.

9.6.Иймд нэхэмжлэгч нарын хариуцагчид холбогдуулан гаргасан зээлийн болон барьцааны гэрээнээс татгалзаж, банкинд төлсөн 101 371 519 төгрөгийг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

10.Хариуцагч нь нэхэмжлэгч Г.Н*******, С.Ж******* нарт холбогдуулан нэхэмжлэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зээлээ хугацаандаа төлөөгүй тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 115 930 183 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 31 517 352 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 707 098 төгрөг, нийт 148 154 634 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

10.1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр  хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т үүрэг гүйцэтгүүлэх нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэжээ.

         10.2.Талууд зээл төлөх хуваарийг харилцан тохиролцож тогтоосон ба зээлийн гэрээний 5.1.5-д “зээлийн гэрээг цуцлах, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас банкинд учруулсан хохирлыг нэхэмжлэх”, 6.1.1-д “зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол банкны санаачилгаар гэрээг цуцлаж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардана” гэж тус тус заажээ. 

10.3.Нэхэмжлэгч нар нь зээлийн гэрээний үүргийг зөрчиж, зээлийн гэрээний хуваарьт заасан хугацааг хэтрүүлсэн, зөрчил үүссэн болох нь дансны хуулга, зээлийн тооцооллоор тогтоогдож байх тул хариуцагч нь гэрээг цуцлах шаардлага гаргасан нь үндэслэлтэй, нэхэмжлэгч нар нь гэрээнээс татгалзах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд энэ нь гэрээг дуусгавар болгох хүсэл зоригийн агуулсан байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-д зааснаар хариуцагчийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага гаргасан нь үндэслэлтэй гэж үзэв.

10.4.Гэрээнээс татгалзаж байгаа бол талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг бол гэрээг цуцлахад цуцлах хүртэл гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцласнаас хойших үр дагаварыг талууд шийдвэрлэдэг тул хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар 148 154 634  төгрөгийг хариуцагч Г.Н*******, С.Ж******* нарт шилжүүлсэн ба зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн хуваарийг зөрчсөн байх тул хариуцагч нь нэхэмжлэгч нараас үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

10.5.Хэрэгт авагдсан зээлийн тооцоолол, үлдэгдлээр үндсэн зээлийн үлдэгдэл 115 930 183 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 31 517 352 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 707 098 төгрөг, нийт 148 154 634 төгрөг байх бөгөөд 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/201944322037 дугаар зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу нэхэмжлэгч нар нь үндсэн зээлд 24 284 816 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 79 583 205 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2 919 төгрөг нийт 103 870 941 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.

10.6.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийг ашигласан хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

10.7.Иймд хариуцагч нараас зээлийн үлдэгдэл 115 930 183 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 31 517 352 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 707 098 төгрөг, нийт 148 154 634 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

11.Хариуцагч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч Г.Н******* нь хариуцагч Х******* ХК-тай 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр №БГҮ/201944322037 дугаар Барьцааны гэрээ байгуулж, түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000711369 дугаар гэрчилгээтэй Б дүүргийн , 99,84 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.

11.1.Нэхэмжлэгч Г.Н******* нь барьцааны гэрээ байгуулсан талаараа маргаагүй, барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд гэрээний 5.1-д барьцаагаар хангагдах шаардлага үүсэх талаар харилцан тохиролцсон байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

            11.2.Иймд нэхэмжлэгч Г.Н*******, С.Ж******* нар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол нэхэмжлэгч Г.Н*******гийн барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

            12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Н*******, С.Ж******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 857 950 төгрөг төгрөг, хариуцагч Х******* ХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 284 825 /816 458+227 137 +241 230/ төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Н*******, С.Ж******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 898 723 төгрөгийг гаргуулж, хариуцагч Х******* ХК-нд олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Н*******, С.Ж******* нарын зээлийн болон барьцааны гэрээнээс татгалзаж, Х*******инд төлсөн 101 371 519 төгрөгий гаргуулж, барьцааны зүйлийг чөлөөлөх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүйг болгож, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Х******* ХК, Г.Н*******, С.Ж******* нарын хооронд байгуулагдсан 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/201944322037 дугаартай Орон сууцны зээлийн гэрээг цуцлаж, хариуцагч Г.Н*******, С.Ж******* нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 148 154 631 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х******* ХК-нд олгосугай.  

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г.Н*******, С.Ж******* нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцааны гэрээний зүйл болох Г.Н*******гийн өмчлөлийн Б дүүргийн 12 дугаар хороо, Кристалл таун /13311/,, 1205 тоот хаягт байршилтай 99,84 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Н*******, С.Ж******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 857 950 төгрөг, хариуцагч Х******* ХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 284 825 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Н*******, С.Ж******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 898 723 төгрөгийг гаргуулж, хариуцагч Х******* ХК-нд олгосугай.                                 

         

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                                                                                                                                                                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ХУЛАН