Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2023/04193

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүрэгт байрлах, С  ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэгт оршин суух, Б овогт Т.Э /РД:*********/-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 655 746 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*******, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эмүжин нар оролцов.

Хариуцагч Т.Э*******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдаанд ямар нэгэн хүсэлт, санал ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С******* ХХК нь хариуцагч Т.Э*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 655 746 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Иргэн Т.Э******* нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 60 000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 60 000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 300 000 төгрөг, нийт 420 000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй тус тус зээлсэн. Т.Э******* нь 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 261 934 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш манай байгууллагаас тавьсан удаа дараагийн шаардлага, үйлчилгээний нөхцөлийг үл биелүүлсэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй 431 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд зээлдэгч Т.Э*******ээс үндсэн зээлийн үлдэгдэл 330 976 төгрөг, хүү 258 478 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66 294 төгрөг нийт 655 746 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манай байгууллагаас тавьсан удаа дараагийн шаардлага, үйлчилгээний нөхцөлийг үл биелүүлсэн бөгөөд зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй 431 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд зээлдэгч Т.Э*******ээс үндсэн зээлийн үлдэгдэл 330 976 төгрөг, хүү 258 478 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66 294 төгрөг, нийт 655 746 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бид эвлэрэх талаар уг мөнгийг төлөх талаар удаа дараа холбогдсон боловч төлөөгүй гэв.

 

 2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******,*******  нарт олгосон итгэмжлэл, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дансны хуулга, Э.Б*******эд олгосон итгэмжлэл /хэргийн 3-9, 37-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Т.Э*******т  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 330 976 төгрөг, хүү 258 478 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66 294 төгрөг, нийт 655 746 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон. 

3.Хариуцагч Т.Э******* нь 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр  нэхэмжлэгч С******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй болно.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Нэхэмжлэгч С******* ХХК нь хариуцагч Т.Э*******тэй цахим зээлийн аппликейн ашиглаж, 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 300 000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 60 000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 60 000 төгрөг, нийт 420 000 төгрөгийг түүний дансанд шилжүүлж, хариуцагч нь сарын 6 хувийн хүүтэй, эргүүлэн төлөхөөр харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, цахим гүйлгээний дансны хуулгаар тогтоогдож байна.

 4.2.Хариуцагч Т.Э******* нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасан “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэсэн үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72.3-д зааснаар “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор байна гэж үзэв.

 

           5.Иймд зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 451.2-т “зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж зааснаар нэхэмжлэгч С******* ХХК нь цахим зээлийн үйлчилгээ үзүүлж, нийт 420 000 төгрөгийг хариуцагч Т.Э*******т шилжүүлсэн ба зээлдэгч нь харилцан тохиролцсон хугацаанд мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

6.1.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч Т.Э******* нь 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 60 000 төгрөгийг ашигласан хугацааны хүү 37 620 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 654 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 60 000 төгрөгийг ашигласан хугацааны хүү 28 424 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 294 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 300 000 төгрөгийг ашигласан хугацааны хүү 192 434 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49 346 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй байна.

 

7.Хариуцагч Т.Э******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийг гардан авч эрх үүрэгтэйгээ танилцаж баримтад гарын үсгээ зурсан боловч хариу тайлбараа болон татгалзлын үндэслэл нотлох баримтаа хуульд заасан хугацааны дотор ирүүлээгүй, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлээгүй хуульд заасан үүргээ биелүүлээгүй болно.

 

8.Иймд хариуцагч Т.Э*******ээс зээлийн гэрээний үүрэгт 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 246 305 төгрөг, зээлийн хүү 192 434 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49 346 төгрөг, нийт 488 084 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 36 440 төгрөг, зээлийн хүү 28 424 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 294 төгрөг, нийт 72 158 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 48 231 төгрөг, зээлийн хүү 37 620 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 654 төгрөг, нийт 95 504 төгрөг буюу нийт /488 084+72 158+95 504/ 655 746 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С******* ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20 288 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Э*******ээс 20 288  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С******* ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Т.Э*******ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 655 746  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С******* ХХК-д олгосугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20 288 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Э*******ээс 20 288  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                 

  

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН