Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2024/00005

 

 

 

2023 оны 12 сарын 22 өдөр Дугаар 183/ШШ2024/00005 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 09 дүгээр хороо, ..... тоот хаягт оршин суух Б овогт Ж.Д /РД:........./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 2 дугаар байр, ...... хаягт оршин суух Б овогт Г.С /РД:....../-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзий,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

 Нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сарын 17ы өдөр хүлээн авав.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.Д нь хариуцагч Г.С холбогдуулан хөргөгч худалдаж авсан хэлцлийг цуцалж, 3,000,000 төгрөг гаруулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Г.С 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нарийн ногооны зориулалттай лангуу хөргүүр, хөлдөөгч, павилоны тохижилт, жин хэмжигч, зорогч төхөөрөмж, ногооны тавиурыг худалдан авч, мөн төлөгдөөгүй түрээсийн төлбөр 500,000 төгрөгийн хамт нийт 8,000,000 төгрөгөөр худалдан авсан. Ногооны зориулалттай лангуун хөргүүр ажиллахгүй байсан тул энэ талаар худалдагч талд мэдэгдсэн боловч засаж өгөөгүй. Иймд тус хөргүүрийг худалдаж авах хэлцлийг цуцалж, түүний үнэ болох 3,000,000 төгрөгийг буцаан шаардаж байна гэв.

 2.Хариуцагч Г.С нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Нэхэмжлэгчийн хариуцагч нь би биш. Т нь нэхэмжлэлд дурдсан хөргүүрийг хийсэн болно гэжээ.

3.Нэхэмжлэгч талаас Ж.Д-н иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ж.Д гэх эзэмшигчтэй ......... дугаар Хаан банк дахь дансны 2022 оны 12 дугаар сарын 27, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дэлгэрэнгүй хуулга, ....... ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Тоног төхөөрөмжийн акт,

Хариуцагч талаас 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бичгээр хариу тайлбарыг тус тус гаргаж өгснийг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Г.С-с 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр худалдаж авсан нарийн ногооны зориулалттай лангуу хөргүүр ажиллахгүй байсан, энэ талаар худалдагч талд мэдэгдсэн боловч засаж өгөөгүй тул тус хөргүүрийг худалдаж авах хэлцлийг цуцалж, түүний үнэ болох 3,000,000 төгрөгийг буцаан гаргуулна тодорхойлж байна.

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгчийн хариуцагч нь би биш, Т  нь нэхэмжлэлд дурдсан хөргүүрийг хийсэн гэж тайлбарлаж байна. Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй эсэх талаарх баримт, хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэг зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

 4.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 4.1.Нэхэмжлэгч Ж.Д нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ногоо бөөндөө өгөв гэх утгаар 6,900,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр дэлгүүр үлдэгдэл тооцоо дуусав гэх утгаар 1,100,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг хариуцагч Г.С-ын эзэмшлийн ....... дугаар данс руу шилжүүлсэн. (хавтаст хэргийн 8-9 дэх тал)

4.2.Ногооны зориулалттай лангуу хөргүүрийг 3,000,000 төгрөгөөр худалдаж авсан. (хариуцагчийн шүүхэд гаргасан ...Т нь нэхэмжлэлд дурдсан хөргүүрийг хийсэн... гэх тайлбар)

4.3.Худалдан авсан гэх хөргүүрийн ажиллагаа доголдолтой болох нь ..... ХХК-ийн Тоног төхөөрөмжийн акт гэх баримтаар тогтоогдож байна.

 5.Нэхэмжлэгч Ж.Д-ийн зүгээс 2022 оны 12 дугаар сарын 25, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрүүдэд нийтдээ 8,000,000 төгрөгийг хариуцагч Г.С-ын эзэмшлийн ....... дугаар дансанд шилжүүлсэн тухай дансны хуулга, хариуцагч Г.С-ын ...Т нь нэхэмжлэлд дурдсан хөргүүрийг хийсэн... гэх тайлбар зэргээс үзэхэд зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 6.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч буюу Г.С нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөргүүрийг худалдан авагч буюу нэхэмжлэгч Ж.Д-ийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

 7.Хавтаст хэрэгт авагдсан ....ХХК-ийн Тоног төхөөрөмжийн акт гэх баримтаас үзэхэд хариуцагч Г.С-ыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагч талын өмчлөлд шилжүүлэх үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

 8.Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт ₮Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, 254.6 дахь хэсэгт Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Д нь нарийн ногооны зориулалттай лангуун хөргүүрийг худалдах, худалдан авах гэрээг цуцалж, түүний үнэ болох 3,000,000 төгрөгийг хариуцагч Г.С-аас шаардах эрхтэй байна.

 9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь

 1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.С-аас 3,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Д-т олгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.С-аас 62,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД