Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2016/00805

 

                                                                  Л.Буянбатын нэхэмжлэлтэй                                                                     иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/02046 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 803 дугаар магадлалтай,

Л.Буянбатын нэхэмжлэлтэй,

            Ц.Сайнбаярт холбогдох           

            Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн           

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оргил, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж, хариуцагчийн өмгөөлөгч П.Цэрэн-Очир, нарийн бичгийн дарга Б.Хүрэлтулга нар оролцов.

             Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдоржийн тайлбарт: “Р.Лутаа болон иргэн Ж.Чимэдцэрэн нар нь 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Тахько ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг байгуулсан байдаг. Хуучнаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 999 дүгээр шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 681 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 751 дүгээр тогтоол гарах болсон үндэслэл нь дээрх хэлцэл байсан. Тус Тахько ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг Чингэлтэй дүүргийн 60 дугаартай нотариатч Ц.Сайнбаяр 2005 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 196 дугаарт бүртгэн гэрчилсэн байдаг. 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газарт хадгалагдаж байгаа уг хэлцлийн үнэн зөвийг гэрчилсэн 60 дугаартай нотариатчийн Бүртгэлийн дэвтэрт уг хэлцэл бүртгэгдсэн эсэх талаар тодруулга авахад 2005 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 196 дугаарт Тахь электроникс компанийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг бүртгэсэн байна. 1997 оны Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “...Нотариатч бичиг баримт, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөдлөх бөгөөд шаардлагатай гэж үзвэл тэмдэглэл үйлдэнэ. Нотариатын бүртгэлд нотариатчийн хийсэн үйлдлүүдийг дэс дараагаар  нь бүртгэнэ...” гэж заасныг энд дурдаж байна. Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 216 дугаар тушаалаар баталсан Нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврын 2 дугаар зүйлийн 2.7-д “...нотариатын үйлдлийг бүртгэлийн дэвтэрт үнэн зөв, баллаж дарсан зүйлгүй цэвэр нямбай, гаргацтай товч тодорхой бүртгэнэ. Нотариатын үйлдэл хийсэн бичиг баримтад дарсан баталгааны тусгай тэмдэг дээрх дугаар нь тухайн бүртгэлийн дэвтрийн дугаартай ижил байна...” гэж заасныг зөрчсөн байх тул дээрх хэлцлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбатын гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Монгол Улсын иргэн Равдангийн Лутаа, Жамбаагийн Чимэдцэрэн нар нь харилцан тохиролцож “Тахь электроникс” ХХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгуулан гарын үсгээ зурж баталгаажуулан 2005 оны 5 дугаар сарын 10-ны өдөр уг хэлцлийг гэрчлүүлэхийг хүсэн Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Ц.Сайнбаярт хандсан бөгөөд нотариатч Ц.Сайнбаяр нь уг хэлцлийг гэрчлэхдээ Монгол Улсын Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар журмын холбогдох заалтуудыг зөрчөөгүй гэрээний бүртгэлийн дэвтэрт бүртгэсэн бүртгэл болон бүртгэлийн дугаар алдаа засвар байхгүй, баллаж дарсан зүйлгүй гэрээг гэрчилсэн баталгааны тусгай тэмдэг дээрх дугаар бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн дугаартай тохирч байх бөгөөд ямар үндэслэлээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 216 дугаар тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл эрхлэн хийх зааврын 2 дугаар зүйлийн 2.7 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэгч Л.Буянбатын тус шүүхэд гаргасан “Тахь электроникс” ХХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг 2005 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэрээний бүртгэлийн 196 дугаарт бүртгэж гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу. Чингэлтэй дүүргийн 60 дугаартай нотариатч нь 2005 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 196 дугаарт бүртгэж гэрчилсэн байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жилээр тоологдох ёстой. Нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нэхэмжлэгч Л.Буянбат нь тухайн үед гэрээ хэлцэл байгуулж байсан хүний хүүхэд нь мөн боловч гэрээний оролцогчид нь 2005 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаартай нотариат дээр ирээд гэрчлүүлсэн байдаг. Г.Лутаа нь Ц.Сайнбаяр гуайн байнгын үйлчлүүлэгч нь байсан байдаг. “Тахь ко” ХК болон “Тахь электроникс” ХХК-тай холбоотой гэрээ хэлцлүүдийг Ц.Сайнбаяр нь голцуу гэрчилдэг байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаад байгаа Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар дэс дарааллаар нь бүртгэнэ гэсэн байсан боловч үйлдэл тус бүрээр нь бүртгэнэ гэсэн зүйл байхгүй. Мөн үйлдлийг товч тодорхой бүртгэнэ гэж заасан байгаа. Гэтэл “Тахь электроникс” ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл гээд бүртгэгдсэн байгаа. Тухайн нотариатын баримт нь нэг жил хадгалагдаад дараа нь Нийслэлийн архивын газарт 15 жил хадгалагддаг. Нийслэлийн архивт хадгалагдаж байгаа материалаас үзэхэд бүртгэлийн дэвтэр дээр 140-155 хуудас материал Нийслэлийн архивт шилжүүлж өгсөн байдаг. Энэ материалууд нь “Тахь ко” ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл,” Тахь электроникс” ХХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцэл 2 нь хоёулаа 196 тоотод бүртгэгдээд архивлагдаад орсон байгаа. Хэрэв тус тус гэрчлэх ёстой гэж маргаад байгаа бол энэ 2 хэлцэл нь хоёулаа 196 дугаарт бүртгэгдсэн байгаа. Г.Лутаа нь 2007 онд нас барсан. Яагаад үүнийг мэдэх боломжгүй байсан нь эргэлзээтэй байна. Нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацааг 2015 онд мэдсэн гэж тоолоод байгаа. Үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн өв залгамжлах эрхийн гэрчилгээг 2007 онд Л.Буянбат нь өв залгамжлах эрхийн гэрчилгээг залгамжилж авсан. Өнөөдөр яагаад нэхэмжлэл гаргасан гэдгийг ойлгохгүй байна. Тэгэхээр мэдэх боломжтой байсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа нь 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дууссан байна. Энэ нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх бүхий этгээд эсэх нь мөн тодорхойгүй байна. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлд зааснаар өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэн газрын нотариатч гэрчлэх ёстой. Хамгийн сүүлд нас барсан газар нь Сүхбаатар дүүрэг байхад Хан-Уул дүүргийн шүүхийн нотариатч гэрчилсэн байна. Мөн өвлөх эрхийн гэрчилгээг 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нотариатч олгосон байна. 2006 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өв нээгдэх ёстой. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлд зааснаар өв нээгдсээр 1 жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээг олгох ёстой. Гэтэл 3 сарын дараа олгосон байна. Талийгаачийн хууль ёсны өмчлөгч 3 сарын дотор татгалзлаа гаргаагүй бол шууд өмчлөгч болно гэж заасан. Үүний дараа тусдаа амьдарч байсан бусад хууль ёсны өв залгамжлах эрхтэй хүмүүс нь өвийг хүлээн авахаас татгалзсанд тооцно гэж заасан. 1 жилийг хүлээдэг ийм зарчимтай байгаа юм. Гэтэл 1 жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээг олгоогүй байна. Мөн цорын ганц өв залгамжлах хүн мөн эсэх нь тодорхойгүй байна. Нотариатч нь харъяаллаа зөрчсөн байгааг анхаарахыг хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/02046 дугаар шийдвэрээр Нотариатын тухай /1997 оны/ хуулийн 27 дугаар зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 3-т тус тус заасныг баримтлан, Р.Лутаа, Ж.Чимэдцэрэн нарын хооронд 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хийгдсэн Тахько ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг 2005 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэрчилсэн Чингэлтэй дүүргийн 60 дугаартай тойргийн нотариатч Ц.Сайнбаярын үйлдлийг хүчингүйд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Буянбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Сайнбаяраас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Буянбатад олгож шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 803 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/02046 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбатын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Л.Буянбатын нэхэмжлэлтэй Ц.Сайнбаярт холбогдох нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Ц.Сайнбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. Ганбат би Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 сарын 27-ны өдрийн 803 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Үүнд: Тус магадлалын хянавал хэсэгт "Лутаа овогтой Буянбат нь Равдан овогтой Лутаагийн өв залгамжлагч болох нь хэргийн 36-37 дугаар талд авагдсан “Тахь ко” ХК-ийн хувьцааг өв залгамжлан авсан өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон тул" гэж өв залгамжлалаар эрх залгамжлан авсан этгээдийг зөв тогтоосон боловч “Нэхэмжлэгч Л.Буянбат нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр авсан Нийслэлийн архивын лавлагаанаас эрх зөрчигдсөн тухай нөхцөл байдлын талаар мэдсэн байх тул уг өдрөөс Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч Л.Буянбатын хувьд нэхэмжлэлийн талаарх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй" гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгч Л.Буянбат нь Р.Лутаагаас өв залгамжлалаар “Тахь ко” ХК-ийн хувьцааг эзэмших эрхийг залгамжлан авсан бөгөөд өмнөх эзэмшигчийн эзэмшилд байсан асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байхад шүүх хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д "Нэхэмжлэгдвэл зохих эд хөрөнгө нь эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эзэмшигчийн эзэмшилд байх үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно" гэснийг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй байсан. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлдээ "Миний эцэг Монгол Улсын иргэн Равдангийн Лутаа болон Иргэн Жамбаагийн Чимэдрэгзэн нар нь 2005 оны 05 сарын 06-ны өдөр “Тахь ко” ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг байгуулсан байдаг… хуучнаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 05 сарын 30-ны өдрийн 999 дүгээр шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 09 сарын 05-ны өдрийн 681 дүгээр магадлал, мөн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2012 оны 12 сарын 20-ны өдрийн 751 дүгээр тогтоол гарах болсон үндэслэл нь дээрх хэлцэл байсан" гэж бичсээр байтал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг хангасан гэж дүгнэсэн нь мөн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар нэхэмжлэгчийн тайлбар нэхэмжлэл нь нотлох баримтаар тогтоогдож үнэлэгдэх бөгөөд шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь бүрэн гүйцэд үнэлж чадаагүй зөвхөн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр авсан Нийслэлийн архивын лавлагааг үндэслэл болгож хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/02046 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 803 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, хууль хэрэглээний алдаа гаргаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

            Нэхэмжлэгч Л.Буянбат нь хариуцагч Ц.Сайнбаярт холбогдуулж, “Тахь ко” ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

            Лутаа овогтой Буянбат нь Равдан овогтой Лутаагийн өв залгамжлагч болох нь хэргийн 36-37 дугаар талд авагдсан 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Тахь ко” ХК-ийн хувьцааг өв залгамжлан авсан өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон тул нэхэмжлэгч Л.Буянбатыг “Тахь ко” ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдлийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Л.Буянбат нь Нийслэлийн архивын газраас 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр авсан лавлагаанаас эрх зөрчигдсөн тухай нөхцөл байдлын талаар мэдсэн гэснийг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрээгүй гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй гэж үзэв.

           Юншээбуу овогт Равдангийн Лутаа, Шуудай овогт Жамбаагийн Чимэдцэрэн нарын хооронд 2005 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Тахь ко” ХК-ийн хувьцааг хувааж эзэмших хэлцлийг Чингэлтэй дүүргийн 60 дугаартай нотариатч Ц.Сайнбаяр гэрчилсэн нотариатын тэмдэгт огноог “2005 оны 5 дугаар сарын 10-ны өдөр” гэж заан, бүртгэлийн дугаар “196“ гэж зааж бичсэн бичвэр байгаа боловч уг нотариатчийн Бүртгэлийн дэвтэрт 2005 оны 5 дугаар сарын 10-ны өдөр бүртгэлийн дугаар “196”-д “Тахь электроникс компанийн хувьцааг хуваан эзэмших хэлцэл”-ийг бүртгэсэн, “Тахь ко” ХК-ийн хувьцаатай холбоотой хэлцэл бүртгэгдээгүй байна. /хэргийн 7 дугаар тал/

2005 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Юншээбуу овогт Равдангийн Лутаа, Шуудай овогт Жамбаагийн Чимэдцэрэн нарын хооронд байгуулсан “Тахько ХК-ийн хувьцааг хувааж эзэмших тухай хэлцлийг гэрчилсэн Чингэлтэй дүүргийн 60 дугаартай нотариатч Ц.Сайнбаярын нотариатын үйлдлийг Нотариатын тухай хуулийн /1997 оны/ 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  нотариатч бичиг баримт, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтлөх, шаардлагатай гэж үзвэл тэмдэглэл үйлдэх болон нотариатын бүртгэлд нотариатчийн хийсэн үйлдлүүдийг дэс дараагаар нь бүртгэх хуулийн шаардлагыг хангаагүй гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2016/02046 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 803 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

          2. Хариуцагч Ц.Сайнбаярын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Х.СОНИНБАЯР

                                                        ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН