Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 495

 

Н.Т-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуул, түүний өмгөөлөгч А.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 697 дугаар магадлалтай, Н.Т-д холбогдох 1710009910217 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1979 оны 3 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Шархүү хаалгач овогт Н.Т нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуул гаргасан гомдолдоо: “Миний төрсөн ах Г.Эрдэнэбатыг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 19 дүгээр гудамжинд зодож хөнгөн хохирол учруулсан боловч Н.Т нь танхайн гэмт хэргийг нөхөр хүүхдийн хамт бүлэглэн үйлдсэнийг Ө.Төмөрхуягийн мэдүүлэгт тодорхой гэрчилсэн байдаг. Гэтэл мөрдөн байцаалтын явцад энэхүү байдлыг тал

бүрээс нь нягтлан шалгаагүй. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн ял оногдуулсанд гомдолтой байна. Хүний амь нас хохирсон байхад яагаад хөнгөн ял оногдуулсныг ойлгохгүй байна. Миний ах архины гүн хордлогын улмаас нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч Н.Т нарт зодуулсны улмаас төмсөг бөөр нь байж суухын аргагүй өвдсөний улмаас архи хэтрүүлэн хэрэглэсэн тухай талийгаачийн эхнэр мэдүүлсэн ба энэхүү зодуулсан асуудалтай үхэлд хүргэсэн байдал нь шууд буюу шууд бус холбоотой байхад шүүх үүнийг үнэлж дүгнээгүй. Н.Т хохирогч Г.Эрдэнэбатад алгадуулсандаа шаралхаад нөхөр хүүхдээ дуудахад хүүхэд нь машинтай 3-4 махлаг залуучуудтай ирж газарт унагааж зодож байсныг гэрч Б.Эрдэнэбаяр тодорхой гэрчилдэг. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Ганбат хэлсэн саналдаа: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг дэмжиж байна. Хохирогч Г.Эрдэнэбат нь Н.Т-ын учруулсан гэмтлээс болж архи ихээр ууж эхэлсэн байгаа юм. Төмсгөнд учруулсан гэмтлийг яриад байгаа боловч бусад бөөр нурууны гэмтлүүдийг шалгаагүй бөгөөд хэн учруулсан нь тогтоогдоогүй. Иймээс хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах саналтай байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Батчимэг хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Эрдэнэбатын нас барсан хэргийг тусгаарласан нь хууль зүйн үндэслэлгүй. Хохирогч Г.Эрдэнэбат нь гэмтлээс болж өвдөлтөө дааж чадахгүй архи ууж, нас барсан байх магадлалтай. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох саналтай” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуулын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.Т-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Н.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 19 дүгээр гудамжинд Г.Эрдэнэбатад цохиулсандаа уурлаж, түүний бэлэг эрхтэн рүү өшиглөж, эрүүл мэндэд нь “хуйхнагны үрэвсэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Прокуророос Н.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба шүүх Н.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирчээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс “амь хохирогч Г.Эрдэнэбатыг үхэлд хүргэсэн шалтгаан нь архины хурц хордлогын улмаас олон эрхтний дутагдал болох нь тогтоогдсон, шүүгдэгчийн учруулсан гэмтлийн гаралтай хуйхнагны үрэвсэл нь амь хохирогчийн үхэлтэй шалтгаант холбоогүй” гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн ба шүүхээс шинжээчийн дүгнэлт, шинжээчийг байцаасан тэмдэглэл, эд эсийн шинжилгээ зэрэг нотлох баримтуудыг үнэлж дүгнэн, Н.Т-ын гэм бурууг зөв тогтоожээ.

Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хохирогч Г.Эрдэнэбатад учирсан гэмтлийг Н.Т нь бусадтай бүлэглэн учруулсан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэсэн байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Т-ын гэм бурууг хянан шийдвэрлэсэн бөгөөд хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1, 41.2 дугаар зүйлд зааснаар гомдол, хүсэлтээ прокурорт гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Харин Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Н.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 697 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Н.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн заалтыг нэмж,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн торгох ял оногдуулсан, торгох ялд биелэлт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан, торгох ялыг хорих ялаар солихыг мэдэгдсэн 2, 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгосугай.

2.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуулын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                   

 

                                   ДАРГАЛАГЧ                                        Б.ЦОГТ

                                   ШҮҮГЧ                                                 С.БАТДЭЛГЭР

                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН