Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 112/2017/0032/З/ |
Дугаар | 194 |
Огноо | 2018-04-25 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 194
Б.Б-гийн нэхэмжлэлтэй,
Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Л.Атарцэцэг
Шүүгчид: Х.Батсүрэн
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нэхэмжлэлийн шаардлага: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай.
Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 43 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0133 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Б.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 43 дугаар шийдвэрээр: 1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/06 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б-г Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 107 хоногийн олговор 4,828,450 төгрөгийг Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0133 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 43 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгч Б.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг зөрчиж шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүйгээр хурлыг явуулж нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхийг хангаагүй болно. Тухайлбал, давж заалдах шатны шүүхээс 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр шүүх хурлыг товлосон боловч хариуцагч талын хүсэлтээр хурал хойшилж байгаа талаар надад 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдсэн бөгөөд товыг эргэж мэдэгдэхээр болсон, үүнээс хойш огт хариу өгөхгүй байсаар 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шүүхээс “магадлал” гардаж авахдаа шүүх хурал болсныг мэдсэн.
4. Иймд, давж заалдах шатны шүүх хариуцагч талын эрхийг хангадаг атлаа нэхэмжлэгчийн эрхийн зөрчиж, хурлын товыг мэдэгдэлгүйгээр шүүх хуралдаан явуулж, тайлбар мэтгэлцээн явуулах боломжоор хангалгүй, хэт нэг талыг барьж, хариуцагч талын үндэслэлгүй тайлбарт үндэслэж үнэлэлт, дүгнэлт өгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаас хальж дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэж байгаа нь хууль зөрчиж байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Б-гийн зөрчил гаргасан нь тогтоогдоогүй гэдэг үндэслэлээр түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа холбогдох нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хуульд заасан журмын дагуу гүйцэтгэсэн ба хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
6. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “ажлаас халах тухай” Б/06 дугаар захирамжаар “...Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, ...дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.3, 2.5, 2.7”-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Б-г “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлдэггүй, удаа дараа хангалтгүй биелүүлсэн, шалтгаангүйгээр ажил тасалсан нь дотоод журамд заасан ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон” гэж дурдаж, Тамгын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.
7. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Засаг дарга Н.Ү-гээс 2017 оны 1-6 дугаар сарын хооронд Тамгын газрын дарга Б.Б-д “...золбин нохой устгуулах ажлыг ойрын үед яаралтай зохион байгуулах, сумын төвийн хог цэвэрлүүлэх, иргэд, аж ахуйн нэгжийн дэлгүүрүүдийг цагийн хуваарьт оруулах, ОНХС-ийн эрэмбэ тогтоох ажлын хэсгийг байгуулах, ...Тамгын газрын коридорт мэдээллийн самбаруудыг шинэчлэн хийж, мэдээллүүдийг шинээр сольж тавих, ...сумын нутаг дэвсгэрт үхрийн өвчин гарсан тул яаралтай арга хэмжээ авах, ...хогны машиныг гурвалсан гэрээ байгуулан жолооч...-д хүлээлгэж өгөх, ...байцаагч...-д компьютер, принтерээр хангаж ажиллах,... 5 багийн Засаг дарга нарыг Тамгын газарт өрөө гарган ажлын байр, ажиллах нөхцөл боломж ширээ сандал, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах,... хуурамч дипломтой Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргыг ажлаас нь чөлөөлөх, ...Тамгын газрын харъяалалтай автомашинуудыг үзлэгээр оруулах, ...жолоочтой гурвалсан гэрээ байгуулах, ...буруу тушаалын улмаас ...Тамгын газарт учруулсан хохирлыг төлж барагдуулах” гэсэн үүргүүдийг биелүүлэх хугацаа зааж бичгээр өгч, хариу мэдэгдэхийг даалгасан, мөн “...өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй байгаа тул ...төрийн албанд тэнцэхгүй гэж үзэж өөрийн хүсэлтээр ажлаа чөлөөлж өгөх, хэрэв ажлаа чөлөөлж өгөхгүй бол дараагийн арга хэмжээ авахыг мэдэгдэж байна” гэх албан бичгийг хүргүүлж байсан үйл баримт тогтоогдсон, уг үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй, нэхэмжлэгчээс “...байнга хууль бус албан тоот өгөх, биелүүлэх боломжгүй үүрэг даалгавар өгдөг, ...ардчилсан намын үед томилогдсон учир хамтарч ажиллахгүй, өргөдлөө өгөөд гар гэж байнга шахаж шаардсан, ...төрийн албанаас хууль бусаар халсан” гэж, хариуцагчаас “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь удаа дараа огт биелүүлдэггүй, 3 ба түүнээс дээш хоногоор ажлын цагаар ажил тасалсан, төрийн албанд хариуцлагагүй хандсан, Тамгын газрын дотоод журмын 2.3, 2.5, 2.7-д заасныг зөрчсөн” гэж маргажээ.
8. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, хариуцагч нь өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлтийг тооцсон баримтгүй, дээрх үүрэг даалгавар нь нэхэмжлэгч Б.Б-гийн ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан бөгөөд хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагаанд шууд хамааралтай эсэх нь тодорхойгүй, тухайн тохиолдолд Б.Б-г ямар ажил, үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж буруутгаж буй үндэслэл нь холбогдох нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
9. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д “ хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах үндэслэл боловч хариуцагч нь дээрх үндэслэлийг тогтоолгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан, хуулийг зөв хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн эрхийг хангаагүйгээс эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
10. Түүнчлэн, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасны дагуу уг хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтоохоор заасан байхад маргаан бүхий захиргааны актад Хөхморьт сумын Засаг даргын Тамгын газрын “дотоод журам”-ын 2-ын 3-т “...Төрийн албаны тухай хуулийн 25.1.1, 25.1.2-т заасан зөрчил гаргасан ажилтанг шууд ажлаас халах”, 5-д “хугацаа нь нийлбэр дүнгээр 3 түүнээс дээш хоногоор шалтгаангүй ажил тасалсан тохиолдолд ажлаас халах”, 7-д “өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд биелүүлээгүй хариу мэдэгдээгүй нөхцөлд ажлаас халах үндэслэл болох” гэж тус тус заасныг баримтлан төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.
11. Хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...хуурамч дипломтой У.Б-г Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргын албан тушаалд томилон ажиллуулж хууль зөрчиж байгаа” гэх агуулгатай гомдол гаргасан, хэрэгт “...хуурамч дипломтой” гэх У.Б-г “ажлаас халах” Засаг даргын шаардлагыг нэхэмжлэгч биелүүлээгүйтэй холбоотой баримтууд авагдсан, давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд эдгээрт дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байсан, хариуцагч нь “шүүхээс дуудахад ирдэггүй, холбогдох баримтуудыг гаргаж өгдөггүй, шүүх хуралдаанд оролцдоггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй” талаар тодорхой яригдсан нь давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсаны зэрэгцээ нотлох баримт байгаа эсэх талаарх шүүгчийн асуултанд “маргаан бүхий актын үндэслэлд хамаарах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн” гэж хариулжээ.
12. Эндээс үзвэл, хариуцагч маргаан бүхий захиргааны актын үндэслэлд хамааралтай “нотлох баримтууд”-ыг анхан шатны шүүх шалгаж, маргаан бүхий захиргааны актын үндэслэлд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх “хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн оролцогчдын тайлбар, татгалзал, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй” гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн,...” гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу байна.
13. Харин анхан шатны шүүх, маргааны үйл баримтад хамааралгүй буюу төрийн албан хаагчид сахилгын шийтгэл хүлээлгэх, төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээтэй холбогдох асуудлаар дүгнэлт хийсэн нь буруу боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад тухайн харилцаанд хамааралгүй хууль баримталсан нь үндэслэлгүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
14. Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Б.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0133 дугаар магадлалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 43 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар 20.2.1” гэснийг хасаж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ