Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2024/00533

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 29 өдөр Дугаар 183/ШШ2024/00533 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,  дүгээр хороо, горькийн ,  тоотод байрлах, ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-, Мөнх товер  тоотод байрлах, ******* ХХК /РД:/-д холбогдох,

 

 

Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 43 182 275 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагчийн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Манай компани барилгын цутгалтад хэрэглэдэг тулаас /сапуд/ түрээслүүлдэг бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч ******* ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан 1100 сапудыг өдрийн 88 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Түрээсийн төлбөрийг сар бүр төлөхөөр тохиролцож, барьцаа 2 000 000 төгрөгийг авсан. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 2 сарын түрээсийн төлбөр 5 808 000 төгрөгийг гэрээний дагуу төлж байсан боловч үүнээс хойш төлбөр төлөхгүй байж байгаад 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 3 000 000 төгрөг төлсөн. Хариуцагч түрээсийн төлбөрт нийт 8 808 000 төгрөг төлсөн ба 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр бид өөрсдөө очиж сапудаа хүлээн авсан болно. Гэрээний 8.1.2-т түрээсийн төлбөр төлөх хугацаа хожимдуулсан бол өрийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээгээр алдангийг хугацаа хожимдуулсан өдөр бүр тооцно гэж заасны дагуу хариуцагч алданги төлөх ёстой. Иймд түрээсийн үндсэн төлбөр 28 847 200 төгрөг, алданги 14 335 075 төгрөг, нийт 43 182 275 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулж өгнө үү... гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани ******* ХХК-ийн хэрэгжүүлж буй ******* сити цогцолбор хорооллын барилга угсралтын туслан гүйцэтгэгчээр ажилласан. Уг ажлыг гүйцэтгэхэд шаардагдаг барилгын тулаасыг нэхэмжлэгчээс түрээсэлсэн. Захиалагч санхүүжилт өгөхгүй удаах, хоцроох зэргээр гэрээний үүргээ биелүүлээгүйгээс манай компани үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах санхүүгийн чадамжгүй болж 9 сард ажил зогссон. Мөн манай компани тухайн ажлыг 45 хувийн өндөр бартераар хөлсөө авахаар тохирч ажил эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тухайн барилгын карказ угсралтын ажил ч дуусаагүй зогсонги байдалтай байгаа учир тухайн хөрөнгөө борлуулах боломжгүй болж компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй, дампуурлын байдалтай өнөөдрийг хүргэж байна. Иймээс гэрээний үндсэн төлбөр 28 847 200 төгрөгийг ямар нэгэн байдлаар үнэ дүйцэхүйц бараа материал, машин техник, бусад эд зүйлс оролцуулан барагдуулах хүсэлтэй байна. Алдангийн дүнг бид төлөм ямар ч санхүүгийн боломж бололцоогүй бөгөөд түрээсийн материалыг бүрэн бүтэн хүлээлгэн өгч ямар нэгэн хохирол учруулаагүй... гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, зарлагын баримт, төлбөрийн тооцоолол, түрээсийн гэрээ, хариуцагч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг баримтаар өгсөн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагаас 36 886 336 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 6 295 939 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Барилгын туслах материалын түрээсийн гэрээний дагуу хариуцагч 1100 ширхэг сапудыг 390 хоног ашигласан. Түрээсийн төлбөрт 8 808 000 төгрөг, барьцаа 2 000 000 төгрөг тус тус төлсөн. Түрээсийн төлбөрийг сар бүр төлөх үүргээ биелүүлээгүй. Гэрээний үлдэгдэл төлбөр 28 847 200 төгрөг, алданги 14 335 075 төгрөг, нийт 43 182 275 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч гэрээ байгуулсан, гэрээний дагуу барилгын туслах материалыг ашигласан хугацааны талаар маргаагүй. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр мэтгэлцэв.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1.Талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 01/2022 дугаартай түрээсийн гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр түрээслүүлэгч ******* ХХК нь түрээслэгч ******* ХХК-д 1100 ширхэг сапудыг, хоногийн нэг бүрийн үнийг 88 төгрөгөөр ашиглуулахаар шилжүүлэх, түрээслэгч төлбөрийг нэхэмжлэл хүлээлгэн өгснөөс хойш ажлын 1 хоногийн дотор төлөх, төлбөр төлөх хугацаа хожимдуулсан тохиолдолд хоног тутам 0,3 хувьтай тэнцэх алданги төлөхөөр, гэрээний хугацааг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс түрээсийн хөрөнгийг хүлээлгэн өгөх хүртэл хугацаагаар тооцохоор тус тус тохиролцсон байна.

 

4.2. Түрээсийн гэрээ гэж нэрлэсэн уг гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаанд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэлээ. Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

4.3. Гэрээний зүйл болох 1100 ширхэг барилгын тулаас буюу сапудыг хариуцагч ******* ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 390 хоног ашигласан талаар зохигчид маргаагүй.

 

4.4. Хариуцагч гэрээний зүйл болох барилгын тулаас /сапуд/-ыг ашигласан хугацаанд төлбөл зохих хөлс /1100 ширхэг х 88 төгрөг= 96 800 төгрөг нэг хоногийн хөлс/ 37 752 000 төгрөгөөс түүний төлсөн 8 808 000 төгрөг, гэрээ байгуулах үед төлсөн барьцаа 2 000 000 төгрөгийг тус тус хасч тооцвол хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 26 944 000 төгрөг байна.

 

4.5. Гэрээний 8.1.2-т түрээсийн төлбөр төлөх хугацааг хожимдуулсан бол өрийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээгээр алдангийг хугацаа хожимдуулсан өдөр бүр төлнө гэх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрэнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасантай нийцжээ.

 

4.6. Нэхэмжлэгч ...түрээсийн төлбөрийг сар бүр төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн... гэж тайлбарлаж байх боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1-т ...төлбөрийн нэхэмжлэх хүлээлгэн өгснөөс хойш ажлын нэг хоногийн дотор төлнө... гэж үүрэг гүйцэтгэх хугацааг тогтоосон байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу төлбөрийн нэхэмжлэхийг хариуцагчид хүлээлгэн өгсөн болохоо баримтаар нотлоогүй болно.

 

4.7. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.3-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч гэрээний зүйлийн хүлээн авч, гэрээ дуусгавар болсноор нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардсан гэж үзэх үндэслэлтэй.

 

4.8. Иймд хариуцагчийн үүргийн зөрчил 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс үүссэн гэж үзэх тул нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл нийт 123 хоногийн алданги 9 9 42 336 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

4.9. Дээрх үндэслэлээр хариуцагч ******* ХХК-иас 36 886 336 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 295 939 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 287 дугаар зүйлийн 287.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-иас 36 886 336 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 295 939 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 373 862 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 342 382 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ