Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/00037

 

2023 оны 12 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2024/00037 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ........ тоот хаягт байрлах, С  ХХК /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .хотхонд байрлах, Х СӨХ /РД:00000/-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 35.399.998 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С , нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК нь Х СӨХ-тэй 2022 оны 11 сарын 01-ний өдрийн 22/009 дугаартай гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, хамгаалагч тал гэрээний хоёр, хавсралт 1-д дурдсан объектод байрлах ажлын байр, эд хөрөнгийг гадны халдлага, гал усны болон болзошгүй аюулаас хамгаалах үүргийг хавсралт 2-т заасан орон тоо, цагаар гүйцэтгэхээр, үйлчлүүлэгч тал ажлын хөлс 1 сард 5.500.000 төгрөгийг төлөх үүргийг хүлээхээр тохиролцож, 1 жилийн хугацаатай бичгээр гэрээ байгуулсан. Хамгаалагч тал 2022.11.01-ний өдрөөс 2023.06.06-ны өдрийг хүртэл 7 сар 6 хоногийн хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн бөгөөд үйлчлүүлэгч тал 2022 оны 12 дугаар сараас эхлэн ажлын хөлсийг дутуу өгч 2023 оны 4 сарын 04-ний өдрөөс хойш төлбөрөө төлөхгүй болсон бөгөөд 2022 оны 12 сар, 2023 оны 1, 2, 3, 4, 5 сар, 6 дугаар сард 6 хоногт нийт төлбөл зохих хөлс 5.500.000 х 7сар=38.500.000+6 хоног буюу 1.099.999=39.599.999 төгрөгөөс төлсөн 16.000.000 төгрөгийг хасаад үлдэгдэл тооцоо 23.599.999 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 8.5 дугаарт үйлчлүүлэгч ажлын хөлсийг гэрээнд заасан сар бүрийн 05-ны өдөр шилжүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон бөгөөд хамгийн сүүлд 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш өргөдөл гаргасан өдөр хүртэл 168 хоногт 23.599.999 төгрөгөөс 0.5 хувийг тооцоход хоногт 117.999х168 хоног=19.823.832 төгрөгийн алданги төлөхөөр тооцоо гарч байгаа боловч хуульд зааснаар 50 хувиас хэтрэхгүй гэж тооцвол 11.799.999 төгрөг, нийт 35.399.398 төгрөг гаргуулж өгнө үү. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас алданги 11.799.999 төгрөгийг 50 хувиас бууруулж 5.899.999 төгрөгөөр багасгаж 29.499.998 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Х  СӨХ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус СӨХ-ны хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон цаг хугацаандаа бүрэн гүйцэтгэж чадаагүй асуудалтай байгаа ба гэрээний үүргээ заавал биелүүлэх үүрэгтэй гэдгээ ухамсарлаж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үндсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч, алдангийг төлөхөөс татгалзаж байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.11.01-ний өдрийн 00000000 тоот гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн гэрчилгээ, Х СӨХ-ны гэрчилгээ, 2023.06.06-ны өдрийн нэхэмжлэх, 2022.11.01-2023.06.06-ны харилцагч хоорондын тооцоо зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

С ХХК гэрээний үүрэгт 35.399.998 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Х СӨХ-д холбогдуулан гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 5.899.999 төгрөгөөр багасгаж 29.499.998 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Х СӨХ үндсэн төлбөр 23.599.999 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алданги төлөхгүй гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2022.11.01-ний өдөр 22/009 тоот гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан бөгөөд Блуй скай хотхоны 44А, Б, В, Г, 46А, Б, В, Г, 48Й, Б, В, Г, Д байрууд, 44А, Б, В, Г, 46А, Б, В, Г байрнуудын В1 давхарт байрлах авто зогсоолууд, хотхоны гадна нийтийн эзэмшлийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, тоглоомууд, хотхоны хяналтын камеруудыг хамгаалалтад авахаар тохиролцжээ.

 

Талууд үндсэн төлбөр 23.599.999 төгрөгт маргаагүй, хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн, харин алданги 5.899.999 төгрөгийг хариуцагч төлөхгүй гэжээ.

 

Зохигчийн хооронд байгуулсан харуул хамгаалалтын гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн.

 

Энэ гэрээний дагуу Х  СӨХ ажил, үйлчилгээ үзүүлсний төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд, талуудын хооронд байгуулсан гэрээний 8.5-д үйлчлүүлэгч тал нь гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөрийг энэ гэрээнд заасан хугацаанд багтаан шилжүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож, хамгаалагч талд төлнө гэж заажээ.

 

Үүнээс үзэхэд хариуцагч Х СӨХ алданги 5.899.999 төгрөгийг төлөхгүй гэх байдал баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Шүүх 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10:00 цагт товлосон шүүх хуралдааны товыг хариуцагч Х  СӨХ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу мэдэгдсэн бөгөөд хариуцагч нь эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу мөн хуулийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд хариуцагч Х  СӨХ-өөс гэрээний үүрэгт 29.499.998 төгрөгийг гаргуулж, С  ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х  СӨХ-өөс 305.450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С  ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Х СӨХ-өөс 29.499.998 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар С ХХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х СӨХ-өөс 305.450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО