Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/00043

 

2023 оны 12 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2024/00043 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ...... байрлах, А ХХК /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .......... тоотод оршин суух, З-ын Т  /РД:000000/-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 2.367.813 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А , нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. А  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч З  Т нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2021.05.26-нд 00000 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 2.220.000 төгрөгийг 2,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021.12.29-нд 7102170727 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 560.000 төгрөгийг 2.3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээлэн авсан. Үндсэн зээлийн төлбөрт 1.253.420 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 461.575 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 50.141 төгрөг, 7102170727 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 432.889 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 156.783 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 11.005 төгрөг, нотариатын төлбөрт 2.000 төгрөг, нийт 2.367.813 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч З.Т шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

3. Нэхэмжлэгчээс: 2023.09.22-ны өдрийн итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.09.20-ны өдрийн зээл, зээлийн хүүгийн тооцоолол, харилцагчийн хувийн хэргийн бүрдүүлбэр шалгах хуудас, 2021.05.26-ны өдрийн хэрэглээний зээлийн гэрээ, 2021.12.29-ний өдрийн цахим зээлийн гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

А ХХК гэрээний үүрэгт 2.367.813 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг З.Төгөлсарнайд холбогдуулан шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч З.Т-д шүүх нэхэмжлэлийн хувийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гардуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлан өгсөн боловч хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

А  ХХК 2021 оны 5 сарын 26-ны өдөр 000000 тоот цахим зээлийн гэрээ байгуулж, 2.220.000 төгрөгийг сарын 2.3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2021 оны 12 сарын 29-ний өдөр 7102170727 тоот цахим зээлийн гэрээ байгуулж, З.Т-д 560.000 төгрөгийг сарын 2.3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус олгосон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг зөрчиж, төлбөр төлөөгүй байх бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар нэхэмжлэгч гэрээний үүргээ шаардах эрхтэй.

 

2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагт товлосон шүүх хуралдааны товыг хариуцагч З.Төгөлсарнай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу мэдэгдсэн бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

З.Т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу тэрээр шүүхэд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэх заалтын дагуу хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд хариуцагч З.Т-гаас гэрээний үүрэгт 2.367.813 төгрөгийг гаргуулж, А ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52.835 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Т-гаас 52.835 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Т-гаас 2.367.813 төгрөг гаргуулж, А ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52.835 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Т-аас 52.835 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО