Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2021/ДШМ/63

 

Ш.О-т холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга М.Номинчулууг оролцуулан,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Даваанаран даргалж шийдвэрлэсэн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЗ/216 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Ш.О-т холбогдох 2029002620063 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг  үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар  хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Ш.О нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Б сумын М баг, Д гэдэг газарт хамтран амьдрагч Х.Н-тэй “мал зарах” асуудлаас маргалдаж улмаар төмөр хайрцагтай багаж шидэх, үнс хийдэг төмөр хувингаар цохих зэргээр зодсоны улмаас тархи доргилт, YIII, IX  хавирганы хугарлын улмаас үүссэн зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндий дэх цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ нь шүүгдэгч Ш.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Яллагдагч Ш.О-т холбогдох эрүүгийн 2029002620063 дугаартай хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Ш.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэг байхгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 33 см урттай, 12 см өргөнтэй, дээшээ сөхөгдөж онгойдог тагтай, таг нь дээрээ бариултай, тагны урд талд дэгээ бүхий 2 түгжээтэй, саарал өнгийн 1 ширхэг хайрцаг, хайрцаг дотор төмөр хуурай, отверка, эрэг, боолт, шланкны тасархай, жийрэг резин, пүрш, дроцов зэрэг багаж, сэлбэг, цэнхэр өнгийн 42 см өндөртэй, 26х26 см өргөнтэй, дээрээ бариул болон гүн цэнхэр өнгийн тагтай, савны амсар болон тагны дотуур жийрэглэж хийсэн гялгар ууттай 1 ширхэг хуванцар сав, будаг нь халцарч зэвэнд идэгдсэн, хонхойж хэлбэрээ алдсан нимгэн төмөр хувин 1 ширхэг, хоёр хүний хооронд утсаар ярилцсан бичлэг бүхий компакт диск /CD/ 1 ширхэгийг хэрэгт нь хавсарган хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Д.Ган-Эрдэнэ нь давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: ... Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг шүүх буруу хэрэглэсэн, мөн хуулийг Монгол Улсын Дээд шүүхийн тогтоосон практикаас зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөч байна. Үүнд:

1. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчилгүй гэж үзэж, хэргийг цугларсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байхад тухайн шатны шүүх нь давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцаахдаа аль шатанд буцааж байгааг заагаагүй гэж дүгнэж, урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэсэн давж заалдах шатны шүүхээс зөрүүтэй дүгнэлт хийсэн зэрэг нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн заалтыг ноцтой зөрчсөн байна.

2. Хохирогч Х.Н нь яллагдагч Ш.О-н гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу хамтран амьдрагч болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон боловч Ш.О-н хамтран амьдрагч болох хохирогч Х.Н-г зодсон үйлдэлд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн үндсэн шинж болох гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг “ байнга зодсон” гэх шинж тогтоогдохгүй байна. Гэтэл шүүх хохирогчийг субъектийнх нь хувьд “ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай” гэх шинжид тулгуурлан, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нэг удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн тохирох зүйл, заалтаар хүндрүүлэн зүйлчлүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Иймд шүүгчийн 2021/Ш3/216 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хяналтын прокурор Д.Ган-Эрдэнийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр бичсэн 26 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ш.О нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Б сумын М баг, Д гэдэг газарт хамтран амьдрагч Х.Н-тэй “мал зарах” асуудлаас маргалдаж улмаар төмөр хайрцагтай багаж шидэх, үнс хийдэг төмөр хувингаар цохих зэргээр зодсоны улмаас түүний эрүүл мэндэд тархи доргилт, YIII, IX  хавирганы хугарлын улмаас үүссэн зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндий дэх цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ нь шүүгдэгч Ш.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга нь 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 2021/ШЗ/119 дугаартай шүүгчийн захирамждаа /хх-187/  “Ш.О-т холбогдох хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтойн гадна мөрдөн байцаалтын шатанд шүүх хуралдааныг явуулж болохгүй байдалд хүргэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал тогтоогдоогүй байх тул яллагдагчийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй.” гэсэн дүгнэлтийг хийж, Ш.О-г шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарласан шийдвэрийг гаргасан байх бөгөөд дээрх шүүгчийн захирамж нь хүчин төгөлдөр болсон, уг захирамжийг хүчингүй болгосон талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг гаргасан тул хяналтын прокурор Б.Ган-Эрдэнийн “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай” эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлэх үүрэгтэй болно.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Ш.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЗ/216 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ш.О-т холбогдох 2029002620063 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ш.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

  

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.НАСАНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧИД                        Х.ГЭРЭЛМАА

                                                                          Ц.ОТГОНЦЭЦЭГ