Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 112/ШШ2023/0020

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн би ******* сумын иргэн Б.Оээс Говь-Алтай аймгийн ******* сумын *******д холбогдуулан гаргасан ******* сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О, хариуцагч Говь-Алтай аймгийн ******* сумын ******* А.А нар эвлэрэн хэлэлцэж, уг гэрээндээ: Б.Оийг сумын Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн томилох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх, ажилд эгүүлэн томилох хугацааг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байхаар тохиролцжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* сумын иргэн Б.О, Говь-Алтай аймгийн ******* сумын *******д холбогдуулан ******* сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт зааснаар эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.4-д Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.

Үүний дагуу нэхэмжлэгч Б.О, хариуцагч А.А нар харилцан тохиролцож 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр эвлэрэн хэлэлцсэн байна.

Эвлэрлийн гэрээнд: Б.О-ийг сумын Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн томилох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх, ажилд эгүүлэн томилох хугацааг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байхаар харилцан тохиролцож гэрээнд талууд гарын үсэг зуржээ.

Иймд нэхэмжлэгч Б.О, хариуцагч ******* сумын ******* А.А нар нь ийнхүү эвлэрэн хэлэлцсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэн хэлэлцсэнийг баталж, ******* сумын иргэн Б.Оээс Говь-Алтай аймгийн ******* сумын *******д холбогдуулан гаргасан ******* сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                       Ч.ОЮУНСҮРЭН