Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2024/01320

 

 

 

 

 

 

2024 03 11

101/ШШ2024/01320

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө гудамж 0 байранд байрлах 0-0 Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0 тоот хаягт оршин суух Э овогт Ц Ч /РД:0/-т холбогдох,

СӨХ-ны засвар, үйлчилгээний төлбөрт 2,576,666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Т, хариуцагч Ц.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус С нь 2020 оны эхээр байгуулагдсан. Энэ хүн энэ байранд анх ашиглалтанд орсон цагаас хойш амьдарч байсан боловч нэг ч удаа төлбөр төлж үзээгүй.

Сууц өмчлөгчиийн холбооны төлбөрт 6 төрлийн төлбөрүүд багтаж байгаа. Бид энэ хүний өмнөөс төлбөр төлөөд ирсэн. Цэвэрлэгээ гэдэгт цэвэрлэгээний материал. Жижүүр гэдэг цэвэрлэгчийн цалин хөлс явдаг юм байгаан. Энэ хүний тайлбартай нь холбогдуулаад жижүүрийн мөнгийг авахгүй гэж бодож байна.

Харин бусад нэхэмжлэлийн шаардлагын тухайд чөлөөлөх ямар ч боломж байхгүй. Энэ СӨХ-нд цэвэрлэгч, дарга гэсэн хоёр хүн ажилладаг.

Хөдөлмөрийн хуулийн хамгийн бага цалингаар цалинждаг. СӨХ нь ус цахилгаан дулаан цэвэрлэгээ үйлчилгээгээр айл өрхүүдийг хангаж ажиллаж ирсэн. Төдийгөөс өдрий хүртэл бүхий л боломж бололцоогоор ажиллаж байгаа. Сар тутам үйлчлэгч ажилчдыг цалинжуулж, лифтний ашиглалтын төлбөр, нийтийн эзэмшлийн цахилгааны төлбөр, дунды эзэмшлийн зам талбай, шугам сүлжээний ашиглалтын зардал засварын хөлсийг төлж ирсэн.

СӨХ-ны зардлын хувьд 2013 оны 4 сараас 2017 оны 12 сар хүртэл хугацааны зардал сар бүр 18,815 төгрөг буюу нийт 1,072,466 төгрөг, 2018 оны 1 сараас 2023 оны 9 сар хүртэл хугацааны төлбөрт сард 21,800 төгрөг буюу нийт 1,504,200 төгрөг, ингээд нийтдээ 126 сар буюу 10 жил 5 сарын төлбөр 2,066,666 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Одоогийн гүйцэтгэх захирал нь 2020 онд ажлаа авсан. Барилга барьсан газар нь засвар үйлчилгээгээ 3 жилийн хугацаанд хариуцаж явдаг. 2014 онд СӨХ-ний мэдэлд ирэхээр нь байрны цууралт ус гоожилтын талаар СӨХ-нд мэдэгдэж байсан. 2018 онд ч СӨХ-ний хурал болоод энэ асуудлыг хөндөж тавьж байсан. 2020 оноос хойшхи энэ газар тайлангаа тавьдаггүй. СӨХ-ний санхүү нь шилэн биш тайлангаа тавьдаггүй. Ямар зохицуулалтаар Т захирал болсон нь ойлгомжгүй байгаа. Оршин суугч нараас санал хүсэлт аваагүй. Засвар үйлчилгээний төлбөр 7300 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Учир нь огт завсар үйлчилгээ авч байгаагүй. Манайд 2 удаа хулгай орсон. Цагдаадаа мэдэгд гэдэг. Ус алдахаар Хүрээ хаус руу ханд гэдэг. СӨХ-ны үйл ажиллагаа муу нэг ч удаа хурал хийж тайлан тавьж байгаагүй. Жижүүрийн 5000 төгрөгийг бас өгөхгүй. Анхнаасаа жижүүр гэж байгаагүй. Дээрх төлбөрүүдээс бусад төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс: гэрчилгээ, төрийн банкны төлбөрийн мэдээллийн баримт, 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн холбооны төлбөрийн хэмжээ тогтоох тухай гэх шийдвэр,

Хариуцагчаас: гэрэл зураг, засвар хийгдээгүй талаар оршин суугчдаас авсан тодорхойлолт гэх баримт зэргийг тус тус ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ц.Чт холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны засвар, үйлчилгээний төлбөрт 2,576,666 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан..

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2013 оны 4 дүгээр сараас 2017 оны 12 сар хүртэл хугацааны төлбөрт засвар үйлчилгээний төлбөрт 7315 төгрөг, хогны төлбөрт 2000 төгрөг, лифт ашиглалт 5000 төгрөг, цэвэрлэгээ 1000 төгрөг, жижүүрийн цалин хөлс 3000 төгрөг, цахилгааны төлбөрт 500 төгрөг буюу 57 сарын төлбөрт нийт 1,072,466 төгрөг, 2018 оны 01 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сар хүртэл хугацааны төлбөрт засвар үйлчилгээний төлбөрт 7300 төгрөг, хогны төлбөрт 2000 төгрөг, лифт ашиглалт 5000 төгрөг, цэвэрлэгээ 1000 төгрөг, жижүүрийн цалин хөлс 5000 төгрөг, цахилгааны төлбөрт 1500 төгрөг буюу 69 сарын төлбөр 1,504,200 төгрөг, нийт 2,576,666 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагчаас тус байр нь жижүүргүй, засвар үйлчилгээ хийж байгаагүй тул жижүүрийн ажлын хөлс болон засвар үйлчилгээний зардлын төлөхгүй гэж маргаж, харин бусад зардлыг төлөхөд татгалзахгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Ц.Ч нь Баянзүрх дүүргийн 0 тоот орон сууцны өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримттай маргаагүй бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар тэрээр тухайн орон сууцны өмчлөгч байна.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан тогтоосон хэмжээгээр зардлыг төлөх үүргийг зохицуулжээ.

Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалтын засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж сууц өмчлөгчдийг хуулиар үүрэгжүүлсэн байна.

Хэрэгт авагдсан Төрийн банкны нэхэмжлэхийн баримт, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийн хэмжээг тогтоох тухай шийдвэр гэх баримтуудыг хариуцагч Ц.Ч нь 2013 оны 4 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сар хүртэл хугацааны төлбөр 2,576,666 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзэх үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр жижүүрийн ажлын хөлс болох 516,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагчаас 2,060,666 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

Хариуцагчаас засвар үйлчилгээ хийгээгүй гэх үндэслэлээр засварын ажлын хөлсийг төлөхгүй гэж маргаж байх хэдий ч тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.

Мөн хуульд зааснаар сууц өмчлөгчийн хувиар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх хуулиар хүлээсэн үүрэг тул нэхэмжлэлийн шаардлагаас 920,666 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт зааснаар 2013 оны 4 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сар хүртэл хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 2,060,666 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Чаас дундын өмчлөлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт 2,060,666 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,177 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Чаас 47,920 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА