Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2024/00637

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2024/00637

Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

                    

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн  дугаар хороо, Биокомбинат, өөрийн байранд байрлах, ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, дугаар баг, Баруун зуун мод,  дүгээр байр,  тоотод байрлах,******* ХХК /РД:/-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10 100 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* хариуцагч******* ХХК-д холбогдуулан ургамал хамгааллын бодис худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 890 000 төгрөг, алданги 2 550 000 төгрөг, хуульчийн ажлын хөлс болох 660 800 төгрөг, нийт 10 100 800 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч ******* нь ургамал хамгааллын бодис үйлдвэрлэж, худалддаг компани байгаа. Хариуцагч******* ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2022-А058 дугаартай ургамал хамгааллын Овсюген экспресс гэх бодис 80 литрийг 6,040,000 төгрөгөөр үнэлж, мөн метамилл гэх бодисыг 80 литрийг 3,840,000 төгрөгөөр үнэлж тус тус худалдан авахаар нийт 9,880,000 төгрөгийн бодис худалдан авахаар гэрээ байгуулж, худалдан авсан. Худалдан авахдаа 4,780,000 төгрөгийг хоёр хувааж шилүүлэн төлсөн. Үлдэх 5,100,000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн. Энэ 5,100,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлж төлбөрөө төлөхгүй одоог хүрсэн. Иймд гэрээний 4.3 заалтын дагуу, мөн Иргэний хуулийн дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон 2,550,000 төгрөгийг алдангид төлүүлэхээр нэхэмжилж байгаа. 4,780,000 төгрөгийг төлөхдөө *******-ийн Хаан банк дахь харилцах 5021523929 дугаартай дансанд 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хорны үнэ гэх утгаар 2.860000 төгрөгийг, мөн дээрх дансанд 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1,920,000 төгрөгийг ургамал гэх утгатайгаар тус тус шилжүүлсэн. Мөн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй бичгээр гэрээ байгуулалгүйгээр 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Зонтран гэх ургамал хамгаалах бодисыг 15 литрийг 1.275,000 төгрөгөөр дээрх дансанд мөнгийг нь шилжүүлэн төлж худалдан авсан. Энэ дээр маргаан байхгүй. 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мөн Зонтран гэх нэртэй ургамал хамгааллын бодис 20 литрийг 1,790,000 худалдан авсан. Ингэж худалдан авахдаа төлбөр төлөөгүй. Урьдчилгаа ч төлөөгүй. Бичгээр гэрээ байгуулаагүй зээлээр худалдаж авсан байдаг. Гэрээ байгуулагдаагүй учир энэ төлөгдөөгүй төлбөр дээр алданги бодоогүй. Ингээд нийт ургамал хамгааллын бодис худалдан аваад төлөгдөхгүй байгаа төлбөр болох 6,890,000 төгрөг дээр 5,100,000 төгрөгийн гэрээтэй төлбөрт оногдох алданги болох 2,550,000 төгрөгийн хамт төлүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн ******* болон******* ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний 5.1 дэх заалтад хэрвээ шүүхэд хандвал хуульч, өмгөөлөгч хөлслөх зардлыг хариуцагч талаас төлүүлнэ гэж тохиролцсон. Би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллахдаа хуульч өмгөөлөгч хүний хувьд гэрээ байгуулж тодорхой хөлс авахаар оролцож байгаа. *******-ийн зүгээс надад гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлэн өгсөн 660,800 төгрөгийг мөн хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Улсын тэмдэгтийн хураамжийг мөн хариуцагчаас гаргуулахаар нэмж, нийт 3 төрлийн зардал нийлээд 10,100,800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Манай компани Хай би ойл ХК-тай мазут худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу барааны төлбөрөө төлж явж байгаад төсөв мөнгөгүй болж төлбөр төлөх хугацаа саатаж төвөгтэй нөхцөл байдал үүссэн. Мөн Ковидын нөхцөл байдал нөлөөлсөн. Бид төлбөрийг яаралтай төлж барагдуулах эвлэрэх саналтай байна. Гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 97.521.500 төгрөгийг төлж барагдуулна, харин алдангийг төлөх боломжгүй гэв.

 

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2022-А058 дугаартай худалдах, худалдан авах тухай гэрээгээр Овсюген экспресс 80 литр, метамилл 80 литрийг тус тус худалдан авахаар болсон ба нийт 9 880 000 төгрөг болсон. Үүнээс 4 780 000 төгрөгийг хоёр хуваан 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2 860 000 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 1 920 000 төгрөгийг тус тус *******-ийн Хаан банк дахь 5021523929 дугаартай дансанд хийсэн ба үлдэх 5 100 000 төгрөгийг тодорхой шалтгааны улмаас төлж чадаагүй. Хариуцагчийн зүгээс Зонтран гэх ургамал хамгаалах 15 литр бодисыг 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1 275 000 төгрөгөөр нэхэмжлэгчийн Хаан банк дахь 5021523929 дугаартай дансанд төлбөрийг төлж худалдан авсан. Харин нэхэмжлэлд дурдсан 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Зонтран ургамал хамгааллын 20 литр бодисыг 1 790 000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй тул Иргэний хуульд заасан үүрэг үүсэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги гэх 2 550 000 төгрөг, Зонтран ургамал хамгааллын 20 литр бодисын үнэ 1 790 000 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зардал гэх 660 800 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй, боломжгүй байх тул шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч талаас компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл,******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа,шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт, дансны хуулгууд, 2022-А058 дугаар гэрээний хуулбар, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн зарлагын баримтын хуулбар, 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн зарлагын баримтын хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн зарлагын баримтын хуулбар, 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт,

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүтгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж төлбөрийн үлдэгдэл 6 890 000 төгрөг, алданги 2 550 000 төгрөг, хуульчийн ажлын хөлс 660 800 төгрөг, нийт 10 100 8000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 5 100 000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, харин 1 790 000 төгрөгийн барааг хүлээн авсан талаар маргаагүй боловч бичгээр гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр татгалзаж, алданги, хуульчийн ажлын хөлс буюу хохирлыг хариуцах үндэслэлгүй гэж маргав.

 

4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Талуудын хооронд 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 2022-А058 дугаар гэрээ бичгээр байгуулагдаж, худалдагч буюу ******* Овсюген экспрессийг 80 литрийг 6 040 000 төгрөгөөр, метамиллыг 80 литрийг 3 840 000 төгрөгөөр тооцож нийлүүлэх, худалдан авагч буюу******* ХХК түүнд тохирсон үнэ 9 880 000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохирчээ.

 

4.2. Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4.3. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

4.4. Худалдагч буюу ******* нь дээрх гэрээний дагуу нийт 9 880 000 төгрөгийн үнэ бүхий худалдан авагч******* ХХК-д нийлүүлсэн талаар маргаагүй тул нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

4.5. Худалдан авагч болох******* ХХК нь гэрээний 4.1, 4.2-т зааснаар барааний үнийн 50 хувь буюу 4 940 000 төгрөгийг урьдчилан төлөх, үлдэх 4 940 000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн байх боловч 5 100 000 төгрөгийг төлөөгүй байгаа нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болно.

 

4.6. Гэрээний 4.3-т хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги нэмж төлнө гэх талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй. Нэхэмжлэгчийн алданги 2 550 000 төгрөг гаргуулах шаардлага нь мөн зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасанд нийцжээ.

 

4.7. Харин гэрээний 5.1-д гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор үүсэх өмгөөлөгчийн зардал, нотариат, тээврийн зардал болон бусад бүх зардлыг худалдан авагч тал хариуцаж үл маргах журмаар нөхөн барагдуулна гэх тохиролцоо нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцэх хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зардал 660 800 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэсгүй байна. Учир уг шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч баримтаар нотлохгүй байна.

 

4.8. Талуудын хооронд бичгээр байгуулагдсан дээрх гэрээнээс гадна хариуцагч******* ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 31-ны өдөр нэхэмжлэгч *******-иас 1 790 000 төгрөгийн үнэ бүхий Зонтран гэх ургамал хамгааллын 20 литр бодисыг хүлээн авсан талаар маргаагүй. Харин гэрээг бичгээр байгуулаагүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргаж байгаа нь үндэслэлгүй.

 

4.9. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ. Мөн хуулийн 196 дугар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцох тул хариуцагч нь 2022 оны 07 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авсан барааны үнэ 1 790 000 төгрөгийг нэхэмжлэгч *******-д төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй болно.

 

4.10. Дээрх үндэслэлээр хариуцагч******* ХХК-иас 9 440 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 660 800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-иас 9 440 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 660 800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176 563 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК-иас 165 990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ