Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2024/00784

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 19 өдөр Дугаар 183/ШШ2024/00784 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн  дугаар хороо, Стадион оргил, Махатма Ганди хороолол, Богд Жавзандамба гудамж-33, барилга, 9 давхрын  тоот хаягт байрлах, ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, Төгөлдөр апартмент  дүгээр байрны  тоот хаягт оршин суух, Э овогт, Д.Э /РД:/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 12 833 292 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сс, өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* нь ******* ББСБ ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Цахим зээлийн эрх нээлгэх гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр цахим зээлийн дэд гэрээг байгуулан 10 000 000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч ******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн төлбөрөөс 364 628,66 төгрөг, хүү 2 033 194,49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77 759,93 төгрөг, нийт 2 475 583,08 төгрөг төлсөн. Энэ хугацаанаас хойш огт төлөлт хийгээгүй тул Цахим зээлийн эрх нээлгэх гэрээ болон цахим зээлийн дэд гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл 9 635 371,34 төгрөг, хүү 3 137 253,03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47 667,86 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 13 000 төгрөг, нийт 12 833 292,23 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв... гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь зээлийн ******* зээлийн эрхээр түүний эхнэр байсан ******* аваад захиран царцуулсан байдаг. Уг зээлийн төлөлтийг Золбоо төлөөд явж байсан үйл баримт байдаг. Энэ зээлийн мөнгийг Д.Эрдэнэсүх хэрэглээгүй тул хариуцагчгүй... гэв.

 

3. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэдэг зохицуулалтад хамаарах бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичиг хийнэ гэж байгаа. Энэ хуулийн шаардлага зөрчигдсөн. Тийм учраас иргэн хоорондын зээл, эсвэл ерөөсөө ямар ч болзол нөхцөл тогтоогоогүй, бичгээр байгуулах шаардлагагүй зээлийн гэрээг хэлэлцэхээр болчхоод байгаа юм. Товчхондоо хэлэхэд нэмэгдүүлсэн хүү болон зээлийн хүү тооцох ямар ч боломжгүй харагдаад байгаа. ******* дансаар зээлийн мөнгөн хөрөнгө орсон нөхцөл байдал тогтоогдсон боловч түүнийг нь зээлийн гэрээ гэж үзээд, төлбөр гаргуулах гэдэг асуудал өөрөө нотлогдохгүй болчхож байна. Гэрээг цуцалж болно. Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар нөгөө талдаа мэдэгдэнэ гэж байдаг. Гэрээ байгуулчихсан, нэг талын санаачилгаар цуцлах эрх хэдий олгосон боловч энэ шийдвэрээ гэрээний эсрэг талдаа мэдэгдэхээр хуульд заачихсан байдаг. Бүүр хугацаа тогтоохоор заачихсан. Товчхондоо хэлэхэд гэрээний нөхцөл ийм байгаа цагт тэр гэрээнийх нь нөхцөлийг мөрдөх ч боломжгүй, нэхэмжлэлийн шаардлага хангах үндэслэлгүй болчхож байгаа юм. Ийм үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Цахим зээлийн эрх нээлгэх гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Цахим зээлийн дэд гэрээ, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэх, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас итгэмжлэлийг шүүхэд ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зээлийн төлөлт огт төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл 9 635 371 төгрөг, хүү 3 137 253 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47 667 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 13 000 төгрөг, нийт 12 833 292 төгрөгийг шаардах эрхтэй... гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...******* эрхээр өөр этгээд уг зээлийг авч, захиран зарцуулсан... гэж, хариуцагчийн өмгөөлөгч ...гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага хангаагүй... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1109171 тоот Цахим зээлийн эрх нээлгэх гэрээгээр, зээлдүүлэгч ******* ББСБ ХХК нь зээлдэгч Д.Эрдэнэсүхэд цахим зээлийн эрхийн дээд хэмжээг 20 000 000 төгрөгөөр тогтоож, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлийг харилцан тохиролцон, цахим зээлийн дэд гэрээг харилцагч зээлийн хүсэлтээ цахим сувгаар ББСБ-д илгээж, баталгаажуулах кодоор баталгаажуулснаар гэрээ байгуулсанд тооцох, цахим суваг ашиглахтай холбоотой нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах код, нэг удаагийн нууц үг, цахим хаяг, гар утасны дугаарын нууцлалыг чандлан хамгаалах, аливаа этгээдэд дамжуулахгүй байх үүргийг зээлдэгчид хариуцуулахаар тус тус тохиролцож, талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулж гарын үсэг зурсан. Уг гэрээнд зурагдсан хариуцагч ******* гарын үсэг мөн эсэх талаар зохигчид маргаагүй.

 

4.2. Улмаар 2022 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр 28966 дугаартай Цахим зээлийн дэд гэрээгээр зээлдүүлэгч ******* ББСБ ХХК нь зээлдэгч Д.Эрдэнэсүхэд 10 000 000 төгрөгийг, сарын 2,80 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгохоор тохиролцож, мөн Цахим зээлийн эрх нээлгэх гэрээний салшгүй хэсэг болохыг тусгажээ.

 

4.3. Дээрх Цахим зээлийн дэд гэрээнд хариуцагч Д.Эрдэнэсүх гарын үсэг зураагүй ба 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Цахим зээлийн эрх нээлгэх гэрээний 2.2.1-т ...харилцагч зээлийн хүсэлтийг цахим сувгаар ББСБ-д илгээж, баталгаажуулах кодоор баталгаажуулснаар гэрээ байгуулсанд тооцохоор тохиролцсон... бөгөөд уг зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч ******* эзэмшлийн Хаан банк дахь 5653010340 тоот дансанд шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна. Зээлийн мөнгөн хөрөнгө хариуцагчийн дансанд орсон үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

4.4. Зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог хуулийн зохицуулалттай нь дээр гэрээний талууд цахим хэрэгсэл ашиглан баталгаажуулах кодоор баталгаажуулснаар гэрээ байгуулахаар тохирсон байгаа зэргээс дүгнэхэд хариуцагчийн өмгөөлөгчийн гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага хангаагүй гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

4.5. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв.

 

4.6. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

4.7. Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс зээлдэгч буюу хариуцагч Д.Эрдэнэсүх нь 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн төлбөрөөс 364 628 төгрөг, хүү 2 033 194 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77 759 төгрөг, нийт 2 475 583 төгрөг төлсөн ба 2023 оны 11 дүгээр сараас хойш огт төлөлт хийгээгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.

 

4.8. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр дуусах бөгөөд зээлдэгч гэрээгээр тохиролцсон хугацаа, хуваарийг удаа дараа зөрчсөн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй тул мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шаардах эрхтэй юм.

 

4.9. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтрүүлсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар үндсэн зээл 9 635 371 төгрөг, хүү 3 137 253 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47 667 төгрөг, нийт 12 820 292 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Зээлийн тооцоолол үндэслэлтэй байна.

 

4.10. Гэрээний 3.2.6-д цахим суваг ашиглахтай холбоотой нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах код, нэг удаагийн нууц үг, цахим хаяг, гар утасны дугаарын нууцлалыг чандлан хамгаалах, аливаа этгээдэд дамжуулахгүй байх үүргийг зээлдэгч хариуцахаар тохирсон ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...******* зээлийн эрхээр өөр этгээд зээл авч, ашигласан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэх татгалзлыг шүүх үндэслэлгүй гэж үзсэн.

 

4.11. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 13 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар нэхэмжлэгч дээрх зардлыг хохиролд тооцон шаардах эрхтэй боловч шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, хэрэгт 13 000 төгрөгийн нэхэмжлэх гэх баримт авагдсан боловч төлсөн талаар баримтгүй тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан зохигчийн хоорондын байгуулагдсан 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1109171 тоот Цахим зээлийн эрх нээлгэх гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр 28966 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус цуцалж, хариуцагч ******* 12 820 292 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220 282 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамж 220 075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ