Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2024/00824

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 30 өдөр Дугаар 183/ШШ2024/00824 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн шүүхийн  дугаар хороо, Рашааны  тоотод оршин суух, М овогт Г.  /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн  дүгээр хороо, Өлзийт  дугаар гудамж,  тоот хаягт оршин суух, Б овогт, Г. Б /РД:/-т холбогдох,

 

5 161 290 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2021 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр ******* ******* тоот хуримтлалын хадгаламжаа цуцалж, 4 000 000 төгрөгийг ******* Хаан банкны ******* тоот дансанд шилжүүлсэн. ******* нь машины сэлбэг авч эргэлдүүлээд 3 сарын дараа 4 500 000 төгрөг болгож төлөхөөр тохиролцсон боловч буцаан өгөөгүй. Миний бие хүүхдийн хугацаатай хадгаламжийг цуцалж хариуцагчид 4 000 000 төгрөг өгсөн тул банкны хадгаламжийн хүүгээр тооцож 1 099 769 төгрөгийг хүүд тооцон шаардсан. Мөн хадгаламжийг хугацаанаас өмнө цуцалсан шимтгэл 61 521 төгрөгийн хамт нийт 5 161 290 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа. Хариуцагч надтай хамтын амьдралтай байсан гэж тайлбарлаж байгаа нь худлаа. Хамт амьдарч байгаагүй, үерхэж дотно харилцаатай байсан. Харилцан шилжүүлсэн шилжүүлгүүд байгаа. Би зөвхөн хүсэлтийн дагуу түүнд зээлсэн 2021 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн шилжүүлэгтэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргасан... гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бямбадэлгэр би Гантуяатай 2018 оны 01 дүгээр сараас 2022 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд хамтран амьдарсан. Хамтын амьдралын хугацаанд харилцан мөнгө шилжүүлж байсан. Хамтын амьдралын хугацаанд ажил хийж, олсон мөнгөө Гантуяад шилжүүлэн ахуй амьдралдаа зарцуулдаг байсан. Энэ нэхэж байгаа мөнгийг би 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 07 дугаар сар хүртэл Хан-Хэнтий ууланд бүтэн 9 сарын турш уулнаас буулгүй самар түүж олоод Гантуяад өгсөн мөнгө байсан. Би ******* тоос сорогч, гар утасны зээл болон машины моторын өрийг төлж дуусаагүй явж байна. Түүнтэй хамтран амьдрах хугацаанд би түүний дансанд 120 гаруй шилжүүлэг хийсэн. 4 000 000 төгрөг шилжүүлснээс хойш би ******* дансанд 15 000 000 төгрөг орчим шилжүүлсэн. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, дансны хуулга, Иргэдийн хугацаатай хадгаламжийн гэрээ, хариуцагчаас итгэмжлэл, дансны хуулга эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...******* хүсэлтээр 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 4 000 000 төгрөгийг зээлүүлсэн. Уг мөнгийг хүүхдийн хугацаатай хадгаламжаас авч өгсөн тул хадгаламжийн хүү 1 099 769 төгрөг, хадгаламжийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан шимтгэл 61 521 төгрөг, нийт 5 161 290 төгрөгийг хариуцагчаас гаргуулна... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч нь ... бид хамтын амьдралтай байх хугацаандаа нэг нэгэндээ харилцан мөнгө шилжүүлсэн байсан. ******* 4 000 000 төгрөг миний дансанд шилжүүлсэн хугацаанаас хойш 15 000 000 төгрөгийг би түүний дансанд шилжүүлсэн байдаг. Зээлийн гэрээ байгуулагдаагүй... гэж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

4. Хэрэгт зохигчдын хэн аль нь 2018-2022 оныг дуусах хүртэл хугацааны дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот данснаас хариуцагч эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансанд 2018 онд 28 удаагийн шилжүүлгээр 1 864 000 төгрөг, 2019 оны 24 удаагийн шилжүүлгээр 9 216 000 төгрөг, 2020 онд 49 удаагийн шилжүүлгээр 7 974 900 төгрөг, 2021 онд 17 удаагийн шилжүүлгээр 12 110 763 төгрөг, 2022 онд 12 удаагийн шилжүүлгээр 1 330 000 төгрөг, нийт 32 495 663 төгрөгийг шилжүүлсэн бол хариуцагчаас 2018 онд 21 удаагийн шилжүүлгээр 800 500 төгрөг, 2019 онд 37 удаагийн шилжүүлгээр 15 623 200 төгрөг, 2020 онд 6 удаагийн 2 721 512 төгрөг, 2021 онд 13 удаагийн шилжүүлгээр 1 970 000 төгрөг, 2022 онд 21 удаагийн шилжүүлгээр 2 936 469 төгрөг, нийт 24 051 681 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлжээ.

 

5. Тодруулбал, дээрх хугацаанд нэхэмжлэгчээс 32 495 663 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч 24 051 681 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Зөрүү 8 443 9 82 төгрөг байна.

 

6. Хариуцагчийн нэхэмжлэгч Г.Гантуяатай хамтын амьдралтай байсан гэх тайлбар баримтаар тогтоогдоогүй. Нэхэмжлэгч нь хариуцагч *******эй хувийн дотно харилцаатай байсан талаар тайлбарлаж, харилцан шилжүүлсэн мөнгө дүнгийн зөрүүг нэхэмжлээгүй зөвхөн хүүхдийнхээ хадгаламжийг цуцалж, авч өгсөн 4 000 000 төгрөгтэй холбоотой шаардлагыг шүүхэд гаргасан гэж тайлбарласан.

 

7. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан бөгөөд зохигчдын дээрх хугацаанд харилцан мөнгө шилжүүлсэн гүйлгээний утгаас үзэхэд талуудын хооронд гэрээний дагуу үүрэг үүсээгүй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

8. Нэхэмжлэгч Г.Гантуяа нь Хаан банк ХХК-д 2016 оны 06 дугаар сарын 16-ний өдөр Боловсрол-Хүүхдийн Ирээдүй хадгаламжийн ******* тоот данс нээлгэн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаатай хадгаламжийн гэрээ байгуулсан. Улмаар 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр тухайн данснаас 5 582 182 төгрөгийн зарлага гарч, хадгаламжийн данс хаагдсан болох нь хэргийн 8-10 дугаар талд авагдсан дансны хуулга, Иргэдийн хугацаатай хадгаламжийн гэрээ гэх баримтаар тогтоогдож байна.

 

9. Нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот данснаас хариуцагч эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансанд 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 4 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдож байна. /хх-4/

 

10. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн эдгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.Гантуяа нь хариуцагч *******ээс 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлсэн 4 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

 

11. Харин хадгаламжийн гэрээг хугацаанаас өмнө цуцалснаар банканд төлсөн шимтгэл, хадгаламжийн хүүг хариуцагч *******ээс нэхэмжлэгч Г.Гантуяа нь шаардах эрхгүй юм.

 

12. Дээрх үндэслэлээр хариуцагч *******ээс 4 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 161 290 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

13. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс 4 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 161 290 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 97 530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 78 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ