Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2024/00445

 

                                      2024             03                12                                        142/ШШ2024/00445

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суух, *** регистрийн дугаартай, О овогт С-ийн Д /утас: ***/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, *** регистрийн дугаартай, М овогт Э-ын Б /утас:***/-д холбогдох

1,597,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Д /З аймгаас цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Э.Бд холбогдуулан “1,597,400 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч С.Д нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

I. Нэхэмжлэгч С.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д би О аймаг Б сум Б баг ***тоот 1 өрөө байраа түрээслүүлэх гээд Э зар дээр зар тавьсаны дагуу Э овогтой Б гэх залуу *** дугаарын утаснаас яриад манай байрыг 1 сарын 500,000 төгрөгөөр, намрын саруудаас эхлэн 600,000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон, тухайн үед хэдэн сараар түрээслэхээ тохироогүй, өөрөө бол нэлээн удаан суухаар ярьж тохироод 2023 оны 05 сарын 01-ний өдрөөс амьдарч эхэлсэн юм. Тэгээд Э.Б түрээсийн мөнгөө сар бүр төлж байсан ба хамгийн сүүлд А.О гэх хүний Х банкны *** тоот данснаас 2023 оны 09 сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, О.Даваажаргал гэх хүний *** тоот данснаас 600,000 төгрөг төлөөд дахиж төлөлтөө хийгээгүй тул би Э.Бг 2023 оны 12 сарын 21-ний өдөр байрнаас гаргасан юм. Э.Бг би төлбөрөө төлөхийг нэлээн хэдэн хоног хүлээсэн боловч намайг тоохгүй төлбөрөө төлөхгүй байгаад байсан юм. Би ажилладаг газрыг нь хайж байгаад олж ажил дээр нь очиж уулзсан. Э.Б байрны төлбөрт 275,800 төгрөг, цахилгааны төлбөрт 15,600 төгрөг төлөөгүй байсныг би өөрөө төлсөн, мөн 2023 оны 11, 12 сарын түрээсийн төлөлт 1,200,000 төгрөгийг надад төлөөгүй нийтдээ надад 1,491,400 төгрөг төлөх ёстой боловч өнөөдрийг хүртэл намайг доромжлоод мөнгөө төлөхгүй байна. Мөн би орон сууцаа нэг хүнд 80,000 төгрөг өгч байж цэвэрлүүлж авсан, тэгэхгүй бол манай байрыг маш их бохирлож муухай болгосон байсан юм, би 26,000 төгрөгийн цэвэрлэгээний материал авсан нийтдээ 106,000 төгрөгний зардал гарсан. Э.Б нь уг нь өөрөө сайт ажиллуулдаг, сэтгүүлч хүн юм байна лээ, би өнөөдөр ажил дээр нь очиж уулзахад “надад мөнгө байхгүй, өгдөг газар нь өг” гэж хэлээд тоохгүй байгаа тул би шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага: Э.Бгаас түрээсийн төлбөрт 1,200,000 төгрөг дээр байрны төлбөр 275,800 төгрөг, цахилгааны төлбөрт төлсөн 15,600 төгрөг, цэвэрлэгээний зардал 106,700 төгрөгийг нэмээд нийтдээ 1,597,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

II. Нэхэмжлэгч С.Д нь шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Би О аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариуд өгсөн Э.Б гэх хариу тайлбартай танилцаад энэхүү тайлбарыг гаргаж байна. Би О аймаг Б сумын Бүрэн бүст баг ***тоот 1 өрөө байраа түрээслэхээр “Э зар”-ын дагуу зар тавьсны дагуу Э овогтой Б гэх залуу 2023.05.01-ны өдөр 14-15 цагийн хооронд *** дугаарын утаснаас яриад би 4-р микрод 1 өрөө байр түрээслэж байгаа эзэн нь өнөөдөр одоо гар гээд хөөгөөд байна гээд утсаараа Б гэгч нь ярьсан. Манай байрыг Э.Б гэгч 2023.05.01-ний өдрөөс 1 сарын 500,000 төгрөгөөр түрээслэж байр цахилгааны мөнгийг cap сардаа өгнө, мөн түрээсийн мөнгөө хугацаанд нь cap сардаа өгнө гэж тохирсон. Э.Б гэгч нь 2023 оны 5-р сарын 01-нээс 2023 оны 12-р capын 21 хүртэл байр цахилгаан түрээсийн мөнгийг огт төлөөгүй. Анх ороход нь Э.Бд 8 сараас түрээс нэмэгдэнэ гэж хэлсэн. Э.Б гэгч нь өөрөө зөвшөөрсөн. Э.Б хугацаандаа түрээсээ төлөхгүй, түрээсээ өгөхдөө 1 бол хугацаандаа төлөхгүй, нэг бол 1 сарын төлбөрөө 2 хувааж хугацаа болсноос хойш 1 сарын дараа өгөх зэргээр чирэгдэл учруулж ирсэн. Би 2023 оны 12-р сарын 19-нд вагоноор өглөө 7:30 цагт Ээд ирсэн. Э.Б гэгчийн *** дугаарын утас руу хэд хэдэн удаа залгасан боловч огт аваагүй. Өөр хүний дугаараас залгахад утсаа аваад би ажилтай байна, тэгж байгаад л очно гэж хэлээд утасаа тасалсан. Тэгээд өдрийн 15 цагт ирсэн. Манай байрны түлхүүр хүлээлгэж өгөөгүй байж худал тайлбар өгч намайг гүтгэж байна. Би байраа цэвэрлэж авмаар байна гэж Э.Бд хэлсэн чи шкаф, ширээ, дрожоо аваад байр суллаж өг гэж хэлэхэд байрнаас гарахгүй гээд байсан ба Э.Б гэгчийг чи байж бай гэж хэлэхэд юмаа авахгүй хаяад зугтаагаад гүйгээд явсан. Манай байрны түлхүүр хүлээлгэж өгөөгүй байж худал тайлбар өгч намайг гүтгэж байна. Би 10-р сараас хойш Э.Бгийн *** дугаарын утас руу 2 сар байнга залгаж байсан боловч утас нь холбогдоогүй утсаа бүр хаасан байсан. Ингээд 11, 12-р сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй надад хүндрэл учруулсан учраас арга буюу байрнаасаа 2023 оны 12 сарын 19-нд Э.Б гэгчийг байрнаасаа гаргасан. Анх би Э.Б гэдэг хүний бүтэн нэрийг нь асуухад надад энэ залуу бүтэн нэрээ хэлээгүй, Амгаа л гэж хэлсэн. Ха ажилладаг вэ гэхэд ажлынхаа хаягийг огт хэлээгүй. Ээд би сайт ажиллуулдаг л гэж хэлсэн. Түрээсээ 700,000 төгрөг гэж огт хэлээгүй, намайг худал хэлж гүтгэж байна. Э.Б гэгчийн хаяад явсан дээрх эд зүйлсийг СӨХ-ны ажилчнаар зөөлгөж СӨХ-ны подвальд хийлгэсэн. Надад үүнийг нотлох гэрч байгаа. Би 2023 оны 12 сарын 25-ны нэхэмжлэл дээрээ он сарыг нь 2023 оны 10 сарын 06-ны өдрийг 2023 оны 09 сарын 20-ны өдөр гэж андуурч бичсэн байнэ лээ. Үүнийг одоо залруулж байна. Манай байрны гал зуухны крант, угаалтуурын крантуудыг мөн паарыг эвдсэн байсан. Цаашдаа энэ бүгдийг нэхэмжлэх болно. 2023 оны 12 сард Э.Б гэгчийг манай байранд байсан гэдгийг мэдэх гэрч байгаа. Би 26,000 төгрөгийн цэвэрлэгээний материал авсан. Би орон сууцаа хүнд 80,000 төгрөг өгч цэвэрлүүлж авсан. Нийтдээ 106,000 төгрөгийн цэвэрлэгээний зардал гарсан. Иймд эдгээр нийт зардлыг Э.Б гэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

III. Нэхэмжлэгч С.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр О аймаг Б сум Б баг ***тоот 1 өрөө байраа Э.Б гэдэг залууд түрээслүүлсэн. Анх байранд оруулахад надад бүтэн нэрээ хэлээгүй, намайг Амгаа гэдэг гэж хэлж байсан. Ха ажилладаг вэ гэхэд ажлынхаа хаягийг огт хэлээгүй. Ээд би сайт ажиллуулдаг л гэж хэлж байсан. 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр миний данс руу түрээсийн төлбөр гэж 500,000 төгрөгийг хийсэн. 6 дугаар сарын түрээсийн төлбөрийг 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тасдаж хийсэн. 7 дугаар сарын түрээсийн мөнгөө 08 дугаар сарын 16-ны өдөр хийсэн. 08 дугаар сарын түрээсийн мөнгөө 1 сарын дараа хийсэн. 10, 11 дүгээр сарын түрээсийн мөнгөө өгөөгүй. Э.Бг би төлбөрөө төлөхийг нэлээн хэдэн хоног хүлээсэн боловч намайг тоохгүй төлбөрөө төлөхгүй байгаад байсан учир Ээд ирж Э.Бгийн ажилладаг газрыг нь хайж байгаад олж ажил дээр нь очиж уулзсан. Э.Б байрны төлбөрт 275,800 төгрөг, цахилгааны төлбөрт 15,600 төгрөг төлөөгүй байсныг би өөрөө төлсөн. Мөн 2023 оны 11, 12 сарын түрээсийн төлөлт 1,200,000 төгрөгийг надад төлөөгүй нийтдээ надад 1,491,400 төгрөг төлөх ёстой боловч өнөөдрийг хүртэл намайг доромжлоод мөнгөө төлөхгүй байна. Мөн би орон сууцаа нэг хүнд 80,000 төгрөг өгч байж цэвэрлүүлж авсан, тэгэхгүй бол манай байрыг маш их бохирлож муухай болгосон байсан, би 26,000 төгрөгийн цэвэрлэгээний материал авсан нийтдээ 106,000 төгрөгийн зардал гарсан. Иймд Э.Бгаас түрээсийн төлбөрт 1,200,000 төгрөг дээр байрны төлбөр 275,800 төгрөг, цахилгааны төлбөрт төлсөн 15,600 төгрөг, цэвэрлэгээний зардал 106,700 төгрөг, нийт 1,597,400 төгрөгийг гаргуулж өгнө үү. Намайг байрны түрээсээ мэдэгдэлгүй 700,000 төгрөг болгосон гэж худлаа хэлж байна. Хариуцагч Э.Б нь түрээсийн төлбөр 500,000 төгрөгөө ч өгөхгүй байсан. Сарын хэрэглээний төлбөрөө төлөөч гэж над руу байцаагч дахин дахин мэдэгддэг байсан. Холбоо барихгүй удсан тул би Ээд ирж байраа суллаж авсан. Би хэрэглээний төлбөр, тог, түрээсийн мөнгөө өгч чадахгүй бол байрыг минь чөлөөлж өг гэж хэлсэн биш элдэв муухай үгээр доромжлуулсан. Э.Б нь 2023 оны 5-р сарын 01-нээс 2023 оны 12-р capын 21 хүртэл байр цахилгаан түрээсийн мөнгийг огт төлөөгүй. Анх ороход нь Э.Бд 8 сараас түрээс нэмэгдэнэ гэж хэлэхэд Э.Б нь өөрөө зөвшөөрсөн. Э.Б хугацаандаа түрээсээ төлөхгүй, түрээсээ өгөхдөө 1 бол хугацаандаа төлөхгүй, нэг бол 1 сарын төлбөрөө 2 хувааж хугацаа болсноос хойш 1 сарын дараа өгөх зэргээр чирэгдэл учруулж ирсэн. Би 2023 оны 12-р сарын 19-ны өдөр вагоноор өглөө 7 цаг 30 минутад Ээд ирсэн. Э.Бгийн утас руу хэд хэдэн удаа залгасан боловч огт аваагүй. Өөр хүний дугаараас залгахад утсаа аваад би ажилтай байна, тэгж байгаад л очно гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд өдрийн 15 цаг болж байхад ирсэн. Манай байрны түлхүүрийг хүлээлгэж өгөөгүй байж худал тайлбар өгч намайг гүтгэж байна. Би байраа цэвэрлэж авмаар байна. Шкаф, ширээ, дрожоо аваад байр суллаж өг гэж хэлэхэд байрнаас гарахгүй гээд юмаа авахгүй хаяад зугтаагаад гүйгээд явсан. 11, 12 дугаар сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй надад хүндрэл учруулсан учраас арга буюу байрнаасаа 2023 оны 12 сарын 19-ны өдөр гаргасан. Э.Б гэгчийн хаяад явсан дээрх эд зүйлсийг СӨХ-ны ажилчнаар зөөлгөж СӨХ-ны подвальд хийлгэсэн. Надад үүнийг нотлох гэрч байгаа. Иймд нэхэмжлэлйин шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Хариуцагч Э.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Э овогтой Б 2023 оны 4-сарын 1-с Д гэх хүний /5-13-10- тоот/ 1 өрөө байрыг сарын 500,000 төгрөгийг сар бүрд төлөн хөлслөхөөр утсаар ярьж тохиролцон орсон болно. Д нь 8 сарын 1-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөрийн 600,000 төгрөг болгон анх тохиролцсон үнээ нэмсэн. 8 сараас эхлэн түүний хэлсэн төлбөрийг өгч явсан боловч 10 сараас эхлэн ахин түрээсийн төлбөрийг нэмэн 700,000 төгрөг болгоно гэсэн үндсэн дээр үл ойлголцох үндэс болсон. Түрээс нэмсэн 8-р сараас хойш ус дулааны хэрэглээний төлбөрийг төлөхөөс татгалзсан. Мөн Д нь төлбөрийн дарамт үүсгэхдээ, чадахгүй бол байр сулла гэх мэтийн дарамтыг олон удаа гаргасан. Түүний энэхүү дарамтаас болж 11 сард суллаж гарахаас өөр гарцгүй болсон. Д гэгчид учир байдлыг тайлбарлах, гуйх зэргээр ойлголцох гэсэн боловч хүлээж авалгүй гар гэсэн тул байрыг орхин гарсан болно. Мөн байрны түлхүүр хүлээлгэн өгөх үед луйварчин хулгайч орох оронгүй халтар гуйлгачин гэх мэтийн үгээр доромжлон зургийг минь олон удаа дарсан болно. Миний бие сарын түрээс болох 500,000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээ хүлээн зөвшөөрч байна. Бусад нэхэмжилж буй зүйлс гүтгэлэг болно гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, О аймгийн Б сумын Б багийн Засаг даргын “ам бүлийн тодорхойлолт”, бар код бүхий “Э ус, ДТС” ОНӨХК-ийн 12 дугаар сарын төлбөрийн баримтын хуулбар, бар код бүхий “Э” ТӨХК-ийн цахилгааны төлбөрийн баримтын хуулбар, С.Дгийн Х банк дахь “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”-ууд, Э.Бгийн ажлын үнэмлэхийн хуулбар, Э.Бтай фэйсбүүк чатаар харилцсан баримтын хуулбар зэрэг баримтуудыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2-18 тал)

4. Хариуцагчаас: хариу тайлбар болон өөрийн иргэний үнэмлэхийн лавлагааг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 22, 26 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Д нь тус шүүхэд хариуцагч Э.Бд холбогдуулан “1,597,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон болно.

Нэхэмжлэгч С.Д нь шаардах эрхийн үндэслэлээ “...байраа түрээслүүлэх зар тавьсаны дагуу Э.Б гэх залуу надтай яриад манай байрыг сарын 500,000 төгрөгөөр, намрын саруудаас эхлэн 600,000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон, тухайн үед хэдэн сараар түрээслэхээ тохироогүй, өөрөө нэлээн удаан суухаар ярьж тохироод 2023.05.01-ний өдрөөс амьдарч эхэлсэн. Сүүлийн 2 сарын түрээсээ өгөхгүй, хэрэглээний төлбөрөө төлөхгүй байсан учраас Э.Бг 2023.12.19-ний өдөр байрнаас гаргасан. Э.Б байрны төлбөрт 275,800 төгрөг, цахилгааны төлбөрт 15,600 төгрөг төлөөгүй байсныг би өөрөө төлсөн. Манай байрыг маш их бохирлож муухай болгосон байсан тул 26,000 төгрөгийн цэвэрлэгээний материал авч, нэг хүнд 80,000 төгрөг өгч байж цэвэрлүүлж авсан. 2023 оны 11, 12 сарын түрээсийн төлөлт 1,200,000 төгрөгийг төлөөгүй. Иймд Э.Бгаас нийтдээ 1,597,400 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарладаг.

Хариуцагч Э.Б нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч татгалздаг бөгөөд татгалзлын үндэслэлээ “... 2023.04.01-нээс Д гэх хүний ***тоот 1 өрөө байрыг сарын 500,000 төгрөгөөр хөлслөхөөр, төлбөрийг сар бүрд төлж байхаар тохиролцон орсон. Д нь 8 сарын 1-нээс эхлэн түрээсийн төлбөрийн 600,000 төгрөг болгон анх тохиролцсон үнээ нэмсэн. 8 сараас эхлэн түүний хэлсэн төлбөрийг өгч явсан боловч 10 сараас эхлэн ахин түрээсийн төлбөрийг нэмэн 700,000 төгрөг болгоно гэсэн үндсэн дээр үл ойлголцох үндэс болсон. Мөн байрны түлхүүр хүлээлгэн өгөх үед луйварчин хулгайч орох оронгүй халтар гуйлгачин гэх мэтийн үгээр доромжлон зургийг минь олон удаа дарсан болно. Миний бие сарын түрээс болох 500,000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээ хүлээн зөвшөөрч байна. Бусад нэхэмжилж буй зүйлс гүтгэлэг болно...” гэж тайлбарладаг.

Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг талуудын гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч С.Д, хариуцагч Э.Б нар нь О аймаг Б сумын Б баг 5 хороолол 13 дугаар байрны 10 тоот 1 өрөө орон сууцыг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сарын 500,000 төгрөгөөр хөлсөлж, хөлслүүлэхээр, хөлсийг сар сардаа өгч байхаар амаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Э.Бгийн эзэмшилд тус орон сууцыг хүлээлгэн өгсөн байна.

2. Хариуцагч Э.Б нь харилцан тохиролцсоны дагуу дээрх орон сууцны 2023 оны 05, 06, 07 дугаар саруудын хөлсөнд 1 сарын хөлсийг 500,000 төгрөгөөр тооцож нийт 1,500,000 төгрөгийг, 2023 оны 08, 09, 10 дугаар саруудын хөлсөнд 1 сарын хөлсийг 600,000 төгрөгөөр тохиролцож нийт 1,800,000 төгрөгийг тус тус төлсөн байна.

Дээрхээс үзэхэд талууд орон сууц хөлсөлж, хөлслүүлэхээр харилцан хүсэл зоригоо илэрхийлж, хэлцлийн гол нөхцөл /сард төлөх хөлсний хэмжээ, хөлс төлөх хугацаа г.м/-ийн талаар амаар хэлэлцэн тохиролцож, хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшилд орон сууцыг шилжүүлэн өгч, харин хөлслөгч нь хөлслүүлэгчид тохирсон хөлсийг төлж эхэлснээр нэхэмжлэгч С.Д, хариуцагч Э.Б нарын хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 302 дугаар зүйлийн 302.1 тус тус заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр Орон сууц хөлслөх гэрээ” байгуулагдсан байна.

Талууд уг орон сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулаагүй хэдий ч Иргэний хуульд энэ төрлийн гэрээг заавал бичгээр байгуулахыг шаардаагүй бөгөөд талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар дээрх гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

           Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хөлслөгч буюу хариуцагч Э.Б нь хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй бөгөөд хөлслүүлэгч буюу нэхэмжлэгч С.Д нь хэлэлцэн тохирсон хөлс төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэйгээс гадна мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагч үүргээ зөрчсөнөөс хохирол учирсан бол уг хохирлыг арилгуулахаар нэхэмжлэгч мөн шаардах эрхтэй байна.

           Нэхэмжлэгч С.Д, хариуцагч Э.Б нарын маргааны зүйл нь 2023 оны 11, 12 сарын орон сууцны хөлсийг тохирсон хугацаандаа төлөөгүй асуудалд маргадаг бөгөөд нэхэмжлэгч С.Д нь хариуцагчийг 2023 оны 12 дугаар сарын 19-нд байрнаас гаргасан, намайг маш их чирэгдүүлж, доромжилсон учраас 12 сарын хөлсийг бүтнээр нь тооцож авна гэж, харин хариуцагч Э.Б нь 11 сард суллаж гарахаас өөр гарцгүй болж байрнаас гарсан, 500,000 төгрөгийг төлнө, бусад нэхэмжилж буй зүйлс гүтгэлэг гэж тус тус маргадаг.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч өөрөө, харин нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө тус тус нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд талууд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлж улмаар мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар хэргийн үйл баримтыг нотлох замаар мэтгэлцэх учиртай.

 Нэхэмжлэгч С.Д, хариуцагч Э.Б нар анх гэрээ хэлцэл хийх үедээ тухайн орон сууцыг хэдий хугацаанд хөлслүүлэх талаар хугацааг тодорхой тохиролцоогүй байх бөгөөд талууд орон сууцыг хэдий хүртэл хөлсөлж байсан талаар өөр өөрөөр тайлбарлаж байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Э.Бг орон сууцыг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хөлсөлж байсан гэдгийг, мөн байрны төлбөрт 275,800 төгрөг, цахилгааны төлбөрт 15,600 төгрөгийг төлсөн, орон сууцыг цэвэрлүүлэхэд 26,000 төгрөгийн цэвэрлэгээний материал авч бусдад 80,000 төгрөг өгч цэвэрлүүлсэн гэдгээ тус тус нотлох, нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй.

Гэвч нэхэмжлэгч С.Д нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлж хариуцагч Э.Бд дээрх орон сууцыг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хөлслүүлсэн болохоо, мөн орон сууцыг цэвэрлүүлэхэд 26,000 төгрөгийн цэвэрлэгээний материал авсан, бусдад 80,000 төгрөг өгч цэвэрлүүлсэн болохоо тус тус нотолж чадаагүй байна.

 Харин хариуцагч Э.Б нь тухайн орон сууцыг 2023 оны 11 дүгээр сард хөлсөлж эзэмшилдээ байлгаж байсан нь, мөн 2023 оны 08 дугаар сараас орон сууцны 1 сарын хөлсийг 600,000 төгрөгөөр тохиролцож төлж байсан нь тус тус талуудын тайлбар болон Х банк дахь нэхэмжлэгч С.Дгийн “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”-уудаар нотлогдож байх тул хариуцагчаас 2023 оны 11 сарын орон сууц хөлсөлсний төлбөрт 600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Түүнээс гадна байрны төлбөрт 275,800 төгрөг, цахилгааны төлбөрт 15,600 төгрөгийг төлсөн талаарх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасан хуулийн шаардлагыг хангахгүй баримтууд байх боловч хариуцагч Э.Бгийн шүүхэд гаргасан “...Түрээс нэмсэн 8-р сараас хойш ус дулааны хэрэглээний төлбөрийг төлөхөөс татгалзсан...” гэх тайлбараар хариуцагч нь уг орон сууцыг хөлсөлж эзэмшилдээ байлгаж байсан хугацааны хэрэглээний төлбөр буюу байр, цахилгааны төлбөрийг төлөөгүй болох нь нотлогдож байх тул хариуцагчаас уг 291,400 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Э.Бгаас 2023 оны 11 сарын орон сууц хөлсөлсний төлбөрт 600,000 төгрөг, байрны төлбөрт 275,800 төгрөг, цахилгааны төлбөрт 15,600 төгрөг, нийт 891,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2023 оны 12 сарын орон сууц хөлсөлсний төлбөрт 600,000 төгрөг, орон сууцыг цэвэрлүүлэхэд гарсан зардалд 106,000 төгрөг, нийт 706,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 40,508 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 25,944 /нэхэмжлэлийн хангагдсан дүн 891,400 төгрөгт ногдох/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Дд олгохоор шийдвэрлэв.

           Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар шүүх хуралдааны товыг шүүх хуралдааны оролцогч нарт мэдэгдсэн боловч хариуцагч Э.Б нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч С.Д нь хариуцагчийг шүүх хуралдаанд заавал оролцуулах талаар санал хүсэлт гаргаагүй болно. 

           Иймд хариуцагч Э.Бгийн шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-д тус тус заасны дагуу шүүх хуралдааныг хариуцагч Э.Бгийн эзгүйд явуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Бгаас 891,400 /найман зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 706,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 40,508 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 25,944 /хорин таван мянга есөн зуун дөчин дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Дд олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА