Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2021/ДШМ/64

 

А.И-д холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор В.Төгсбаяр /цахимаар/,

Нарийн бичгийн дарга М.Номинчулуу нарыг оролцуулан,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж шийдвэрлэсэн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.И-д холбогдох 2129000410085 дугаартай 2 хавтас эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг  үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч А.И нь “А” ХХК-ийн кемп инженерээр ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “А” ХХК-ийн баримт бичгийг барьцаа болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Г.З-н өмчлөлийн 14 ширхэг 12/20 хэмжээтэй дугуйг мөнгийг нь өгөлгүй залилан авч, бусдад 7.980.000 төгрөгийн хохирол учруулсан,

“А” ХХК-ийн кемп менежерээр ажиллаж байх хугацаандаа 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сарын хооронд компанийн эзэмшлийн 12/20 хэмжээтэй 10 ширхэг обудтай дугуй, дугуйны урьдчилгаа мөнгө 3420000 төгрөг, кабин халаагч, халуун тогоо, аккумлятор авах зориулалт бүхий 1700000 төгрөг, 4 ширхэг дугуй зэргийг хувьдаа завшиж бусдад 12180000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь шүүгдэгч А.И-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч А.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.И-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.И-с Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 3880000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.З-д, 6980000 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч “А” ХХК-д тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлээс 3.617.600 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.И-с жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч А.И нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн 2129000410085 дугаартай хэрэгт 2129000420086 дугаартай хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ерөнхий прокурор Б.Энхмэнд нь давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: ...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамрагдаж хэрэгсэхгүй болгогдох хэргүүдийг зааглаж өгсөн байна.

Шүүгдэгч А.И нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах”, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн ба эдгээр гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д багтаж, шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих өршөөлд хамрагдахаар хуульчлагдсан байна.

Гэвч шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Ид холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон нь шүүх Эрүүгийн хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэхээр байна.

Иймд Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт гэмт этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэж заасан. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах болон завших гэсэн 2 төрлийн гэмт хэрэг үйлдсэн. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг багтаж байгаа бөгөөд эдлээгүй үлдсэн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солихоор хуульчилсан. Гэтэл шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг тус тус баримталж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнийг нь Эрүүгийн хууль болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Энхмэндийн 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр бичсэн 25 дугаартай эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

“1. Шүүгдэгч А.И нь “А” ХХК-ийн кемп инженерээр ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “А” ХХК-ийн баримт бичгийг барьцаа болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Г.З-н өмчлөлийн 14 ширхэг 12/20 хэмжээтэй дугуйг мөнгийг нь өгөлгүй залилан авч, бусдад 7980000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Г.З /1хх-19-20/, гэрч Б.Э /1хх-22-23/, А.Оюунцэцэг /1хх-25/, П.Б /1хх-27/ нарын мэдүүлгүүд, “А” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ-921/67 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх38-41/, яллагдагч А.И-н /1хх-49-51/ мэдүүлэг, “А” ХХК-ийн зарлагын баримт /1хх-62/, иргэн А.О-н Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-70-71/, А.И-г “А” ХХК-д кемп менежерээр ажилд авсан тушаал, хөдөлмөрийн гэрээ /1хх-202, 205-214/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар,

2. Шүүгдэгч А.И нь “А” ХХК-ийн кемп менежерээр ажиллаж байх хугацаандаа 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сарын хооронд компанийн эзэмшлийн 12/20 хэмжээтэй 10 ширхэг обудтай дугуй, дугуйны урьдчилгаа мөнгө 3420000 төгрөг, кабин халаагч, халуун тогоо, аккумлятор авах зориулалт бүхий 1700000 төгрөг, 4 ширхэг дугуй зэргийг хувьдаа завшиж бусдад 12180000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч А.И-н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч “А” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.М /1хх-142-143/, хохирогч Ц.А /1хх-148-149/, гэрч Ё.Цогтбаяр /1хх-163/, гэрч П.Б /1хх-171/ нарын мэдүүлгүүд, “А” ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ-921/66 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх179-182/, яллагдагч А.И-н мэдүүлэг, А.И-г “А” ХХК-д кемп менежерээр ажилд авсан тушаал, хөдөлмөрийн гэрээ /1хх-202, 205-214/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна.” гэж  анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

“Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргаагүй, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, түүнийг энэ зүйл хэсгүүдэд заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтүүдийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан хуульд заасан үндэслэл, журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна.

 Шүүгдэгч А.И-н “А” ХХК-ийн кемп инженерээр ажиллаж байхдаа “А” ХХК-ийн баримт бичгийг барьцаа болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Г.З-н өмчлөлийн эд зүйлийг залилан авсан, “А” ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн эд зүйлийг хувьдаа завшсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан”, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ”Хуурч, эсхүл баримт бичиг ашиглаж ...урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарагдаж байна”, “хохирлоо хэсэгчлэн төлөхөөр хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан, хохирлоо нэн даруй төлж барагдуулахаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан” гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар шүүгдэгч А.Ид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар  нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихыг зохицуулсан заалт бөгөөд шүүгдэгч А.И нь дээрх гэмт хэргүүдэд шүүхээс хорих ял шийтгүүлсэн ялтан биш тул түүнд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хуулийн зохицуулалтыг хэрэглэн эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн ерөнхий прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ерөнхий прокурор Б.Энхмэндийн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож,  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

  

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.НАСАНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧИД                     Х.ГЭРЭЛМАА

                                                                       Ц.ОТГОНЦЭЦЭГ