Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунхүүгийн Оюунсүрэн |
Хэргийн индекс | 112/2023/0011/З |
Дугаар | 112/ШШ2023/0021 |
Огноо | 2023-07-25 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 112/ШШ2023/0021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Иргэн Г.Б,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* О.Ат холбогдох
аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/38 дугаар захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хөдөлмөрлөх эрхэд халдаж байна. Засгийн газрын шүүр ажиллагааны талаар би тодорхой албан газар даргалж байгаагийн хувьд тэр албан тоот ирсэн. Төрийн албаны шаардлагад нийцэхгүй байгаа хүмүүсийн мэдээлэл судалгааг өгсөн. Шат шатандаа адилхан байдаг байх гэж ойлгож байна. Тухайн төрийн албаны шаардлагад нийцэхгүй байгаа ажилчдадаа мэдэгдэж сонсгох, мэдээ судалгааг Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлэх ажлыг хийж байсан. Шүүр ажиллагаа гэдэг нь зөрчилтэй бол тэр хүнийг шууд ажлаас хал гэсэн ойлголт биш, тухайн төрийн албанд байгаа хүмүүсийн зөрчил дутагдлыг арилга гэсэн ойлголт байна гэж ойлгож байгаа. Үүний хүрээнд манай байгууллага дээр найман хүн зөрчил дутагдалтай байсан. Мэдэгдэл өгснөөс хойш гурван хүн төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэж, нэг хүн тусгай шалгалтад орж жинхэлсэн байгаа. Би үе шаттайгаар энэ зөрчил дутагдлыг арилгах юм байна гэж ойлгож ажиллаж байсан. Гэтэл манай аймгийн Засаг даргын Тамгын газраас бичиг тулгаж ирсэн үүний хариуг өгөх гэж шууд ажлаас чөлөөлнө гэсэн захирамж гаргасан дээр гомдол гаргаж шүүхэд хандсан. Шүүр ажиллагаа нь хүнийг чөлөөлөх биш, энэ асуудал буруу байна гэдэг үндсэн дээр хандсан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуулиар төрийн захиргааны албан тушаал дээр тусгай шалгалт өгч томилогдох ёстой. Төрийн жинхэнэ албан хаагч шилжүүлэн ажиллуулах, сэлгэн томилох гэдгээр шууд томилогддог. Тусгай шалгалт өгөөгүй гэдэг үндэслэлээр хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангах гэдгээр чөлөөлсөн. Сонсох ажиллагаа хийгээгүй, үе шаттайгаар ажиллаж зөрчлийг бууруулах арга хэмжээ аваагүй гэж байна. Энэ дээр Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хугацаатай бичиг ирсэн тул үүнд шахагдаж ийм процесс болсон гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
******* сумын иргэн Г.Б Говь-Алтай аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/38 дугаар захирамжийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч Г.Б аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/114 дүгээр захирамжаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар захирамжаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын зөвлөхөөр, аймгийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/58 дугаар захирамжаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус томилогдон ажиллаж байсан байна.
1. Нэхэмжлэгч Г.Баас: Удаа дараа намайг халж чөлөөлсөн, шийдвэрээ огт мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй, шүүр ажиллагааны хүрээнд ажлаас чөлөөллөө гэсэн нь үндэслэлгүй гэж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: Хууль тогтоомжийн дагуу томилогдоогүй, төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй учир Шүүр ажиллагааны хүрээнд чөлөөлсөн гэж тус тус маргадаг.
1.1. Нэхэмжлэгч нь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр аймгийн Засаг даргын 2020 оны Б/114 дүгээр болон 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/58 дугаар захирамжаар тус тус томилогдохдоо Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27.1-д заасан сонгон шалгаруулалтад ороогүй байна. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд хуульд заасан журмын дагуу уг орон тоог нөхөхөөр зохицуулсан. Нэхэмжлэгч хуулийн эдгээр урьдач нөхцөлийг зөрчиж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан нь тогтоогддог. Энэ нь Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний 36 дугаар албан бичиг, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Э-ын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 3/1255 дугаар албан бичгүүдээр тус тус нотлогдож байна. Нэхэмжлэгч төрийн албаны ерөнхий шалгалтыг өгч 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн байна. Нэхэмжлэгч төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн нь түүнийг тухайн албан тушаалд тусгай шалгалтгүйгээр томилох үндэслэл болохгүй.
1.2. Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоолын хавсралтад Ахлах түшмэл - 8.Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын дарга гэсэн жагсаалтаас харвал аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаал нь ТЗ-4, ахлах түшмэлийн албан тушаалын ангилал, зэрэглэлд хамаарч байна.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх... гэсэн шаардлагыг хуульчилсан байна.
Нэхэмжлэгчийн цэргийн алба хаасан 2 жил, Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д заасны дагуу нөхөн тооцуулсан 9 жилийг төрийн алба хаасан хугацаанд тооцох боловч төрийн захиргааны дэс түшмэлийн албан тушаалд ажилласан хугацаанд тооцох үндэслэлгүй.
1.3. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг энэ хуулийн 23.5-д заасан журамд нийцүүлэн боловсруулж, төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батална. гэж журамласны дагуу батлагдсан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалын тодорхойлолтод тухайн албан тушаалд Байгалийн шинжлэл, хүрээлэн буй орчин, хүрээлэн буй орчныг хамгаалах технологи, ойн аж ахуй, аялал жуулчлал гэсэн мэргэжилтэй хүн ажиллах шаардлага тавьсан байна. Нэхэмжлэгч нь Хөдөө, аж ахуйн их сургуулийг Инженер механик мэргэжлээр төгсчээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан зарим шаардлагыг хангахгүй болохоо хүлээн зөвшөөрч, энэ талаар маргадаггүй.
1.4. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно., 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ. гэж зааснаар ******* захирамж гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд танилцуулж, тайлбар, саналыг авах үүрэгтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: ...Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн чиглэлийн дагуу цаг хугацаа давчуу байсан тул амжаагүй. гэж мэдүүлдэг бөгөөд сонсох ажиллагаа хийгээгүй байдаг.
Мөн нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулан ажиллаж, албан үүргийг хангалттай сайн гүйцэтгэж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
Гэвч маргаан бүхий актыг нэхэмжлэгчид танилцуулж сонсох ажиллагаа хийгээгүй, нэхэмжлэгч ажил үүргээ сайн гүйцэтгэж байсан гэсэн үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй байна.
1.5. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/38 дугаар Г.Быг ажлаас чөлөөлөх тухай захирамжид Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 83 дугаар зүйлийн 83.3, 83.5 дахь хэсгийг тус тус үндэслэсэн байна.
Уг захирамжид Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна., Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох; гэснийг үндэслэсэн нь оновчтой биш боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 6-д аймаг, нийслэлийн байгаль орчны албаны даргыг байгаль хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж томилох, чөлөөлөх. гэж зааснаар аймгийн ******* өөрийн эрх хэмжээний хүрээнд хуульд нийцүүлэн нэхэмжлэгчийг чөлөөлөх шийдвэр гаргах эрхтэй байна.
1.6. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаар Чиглэл хүргүүлэх тухай албан бичигт Төрийн жинхэнэ албан тушаалд ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, тэнцээгүй томилогдсон этгээдийг олж тогтоон, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөхийг чиглэл болгож байна. гэжээ. Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах; гэж зааснаар аймгийн ******* нь энэхүү чиглэлийн биелэлтийг зохион байгуулж тайлагнах үүрэгтэй.
1.7. Захиргааны байгууллагаас акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх; 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; зарчмыг баримталж, 40 дүгээр зүйлийн 40.2.3-т захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах; заасан шаардлагад нийцүүлсэн байх ёстой.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно, 26.2-т Энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг болон 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг хангасан тохиолдолд мөн хуулийн 26.1-д заасан шалгуурыг хангасанд тооцно. гэж заасан. Тодруулбал, Үндэслэх хэсгийн 1.2-т дурдсанчлан нэхэмжлэгч 23 зүйлийн 23.2.3-т заасан шаардлагыг хангаагүй учир 26 дугаар зүйлийн 26-.1-т заасан шалгуурыг хангаагүй гэж үзлээ.
Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлөх захирамж захиргааны актыг батлан гаргах бодит нөхцөл байдалд тохирсон төдийгүй дээр дурдсан хуулиудын заалтад нийцсэн байна.
1.8. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах гэж зааснаар иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчимтай бөгөөд нэхэмжлэгчийн тухайд хуулиар тусгайлан шаардсан нөхцөл, болзлыг хангаагүй энэ тохиолдолд тус албан тушаалд эгүүлэн томилогдох эрх хязгаарлагдах юм.
Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар бүлэгт төрийн албан тушаалд тавигдах шаардлага, 6 дугаар бүлэгт төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох журам, 7 дугаар бүлэгт төрийн жинхэнэ албаны шалгалтыг талаар нарийвчлан зааж, эдгээр харилцааг зохицуулсан бөгөөд ийнхүү хуульд заасан журмын дагуу томилогдсон иргэн мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөснөөр төрийн жинхэнэ албан хаагчийг нийтлэг эрхийг эдэлж, нэмэлт баталгаагаар хангагдах боломжтой.
Иймээс Говь-Алтай аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/38 дугаар Г.Быг ажлаас чөлөөлөх тухай захирамж нэхэмжлэгч Г.Бын төрийн алба хаах эрхийг зөрчөөгүй гэж шүүх үзлээ.
1.9. Харин төрийн захиргааны албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлага, нөхцөлийг хангасны үндсэн дээр төрийн албан тушаалд томилогдон ажиллах эрхийг энэхүү шийдвэр хязгаарлаагүй болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.5, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн Г.Баас тус аймгийн ******* О.Ат холбогдуулан гаргасан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/38 дугаар Г.Быг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОЮУНСҮРЭН