Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 70

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч С.Энхмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батзаяа (ҮД:0766),

хохирогч С.Мандалмаа,

шүүгдэгч Б.Батзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Бүрэнтэй овогт Баянбулагийн Батзулд Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701080091 дугаар, 108/2017/0075/Э индекстэй хэргийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                           

Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмийн жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, 50 дугаар байрны 27 тоотод оршин суух,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 280 цаг албадан ажил хийлгэх ял, 

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, регистрийн УР82062715 дугаартай, Бүрэнтэй овогт Баянбулагийн Батзул нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Мандалмааг ажиллуулж байсан баараар нь үйлчлүүлээд “тооцоо хийлгүй гарсан хүний уурхайг зааж өгье” гэж Налайх дүүргийн 3 дугаар хороо уурхай руу хамт явах замдаа түүнийг илтэд үл хүндэтгэн М.Цогтсайхан нь өөрөө Мандалмаад гар утсаа өгсөн байхад “манай найзын гар утсыг өгсөнгүй” гэж ялимгүй зүйлээр шалтаглан түүний зүүн гарыг мушгиж догшин авирлаж, түүний бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан нийгмийн хэв журам зөрчин танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батзул, түүний өмгөөлөгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гэмт хэргийн талаар маргах зүйлгүй гэсэн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Батзул нь иргэн С.Мандалмаагийн ажиллуулж байсан кафед 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр М.Цогтсайхантай хамт орж тусгай өрөөнд архи, хоол захиалан үйлчлүүлж 50.000 төгрөгийн тооцоогоо хийгээд сууж байтал гаднаас Ц.Болдбаатар Энхсайхан нар орж ирээд хамт сууж архи, хоол захиалан тооцоогоо хийлгүй гараад явахад нь С.Мандалмаад тэднийг зааж өгөхөөр араас нь М.Цогтсайханы хамт явж байхдаа М.Цогтсайхан нь “би бие засмаар байна, намайг зугтан гэж бодоод байгаа бол миний гар утсыг барьцаанд авчих” гэж хэлээд өөрийн гар утсаа С.Мандалмаад үлдээгээд бие засаад ирэх хооронд түүний гар утсыг С.Мандалмаатай булаацалдан ноцолдож байгаад түүний гарыг мушгиж биед нь зүүн сарвууны 1, 2-р үений хагас мултрал, 2-р шивнүүрийн цууралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батзулын: “... 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр энэ хэрэг болсон. Би тэр өдөр амраад, машинаа засварт өгчихөөд явж байгаад Цогтсайхантай таарсан юм. Цогтсайхан “хөгшин нь өнөөдөр амраад, эхнэртэйгээ жаахан муудаад явж байна, жаахан хань болоод юм уух уу” гэхээр нь “тэгье” гэсэн. Баялаг Налайх пабад орж тусгай өрөөнд нь ороод нэг шил соёрхол, нэг нэг пиво, хоол захиалсан. Тэгж байтал энэ эгч орж ирээд “тооцоогоо хий” гэхээр нь захиалсан зүйлийнхээ 52.000 төгрөгийн тооцоог хийсэн. Бид хоёр архиа татах гээд сууж байтал гаднаас Хасагаа, Болдбаатар хоёр орж ирсэн. Уурхайн ажилтнуудынхаа хоолыг захиалаад явж байна гэсэн. Дараа нь Хасагаа,Энхсайхан хоёр орж ирсэн. Тэгээд бид хэд архиа хувааж уусан. Манай өрөөнд Хасагаа сууж байтал утас нь дуугараад “эхнэр хоолоо хурдан авч ир гээд утасдаад байна” гэж хэлээд хоолоо аваад явсан. Хасагаа хоолоо авахаасаа өмнө нэг шил соёрхол авч өгсөн юм. Тэгээд байж байтал энэ эгч орж ирээд “тооцоогоо хий” гэсэн. Тэгэхээр нь “саяны залуучууд тооцоогоо хийнэ, бид хоёр хийхгүй” гэсэн. Тэгтэл Сайханаа “эгчээ би саяны хүний уурхайг мэднэ, заагаад өгье” гэж хэлээд бид 3 хамт явсан. 10 шар луу уурхайг нь зааж өгөх гээд явж байтал Сайханаа “биеэ засъя” гээд буусан. Тэгэхэд Сайханаагийн утас хажуу талын сандал дээр байсан. Тэгтэл энэ эгч “та 2 уурхайг нь зааж өгөхгүй бол утсыг чинь өгөхгүй” гэсэн. Тэгэхээр нь би “утсыг нь өг” гэсэн чинь “битгий хуцаад бай” гээд намайг  цохиж авсан. Тэгж байтал Сайханаа ирээд “наад утсаа орхиод явъя, маргааш очоод авчихъя” гэсэн. Бид 2 машинаас буусан чинь энэ эгч араас элдэвээр хэлж хашгираад байсан. Миний цээж рүү цохьсон. Тэгээд бид хоёр яваад өгсөн. Маргааш нь би энэ эгчийн пабад  очоод “та ямар сонин хүн бэ, уурхайг нь зааж өгөх гэсэн чинь муухай зан гаргаад байх юм” гэж хэлсэн. Би тооцооноос нь 40.000 төгрөг өгсөн. Сайханаа үлдэгдлийг нь өгнө гэсэн. Тэгсэн энэ эгч “цагдаад өргөдөл өгчихсөн шүү, өөрөө учраа олоорой” гэж хэлэхээр нь арай үгүй байлгүй гээд итгээгүй. Дараа нь эгчдээ “нэг хүүхэн намайг цагдаад өгчихсөн гээд байна та нэг уулзаадах” гэж хэлсэн. Эгч очиж уулзчихаад ууртай ярьсан. Тэр хүүхэн чинь “цээж өвдсөн, хуруу гэмтсэн өдрийн 50.000 төгрөгийн сувилалд хэвтмээр байна” гэж хэлж байна гэсэн. Дараа нь 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр цагдаагаас над руу залгасан. Цагдаа дээр очиход “таны нэр дээр гомдол ирсэн. Эрүү үүсээд прокуророос дугаар авсан” гэж хэлсэн. Цагдааг дуудсан цагт яагаад ирээгүй юм бэ гэсэн. Тэр үед над руу утсаар яриагүй, зарлан дуудах хуудас ирээгүй. Энэ эгчийн хуруу пабад байхад гэмтсэн байсан. Тэр үед би харчихаад “эгчээ та хуруугаа яасан юм бэ” гэсэн чинь “гал тогоонд ажиллаж байгаад гэмтээсэн юм” гэж хэлж байсан. ... Би гэм буруугаа хүлээж байна. Энэ хэрэг архинаас болж гарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид энэ асуудал дээр анхаарах болно ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Мандалмаагийн: “... Яг тэр өдөр би байгаагүй. Хот явчихаад ирсэн юм. Манай нөхөр тэнд ажлаа хийгээд байж байсан. Намайг орж ирэхэд тусгай өрөөнд байгаа хүмүүс эхний тооцоогоо хийсэн, дараагийн хоол захиалсан хүмүүс нь тооцоогоо хийгээгүй гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би урьд нь Батзулыг хэд хэдэн удаа зүс үзэж байсан болохоороо “тэр хүмүүсийн уурхайг нь заагаад өгчих, би Налайхыг мэдэхгүй болохоор мөнгөө олж авч чадахгүй” гэж хэлсэн. Сайханаа нь согтуу байсан болохоор өөдөөс үг сөрөх гээд байхаар нь би “та хоёртой үг сөрөхгүй, та хоёрыг авсан гэж хэлээгүй байна, та хоёр зүгээр уурхайг нь заагаад өгчих” гэж хэлээд бид гурав хамт явсан. Явж байгаад Сайханаа нь “биеэ засмаар байна, зугтан гэж бодоод байгаа бол миний утсыг ав” гээд өөрөө надад утсаа өгсөн. Тэрнээс биш би юу гэж хүний утсыг авах билээ ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч М.Цогтсайханы 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: “... тэгээд тухайн үйлчлэгч эмэгтэй “миний машинтай цуг яваад заагаад өг” гэхээр нь зөвшөөрөөд машинд нь суугаад уурхай руу явсан. Уурхай арай ороогүй явж байхад буюу төмөр замын гарам гараад би “бие засъя” гэхэд нөгөө эмэгтэй зогссон ба намайг буухад “гар утсаа үлдээчих” гэхээр нь би утсаа өгөөд буугаад бие засч байхад ард нөгөө эмэгтэй Батзул 2 маргалдаад байгаа бололтой Батзул “өгчихөөч” гээд чанга чанга дуугараад нөгөө нь “өгөхгүй” гээд хоорондоо маргалдаад байсан. Би тэгээд бие засч дуусаад эргээд харахад машиныхаа хажууд нөгөө эмэгтэй миний гар утсыг гартаа атгасан Батзул гарыг нь базаад утсыг авах гээд зулгаагаад зогсож байхаар нь би очоод Батзулыг “наад утсаа орхичих, маргааш мөнгийг нь өгөөд утсаа авъя” гэж хэлээд Батзулыг дагуулаад доошоо алхахад нөгөө эмэгтэй ард машинаа асаагаад хөдлөд хажуугаар гараад явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Э.Батхуягийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “... Ингээд миний бие ажил дээрээ үлдсэн ба эхнэр таг чимээгүй алга болчихоор нь 17 цагийн үед эхнэр лүүгээ залгахад “нөгөө хоёр чинь намайг зодчихоод яваад өглөө, цагдаагийн хэлтэс рүү явж байна, өргөдөл гаргачихаад яваад очъё” гэсэн ба 19 цагийн үед ажил дээр ирэхэд зүүн гарын чигчий хуруу нь гэмтээд цээжин дээр нь бага зэрэг хөхөрсөн байсан. ... Маргааш нь буюу 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Батзул ирээд үлдсэн тооцоогоо хийгээд явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08 шэ/134 тоот дүгнэлтэд:

1. С.Мандалмаагийн биед зүүн сарвууны 1, 2-р үений хагас мултрал, 2-р шивнүүрийн цууралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 22 дугаар тал/,

        Б.Батзулын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 дүгээр тал/,

     Б.Батзулын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 35-36, 38-53 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Бүрэнтэй овогт Баянбулагийн Батзулыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар догшин авирлаж танхайрах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаа нь үндэстэй байна.

Учир нь шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэсэн хэсэгт өмнөх хуулийн догшин авирлаж танхайрах гэсэн үндсэн шинж байхгүй болсон ба түүний үйлдлийн улмаас С.Мандалмаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, энэ зүйл хэсэг нь хорих ялгүй тул шүүгдэгч Б.Батзулын эрх зүйн байдлыг дээрдүүлэн, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч С.Мандалмаа “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Бүрэнтэй овогт Баянбулагийн Батзулд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Бүрэнтэй овогт Баянбулагийн Батзулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Б.Батзул нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч С.Мандалмаа “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдаж, Б.Батзулд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.БАВУУ