Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2024/00495

 

                                     

   2024             03                19                                        142/ШШ2024/00495

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** хаягт оршин суух, *** регистрийн дугаартай, А овогт Ц-ийн Д /утас: ***/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, *** регистрийн дугаартай, Б овогт М-ын Э /утас: ***/-д холбогдох

3,000,000 төгрөг гаргуулах тухайиргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Д / цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагч М.Эд холбогдуулан 3,000,000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие М.Эын хүсэлтээр 3,000,000 төгрөгийг 3 хувааж зээлдүүлсэн ба 10 хувийн хүүтэйгээр, 2021 оны 05 сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 07 сарын 19-ний өдөр 1,200,000 төгрөг, 2021 оны 07 сарын 09-ний өдөр 800,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг. Ингээд эдгээр өдрүүдэд М.Эд бэлнээр өгсөн. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй байсан. Иймд М.Эаас зээлийн төлбөр 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үндсэн мөнгөнөөсөө төлөлт хийгээгүй, 200,000 төгрөгийг 2 удаа хүү гэж өгсөн. Шүүхэд өгсний дараагаар надтай 2 удаа холбогдсон. Би завгүй учир эгчийгээ явуулсан гэж байсан. Таны мөнгийг бөөн өгөх боломжгүй байна хувааж өгье гэхээр нь би тухайн үед болно гэж хэлсэн. Та дансаа явуулчих гэж хэлдэг хэр нь мөнгийг маань өгөхгүй байсан учир би мөнгөө бүтнээр нь авна, их хэмжээний мөнгө биш юм чинь 3,000,000 төгрөгөө авна гэж хэлсэн. Гэрт нь очиход аав, ээж хоёр нь байсан, настай хүмүүс байхаар нь энэ талаар хэлээгүй, сүүлд бас очиход тийм хүн байхгүй гэж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, М.Этай фэйсбүүк чатаар харилцсан гэх зурваснуудын хуулбар зэргийг гаргаж өгсөн. (хх 2-15 тал)

3. Хариуцагчаас: Хариу тайлбар болон нотлох баримт гаргаж өгөөгүй. Харин төлөөлөгч томилсон итгэмжлэлийг ирүүлсэн болно. (хх 23 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Д нь тус шүүхэд хариуцагч М.Эд холбогдуулан “3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд уг шаардлагаа дэмжиж оролцсон болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ц.Д нь шаардах эрхийн үндэслэлээ “...М.Эын хүсэлтээр 3,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй. Иймд М.Эаас зээлийн төлбөр 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарладаг.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мд 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулан, тайлбарлаж өгсөн. (хх 24-26 тал)

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй, түүнчлэн мөн хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй байна.

Мөн тус хэргийг хянан хэлэлцэх 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 16 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мд 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр *** дугаарын утсанд өөртэй нь холбогдож мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мгийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэнэ.

Дээрх бүгдээс үзэхэд нэхэмжлэгч Ц.Д, хариуцагч М.Э нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч М.Эаас зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Дд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1заасныг баримтлан хариуцагч М.Эаас зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 /гурван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Дд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 62,950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Дд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА