| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 142/2023/01537/И |
| Дугаар | 142/ШШ2023/01548 |
| Огноо | 2023-12-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 142/ШШ2023/01548
2023 12 05 142/ШШ2023/01548
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 00 тоот хаягт оршин суух, ФМ000000 регистрийн дугаартай, Ж.С-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 11 дүгээр баг, 00 тоот хаягт оршин суух, ГМ0000000 регистрийн дугаартай, Б.Х,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 00 тоот хаягт оршин суух, АЗ000000 регистрийн дугаартай, С.М нарт холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 44,863,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.С
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч Б.Х, С.М нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 44,863,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
I. Нэхэмжлэгч Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Х, С.М нь зээлийн гэрээ, итгэлцлээр 2021 оны 02 сарын 22-ны өдрөөс 2022 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд нийт 44,730,000 төгрөгийг зээлж авсан юм. Үүнд:
Нэг. 2021 оны 02 сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 3 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги 0,5 хувь хоног тутамд тооцохоор зээлийн гэрээ байгуулсан.
1.1. Энэхүү гэрээгээр 2021 оны 03 сарын 30-ны өдөр нэмж 2,500,000 төгрөг,
1.2. 2021 оны 09 сарын 07-ны өдөр ХХБанкны 407286438 дугаартай Хонгорзул өөрийн дансаар 500,000 төгрөг,
1.3. 2022 оны 01 сарын 06-ны өдөр 2,500,000 төгрөг нэмж зээлсэн.
Хоёр. 2022 оны 07 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 5 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги 0,5 хувь хоног тутамд тооцохоор зээлийн гэрээ байгуулсан.
Гурав. 2022 оны 08 сарын 18-ны өдөр 2,830,000 төгрөг, 4 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги 0,5 хувь хоног тутамд тооцохоор зээлийн гэрээ байгуулсан.
3.1. 2022 оны 09 сарын 22-ны өдөр 300,000 төгрөг нэмж зээлэв.
Дөрөв. 2022 оны 09 сарын 20-ны өдөр 6,600,000 төгрөг, 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги 0.5 хувь хоног тутамд тооцохоор зээпийн гэрээ байгуулсан.
Тав. 2022 оны 09 сарын 30-ны өдөр 8,000,000 төгрөг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги 0,5 хувь хоног тутамд тооцохоор зээлийн гэрээ байгуулсан.
5.1. 2022 оны 10 сарын 05-ны өдөр 25,000,000 төгрөг, 5142152503 дугаартай, С.Мын дансаар шилжүүлэв.
Дээрх зээлүүдийг нэгтгэвэл үндсэн зээл 44,370,000 төгрөг, хариуцагчдаас буцаан төлсөн 17,500,000 төгрөг байх ба Б.Х-тай тооцоо нийлж, төлнө гэж зөвшөөрсөн 53,127,000 төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүү, алдангийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Зээлийн барьцаанд хариуцагч Б.Х-ын эгч болох П.Ч нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаан чулуут баг, 00 тоот 40 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг барьцаалсан болно. Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйл, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар 53,127,000 төгрөгийг хариуцагч Б.Х, С.М нараас гаргуулж, нэхэмжлэлийг хангаж, Ж.Сыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
II. Нэхэмжлэгч Ж.С нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тайлбартаа: Тус шүүхэд хариуцагч Б.Х, С.М нарт холбогдуулан 53,127,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Нийт зээлдүүлсэн мөнгө 51,330,000 төгрөг, 5 удаагийн зээлийн гэрээний эхний нүүрт байгаа зээлийн хүү алданги 10,733,000 төгрөг, бүгд 62,063,000 төгрөгөөс буцааж төлсөн 17,200,000 төгрөгийг хасаж үлдэгдэл 44,863,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Багасгаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь 8.264.000 төгрөг болно гэжээ.
III. Нэхэмжлэгч Ж.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна. 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 50,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй авна гэж Б.Х над дээр орж ирсэн. Ийм их хэмжээний мөнгө надад байхгүй, яах гэж байгаа юм гэхэд тендерийн гэрээнд дэнчин тавих гэсэн юм гэж хэлж байсан. Би таны авах гээд байгаа газрыг чинь аваад өгнө, би Орхон аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт мэргэжилтэн хийдэг гэж хэлж байсан. Таныг би миний төрсөн эгч шиг хүн байгаа юм гэж хэлээд гуйхад дотор нь ажилладаг хүний хувьд болох байлгүй дээ гэж хэлсэн. Надад тийм их мөнгө байхгүй гэхэд танд таньдаг ломбард зөндөө байдаг биз дээ, тэр газруудаасаа зээлээд, дээр нь тэтгэврийн зээлээ аваад өгчих эсвэл байраа зарчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би байраа юу гэж зарах вэ, зарахгүй гэж хэлсэн. Би өөрийнхөө тэтгэврийн зээлээ хүртэл авч өгсөн. Газрын гэрчилгээг яг авч өгнө гэж хэлээд надаас мөнгө зээлж авсан. Барьцаанд дүүгийнхээ эхнэрийн нэр дээр байдаг байрыг тавьсан. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын наад талд байдаг Могой гол гэдэг газар Б.Х бид хоёр хамт очиж байрны ордерыг авсан. Нотариат дээр очиж батлуулъя гэсэн чинь яах юм бэ, би удахгүй мөнгийг чинь өгнө, орой болчихлоо гээд буцаж ирсэн. Над дээр ирэх болгондоо зээлийн гэрээгээ дүгнэдэг байсан. Зээлийн гэрээний нэг нь надад нөгөө нь Б.Хд очдог байсан. Эхлээд ирэхдээ та бол миний ачтан шүү, би таныг ээжтэйгээ цуг гадаад улс руу аялуулна гэж хүртэл хэлж байсан. Та аав, ээж нараас минь илүү надад тус болж байгаа учир танд би ланд машин авч өгнө гэж хүртэл хэлж байсан хүн. Би итгээд мөнгөө өгөх байх гэж хүлээсэн. Шүүхэд өгсөн гэхэд над руу утасдаад би барилгын бизнес хийж байгаа та зээлүүлсэн мөнгөндөө “труба” авах уу гэж хэлэхээр нь би үгүй ээ, чамд мөнгө өгөх гэж зээл авсан хүмүүсийн хүүг төлөх надад хэцүү байна гэж хэлэхэд “за за тэгвэл яахав дээ, шүүхээрээ явна биз” гэж хэлсэн. О.Сарантуул өмгөөлөгч гарын үсэг битгий зур гэж хэлсэн гээд нөхөж зурах гэрээнүүд дээр гарын үсэг зураагүй. 2023 оны 04 дүгээр сард нөгөө тендерийн мөнгө нь орж ирсэн юм байлгүй, 10,000,000 төгрөгийг надад өгсөн. Хэзээ, хэдэн төгрөгийг авсан, ямар хугацаатай, алданги, хүү хэрхэн тооцсон талаар гэрээ тус бүрээр задалж тайлбарлаж хэлье.
1. 2021 оны 02 сарын 22-ны өдөр 500,000 төгрөг, 3 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги 0,5 хувь хоног тутамд тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Хүү нь 180,000 төгрөг, алданги нь 340,000 төгрөг нийт 1,200,000 төгрөг болж байгаа.
2. 2022 оны 07 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 5 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги 0,5 хувь хоног тутамд тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу 11 дүгээр сарын 06-ны өдөр 500,000 төгрөг, сүүлд 100,000 төгрөг нийт 600,000 төгрөгийг надад буцааж өгсөн. Хүү 1,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг болж байгаа.
3. 2022 оны 08 сарын18-ны өдөр 2,830,000 төгрөг, 4 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги 0,5 хувь хоног тутамд тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу хүү 1,132,000 төгрөг, алданги 1,981,000 нийт 5,943,000 төгрөг болсон.
4. 2022 оны 09 сарын 20-ны өдөр 6,600,000 төгрөг, 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги 0.5 хувь хоног тутамд тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Үндсэн 6,600,000 төгрөгийг өгсөн, хүү, алдангийг өгөөгүй дараа их мөнгөтэй болохоороо өгнө гэж хэлээд энэ гэрээний дагуу хүү, алданги нийлээд 1,600,000 төгрөг үлдсэн.
5. 2022 оны 09 сарын 30-ны өдөр 8,000,000 төгрөг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги 0,5 хувь хоног тутамд тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Хавар 10,000,000 төгрөгийг буцааж өгсөн. Энэ гэрээний дагуу хүү, алданги нийлээд 13,200,000 болж байгаа. Одоо үлдэгдэл нь 3,200,000 төгрөгийн зөрүү байгаа.
6. Дараа нь 2022 оны 10 сарын 05-ны өдөр 25,000,000 төгрөгийг дансаараа шилжүүлж авсан. Үүнд хүү алданги нэхэмжлээгүй. Одоо Б.Хаас нийт 44,863,000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгөний маргаанаас болж манай гэр бүлийнхэн маань ч хүртэл намайг ийм тэнэг хүн байх уу, өдий насыг насалчихаад ийм хүнд ийм их хэмжээний мөнгийг өгөөд байхдаа яахав дээ гэж орой болгон үглэж байна. Энэ байдлаас болж миний сэтгэл санаа хямарч, одоо хавдар тусчихаад явж байна. Б.Х надтай сайн дурын үндсэн дээр зээлийн гэрээ байгуулсан. Тухайн үед тендерт оролцох гэж байна гэж хэлээд хүүтэй мөнгө олоод өг гэж надаас авсан. Тендерт шалгарч ашгаа олоод Улаанбаатар хот руу шилжээд явсан. 200,000,000 төгрөгөөр байр авсан, өмнө байргүй байсан хүн. Энэ хүн надаар татвараа тэглүүлээд тендер оролцож байр авсан. Цар тахлын үед хэцүү байхад заавал олоод өг гэж хэлээд авсан. Зээлийн гэрээг би ганцаараа авчихаад таг харанхуй мөнгө нэхээд байгаа юм шиг зүйл ярьж байна. Өдөр болгон мессэж бичиж байсан. Мессэж нь одоо хүртэл байгаа. Чи хуулийн хүрээнд зээлдээ нийцсэн барьцаагаа тавиад зээл ав гэхээр миний дүүгийн байр, надад өөрийн гэсэн байр байхгүй, би танд үнэн учраа хэлье, би 4 хүүхэд гаргаад нөхрүүддээ өгүүлээд явсан, надад аав, ээж маань итгэдэггүй, ганцхан надад сүүлд суусан С.М гээд залуу, 2 настай хүүхэд минь байна гэж хэлдэг байсан. Би Б.Х мөнгө зээлүүлэхийн тулд танидаг хүмүүсээсээ нүүрээ улалзуулан барин мөнгө авч өгч байсан. Би өөрөө давхар хүүтэй мөнгө зээлж авч байж Б.Хд өгсөн зээл дээр татвар төлөх юм уу. Би барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн татвараа цаг тухайд нь төлөөд явдаг. Шалгаж болно. Би ганцхан Б.Хд итгээд л хүнээс мөнгө зээлж өгсөн. Би дааж даашгүй хүү, алданги нэхээгүй. Хүн чанар, жудагтай баймаар юм гэж хэлмээр байна. Газрын гэрчилгээ авч өгөх гэж байгаа юм байна гэж итгээд мөнгө өгсөн. Хүний мөнгийг бүтэн жил ашиглачихаад өөдөөс труба авах уу гээд зогсож байдаг арай ч дээ. Өнөөдөр зээлийн гэрээг би аваагүй гэж яаж хэлж чадаж байна. Манайх камертай бүх зүйл тод бичигдсэн байгаа. Хариуцагч нарын төлөөлөгч Б.Хыг би таньдаггүй байсан гэж худлаа хэлж байна. 5 жилийн өмнө Б.Х над руу залгаад О.Сарантуул өмгөөлөгч очих гэж байна шүү 5,000,000 төгрөг өгөөрэй гэж хэлэхээр нь би чиний мөнгөний хүүг төлөх гэж хэцүү байна юу яриад байгаа гэж хэлэхэд “за за аниа болилоо” гэж хэлээд утсаа тасалж байсан. Фэйсбүүк чатаар 57,000,000 төгрөг төлж чадна гэж бичсэн баримт нь хүртэл байгаа. Байр, мөнгө байхгүй байсан хүн одоо өчнөөн ашиг олоод байр аваад, тендер аваад ашигтай байгаа. Зун хүртэл Архангайд манай нөхрийн арслан цолны найр болж байна, та ирээч мөнгөн хазаар, бэлэн мөнгө, бэлэг сэлт зөндөө цугларч байна гэж хэлэхэд нь би “за болж дээ эгчдээ 10 дугаар сард нөгөө газраа бүтээгээд өгөөрэй гэж хэлэхэд “засаг дарга байхгүй, тэр дарга шилжээд явсан” гэж уурлаад эхлэхээр нь онцгүй юм даа гэж тухайн үед бодож байсан. Надаас зээлсэн 50,000,000 төгрөгөөр тендерт оролцож тендертээ шалгарч байртай болсон. Намар залгаад үсний найранд та ирээч гэхэд нь би өрөө төлөөгүй байж хүүгийнхээ үсний найрыг хийж л байдаг гэхэд би одоо зөндөө мөнгөтэй болох гээд байхад гэж хэлээд уурлаад утсаа тасалсан. Би ломбард ажиллуулдаг нь үнэн, би хуулийн дагуу татвараа төлөөд явж байна. Би тэтгэвэртээ гарсан хэр нь улс орондоо сар бүр 1 сая гаран төгрөгийн татвараа төлөөд явж байна. Би маш их хохирч байна гэв.
IV. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч сая нийт авсан мөнгөнийхөө талаар гэрээ тус бүрээр нь тодорхой тайлбарласан гэж бодож байна. Нэхэмжлэлийн эхний нүүрэн дээр байгаа 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 500,000 төгрөгөөс л хүүг бодсон. 2022 оны 07 сарын 20-ны өдрийн 2,000,000 төгрөг дээр хэн аль нь маргахгүй байгаа. Хүү, алданги нийлээд 2,500,000 төгрөг гэх мэт тооцсон. Хариуцагч энэ мөнгийг би төлнө гэж тайлбар ирүүлсэн байсан. Хэрэг дотор авагдсан баримт байгаа. 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ж.Сын гараар бичиж өгсөн баримт байгаа. Үндсэн зээл 51,330,000 төгрөг байна гэсэн дээр хэн аль нь маргадаггүй. Ж.Сын данс руу Б.Хаас 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 7,200,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөг тус тус орж ирсэн. Нийт 17,200,000 төгрөг орж ирсэн. Саяны тооцоо аль аль талдаа барина. Үнийн дүнг 3-н янзаар гарлаа гээд байх юм. Санхүүгийн нэг сайхан юм нь энэ хэдэн тоо маань нийлүүлээд нэг баригддаг шүү дээ. 51,330,000 төгрөг гарах болсон шалтгаан нь Б.Хын өгсөн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тайлбар байгаа. 5 удаагийн зээлийн гэрээ хийсэн байгаа. Үндсэн зээлийг авсан аваагүй гэдэг дээр хариуцагч нар маргадаггүй. Тэр 900,000 төгрөгийн зөрүү яаж гарсан гэхээр 2 дугаар зээл дээр 2,000,000 төгрөгийг зээл авсан, мөн 600,000 төгрөгийг аваад эргүүлээд өгсөн гэсэн тайлбарыг Б.Х хэлдэг. 3 дахь зээл дээр 2,830,000 төгрөгийг авсан, мөн 300,000 төгрөгийг авсан гэдэг. Үүн дээр 900,000 төгрөгийн зөрүү гардаг. Энэ 900,000 төгрөг авсан өгсөн нь аль алинд нь байгаа учир авлага өглөгөө тооцоод үзэхээр үндсэн зээл гарч байгаа. Энэ саяны эх сурвалж буюу 10 дугаар сарын 09-ний тайлбараас 600,000 төгрөг, 300,000 төгрөг ороод гарсан тооцоонд үнийн дүнг бариулахаар миний саяны хэлсэн тооцоо гарсан. Нэг хасаад, нэмээд байгаа зүйл биш юм. Яагаад 53,127,000 төгрөгийг нэхэх болсон бэ гэхээр Б.Х “азжаргал” гэсэн фэйсбүүк хаягаасаа 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 53,127,000 төгрөгийг би төлнө гэж бичсэн байна. Энэ мөнгө дүнгээр анх нэхэмжлэл гаргасан. Сүүлд хариу тайлбар дээр авсан мөнгөн дээр зөрүү байхгүй учир хүүг багасгаж өгнө үү гэсэн байдаг. Хариуцагч нарын төлөөлөгч алдангийг зөвхөн үндсэн мөнгөөр нэхдэггүй гэж хэлж байна. Ийм зүйл байхгүй. Иргэд хоорондын зээлийн харилцааг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т заахдаа төлөгдөөгүй үнийн дүнгээс биш зээл, хүү хоёрыг нийлүүлж байж алдангийг тооцно гэсэн байгаа. Энэ чинь санхүүгийн өөрийнх нь тооцох арга нь ийм. Тэрнээс биш хүүгээс алданги тооцохгүй гэдэг зүйл байхгүй, төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцдог. Нэхэмжлэлийн үнийн дүнгээ багасгасан мөнгөн дүн үндэслэлтэй. Хариуцагч нарын төлөөлөгч иргэд хооронд хийсэн гэрээ байхад ломбардны үр дүнд бий болсон хэлцэл тул хууль бус байна гэж тайлбарлаж байх шиг байна. Үүн дээр хүсэл зоригийн илэрхийлэл яригдана. Б.Хын зээл авна гэсэн хүсэл зоригийн илэрхийлэл байгаа. Тухайн үед бие биедээ тусалж итгэлцлийн үндсэн дээр гэрээ байгуулж мөнгө зээлсэн. Эдгээр зүйлийг харахаар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж харж байна. Ломбардны үйл ажиллагаа явуулаад тэрнээсээ хүү алданги тооцоод байгаа зүйл биш юм. Нэхэмжлэгч 50,000,000 төгрөгийг надад байхгүй байсан гэж тайлбарлаж үнэн учраа хэлсэн. Хонгорзул нь надад 50,00,000 төгрөг бэлэн байх ёстой, та олоод өгөөч, би тендерт оролцох гэж байна гэж гуйсан хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийллийн үр дүнд бий болсон зүйл. Энэ харилцаа нь Иргэний хуулийн 257 дугаар зүйлийн 257.4-т заасан зохицуулалт огт байхгүй, харин Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн зохицуулалт, 282 дугаар зүйлийн 282.3-т заасан зээлийн гэрээг бичгээр хийсэн тул зээлийн гэрээний хүү алдангийг тооцох хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээнд хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.Сын нэхэмжлэлтэй танилцлаа. Ж.С нь барьцаалдан зээлдүүлэх үйл ажиллагааг Орхон аймаг, Баян-Өндөр сум V-4-р байранд би түүний ломбарднаас мөнгө зээлж байсан. Ж.С ломбарднаасаа мөнгө зээлэхдээ зээлийн гэрээ гэж 1 хувь хийж байсан.
1. 2021.02.22-ны өдөр 500,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй өдрийн 0,5 хувь тооцох зээлийн гэрээ байгуулсан гэжээ. 500,000 төгрөгийн гэрээний 1 хувийг надад огт зуруулаагүй.
2. Үүний дараа 2021.03.30-нд 2,500,000 төгрөг , 2021.09.07-нд 500,000 төгрөг , 2022.01.06-нд 2,500,000 төгрөгийг тус тус зээлийн гэрээ байгуулахгүй авсан нь үнэн. 2022.07.20-ны өдөр 2,000,000 төгрөг 5 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй, алданги 0,5 хувь гэсэн гэрээнд гарын үсэг зуруулж өгсөн зээлийн гэрээний 1 хувийг өгөөгүй.
3. 2022.08.18-ны өдөр 2,830,000 төгрөг 4 сарын хугацаатай сарын 10 хувь хүүтэй 0,5 хувь алданги тооцохоор зээлийн гэрээнд гарын үсэг зуруулж өгсөн. Гэрээний 1 хувийг өгөөгүй. 2022.09.22-нд 700,000 төгрөг нэмж авсан.
4. 2022.09.20-ны өдер 6,600,000 төгрөг 3 сарын хугацаатай сарын 10% хүүтэй алданги 0.5% гэсэн гэрээнд гарын үсэг зуруулсан. Гэрээний 1 хувийг өгөөгүй.
5. 2022.09.30-ны өдөр 8,000,000 төгрөг 1 сарын хугацаатай сарын 10 хувь хүүтэй 0,5 хувь алданги гэсэн гэрээнд гарын үсэг зуруулж гэрээний 1 хувийг өгөөгүй. 2022.10.05-ны өдөр дансаар 25,000,000 төгрөг Сайнбаяр шилжүүлсэн. Сүүлд зээлийн гэрээнүүдээ та канондаж өгөөч гэж канондаж авсан. 2021 оны 02-р сард Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль гарч Барьцаалан зээлдэх газрын сарын хүүг 3 хувь, алдангийг 0.2 хувиас хэтрүүлэхгүй байхаар заасан. Уг хууль нь 2021.01.29-ны өдөр батлагдсан.
Ж.Сайнжаргал нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр БЗГ-ыг ажиллуулдаг эрх бүхий этгээд гэж ойлгож байсан. Тиймээс ч бидний хооронд зээлийн харилцаа нь удаа дараа давтан зээл олгогдож байсан. Үүнээс үзэхэд зээлийн үйл ажиллагааг байнга эрхлэн явуулдаг нь тодорхой юмаа.
Иймд би 2021.01.22-ны өдрийн 500,000 төгрөгийг сарын 3 хувь сар тооцон хүү 45,000 төгрөг болгон 545,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.
2021.03.30-ны өдрийн 2,500,000 төгрөг, 2021.09.07-ны өдрийн 500,000 төгрөг, 2021.01.06-ны өдрийн 2,500,000 төгрөгийг төлнө, эдгээр 3 удаагийн мөнгөн дээр гэрээ байгуулаагүй юм.
2022.07.20-ны 2 сая төгрөгийг сарын 3% хүүтэйгээр тооцон 1,400,000 төгрөгийн үлдэгдлийг хүү гэж төгрөгөөр тооцон төлөхийг зөвшөөрч байна.
2022.08.18-нд 2,830,000 төгрөг авсан. 4 сарын хүүг нь 3%-иар тооцон төлөх хүсэлтэй байна.
2022.09.20-нд 6,600,000 төгрөгийг 3 сарын хугацаатай авч 2022.11.07-нд 7,200,000 төгрөг болгон Сайнбаярын Хаан банкны 5094351781 тоот дансанд нөхөр С.Мын 5142152503 гэсэн данснаас шилжүүлсэн болно.
Уг мөнгийг 3 хувь тооцвол харин ч 6,600,000х48 хоног=316,800 төгрөг төлөх ёстойгоос 283,200 төгрөг илүү төлсөн байгаа. 2022.09.30-ны 800,000 төгрөгийг 2023.04.11-ны өдөр Сайнбаярын 5094351781 гэсэн данс руу 2023.04.11-ны өдөр 10,000,000 төгрөг болгон шилжүүлсэн. 2022.09.30-2023.04.01 хүртэл нийт 193 хоног хүү нь 1,494,013 төгрөг, харин ч илүү 505,987 төгрөг төлсөн байгаа. Иймд нийт 17,700,000 төгрөгийг төлсөн.
2022.10.05-нд 25 сая төгрөгийг Сайнбаяр Майнбаярын данс руу шилжүүлсэн. Уг мөнгөн дээр зээлийн гэрээ хийгдээгүй.
Иймд авсан үндсэн мөнгөнүүдээс төлөгдөөгүй 2021.02.22-ны 500,000 төгрөг, 2021.03.30-ны 2,500,000 төгрөг, 2021.09.07-ны 500,000 төгрөг, 2022.01.06-ны 2,500,000 төгрөг, 2020.07.20-ны 1,400,000 төгрөг, 2020.08.18-ны 2,830,000 төгрөг, нийт 10,230,000 төгрөгийн төлөхийг зөвшөөрч байна.
Учир нь Ж.С нь дээрх зээлийг ломбардын журмаар зээлсэн бөгөөд ИХ-ийн 56.1.1-д заасан хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл буйгаар хуульчилсан байна. Мөн ИХ-д зааснаар зээлийн гэрээнүүдийг 2% үйлдээгүй, зөвхөн 1% үйлдэж гарын үсэг зуруулж байсан нь хэлцэл, гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд 53,127,000 төгрөгийг гаргуулна гэснийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Кимганг уул ХХК-ийн барьцаалдан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг Ж.С нь барьцаалдан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдагаа хүлээн зөвшөөрч тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгсөн байна. Харин иргэн Б.Х, С.М нарт татвараас орлогоо нуун дарагдуулахаар хувь хүнээр зээлийн гэрээг байгуулжээ. Нэхэмжлэлийн үнийн дүн 50,730,000 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг 44,730,000 төгрөг зээлсэн гэсэн бөгөөд үүнээс 17,500,000 төгрөг төлсөн гэвэл 33,230,000 төгрөгийн үэлдэгдэл гарч байна. Үүнээс хэдэн хувийн хүү хэдэн төгөрөг, хэдэн төгөрөгийн алданги нэхээд байгаа нь ойлгомжгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5, 62.1.4-т заасан шаардлагыг хангахгүй байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл ойлгомжгүй байгаа ба үүнийг тодорхой болгоогүй байгаа. Хариуцагчийн хувьд Б.Х урьд нь гаргасан тайлбартаа 2022.09.22-ны өдрийн 300,000 төгрөг нэмж зээлсэн тухай шаардлага тайлбарыг орхигдуулсан байна. Уг мөнгийг 2022.09.22-ны өдөр аваад 2022.09.30-ны өдөр эргүүлж төлсөн байгаа. Хариуцагч С.Мын дансаар шилжүүлсэн 25,000,000 төгрөгийг С.М төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Б.Х 2023.04.01-ний өдөр 10,000,000 төгрөг зээлд гэсэн утгаар Ж.Сын Хаан банкны 5094351781 тоот данс руу шилжүүлсэн байгаа. С.Мын Хаан банкны 2023 оны депозит дансны хуулгаар нотлогдоно. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх ААН үйл ажиллагааны төрлийг заасан бөгөөд 15.3.4-т банкнаас бусад этгээд хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх гэжээ. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа нь удаа дараагийн шинжтэй давтан /байнгын/ хийгдсэн байх бөгөөд Ж.С нь зээлийн үйл ажиллагааг байнга эрхлэн явуулдаг болох нь нотлох баримт болгон ирүүлсэн улсын бүрхтгэлийн гэрчилгээ, банкны дансны хуулгуудаар нотлогдож байна. Иргэн иргэндээ зээл өгч байгаа мэтээр зээлийн гэрээ байгуулж, ААН, тусгай зөвшөөрөл авч, улсад зохих татвар хураамж төлөх үйл ажилагаагаа нуун далдалжээ. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, 189.2-т Нийгэм хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно. Тусгай зөвшөөрөлх олгох журмын хуулиар тогтооно. 189.3-т тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулсан гэрээ нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болно гэж Иргэний хуулийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар хуульчилсан. Иргэний хуулийн 56.5-д энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан удаагийн зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгийн /2022.09.22-ны/ зээллийг төлсөн 2022.09.20-ны 6,600,000 төгрөгийн болон 2022.09.30-ны өдрийн 8,000,000 төгрөгийн зээлийг төлсөн тул Б.Хаас Ж.Ст төлөх төлбөргүй, С.Маас зээлсэн 25,000,000 төгрөгийг хариуцагч зөвшөөрч байгаа болох тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, шийдвэрлэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Б.Х 6,045,000 төгрөг, үүн дээр 1,400,000 төгрөгийн үлдэгдлийг нэмээд 2023.04.11-ний өдөр төлсөн 10,000,000 төгрөгийг хасах юм бол 2,555,000 төгрөгийн зөрүү гарч байгаа бөгөөд уг төлбөрийн зөрүүг нөхөр С.Мын зээлсэн мөнгөнөөс хасуулна гэжээ.
4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхнаасаа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ингэж гэрээ тус бүрээр задалж орж ирэх байсан. Зээлийн гэрээний асуудлаар шүүхээр орж ирэхдээ ийм арга тактикаар явдаг юм шиг байна. Нэхэмжлэлдээ ингэж дэлгэрэнгүй тайлбар гаргаагүй байсан. Ж.Сын барьцаалан зээлдүүлэх газраас очиж мөнгө авдаг байсан гэж Б.Х надад “уг барьцаалдан зээлдэх газар нь хүмүүстэй зээлийн гэрээ байгуулахдаа аж ахуйн нэгжийнхээ нэрээр биш хувь хүн буюу Ж.Сын нэрээр гэрээгээ байгуулдаг. Би барьцаалан зээлдүүлэх газраас зээл авсан, иргэн Ж.Саас зээл аваагүй” гэж хэлсэн. Зээл авдаг байсан учир танилын хүрээнд бие биеэ мэднэ гэж байсан. Нэхэмжлэлд дурдагдаад байгаа 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 500,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай авсан гэж байна. Энэ үед дэлхийн хэмжээнд ковид цар тахал гарсан үе байсан. Энэ цар тахалтай холбогдуулан Монгол улсын хэмжээнд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаатай холбоотой шинээр батлагдсан хууль тогтоомж үйлчилж байсан. Хариуцагч зээл авсан нь үнэн, харин одоо би төлөхдөө тухайн үед үйлчилж байсан хуулийн дагуу хүүг 3 хувь, алдангийг 0.2 хувиар тооцож төлнө гэж хэлж байгаа. 500,000 төгрөгийн 1 хоногийн хүү 500 төгрөг байна. 90 хоногоор бодохоор 45,000 төгрөг болж байна. Ингээд 500,000 төгрөг дээр 45,000 төгрөгийг нэмээд нийт 545,000 төгрөгийг төлөхөөр гарч ирж байгаа. Хүүг ингэж тооцно гэвэл төлөхөд татгалзах зүйл байхгүй гэж гараар тайлбар бичиж өгсөн байсан. Өндөр хүүтэй мөнгө зээлүүлээд олсон орлогоосоо татвар төлөхгүйн тулд ингэж хувь хүний нэрээр гэрээ байгуулсан. Хэзээ ч зээлийн гэрээний нэг хувийг надад өгч байгаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа гэрээг Ж.С гуайгаас хуулбарлаж авсан гэж надад хэлсэн. Алдангийг 0.2 хувиар тооцож байсан, энэ үед банк, санхүүгийн байгууллагууд зээл, зээлийн хүүгийн төлөлтийг хойшлуулж байсан, ийм зохицуулалт байсан. Нэгэнт шүүхээр асуудлаа шийдүүлье гэж байгаа бол шүүх алдангийг тооцно гэх юм бол 0,2 хувиар тооцож төлнө гэсэн тайлбарыг ирүүлсэн байгаа. Нэхэмжлэлд дурдсан 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2,500,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 500,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2,500,000 төгрөгийг тус тус авсан. Тухайн зээлийн гэрээний ар талд эдгээр мөнгөнүүд дээр хүү, алданги тооцоогүй гэсэн учир энэ үнийн дүнгээр төлнө гэсэн тайлбар хийсэн. 2022 оны 07 сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 5 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги 0,5 хувь хоног тутамд тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Сая нэхэмжлэгч зээлийн үлдэгдэл 1,400,000 төгрөг гэж хэлсэн. Үүнийг хариуцагч зөвшөөрч байгаа. Энэ мөнгөний хүүг 3 хувиар тооцож төлнө гэсэн. 3 хувиар тооцож үзэхээр хүү 210,000 төрөг болж байгаа. Тухайн үед үйлчилж байсан хууль тогтоомжийн хүрээнд тайлбарлаж хэлж байгаа шүү. Дараагийн зээл нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2,830,000 төгрөгийн зээлийн гэрээ байгаа. Энэ гэрээний ар талд хариуцагч тайлбарлахдаа 3 хувиар тооцож, 4 сарын хугацаагаар бодохоор 339,600 төгрөгийн хүү төлөхийг зөвшөөрч байна гэсэн. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 6,600,000 төгрөгийн зээл байгаа. Энэ мөнгийг Ж.Сын данснаас нөхөр С.Мын данс руу шилжүүлсэн байгаа. Уг мөнгөний хүүг 48 хоногоор 3 хувиар тооцож 316,800 төгрөг болохоос харин ч би 283,200 төгрөг илүү төлсөн гэж үзэж байгаа учир энэ зээлийг бүрэн төлсөн гэж тайлбарласан. Нэхэмжлэгч сая энэ зээлийн хүү гэж 1,056,000 төгрөг үлдсэн гэж байна. Тэгэхээр энэ мөнгийг төлөх үндэслэлгүй. 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 8,000,000 төгрөгийн зээл байгаа. Энэ гэрээний дагуу 10 хувиар бодож хүү 800,000 төгрөгийг авна гэж байна. Ж.Сын данс руу 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт 193 хоногийг 3 хувиар тооцохоор 1,494,013 төгрөг болж байна, би харин ч илүү 505,987 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарлаж бичсэн байна. Зөрүү мөнгөө эргүүлж авъя гэхээр нь миний зүгээс нэгэнт төлөөд дуусгасан бол нэхэж авах хэрэг байхгүй гэж хэлсэн. Нэхэмжлэгч сая энэ гэрээний алданги 4,400,000 төгрөг, зээлийн үлдэгдэл 3,200,000 гэж хэлчихлээ гэж ойлгосон. Хариуцагч Б.Х 25,000,000 төгрөгийг би төлнө гэж хэлдэг. Энэ мөнгийг нөхрийнхөө дансаар авсан нь үнэн гэж хэлдэг. Жишээ нь 500,000 төгрөгийг 12 хувийн хүүтэй, 3 сарын хүү гэж 180,000 төгрөг, алданги 340,000 төгрөг гэж тооцож байна. Тэгэхээр хүүгээс алданги, анз тооцохгүй, ийм зохицуулалт байхгүй. Тиймээс алдангийн тооцоолол үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зээлийн гэрээний тухай тодорхойлолт байгаа. Авсан мөнгөнөөс зарим хэсгийг нь өгсөн. Өгөөгүй мөнгөн дүн нь 2,830,000 төгрөг, 2,000,000 төгрөгийн үлдэгдэл 1,400,000 төгрөг, 500,000 төгрөг сүүлд 5,500,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин нэхэмжилж байгаа 44,863,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул төлөхгүй гэсэн. Б.Х нэхэмжлэлд дурдагдаж байгаа зээлийн гэрээнээс гадна өмнө олон удаагийн давтамжтай зээл аваад төлж байсан юм байна лээ. Тэр зээлүүдийг төлөхдөө 10-12 хувийн хүүтэй авч нийт 5,636,927 төгрөгийг илүү төлсөн байна. Нэгэнт асуудлыг хуулийн үндэслэлтэй шийдүүлье гэж байгаа юм бол илүү төлсөн мөнгөө авъя гэхээр нь хуульч хүний хувьд би нэгэнт төлөөд дууссан учир аваад хэрэггүй гэж хэлж байж болиулсан. Миний үгэнд орж илүү төлсөн мөнгөө нэхээгүй. Нэхэмжлэгч, өмгөөлөгч хоёр 51,330,000 төгрөг авсан гэж байна. Нэхэмжлэлд дурдагдаад байгаа мөнгө дүнгүүдийг нэмэхээр 50,430,000 төгрөг зээлсэн тооцоолол гарч байгаа. Энэ мөнгөн дүнг яаж гаргаад байгааг ойлгохгүй байна. 300,000 төгрөгийг төлсөн гэсэн хэр нь нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байсан. Б.Хын төлсөн 17,200,000 төгрөгийг үндсэн зээл төлсөн гэж тооцоод үзэхээр үндсэн зээлээс 17,500,000 төгрөгийг төлсөн байсан. Нэхэмжлэлд дурдаад байгаа төлсөн гэх 300,000 төгрөг энэ үнийн дүнд орсон харагдаж байна. Сүүлд 11 дүгээр сард 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 6,600,000 төгрөгийг орхигдуулсан байна гэж бичсэн байсан. Тэгэхээр би гайхаад Б.Хаас надад өгсөн баримтыг харахаар энэ мөнгөн дүнг дахиж нэмж оруулаад байгаа юм шиг ойлгомжгүй юм болсон. 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нэг удаа л зээл олгосон юм байна гэж бодож байгаа. Энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдүүлье гэж байгаа бол хариуцагч ч гэсэн би хуулийн хүрээнд шийдүүлнэ гэсэн байр суурьтай байгаа. Нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн захирал хүн юм байна лээ. Энэ харилцааг хуулийн хүрээнд дүгнээд үзэхээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан харилцаа биш, 286 дугаар зүйлд заасан “Барьцаалан зээлдүүлэх журмаар болон иргэнээс байнга, ашиг олох зорилгоор зээл олгох” гэсэн харилцаанд хамаарч байгаа. Нэхэмжлэлийн үндэслэлдээ нэхэмжлэгч би Б.Хд мөнгө өгөхийн тулд хүмүүсээс хүүтэй мөнгө зээлж өгсөн гэж тайлбарладаг. Хүмүүсээс мөнгө зээлж мөнгө өгсөн гэдэг дээр шүүх дүгнэлт хийхгүй. Хүмүүсээс өндөр хүүтэй зээл авсан юм бол тэр баримтаа яагаад авч ирж өгөөгүй юм. Үүнийгээ нэхэмжлэгч нотлож чадаагүй. Шүүхийн цахим сангаас үзэхэд Ж.С гэдэг хувь хүнийнхээ нэрээр зээл гаргадаг ийм хууль зөрчсөн үйлдэл харагдаж байгаа. Хуулийн хүрээнд асуудлыг шийдье, миний эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж байгаа бол талууд хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Ж.С гэдэг хувь хүний нэрээр гаргаад байгаа зээл нь компанийн өмнөөс гаргаад байгаа зээл гэж харах боломжтой. Мөнгө зээлүүлж, буцаагаад аваад байгаа нь байнгын давтамжтай, тогтвортой зээлийн шинжийг хангаж байгаа учир энэ харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлээр шийдвэрлэгдэхгүй. Энэ харилцаа нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлээр зохицуулагдах харилцаа юм. Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг газар нь ямар журмаар үйл ажиллагаа явуулах зэрэг дотоод журам байх ёстой. Ийм ямар ч журамт байхгүй. Хариуцагч нь 5-4 дүгээр байрны 1 дүгээр орцны хажууд ломбард гээд бичсэн газраас очиж мөнгө авдаг байсан. Энэ талаарх фото зураг хэрэгт байгаа. Энэ харилцааг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхээр байгаа. Мөн хуулийн 56.5-т “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан байдаг. Зарим зээлийг төлсөн. Өгөөгүй мөнгөн дүн нь 2,830,000 төгрөг, 2,000,000 төгрөгийн үлдэгдэл 1,400,000 төгрөг, 500,000 төгрөг, сүүлд 5,500,000 төгрөг, 25,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөгийг Б.Х төлөх үүрэгтэй. Хуулийн этгээд байж хуулийн этгээдийн үйл ажиллагаанд нийцсэн үйл ажиллагааг явуулах ёстой. Хуулийн хүрээнд татвараа төлөөд явах ёстой. Хэрэгцээ шаардлага гараад мөнгө зээлсэн нь үнэн, хүн чанар гаргаад тэр үед үйлчилж байсан хуулийн хүрээнд хүү, алдангийг төлөх боломжтой гэсэн хариу тайлбарыг надад хариуцагч Б.Х хэлсэн. Үүнийг дамжуулах нь зүйтэй байх. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-т хүүгээс анз тооцохгүй гэсэн зохицуулалт байгаа. 500,000 төгрөгийг зээлүүлээд хүүг нь 12 хувиар бодож 180,000 төгрөгийг үүнийг нэмэхээр 680,000 төгрөг болно, 680,000 төгрөгийнхөө 50 хувиар алдангийг тооцож байгаа нь үндэслэлгүй. Хүүгээс анз тооцохгүй гэсэн хуулийн заалт байхгүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч яриад байх юм. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийг уншаад үзээрэй. Ийм зохицуулалт байгаа. Энэ зээл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу шийдэгдэх биш Иргэний хуулийн 286 дугаар зүйл заалтаар зохицуулагдах ёстой. Судлаад байгаа хэлцлүүд нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-т заасан шаардлагыг хангаагүй. Хангаагүй учир хүчин төгөлдөр хэлцэл болж чадахгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл талуудад үлдэх хувь дээр гарын үсэг зурсан байх ёстой, гэтэл энэ нь хийгдээгүй. Энэ байдал нь Б.Хын тайлбараар нотлогдоно. Иргэд хоорондын зээл гэж яриад байна. Иргэний хуульд иргэд хоорондын зээл гэсэн ийм зохицуулалт байхгүй. Харин барьцаа аваад зээл өгдөг ийм үйл ажиллагаа явуулдаг харилцааг хуульд зохицуулсан байгаа. Иргэний хуулийн 286 дугаар зүйлд өөрчлөлт орсон. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаар барьцаалан зээлдэх үйл ажиллагаа явуулдаг нь нотлогдсон. Нэхэмжлэгч 10 удаа зээл олгож байсан гэж дурдсан байсан. Энэ хариуцагчийн өгч байгаа тайлбартай тохирч байгаа. Нэхэмжлэгч барьцаалан зээлдүүлэх журмыг зөрчиж иргэн Ж.С гэсэн нэрээр гэрээ байгуулсан. Энэ гэрээг иргэд хоорондын зээл гэж тодорхойлж байгаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэл муутай байна. Б.Х нь би барьцаалан зээлдүүлэх газраас зээл авсан. Тухайн үед барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг зохицуулсан Монгол Улсын Засгийн газраас тогтоол гарч байсан. Энэ хууль, тогтоомжид хүүг 3 хувиас хэтрүүлэхгүй, алдангийг 0,2 хувиар тооцно гэж заасан учир би үүний дагуу төлбөрийг төлмөөр байна гэж илэрхийлж байгаа. Ж.Ст С.М нь зээл авъя гэж илэрхийлж байгаагүй, би зээл авах талаар илэрхийлж зээл авдаг байсан гэж Б.Х хэлж байсан. Эдгээр хэлцлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх эрх зүйн үндэслэл гарч ирж байна. Гэхдээ хариуцагч Б.Х төлөөгүй үлдсэн зээлүүдийг хүүг 3 хувиар, алдангийг 0,2 хувиар тооцож төлнө гэсэн тайлбар гаргаж байгаа. 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 10,230,000 төгрөг, үүн дээр С.Мын дансаар хүлээж авсан 25,000,000 нийт 35,230,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа учир энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгөн дүн үндэслэлгүй байгаа учир үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.02.22 болон 2022.07.20, 2022.08.18, 2022.09.20, 2022.09.30-ны өдрүүдийн зээлийн гэрээ, Хаан банкны 2021.09.07-ны өдрийн банк хоорондын шилжүүлгийн баримт, мөн банк дахь нэхэмжлэгчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгуудын хуулбар, чатаар харилцсан гэх баримтын хуулбар, 2022.09.30-ны өдрийн барьцааны гэрээ, 000346567 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, “Кимганг уул” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, мөн компанийн 2020-2023 онуудын “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан” болон “Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан”-гуудын хуулбар /бар кодтой/, Баян-Өндөр сумын Уртбулаг багийн Засаг даргын 2023.11.13-ны өдрийн 254 дугаартай албан бичиг, Монголын татварын албанаас гаргасан “Аж ахуйн нэгж, байгууллагын тодорхойлолт” /QR код бүхий/, Төрийн үйлчилгээний нэгдсэн систем /ТҮЦ машин/-ээс 2023.11.15-ны өдөр олгосон нэхэмжлэгчийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”, мессежээр харилцсан гэх баримтуудын хуулбар, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тайлбар, 2022.05.02-ны болон 2022.07.08, 2022.07.10, 2022.08.01-ний өдрүүдийн зээлийн гэрээний хуулбар, Хаан банк дахь нэхэмжлэгчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгуудын нотлох баримтын шаардлага хангасан хуулбар, 2022.07.06 болон 2022.09.29-ний өдрүүдийн зээлийн гэрээ, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн болно. (1 дэх хх-н 3-16, 40-41, 69-215, 2 дахь хх-н 1-71, 90-116 тал)
6. Хариуцагч талаас: төлөөлөгч томилсон итгэмжлэлүүд, хариуцагч Б.Хын хариу тайлбарууд, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, хариуцагч С.Мын Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчийн ажиллуулдаг гэх ломбардны гадна талыг харуулсан гэрэл зургууд, зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн болно. (1 дэх хх-н 19-20, 43-44, 52, 2 дахь хх-н 72-78, 118, 122-124 тал)
7. Шүүхээс: хариуцагч талын хүсэлтээр Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Татварын хэлтсээс тус тус нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд аймгийн Засаг даргаас 2023.10.31-ний өдрийн 02/2399 дугаартай албан бичиг, Татварын хэлтсээс 2023.11.01-ний өдрийн 03/811 дугаартай албан бичгийг “Татвар төлөгчийн мэдээлэл”, “ТТ-06 Хувь хүний орлогын албан татварын тайлан”-гуудыг тус тус ирүүлсэн болно. (1 дэх хх-н 45-51 тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.С нь тус шүүхэд хариуцагч Б.Х, С.М нарт холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 53,127,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “8,264,000 төгрөгөөр багасгаж” хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 44,863,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, уг шаардлагаа шүүх хуралдаанд бүрэн дэмжиж оролцсон болно. (1 дэх хх-н 1-2 тал, 2 дахь хх-н 90 тал)
Нэхэмжлэгч ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг “зээлийн гэрээний үүрэгт 44,863,000 төгрөг гаргуулах тухай” гэж үзнэ.
Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч, дараах үндэслэлээр хариуцагч Б.Хд холбогдох 44,863,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж, хариуцагч С.Мт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ж.С, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нар нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “...Б.Х өөрөө над дээр ирээд тендерт оролцох гэж байна, 50 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй олоод өг гэж ирсэн. Надад тийм их мөнгө байхгүй гэхэд танд таньдаг ломбард зөндөө байдаг биз дээ, тэр газруудаасаа зээлээд, дээр нь тэтгэврийн зээлээ аваад өгчих эсвэл байраа зарчих гэж хэлсэн. Цар тахлын үед хэцүү байхад заавал олоод өг гэж хэлж, өдөр болгон мессэж бичиж байсан. Мессэж нь одоо хүртэл байгаа. Чи хуулийн хүрээнд зээлдээ нийцсэн барьцаагаа тавиад зээл ав гэхээр миний дүүгийн байр, надад өөрийн гэсэн байр байхгүй, би танд үнэн учраа хэлье гэж амьдралаа ярьж гуйж байсан. Би ганцхан Б.Х-д итгээд л 5 хүнээс хүүтэй мөнгө зээлж, мөн өөрөө тэтгэврийн зээл авч түүнд нийт 51,330,000 төгрөг зээлдүүлсэн. Хүмүүсээс авсан мөнгөнийхөө сар бүрийн хүү болон төлөлтөө хэрхэн хийж байсныг нотлох зорилгоор дансны хуулгаа хэрэгт өгсөн. Би өөрөө давхар хүүтэй мөнгө зээлж авч байж Б.Хд өгсөн зээл дээр татвар төлөх юм уу. Би барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн татвараа цаг тухайд нь төлөөд явдаг. Шалгаж болно. Б.Х надтай сайн дурын үндсэн дээр зээлийн гэрээ байгуулсан. Хонгорзул нь надад 50,000,000 төгрөг бэлэн байх ёстой, та олоод өгөөч, би тендерт оролцох гэж байна гэж гуйсан хариуцагчийн хүсэл зоригийн илэрхийллийн үр дүнд бий болсон зүйл. Зээлийн гэрээг 2 хувь үйлдэж гаргадаг. Б.Хын хадгалах ёстой зээлийн гэрээг би хадгалах ёсгүй. Ж.С, Б.Х нарын хооронд сайн дурын үндсэн дээр зээлийн гэрээ байгуулагдсан. Энэ харилцаа нь Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд зааснаар зохицуулагдана. Хуульд зааснаар зээлийн гэрээний хүү, алдангийг тооцох хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээнд хангаж өгнө үү...” гэж тайлбарладаг.
Хариуцагч Б.Х, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул нар нэхэмжлэлийн шаардлагаас 35,230,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч татгалздаг бөгөөд татгалзлын үндэслэлээ “...Ж.С-т С.М нь зээл авъя гэж илэрхийлж байгаагүй. Нэхэмжлэгч барьцаалан зээлдүүлэх журмыг зөрчиж иргэн Ж.С гэсэн нэрээр гэрээ байгуулсан. Энэ гэрээг иргэд хоорондын зээл гэж тодорхойлж байгаа нь үндэслэл муутай. Б.Х нь би барьцаалан зээлдүүлэх газраас зээл авсан, тухайн үед барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг зохицуулсан Монгол Улсын Засгийн газраас тогтоол гарч байсан, үүнд хүүг 3 хувиас хэтрүүлэхгүй, алдангийг 0,2 хувиар тооцно гэж заасан учир би үүний дагуу төлбөрийг төлмөөр байна гэж илэрхийлж байгаа. Судлаад байгаа хэлцлүүд нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-т заасан шаардлагыг хангаагүй учир хүчин төгөлдөр хэлцэл болж чадахгүй. Талуудад үлдэх хувь дээр гарын үсэг зурсан байх ёстой, гэтэл энэ нь хийгдээгүй. Энэ байдал нь Б.Хын тайлбараар нотлогдоно. Иргэд хоорондын зээл гэж яриад байна. Иргэний хуульд иргэд хоорондын зээл гэсэн зохицуулалт байхгүй. Энэ зээл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу шийдэгдэх биш 286 дугаар зүйл заалтаар зохицуулагдах ёстой. Эдгээр хэлцлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байх эрх зүйн үндэслэл гарч ирж байна. Гэхдээ хариуцагч Б.Х төлөөгүй үлдсэн зээлүүдийн хүүг 3 хувиар, алдангийг 0,2 хувиар тооцож төлнө гэж тайлбарладаг. 2023.10.02-ны өдрийн байдлаар 10,230,000 төгрөг, үүн дээр С.Мын дансаар хүлээж авсан 25,000,000 төгрөг, нийт 35,230,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа учир энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгөн дүн үндэслэлгүй учир үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарладаг.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
1. Нэг талаас нэхэмжлэгч Ж.С, нөгөө талаас хариуцагч Б.Х нар нь:
- 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 500,000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр,
- 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 5 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр,
- 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 2,830,000 төгрөгийг, 4 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр,
- 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 6,600,000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр,
- 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 8,000,000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцон зээлийн гэрээг бичгээр байгуулжээ.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Ж.С, хариуцагч Б.Х нар нь дээрх гэрээнүүдийг байгуулахаар харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнүүдийг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулж, нэхэмжлэгч нь гэрээнүүдийн дагуу нийт 19,930,000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна.
2. Мөн дээрхээс гадна нэхэмжлэгч Ж.С, хариуцагч Б.Х нар нь:
- 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг,
- 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 500,000 төгрөг,
- 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 2,500,000 төгрөг,
- 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 300,000 төгрөг,
- 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 25,000,000 төгрөг, нийт 30,800,000 төгрөгийг зээлдүүлэхээр харилцан хүсэл зоригоо илэрхийлж, нэхэмжлэгчийн хувьд харилцан тохиролцсоны дагуу 30,800,000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна.
Дээрх бүгдээс үзэхэд нэхэмжлэгч Ж.С, хариуцагч Б.Х нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байх ба тэдний хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ж.С нь нийт 50,730,000 төгрөгийг хариуцагч Б.Хд буюу түүний хэлснээр түүний нөхөр, хариуцагч С.Мын банк дахь харилцах данс руу шилжүүлсэн, харин хариуцагч Б.Х нь гэрээний дагуу тохирсон хугацаанд мөнгийг зээлдүүлэгчид буцаан өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Зээлдэгч Б.Х нь зээлдүүлэгч Ж.С-т:
- 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөгийг буцаан төлснийг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр бичгийн гэрээ байгуулаагүй зээлдүүлсэн зээлийн төлбөрт,
- 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 7,200,000 төгрөгийг буцаан төлснийг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр бичгийн гэрээ байгуулж зээлдүүлсэн 6,600,000 төгрөгийн үндсэн зээл 6,600,000 төгрөгт тооцож, үлдэх 600,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бичгийн гэрээ байгуулж зээлдүүлсэн 2,000,000 төгрөгийн үндсэн зээлээс хасаж,
- 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 10,000 000 төгрөгийг буцаан төлснийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр бичгийн гэрээ байгуулж зээлдүүлсэн 8,000,000 төгрөгийн үндсэн зээл 8,000,000 төгрөгт тооцож, үлдэх 2,000,000 төгрөгийг тус гэрээний дагуу төлөх ёстой гэж тооцсон хүү, алданги 5,200,000 төгрөгөөс хасаж тус тус тооцохоор харилцан тохиролцжээ.
Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Х нь нэхэмжлэгч Ж.Ст нийт 17,500,000 төгрөгийг буцаан төлсөн байна. Талууд дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөн дүн болон хариуцагчаас буцаан төлсөн мөнгөн дүнгийн талаар маргадаггүй.
Харин хариуцагч Б.Х “...Би барьцаалан зээлдүүлэх газраас зээл авсан...” гэж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул “...талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ бус, 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдүүлэх журмаар олгосон зээлийн гэрээ байгуулагдсан, гэхдээ мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д зааснаар гэрээг талуудад үлдэх хувь дээр гарын үсэг зурсан байх ёстой, гэтэл энэ нь хийгдээгүй, хуулийн шаардлагыг хангаагүй учир хүчин төгөлдөр хэлцэл болж чадахгүй. Мөн нэхэмжлэгч барьцаалан зээлдүүлэх журмыг зөрчиж иргэн Ж.С гэсэн нэрээр гэрээ байгуулсан нь хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хэлцэл хийсэн учир хүчин төгөлдөр бус хэлцэл байна...” гэж тус тус маргадаг.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ж.С нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй “Кимганг уул” ХХК-ийн захирлаар ажилладаг, тус компанийн үйл ажиллагааг эрхлэн явуулж, компанийн “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан”-г болон “Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан”-г улирал бүр гаргаж, холбогдох татвар хураамжаа төлдөг нөхцөл байдлууд тогтоогддог.
Гэвч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Ж.С, хариуцагч Б.Х нар нь мөн хуулийн 195 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулах талаар харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулах санал гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д тус тус зааснаар зээлийн гэрээг байгуулсан байна.
Харин шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд болон талуудын тайлбараар нэхэмжлэгч Ж.С, хариуцагч С.М нарын хооронд гэрээ байгуулах талаар харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулах санал гаргаж, зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэгч Ж.С, хариуцагч Б.Х нарын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан барьцаалан зээлдүүлэх журмаар олгосон зээлийн гэрээ байгуулагдсан гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хэлцэл хийсэн гэж тус тус үзэх үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгч Ж.С, хариуцагч Б.Х нарын хооронд барьцаалан зээлдүүлэх журмаар олгосон зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч талын гаргасан “Монгол улсын Засгийн газраас Ковидын нөхцөл байдалтай холбогдуулан авсан арга хэмжээний дагуу зээлийн хүүг 3 хувиар, алдангийг 0,2 хувиар тооцож төлнө” гэж байгаа татгалзлыг болон дээрх тайлбар, татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.
Хариуцагч Б.Х нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар гэрээгээр шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцааж өгөх үүрэг, 281.3-т зааснаар бичгээр байгуулсан гэрээгээр тохирсон хүүг төлөх үүрэг, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн, мөн талуудын хооронд бичгээр байгуулагдсан “Зээлийн гэрээ”-нүүдийн 3-т “Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй” гэж заасан байх тул нэхэмжлэгч Ж.С нь гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч Б.Хаас шаардах эрхтэй, хариуцагч Б.Х нь зээл, зээлийн хүү, алдангийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна. Харин нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч С.Маас зээлийн гэрээний үүрэг биелүүлэхийг шаардах эрхгүй байна.
Нэхэмжлэгч Ж.С, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нар нь шүүх хуралдаанд “зээлийн гэрээний үүрэгт 44,863,000 төгрөг гаргуулах тухай” шаардлагаа тодорхойлохдоо:
1. 2021.02.22-ны өдөр 500,000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон гэрээний дагуу үндсэн зээлд 500,000 төгрөг, зээлийн хүүд 180,000 /1 сарын хүү 60,000х3/ төгрөг, алдангид 340,000 /гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 680,000 төгрөгийн 50%/ төгрөг, нийт 1,020,000 төгрөг,
2. 2022.07.20-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 5 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон гэрээний дагуу үндсэн зээлд 2,000,000 төгрөг, зээлийн хүүд 1,000,000 /1 сарын хүү 200,000х5/ төгрөг, алдангид 1,500,000 /гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 3,000,000 төгрөгийн 50%/ төгрөг, нийт 4,500,000 төгрөгөөс хариуцагчийн 2022.11.06-ны өдөр төлсөн 600,000 төгрөгийг хасаж үлдэгдэл 3,900,000 төгрөг,
3. 2022.08.18-ны өдөр 2,830,000 төгрөгийг, 4 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон гэрээний дагуу үндсэн зээлд 2,830,000 төгрөг, зээлийн хүүд 1,132,000 /1 сарын хүү 283,000х4/ төгрөг, алдангид 1,981,000 /гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 3,962,000 төгрөгийн 50%/ төгрөг, нийт 5,943,000 төгрөг,
4, 2022.09.20-ны өдөр 6,600,000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон гэрээний дагуу хариуцагч нь 2022.11.06-нд үндсэн зээл 6,600,000 төгрөгийг төлсөн, хариуцагчийн төлөхийг зөвшөөрсөн дүнгээр гэж зээлийн хүүд 1,400,000 төгрөг,
5. 2022.09.30-ны өдөр 8,000,000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон гэрээний дагуу үндсэн зээлд 8,000,000 төгрөг, зээлийн хүүд 800,000 /1 сарын хүү/ төгрөг, алдангид 4,400,000 /гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 8,800,000 төгрөгийн 50%/ төгрөг, нийт 13,200,000 төгрөгөөс хариуцагчийн 2023.04.11-ний өдөр төлсөн 10,000,000 төгрөгийг хасаж үлдэгдэл 3,200,000 төгрөг,
6. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү, алданги толоцоогүй гэх гэрээнүүд болох 2021.03.30-ны өдөр зээлдүүлсэн 2,500,000 төгрөг, 2021.09.07-ны өдөр зээлдүүлсэн 500,000 төгрөг, 2022.01.06-ны өдөр зээлдүүлсэн 2,500,000 төгрөг, 2022.10.05-ны өдөр зээлдүүлсэн 25,000,000 төгрөгийг тус тус тооцсон гэж тайлбарладаг. Эдгээрийн нийт дүн нь нэхэмжлэлийн шаардлага 44,863,000 төгрөгөөс давсан 45,963,000 төгрөгийн дүн гарч байна.
Шүүх хуралдаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүүгээс анз тооцох үндэслэлгүй гэж маргадаг боловч зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэдэгт үндсэн зээл болон гэрээнд заасан хугацааны хүү зэрэг багтана.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д “Хүүгээс анз тооцохгүй” гэж заасан хэдий ч үүнийг мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасан үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс үүсэх үүрэг буюу гэрээнд заасан хугацаанаас хэтэрсэн хугацаанд хүү тооцсон тохиолдолд тэрхүү хэтэрсэн хугацаанд тооцсон хүүгээс анз тооцохгүй байхыг ойлгоно.
Иймд гэрээнд заасан хугацаанд төлөх ёстой хүүг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд оруулан тооцох тул нэхэмжлэгч Ж.С нь хууль болон гэрээнд зааснаар хариуцагч Б.Хаас шүүх хуралдаанд тайлбарласан дээрх тооцооллын дагуу үндсэн зээл, гэрээнд заасан хугацааны хүү, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээний алданги зэргийг шаардсан нь үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь дээрх тооцооллоор нийт 45,963,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байх хэдий ч шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 44,863,000 төгрөгийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Дээрх бүгд үндэслэлүүдээр шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Хаас зээлийн гэрээний үүрэгт 44,863,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ст олгож, хариуцагч С.М нь зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй учир түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн хариуцагч С.Мын Хаан банк дахь 5142152503 тоот харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн /53,127,000 төгрөг/-гийн хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШЗ2023/05678 дугаартай захирамж нь энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдах нь зүйтэй.
Хуульд зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423,585 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 382,265 /44,863,000 төгрөгт ногдох/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Х-аас зээлийн гэрээний үүрэгт 44,863,000 /дөчин дөрвөн сая найман зуун жаран гурван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.С-т олгож, хариуцагч С.М-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423,585 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 382,265 /гурван зуун наян хоёр мянга хоёр жаран тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.С-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар хариуцагч С.М-ын Хаан банкин дахь 5142152503 тоот харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн /53,127,000 төгрөг/-гийн хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШЗ2023/05678 дугаартай захирамж нь энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, талууд хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА