Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 156/шш2022/00369

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2022/00232/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, шүүгч Х.Отгонжаргал, шүүгч Б.Уранзаяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Э.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бусаар хоригдсоны улмаас учирсан гэм хорын болон сэтгэл санааны хохирол нийт 25,116,000 төгрөг гаргуулах

Шүүх хуралдааны оролцогчид:

Прокурор Ж.*******

Нэхэмжлэгч Э.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******

Нарийн бичгийн дарга М.Уугантуяа

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Э.******* нь хууль бусаар хоригдсоны улмаас учирсан гэм хорын болон сэтгэл санааны хохирол нийт 25,116,000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

2.Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оны 5 дугаар сард Улаанбаатар хотын Монетел үйлчилгээний төвд хуучин гар утас худалдан авч зарж борлуулдаг байсан юм. Гэтэл 2010 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр намайг Улаанбаатар хотын Багануур дүүргийн Дөл түшиг нэртэй төмрийн үйлдвэрт ажиллаж байхад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсээс цагдаагийн албан хаагч нар ирж ажлын байран дээрээс намайг баривчлан авч явсан. Ингээд 2010 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр намайг Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн Баян-Уулын 41-3 тоотод оршин сууж байсан иргэн Ш.*******г хоолойг нь боомилж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдуулан хойшлуулашгүйгээр баривчилж 2010 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 11 хоног цагдан хорих шийдвэр гарсан. 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 338/1 дугаартай шүүгчийн захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Төв аймаг дахь цагдан хорих байранд 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл нийт 46 хоног яллагдагчаар цагдан хорих хугацааг сунгасан. Мөн шүүхээс 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нийт 120 хоног цагдан хорьсон. Ингээд 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээс миний эрүүл мэндийн байдал болон хувийн байдлыг харгалзан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилсөн. Үүнээс хойш мөрдөн байцаагч, прокурорын зүгээс намайг шаардлагатай бол дуудна гэсэн боловч нэг ч удаа дуудаж уулзахгүй байсан тул миний бие 2022 оны 4 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт очиж уулзахад 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол гарсан байсан. Би 2010 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс тасралтгүй 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нийт 177 хоног үйлдээгүй хэргийн төлөө хууль бусаар цагдан хоригдсон, сэжигтнээр 3 хоног баривчлагдсан, энэ хугацааны гэм хорын хохиролд тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108,000 төгрөгийг 1 хоногоор бодож /177х108,000=19,116,000/ нийт 19,116,000 төгрөгийг төрөөс нэхэмжилж байна. Миний бие нийт 6 сар хууль бусаар цагдан хоригдохдоо сэтгэл санааны хувьд маш их хохирсон. Хоригдож байсан хугацаанд жижигхэн цонхтой, нарны тусгалгүй агааргүй өрөөнд наймуулаа хоригдож байсан бөгөөд дандаа онц хүнд гэм хэрэгт холбогдсон яллагдагч нарын камерт намайг оруулж надад хүн амины хэргээ хүлээ гэсэн дарамт шахалт байнга үзүүлж, харгалзагч болон яллагдагч нар нь зоддог байсан тул байнгын айдастай түгшүүртэй шөнө унтаж чадахгүй сэтгэл санаа тогтворгүй хүнд нөхцөлд сэтгэл зүйн маш их дарамтанд орсон бөгөөд миний үндсэн хуулиар олгогдсон халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдсөн. Мөн эхнэр хүүхэдтэй байсан бөгөөд намайг хоригдоод гарч ирэхэд өөр хүнтэй суусан байсан. Иймд баримвчлагдсан 3 хоногтойгоо нийлээд хууль бусаар нийт 180 хоног баривчлагдан, цагдан хоригдсоны гэм хорын хохиролд 19,116,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 6,000,000 төгрөг, нийт 25,116,000 төгрөгийг төрөөс нэхэмжилж байна гэв.

3.Төрийг төлөөлж оролцсон прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.******* нь 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 76 дугаартай прокурорын хэрэгсэхгүй болгосон тогтоолоор үндэслэлгүй цагдан хоригдсон нь тогтоогдсон тул нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй байна. Харин нэхэмжлэлийн үнийн дүнгийн хувьд өөр байр суурьтай байгаа. Нэхэмжлэгч Э.******* нь эрүүгийн 21038189 дугаартай хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 буюу хүнийг санаатай алах гэмт хэрэгт сэжигтнээр болон яллагдагчаар цагдан хоригдсон болох нь хэрэгт авагдсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжуудаар тогтоогдож байна. Эрүүгийн 21038189 дугаартай хэрэгт Э.******* нь сэжигтнээр 3 хоног баривчлагдсан, яллагдагчаар 177 хоног цагдан хоригдсон байна. Тус хэргийг 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 76 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол хүчин төгөлдөр болсон байх тул иргэн Э.*******ын цагдан хоригдсон шийдвэр нь үндэслэлгүйгээр цагдан хоригдсон гэх нөхцөл бүрдсэн байна. Нэхэмжлэгч нь цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед дагаж мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нэхэмжлэлээ гаргасан байна. Э.*******ыг цагдан хоригдох үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 390 дүгээр зүйл болон 2015 онд батлагдсан, одоо дагаж мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн хохирол нөхөн төлүүлэхэд олох ёстой байсан орлого, тэтгэвэр тэтгэмж цалин хөлсийг нөхөн олгохоор адилхан зохицуулсан. Энэ заалтад өөрчлөгдсөн зүйл байхгүй. Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 350 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2008 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс нэг цагт 642 төгрөг 85 мөнгө, сард 108,000 төгрөгөөр тогтоосон ба 2013 оныг хүртэл энэ тогтоол хүчинтэй байсан тул тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцвол Эрх бүхий албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас сэжигтнээр болон яллагдагчаар цагдан хоригдохдоо 24 цагаар эрх чөлөөгөө хязгаарлуулж байсан тул 24 цагаар тооцож 642,82 төгрөгийг х 24 цаг=15,571,68 төгрөг, үүнийг үндэслэлгүй цагдан хоригдсон, баривчлагдсан 180 хоногоор үржүүлбэл 2,802,902 төгрөг 4 мөнгө болж байна. Иймд 2,802,902 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сэтгэл санааны хохирол 6,000,000 төгрөгийг ханган шийдвэрлэх боломжгүй, энэ талаар хуульчилж тогтоосон зүйл байхгүй гэв.

4.Иргэдийн төлөөлөгч Х.******* шүүх хуралдаанд гэм хорын хохирлыг нэхэмжлэгчид олгох нь зөв гэсэн дүгнэлт гаргажээ.

5.Нэхэмжлэгч Э.******* шүүхэд өөрийн нэр дээрх иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 3 тал), Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолт (хх-ийн 4 тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 338 дугаартай Сэжигтнийг цагдан хорих тухай шүүгчийн захирамжийн хуулбар (хх-ийн 5 тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 338/1 дугаартай Яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамжийн хуулбар (хх-ийн 6 тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2/В дугаартай Яллагдагчийг цагдан хорих арга хэмжээг өөрчлөх тухай шүүгчийн захирамжийн хуулбар (хх-ийн 7 тал), Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 72 дугаартай Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын хуулбар (хх-ийн 8 тал), Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 213 дугаартай Хариу мэдэгдэх хуудас (хх-ийн 9 тал)-уудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

6.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 338/1 дугаартай Яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамжийн хуулбар (хх-ийн 27 тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 338/3 дугаартай Яллагдагчийг хорьж мөрдөх хугацааг сунгах тухай шүүгчийн захирамжийн хуулбар (хх-ийн 28 тал), Сонгинохайрхан дүүргийн ЦХ-н 2010 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Сэжигтнийг баривчлах тухай тогтоолын хуулбар (хх-ийн 34-35 тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 338 дугаартай Сэжигтнийг цагдан хорих тухай шүүгчийн захирамжийн хуулбар (хх-ийн 36 тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 338/1 дугаартай Яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамжийн хуулбар (хх-ийн 37 тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 338/2 дугаартай Яллагдагчийг өөр газар шилжүүлэн цагдан хорих тухай шийдвэрийн хуулбар (хх-ийн 38 тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 338/3 дугаартай Яллагдагчийг хорьж мөрдөх хугацааг сунгах тухай шүүгчийн захирамжийн хуулбар (хх-ийн 39 тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай Яллагдагчийг хорьж мөрдөх хугацааг сунгах тухай шүүгчийн захирамжийн хуулбар (хх-ийн 40 тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 2/1 дугаартай Яллагдагчийг хорьж мөрдөх хугацааг сунгах тухай шүүгчийн захирамжийн хуулбар (хх-ийн 41 тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2/Б дугаартай Яллагдагчийг хорьж мөрдөх хугацааг сунгах тухай шүүгчийн захирамжийн хуулбар (хх-ийн 42 тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2/В дугаартай Яллагдагчийг цагдан хорих арга хэмжээг өөрчлөх тухай шүүгчийн захирамжийн хуулбар (хх-ийн 43 тал), Сонгинохайрхан дүүргийн Мөрдөн байцааах тасгийн 2011 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай тогтоолын хуулбар (хх-ийн 44 тал)-ыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч нь Би 2010 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс тасралтгүй 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нийт 177 хоног үйлдээгүй хэргийн төлөө хууль бусаар цагдан хоригдсон, мөн сэжигтнээр 3 хоног баривчлагдсан, энэ хугацааны гэм хорын хохирол болон сэтгэл санааны хохирлоо төрөөс нэхэмжилж байна гэж шаардах эрхээ тодорхойлсон.

3.Прокурор төрийг төлөөлж дараах үндэслэлээр тайлбар гаргасан. Үүнд:

Нэхэмжлэгч Э.******* нь 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 76 дугаартай прокурорын хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолоор үндэслэлгүй цагдан хоригдсон нь тогтоогдсон тул түүний хохирол нэхэмжилж буй нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд гэм хорын хохирлыг Э.*******ын цагдан хоригдох үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 390 дүгээр зүйл болон 2015 онд батлагдсан, одоо дагаж мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлд заасан заалтаар, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 350 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2008 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс нэг цагт 642 төгрөг 85 мөнгө, сард 108,000 төгрөгөөр тогтоосон хэмжээгээр тооцож, сэжигтнээр болон яллагдагчаар цагдан хоригдохдоо 24 цагаар эрх чөлөөгөө хязгаарлуулж байсан тул 24 цагаар тооцож 642,82 төгрөгийг х 24 цаг=15,571,68 төгрөг, үүнийг үндэслэлгүй цагдан хоригдсон, баривчлагдсан 180 хоногоор үржүүлээд 2,802,902 төгрөгийг төрөөс гаргаж, сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцлээ.

4.Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч Э.******* нь 2010 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны иргэн Ш.*******г гэрт нь боомилж амь насыг нь хохироосон хэрэгт сэжиглэгдэж 2010 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 3 хоног баривчлагдан /хх-ийн 34-35/ улмаар Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 338 дугаартай Сэжигтнийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж /хх-ийн 36/, мөн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 338/1 дугаартай Яллагдагчийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж /хх-ийн 37/, 2010 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 338/2 дугаартай Яллагдагчийг өөр газар шилжүүлэн цагдан хорих тухай шийдвэр /хх-ийн 38/, 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 338/3 дугаартай Яллагдагчийг хорьж мөрдөх хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 39/, 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай Яллагдагчийг хорьж мөрдөх хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 40/, 2011 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 2/1 дугаартай Яллагдагчийг хорьж мөрдөх хугацааг сунгах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 41/, 2011 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2/Б дугаартай Яллагдагчийг хорьж мөрдөх хугацааг сунгах тухай шүүгчийн захирамжуудаар нийт 177 хоног цагдан хоригдож, 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2/В дугаартай Яллагдагчийг цагдан хорих арга хэмжээг өөрчлөх тухай шүүгчийн захирамж /хх-ийн 43/-аар Э.*******ын хувийн байдлыг нь харгалзан үзэж цагдан хорих арга хэмжээг өөрчлөн бусдын батлан даалтад гаргаж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 72 дугаартай тогтоол /хх-ийн 9/-оор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн байна.

Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-д Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэхээр заасан бөгөөд хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй гэж тунхагласан.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т  Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны  журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж заасан ба хуулийн энэ зохицуулалт нь тухайн үйл явдал эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал мөн эсэхийг тогтоох, улмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоогдсон гэж үзвэл төрөөс гаргуулах нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх хэм хэмжээ юм.

Иймд Э.*******ын нийт 180 хоног хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоож, зөрчигдсөн эрхийг хуульд заасан журмын дагуу сэргээх нь зүйтэй байна.

Түүнчлэн хууль бусаар баривчлагдсан буюу цагдан хоригдсон этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45-р зүйлд заасан. Дээрх хууль бус ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн аваагүй дундаж цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлогыг мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.3, сэтгэл санааны хохирлыг 45.4-д зааснаар төрөөс мөнгөн хэлбэрээр нөхөн гаргуулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Э.******* 2010 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр баривчлагдахаас өмнө Багануур дүүрэгт Дөл түшиг төмрийн үйлдвэрт ажиллаж байсан гэж тайлбарлах боловч тэрээр тухайн үед авч байсан цалин хөлс, орлогоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул 2010 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 180 хоног сэжигтнээр баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааны хохирлыг тооцохдоо түүнийг цагдан хоригдох үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 390 дүгээр зүйл болон 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан, одоо дагаж мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн хохирол нөхөн төлүүлэхэд олох ёстой байсан орлого, тэтгэвэр тэтгэмж цалин хөлсийг нөхөн олгохоор тус тус зохицуулсан заалтыг үндэслэн тооцов.

Ингэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 350 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2008 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс нэг цагт 642 төгрөг 85 мөнгө, сард 108,000 төгрөгөөр тогтоосон ба энэ нь нэхэмжлэгч Э.*******ын цагдан хоригдож байсан хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ тул энэхүү хэмжээгээр тооцох нь зүйтэй. Харин хугацааг тооцохдоо иргэн эрх бүхий албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас сэжигтнээр болон яллагдагчаар цагдан хоригдохдоо 24 цагаар эрх чөлөөгөө хязгаарлуулж байсан тул 24 цагаар тооцож, мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ...сэжигтнээр баривчлагдсан 3 хоногийг нэхэмжлэлд оруулан тооцно, нэхэмжилсэн үнийн дүнд оруулж тооцоогүй... гэж 177 хоног цагдан хоригдсон хугацаагаар хохирлоо тооцсон байх боловч түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэн баривчлагдсан болон цагдан хоригдсон нийт 180 хоногоор хохирлыг тооцлоо. Үүнд:

180 хоног х 24 цаг = 4320 цаг, энэхүү 4320 цаг х 645 төгрөг = 2,786,400 төгрөгийн цалинтай тэнцэх олговорыг Засгийн газрын нөөц сангаас гаргуулж  шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас цалинтай тэнцэх олговроос 16,329,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 350 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2008 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс сарын 108,000 төгрөг байхаар зохицуулсан ба нэхэмжлэгч нь өдрийн 108,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэнийг хангах хууль зүйн боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдаж, цагдан хорьсны улмаас сэтгэл санааны хямралд орж, бие сэтгэл санаагаараа ихээхэн хохирсон гэсэн үндэслэлээр эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг арилгуулахаар шаардлага гарган үүнийгээ  мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэхээр шаардаж байгаа бөгөөд сэтгэл санааны хохиролд нийт 6,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Нэхэмжлэгч Э.******* нь хүний амь насыг хохироосон үндэслэлээр эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж, улмаар цагдан хоригдож, хэргийг хэрэгсэхгүй болгох хүртэл хугацаанд сэтгэл санааны гүн хямралд орж, ах дүүс, найз нөхөд, ажлын хүмүүс, таньдаг хүмүүсийн өмнө хардагдан сэрдэгдэж, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээрээ хохирсон, мөн гэр бүлээсээ салж сэтгэл санааны хямралд орж, хуучин ажилдаа эргэн орох болон өөр ажил эрхлэх боломжгүй, оршин байсан газраа өөрчилсөн зэрэг нь нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтууд зэргээр тогтоогдож байх тул сэтгэл санааны хохиролд 6,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүргийг хүлээнэ гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэж мөн хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1-д Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана гэж тус тус заасан.

Мөн шүүх хуралдаанд сонгогдон оролцсон иргэдийн төлөөлөгч Х.******* нь гэм хорын хохирлыг нэхэмжлэгчид олгох нь зөв гэсэн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэв.

Иймд Төр буюу Засгийн газрын нөөц сангаас 2,786,400 төгрөгийн цалинтай тэнцэх олговор болон сэтгэл санааны хохирол 6,000,000 төгрөг, нийт 8,786,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******од олгож, үлдэх 16,329,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 498 дугаар зүйлийн 498.4-д заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 8,786,400 /найман сая долоон зуун наян зургаан мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.*******од олгож, үлдэх 16,329,600 /арван зургаан сая гурван зуун хорин есөн мянга зургаан зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Э.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА

ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ

ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА