Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2026/ШЦТ/67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У, 

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бын Тд холбогдох 2538003090394 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Т овогт Бын Т,.

Холбогдсон хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн ******* сумын ******* багийн *******д эхнэр Н.М-тэй хэрүүл маргаан үүсгэж улмаар гараараа нүүр хэсэгт нь 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Үүнд: Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 15-р хуудас),

Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл (хх-ийн 17-20-р хуудас),

Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-ийн 57-59-р хуудас),

Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, ярилцлагын тэмдэглэлийн хуулбар (хх-ийн 60-66-р хуудас),

Хамгаалах байранд хүүхэд хүлээж авсан бүртгэлийн маягтын хуулбар (хх-ийн 67-73-р хуудас),

Шүүгдэгч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Манай эхнэр М энэ асуудал болохоос өмнө 2-3 хоногийн турш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн... 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ******* сумын төвд дэлгүүрт зогсдог О гэх найзынхаа ажил дээр нь очиж пиво уусан байсан. Тухайн оройдоо бол гэртээ ирээгүй болохоор нь би О-ийн дэлгүүр дээр нь очиж эхнэрийгээ авсан. Намайг очиход О, эхнэр М хоёр хэдэн лааз пиво олж ууя гэхээр нь дагуулаад гэртээ ирсэн. Тухайн үед гэрт хүүхдүүд байсан болохоор би уухгүй гэж нөгөө хоёрт хэлээд гэртээ хүүхдүүдийнхээ хажуугаар ороод хэвтсэн. Харин тэр хоёр манай гэрт ууж сууж байгаад манай эхнэр М би О-ийн гэрт очиж амарлаа гээд ууж байсан пивонуудаа аваад гарсан...Энэ хоёрыг гарж явсны дараа би ойролцоогоор 2 цагийн дараа буюу шөнийн 00 цаг өнгөрч байхад О-ийн гэрт очсон. Тэгэхэд О нь гэртээ хүүхдүүдтэйгээ амарч байсан. Харин манай эхнэр ширээн дээр нь ганцаараа пиво уугаад сууж байхаар нь харъя гэж хэлсэн чинь үгэнд орохгүй урдаас уурлаад байхаар нь буцаад гэр рүүгээ явсан. Ингээд гэртээ буцаж очоод хоёр хүүхдээ унтуулаад буцаад шөнийн 01 цаг өнгөрч байхад одоо гайгүй болсон байх очиж эхнэрээ авъя гэж бодоод сумын цагдаа Х-аар Оийн гэрт хүргүүлсэн. Тэгээд Оийн гэрт яваад ортол О хүүхдүүдтэйгээ унтаж байсан. Харин манай эхнэр гэрт байхгүй байхаар нь буцаад Х-тай гэр рүүгээ явсан. Ингээд маргааш өглөө нь ойролцоогоор өглөөний 07 цагийн үед О нь манай эхнэрийг хүргэж өгөхөөр нь эхнэр рүүгээ яагаад худлаа ярьж гадуур дотуур хоноод байгаа юм бэ гэсэн...Би цаг орчмын дараа буюу 08 цагийн үед нэг танилынхаа гэрт очиж Монгол архи ууж байгаад буцаад 10 цагийн үед гэртээ харьсан чинь бас манай эхнэр гэртээ байхгүй байхаар нь утас руу нь залгаад асуусан чинь ажил дээрээ байна гэсэн. Утсаар ярьж байхад цаана нь хүмүүс инээлдээд, дуугараад хөдөө байгаа юм шиг шинжтэй байхаар нь эхнэрийгээ ажил дээрээ яг байна уу гээд очоод шалгасан чинь байхгүй байсан...Ойролцоогоор 14 цаг болж байхад гэртээ ирсэн чинь манай хоёр хүүхэд гэртээ байхгүй харин манай эхнэр М гэртээ байхаар нь чи яагаад хоёр хүүхэд, нөхөр чинь гэр орондоо байхад гадуур хоноод байгаа юм бэ болохгүй бол хоёулаа ярилцъя гэж хэлээд дэлгүүрээс би 6 ширхэг лааз пиво аваад гэртээ эхнэртэйгээ хамт хувааж уусан. Эхнэр бид хоёр авсан пивоо хувааж ууж байгаад 17-18 цагийн хооронд 1 цаг орчим унтсан байсан. Тэгээд би унтаад сэрсэн чинь манай эхнэр сэрээгүй унтсан чигээрээ байхаар нь би гэрээс гараад таньдаг ахындаа очиж дахиж нэг шил архи хувааж ууж байгаад буцаад 20 цагийн үед гэртээ хүргүүлж очсон. Гэртээ ороод эхнэртэйгээ хэсэг юм ярих гэсэн чинь хэрүүл уруул гарах гээд байхаар нь за би гарж явлаа гэсэн чинь манай эхнэр гэрийн хаалган дээр очоод хүмүүсээ авраарай гээд орилоод унахаар нь би зүүн гараараа Мийн зүүн гарын бугуй хэсгээс нь барьж дотогшоогоо угз татсан. Тэгээд гарах хаалга буюу таамбарын хаалга онгойлгох гэсэн чинь цоожтой байхаар нь цоожийг нь эргүүлж байсан чинь М миний хувцаснаас барьж аваад хойш татахаар нь зүүн тохойгоороо хойшоо харалгүй савсан. Гэтэл миний тохой М-ийн нүүрэн тус газрыг нь оносон бололтой байх шиг байсан...Намайг гадна хаалга онгойлгох гэхэд М нь ардаас зуураад байхаар нь өөрөөсөө холдуулах гээд зүүн тохойгоо савсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн ******* суманд дэлгүүрийн худалдагч О-ийн төрсөн өдрийг тэмдэглээд 5-6 лаазтай пиво уугаад хамт байж байгаад 20 цагийн орчим гэррүүгээ харьсан. Гэрт ирэхэд хүүхдүүд маань байхгүй байхаар жоохон унтаад авъя гэж бодоод хэвтэж байтал нөхөр Б.Т гаднаас нэлээн халамцуу орж ирсэн. Би хоёр хүүхэд ирэхээс өмнө жоохон унтаад эрүүл болъё гэсэн чинь Б.Т үгүй би унтахгүй явж архи ууна гээд гарлаа гэхээр нь би гаргахгүй гээд хориглосон чинь эргэж хараад гараараа миний баруун нүд рүү 1 удаа цохисон цохисон. Тэгээд гараад яваад өгсөн би тэгэхээр нь утсаар аав Ц.Т руу залгаад болсон явдлын талаар хэлээд нүүрээ харуулсан тэгтэл аав ингэж хүнээр зодуулан амьдран гэж юу байдаг юм хоёр хүүхдээ аваад хүрээд ир гэсэн тэгэхээр нь би одоо гайгүй болчих байхаа гэсэн чинь аав нэлээн ууртай байсан тэгээд 7 дугаар сарын 02-ны Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас хүмүүс ирээд бид нарыг аваад Мөрөнд ирсэн долоо хоног намайг хоёр хүүхэдтэй маань түр хамгаалах байранд байлгаж байгаад 7 дугаар сарын 09-ний өдөр 2 хүүхдээ аваад Улаанбаатар хот явсан...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-13-р хуудас),

Гэрч Б.Б-ийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн: “...Тус өдөр би нэг цэгийн үйлчилгээний төвд гарч байх явцад Н.М гэх үйлчлүүлэгчийг хүүхдийн хамт хүлээн авсан. Хүлээн авах явцад гадна талын үзлэг хийхэд тухайн үйлчлүүлэгч Н.М-ийн баруун талын нүдний доод талд хөхөрсөн, толгой өвдсөн, бие нь чилээрхсэн маягтай ирсэн. Бусад газарт үзлэг хийхэд зүгээр байсан. Тэгээд хүлээж аваад өрөөнд оруулаад хоол унд хийж өгөөд амраасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-22-р хуудас),

Гэрч Б.Бийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн: “...Тус өдөр цагдаагийн газрын ***** тусгай дугаарт Улаанбаатар хотоос ******* сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Тын хадам аав болох Ц.Т гэх хүн утсаар “Цагаан Үүр сумын төвд манай охиныг нөхөр нь зодсон байна” гэж дуудлага мэдээлэл ирүүлсэн гэж жижүүрийн мөрдөгч танилцуулсны дагуу Гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Д.У, экологийн асуудал хариуцсан ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Снарын хамт ажлын хэсгийг ахалж ******* сум руу явсан. Сумын төв ороод тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Т-ыг дуудан ирүүлж уулзахад эхнэр болох Н.М-ийн нүд  хөхөрсөн юу болсон талаар асуухад би алгадчихсан юм аа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24-р хуудас),

Гэрч М.Ды мөрдөн шалгах шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 6 дугаар сарын 30-нд фэйсбүүк хаягаар нь видео дуудлага хийж залгатал эгчийн нэг талын нүд нь хөхөрчихсөн хавдартай нүд нь нээгдэхгүй болчихсон байсан. Юу болсон талаар асуухад нөхөр цохичихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-р хуудас),

 Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 314 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

 1. Нийн Мийн биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн цохих үйлдлээр үүснэ.

3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт (хх-ийн 30-31-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 49 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтэд:

1. Н-ийн М-ийн биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр үүсээгүй, 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр үүссэн байх боломжтой байна.

2. Дээрх Н-ийн М-ийн биед учирсан баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

3. Н.М-ийн биед учирсан зөөлөн эдийн няцрал гэмтлийг тогтоохдоо өөрийн биед нь эмчийн үзлэг хийж тогтоосон болно гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2538003090394 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Гэм буруугийн талаарх талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баритмтуудаар шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн ******* сумын ******* багийн *******д эхнэр Н.М-тэй хэрүүл маргаан үүсгэж улмаар гараараа нүүр хэсэгт нь 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өнөөдөр миний үйлчлүүлэгчийг яллаж байгаа Хөвсгөл аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 314 дугаартай шинжээчийн дүгнэлт нь хууль бус арга хэрэгслээр цуглуулсан, хуульд заасан аргачлалаар цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт биш байна. Шүүх нотлох баримтыг шалгаж үнэлэх хэмжээний хүрээнд нотлох баримтаар тооцохгүй байх боломжтой гэдгийг өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тодруулж хэлсэн. Прокурорын зөвшөөрөлгүйгээр хүний биед шинжээч томилох ажиллагаа явагдсан учраас дээрх шинжээчийн дүгнэлтийг үнэлэх боломжгүй гэдэг байдлаар дүгнэлтээ гаргасан. Нэмэлт шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь хохирлын зэрэг тогтоогдохгүй гэж гарсан...Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив, субъектив талын шинжийг бүрэн хангаж байгаа юу. Объектив талын хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан идэвхтэй үйлдэл байх ёстой. Гэтэл энэ идэвхтэй үйлдэл хөнгөн хохирол учруулсан гэдэг үйл баримт, хавтаст хэргийн материалд байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байгаа.  Шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1******* зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэргийг шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах нөхцөл бүрэн дүүрэн бүрдсэн байна гэх дүгнэлтийг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна. Ийм учраас миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Т нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг гадна хаалга онгойлгох гэхэд М араас зуураад байхаар нь өөрөөсөө холдуулах гээд зүүн тохойгоо савсан. Тэрнээс санаатай цохиж зодсон зүйл байхгүй...” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцсэн болно.

Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн ******* сумын ******* багийн *******д эхнэр Н.Мтэй хэрүүл маргаан үүсгэж улмаар гараараа нүүр хэсэгт нь 1 удаа цохиж, биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтуудын талаар:

Үүнд: Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 15-р хуудас),

Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл (хх-ийн 17-20-р хуудас),

Аюулын зэргийн үнэлгээний маягт (хх-ийн 57-59-р хуудас),

Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, ярилцлагын тэмдэглэлийн хуулбар (хх-ийн 60-66-р хуудас),

Хамгаалах байранд хүүхэд хүлээж авсан бүртгэлийн маягтын хуулбар (хх-ийн 67-73-р хуудас),

Шүүгдэгч Б.Тын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Гэртээ ороод эхнэртэйгээ хэсэг юм ярих гэсэн чинь хэрүүл уруул гарах гээд байхаар нь за би гарж явлаа гэсэн чинь манай эхнэр гэрийн хаалган дээр очоод хүмүүсээ авраарай гээд орилоод унахаар нь би зүүн гараараа Мийн зүүн гарын бугуй хэсгээс нь барьж дотогшоогоо угз татсан. Тэгээд гарах хаалга буюу таамбарын хаалга онгойлгох гэсэн чинь цоожтой байхаар нь цоожийг нь эргүүлж байсан чинь М миний хувцаснаас барьж аваад хойш татахаар нь зүүн тохойгоороо хойшоо харалгүй савсан. Гэтэл миний тохой Мийн нүүрэн тус газрыг нь оносон бололтой байх шиг байсан...Намайг гадна хаалга онгойлгох гэхэд М нь ардаас зуураад байхаар нь өөрөөсөө холдуулах гээд зүүн тохойгоо савсан...” гэх мэдүүлэг,

Гэрч М.Д-ы мөрдөн шалгах шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 6 дугаар сарын 30-нд фэйсбүүк хаягаар нь видео дуудлага хийж залгатал эгчийн нэг талын нүд нь хөхөрчихсөн хавдартай нүд нь нээгдэхгүй болчихсон байсан. Юу болсон талаар асуухад нөхөр цохичихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 49 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтэд:

1. Нийн Мийн биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2025.03.05-ны үүсээгүй, 2025.06.29-ний өдөр үүссэн байх боломжтой байна.

2. Дээрх Нийн Мийн биед учирсан баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

3. Н.Мийн биед учирсан зөөлөн эдийн няцрал гэмтлийг тогтоохдоо өөрийн биед нь эмчийн үзлэг хийж тогтоосон болно гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн ******* сумын ******* багийн *******д эхнэр Н.Мтэй хэрүүл маргаан үүсгэж улмаар гараараа нүүр хэсэгт нь 1 удаа цохиж, биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т нь эхнэр Н.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хангалттай тогтоогдохгүй эргэлзээтэй нөхцөл байдал үүсч байна.

Тодруулбал шүүгдэгч Б.Тын хохирогч Н.М-ийг цохисон үйлдлийн улмаас түүний биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан хэдий ч уг гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамд зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй гэх шинжээчийн дүгнэлт гарчээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл:

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 314 дугаартай шинжээчийн “...Нийн Мийн биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хх-ийн 30-31-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 49 дугаартай нэмэлт шинжээчийн “...Нийн Мийн биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2025.03.05-ны үүсээгүй, 2025.06.29-ний өдөр үүссэн байх боломжтой байна. Дээрх Нийн Мийн биед учирсан баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэх дүгнэлт гарсан.

Дээрх хоёр дүгнэлт нь хоорондоо зөрүүтэй гарсан ба эхний дүгнэлтээр хохирогч Н.Мийн биед учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон  гэж, хоёр дахь буюу нэмэлт шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Мийн биед учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй гэсэн харилцан зөрүүтэй дүгнэлтүүд гарсан байна.

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж, хүний биед хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учирсаныг гэмт хэрэгт тооцоохоор хуульчилсан юм.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үздэг учиртай.

Хохирогч Н.Мийн биед учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамд зааснаар хохирлын зэрэгт хамаарах эсэхэд шинжээчийн дүгнэлтүүдээр эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна.

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 314 дугаартай “...Н.Мийн биед учирсан гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (хх-ийн 30-31-р хуудас)-ийг шүүх нотлох баримтаар тооцох боломжгүй гэж үзлээ.

Учир нь хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх тухай эрх бүхий албан тушаалтны хүсэлт (хх-ийн 29-р хуудас)-ийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 6 дахь заалтад "энэ тогтоолыг оролцогч нарт танилцуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлд заасан эрх үүргийг тайлбарласугай" гэсэн байх боловч тус шийдвэрийг Б.Тд огт танилцуулаагүй, мөн Хөвсгөл аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 314 дугаартай шинжээчийн дүгнэлтийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.М, шүүгдэгч Б.Т нарт танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлд заасныг зөрчсөн төдийгүй хэргийн оролцогч нараас шинжээчийн дүгнэлттэй холбоотой гомдол, хүсэлт гаргах зэрэг хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан байна.

Түүнчлэн “Хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх, хүний биеэс шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах тухай” 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаартай прокурорын зөвшөөрөл (хх-ийн 28-р хуудас)-д хохирогч Н.Мийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоох зорилгоор шинжилгээ хийлгэх зөвшөөрөл олгосон ба уг прокурорын зөвшөөрөл 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 16 цаг 00 минутаас 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 00 минут хүртэл хүчинтэй байхаар заасан. Гэтэл Н.М-ийн биед хийх үзлэгийг 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 00 минутаас өмнө хийсэн нь тодорхойгүй, эргэлзээтэй эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх 314 дугаартай дүгнэлт (хх-ийн 30-31-р хуудас)-ийг 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гаргасан байгаа нь хохирогчийн биед үзлэг хийж, дүгнэлт гаргасан ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүйгээр явуулсан гэж үзэхээр байна. Иймд прокурорын зөвшөөрөлгүйгээр хүний биед үзлэг хийж гаргасан шинжээчийн дүгнэлт нотлох чадвараа алдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

Харин Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 49 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан төдийгүй дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээчид хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.М-эс 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хохирогчоор мэдүүлэг (хх-ийн 11-13-р хуудас) авахаар хуульд заасан эрх үүргийг танилцуулахдаа 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэмэлт оруулсан Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийг танилцуулаагүй өөрчлөлт орохоос өмнө нь үйлчилж байсан Эрүүгийн хуулийг сануулж мэдүүлэг авсан, мөн нөхөр Б.Тын талаар асуухдаа Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулж мэдүүлэг өгөх эсэхийг тодруулахгүйгээр мэдүүлэг авсан байх тул хохирогчийг уг мэдүүлгийг, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шатанд Зөрчлийн тухай хууль сануулж мэдүүлэг авсан хохирогч Н.М, гэрч Б.Б, Б.Б нарын мэдүүлгүүдийг нотлох баримтаар тооцож үнэлэх боломжгүй байна.

Эрүүгийн эрх зүйн онолын талаас авч үзвэл:

            Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан обьектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгох ба энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцдог учиртай.

Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үздэг.

Шүүгдэгч Б.Т хохирогч Н.Мийг цохисон үйлдлийн улмаас түүний биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан хэдий ч уг гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамд зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй гэх Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 49 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Б.Т эхнэр Н.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хангалттай тогтоогдохгүй эргэлзээтэй нөхцөл байдал үүсч, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1******* зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж  заасан бөгөөд шүүгдэгч Б.Т хохирогч Н.Мийг цохисон үйлдлийн улмаас түүний биед учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамд зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй гэх шинжээчийн дүгнэлт гарсан тул шүүгдэгчийн Б.Тыг  Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Тд холбогдох эрүүгийн 2538003090394 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1******* зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Тыг цагаатгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2538003090394 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Тд нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа.

Шүүгдэгч Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овогт Бын Тд холбогдох эрүүгийн 2538003090394 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1******* зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Тыг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Б.Т нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг болохыг тайлбарласугай.

3. Эрүүгийн 2538003090394 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.УУГАНБАЯР