| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2022/00365/И |
| Дугаар | 138/ШШ2022/01123 |
| Огноо | 2022-12-12 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 138/ШШ2022/01123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Г.Жаргалтуяа, шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтохын хүсэлттэй,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохиролд 4 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтох
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Х.Наранбаатар, Э.Болор-Эрдэнэ,
Т.Ганзориг /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа нар оролцов.
Иргэдийн төлөөлөгч У.Наранбаатар, гуравдагч этгээдийн төлөөлөгч Л.Хосбаяр, Ц.Ням-Очир нар хүрэлцэн ирээгүй бөгөөд тэдний шүүх хуралдаанаас чөлөөлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн бусад төлөөлөгч нарын хүсэлтээр тэдний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтох нь шүүхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохиролд 4 500 000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах тухай хүсэлтийг гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Ж.*******ыг Дорнод аймгийн Прокурорын газраас 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “...Г.Батхүрэлтэй бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн-******* тоот хашаанд Г.Одхүүтэй маргалдаж улмаар түүний хэвлийн тус газар хутгалж амь насыг нь хохироосон” гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар хүнийг бүлэглэн алах гэмт хэрэгт яллагдагчаар татаж, цагдан хорьсон. Энэ өдрөөс эхлэн Ж.******* нь надтай холбогдож хууль зүйн туслалцаа авах гэрээ байгуулж би түүний өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Хэргийг шалгах явцад Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5/12 дугаар “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор Ж.*******ын хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт яллагдагчаар татсан. Гэвч хохирогчийн гаргасан гомдол, дээд шатны прокурорын шийдвэрээр дээрх тогтоолыг дахин өөрчилж Дорнод аймгийн прокурорын газрын прокурорын 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 5/19 тоот “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор Ж.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар буюу бусадтай бүлэглэн, онц харгис хэрцгийгээр хүнийг алах хэрэгт буруутгагдаж яллагдагчаар татсан.
Ж.*******ын хувьд анхнаасаа тус хэргийг үйлдээгүй, хамтран оролцоогүй гэж мэдүүлж ирсэн. Өмгөөлөгчийн хувьд ч мөн түүнтэй адил байр суурьтай явж байсан. Тус хэргийг Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэж Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан бусадтай бүлэглэн, онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.
Ж.******* нь анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Бид дээрх магадлалыг эс зөвшөөрч Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргасан.
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаар тогтоолоор шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан.
Гэвч Дорнод аймгийн прокурорын газраас Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Тус шүүх 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 287 дугаар шийтгэх тогтоолоор Ж.*******т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүх хянаад Ж.*******ыг цагаатгаж шийдвэрлэсэн, тус магадлалд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргаагүй, прокурор эсэргүүцэл бичээгүй болно.
Ж.*******ын хувьд хууль бусаар ял шийтгэгдсэний улмаас олон зүйлээр хохирсон ба тэрээр 3 жил 3 сарын хугацаанд эрүүгийн хэрэгт холбогдож алуурчин гэж хэлэгдэн, сэтгэл санаагаар маш их унасан. Түүнчлэн нийт 4 сарын турш цагдан хоригдож, 6 сар ял эдэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, нийт 330 хоног эрх чөлөөгөө хасуулж хоригдсон. Мөн эд хөрөнгөөрөө ч хохирсон. Ж.******* нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнийхээ дагуу өмгөөллийн хөлсөө төлсөн. Мөн өөрийн амьдарч байсан хашаа, байшингаа зарж хохирогчид төлбөр төлж барагдуулсан. Гэхдээ энэ хохирол төлбөрийг бол өнөөдөр нэхэмжлээгүй. Хэдийгээр би өөрийнхөө эд хөрөнгийг зарсан ч гэсэн хүүгийнхээ учруулсан хохирлыг барагдуулъя гэсэн байдлаар хандсан. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулж хөлсийг 4 500 000 төгрөгөөр тохирсон бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр урьдчилгаанд 1 500 000 төгрөгийг бэлнээр хүнээр дамжуулан өгсөн. 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр үлдэх 3 000 000 төгрөгийг өмгөөлөгчийн дансаар шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, энэ мөнгийг анхан шатны шүүх хуралдаанд орохын өмнө бүрэн төлж барагдуулсан.
Дээрх хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-д “хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана” гэж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1-д “хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана” гэж заасны дагуу нэхэмжилж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эд хөрөнгийн хохирлыг арилгах талаар тусгасан ба үүнд 6 төрлийн хохирлыг зааж өгсөн байна. Тухайлбал мөн хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс” гэж заасан байдаг. Тэгэхээр Ж.*******ын хувьд хууль бусаар шийтгэгдсэн нь тогтоогдсон бөгөөд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу төлсөн 4 500 000 төгрөгийг нэхэмжилж байна.
...Гуравдагч этгээдийн төлөөлөгч нь нотлох баримт эргэлзээтэй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж тайлбарлан мөнгө авсан талаараа тусгай баримт тасалбар дээр бичих ёстой юм шиг яриад байна. Өнөөдөр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дээр өмгөөлөгчид мөнгө төлсөн үгүйгээ нотлох ажиллагаа л явагдаж байна. Ж.*******ын хувьд бэлнээр болон дансаар төлсөн гэдгээ нотолсон. Өмгөөлөгч хөлсөө авсан бол тасалбар өгөх ёстой эсвэл тасалбар өгөөгүй бол хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу төлбөрөө төлсөн гэж үзэхгүй гэдэг агуулгаар ярьж байгаа бол үнэхээр харамсалтай байна. Ж.*******ын хувьд 3 жил 3 сар шүүх, цагдаагаар хоригдож явсан бөгөөд эцэст нь цагаатгагдаж шийдвэрлэгдсэн. Энэ хүнд олон төрлийн хохирлоо нэхэх боломж байгаа боловч эхний удаа өмгөөллийн хөлсөнд төлсөн мөнгөө нэхэхээр шийдсэн гэж өөрөө ярьдаг. Сэтгэл санааны хохирлоо одоогоор нэхэмжлээгүй, гэхдээ цаашдаа энэ хохирлоо гаргуулахаар нэхэмжлэх нь тодорхой байх. Тиймээс мөнгө төлсөн гэсэн тасалбар өгөөгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй гэдэг татгалзлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Өмгөөллийн хөлсөнд 4 500 000 төгрөг төлсөн гэсэн нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн... гэв.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг болон бусад төлөөлөгч нарыг төлөөлж Х.Наранбаатар хариу тайлбартаа: Гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын хувьд нэг санал, байр суурьтай байгаа учир миний бие төлөөлөөд тайлбар хэлье. Нэхэмжлэгч нь өмгөөллийн хөлсөнд төлсөн 4 500 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байхаар заасан. Өнөөдөр шүүхэд гуравдагч этгээдийн зүгээс яагаад татгалзаж байгаа вэ гэдэг татгалзлаа нотолж тайлбарлах үүрэгтэй гэсэн үг. Нэхэмжлэгчийн хувьд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байсныг бид харсан. Уг гэрээнд хууль зүйн туслалцаа үзүүлэх хөлс 4 500 000 төгрөг байх ба урьдчилгаанд 20 хувийг төлнө, үлдэгдэл төлбөрийг анхан шатны шүүх хуралдааны өмнө төлж барагдуулна, төлбөрийг бэлнээр болон дансанд шилжүүлнэ гэж тохирсон байдаг. Тус гэрээний ард талд 1 500 000 төгрөг төлсөн гэсэн тэмдэглэгээ хийсэн байснаас биш өөр ямар нэгэн баримт байгаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны дагуу үзэхэд “эргэлзээгүй” гэдэг хуулийн шаардлагад хамаарахгүй буюу эргэлзээтэй байна гэж үзсэн. Иймд хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм. Өнөөдөр энэ гэм хорын нэхэмжлэлтэй холбоотой асуудал Улаанбаатар хот болон орон нутгийн сум дундын анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж байгаа практикаас харахад өмгөөллийн хөлс төлсөн баримтаа хэрхэн нотолж байна вэ гэдэг нь чухал байна. Нэхэмжлэгчийн хувьд гэрээний хойд талд 1 500 000 төгрөг төлсөн гэх тэмдэглэгээ, мөн үлдсэн 3 000 000 төгрөгийг дансаар төлсөн гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Сүүлд нэхэмжлэгчийн асуулгасан гэрчийн мэдүүлэг дээр би тэр мөнгийг авчирч өгсөн гэдэг. Гэрчээр асуугдсан хүн нь нэхэмжлэгчийн эгч бөгөөд яг авчирч өгсөн нь үнэн зөв үү гэдгийг яаж нотлох вэ, өөрөөр хэлбэл тэр талаас нь баримт үзүүлдэггүй. Зүгээр л тайлбар өгчихсөн байдаг. Тэгэхээр өмгөөлөгчид 1 500 000 төгрөг төлсөн эсэх нь эргэлзээтэй байна гэж бидний хувьд үзэж байна. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримт нь тухайн хэргийг нотлоход эргэлзээтэй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
...Иргэний хуулийн аль зүйл заалтыг үндэслэн мөнгө нэхээд байна вэ гэж асуухад нэхэмжлэгчийн төлөөлөгч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-ийг дурдсан. Энэ зүйл нь өөрөө өнөөдрийн өмгөөллийн зардал нэхээд байгаа үндэслэлд хамаарахгүй байна. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан шаардлага хууль зүйн үндэслэлийн хүрээнд маргааныг хянан шийдвэрлэх ёстой. Өнөөдрийн яриад байгаа 498.4 дэх заалт нь нэхэмжлэгч хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлээд хорих ангид хоригдсон, эсвэл баривчлагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан буюу гадагш явахгүй байх баталгаа авсан үйл ажиллагаатай холбоотой хохирлуудыг нэхэмжлэх ёстой болохоос биш өмгөөллийн хөлсийг энэ заалтыг үндэслэн нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
3. Нэхэмжлэгчээс: 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээ, Д.Галтогтохын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Дорнод аймгийн Прокурорын газрын 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1721000000057 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 130 дугаартай “Яллагдагч Ж.*******ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, яллагдагч Г.Батхүрэлийн цагдан хорих хугацааг сунгах тухай” шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 132 дугаартай “Цагдан хорих хугацаа сунгах тухай” шүүгчийн захирамж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 258 дугаартай “Гомдлыг хангаж, шүүгчийн захирамжийг өөрчлөх тухай” захирамж, Дорнод аймгийн Прокурорын газрын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5/12 дугаартай “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 135 дугаартай “Яллагдагч Ж.*******ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох тухай” шүүгчийн захирамж, Дорнод аймгийн Прокурорын газрын 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 5/19 дугаартай “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаартай тогтоол, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 48 дугаартай магадлал зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу Ж.Уранболорыг гэрчээр асуух ажиллагааг явуулсан.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүхэд бичгийн баримт гаргаж өгөөгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтохын тус шүүхэд гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 4 500 000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохирол гаргуулах тухай хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 1-д заасны дагуу мөн хуулийн 45.8 дугаар зүйлийн 3-д заасан хугацааны дотор нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн дээрх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.9 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 болон 13 дугаар бүлэгт заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэх хэрэг маргаанд харъяалагдах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас дээрх хохирлыг гаргуулахаар нэхэмжлэгч хүсэлт гаргасан байх тул шүүх Монгол Улсын Засгийн газрын эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэх үндэслэлээр Монгол Улсын Засгийн газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.
Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Монгол Улсын Засгийн газраас өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг томилсон бөгөөд төрийн нэрийн өмнөөс оролцуулахаар прокурор томилуулж оролцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй болно.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
...Ж.*******ын хувьд хууль бусаар ял шийтгэгдсэний улмаас олон зүйлээр хохирсон ба тэрээр 3 жил 3 сарын хугацаанд эрүүгийн хэрэгт холбогдож алуурчин гэж хэлэгдэн, сэтгэл санаагаар маш их унасан. Түүнчлэн нийт 4 сарын турш цагдан хоригдож, 6 сар ял эдэлсэн бөгөөд нийт 330 хоног эрх чөлөөгөө хасуулж хоригдсон. Мөн эд хөрөнгөөрөө ч хохирсон. Ж.******* нь өмгөөлөгч Д.Галтогтох надтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулж хөлсийг 4 500 000 төгрөгөөр тохирсон бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр урьдчилгаанд 1 500 000 төгрөгийг бэлнээр гэрч Ж.Уранболороор дамжуулан өгсөн. 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр үлдэх 3 000 000 төгрөгийг өмгөөлөгч миний дансанд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, энэ мөнгийг анхан шатны шүүх хуралдаанд орохын өмнө бүрэн төлж барагдуулсан.
...Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дээрх хохирлоо нэхэмжилж байна. ...Мөн хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан хохирол болох “хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс”-ийг буюу хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу төлсөн 4 500 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. ...Өмгөөллийн хөлсөнд 4 500 000 төгрөг төлсөн гэдэг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нар хүсэлтийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Нэхэмжлэгчийн хувьд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр хууль зүйн туслалцаа үзүүлэх хөлс 4 500 000 төгрөг байх ба урьдчилгаанд 20 хувийг төлнө, үлдэгдэл төлбөрийг анхан шатны шүүх хуралдааны өмнө төлж барагдуулна, төлбөрийг бэлнээр болон дансанд шилжүүлнэ гэж тохирсон байдаг. Тус гэрээний ард талд 1 500 000 төгрөг төлсөн гэсэн тэмдэглэгээ хийсэн байснаас өөр ямар нэгэн баримт байгаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны дагуу үзэхэд 4 500 000 төгрөг төлсөн гэх баримт эргэлзээтэй байна. ...нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-ийг үндэслэсэн гэж тайлбарласан. Энэ зүйл нь өмгөөллийн хөлс нэхэх үндэслэлд хамаарахгүй байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх заалт нь нэхэмжлэгч хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлээд хорих ангид хоригдсон, эсвэл баривчлагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан буюу гадагш явахгүй байх баталгаа авсан үйл ажиллагаатай холбоотой хохирлуудыг нэхэмжлэх ёстой болохоос биш өмгөөллийн хөлсийг энэ заалтыг үндэслэн нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээ, Д.Галтогтохын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Дорнод аймгийн Прокурорын газрын 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1721000000057 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 130 дугаартай “Яллагдагч Ж.*******ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, яллагдагч Г.Батхүрэлийн цагдан хорих хугацааг сунгах тухай” шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 132 дугаартай “Цагдан хорих хугацаа сунгах тухай” шүүгчийн захирамж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 258 дугаартай “Гомдлыг хангаж, шүүгчийн захирамжийг өөрчлөх тухай” захирамж, Дорнод аймгийн Прокурорын газрын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 5/12 дугаартай “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 135 дугаартай “Яллагдагч Ж.*******ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох тухай” шүүгчийн захирамж, Дорнод аймгийн Прокурорын газрын 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 5/19 дугаартай “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаартай тогтоол, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 48 дугаартай магадлал, гэрч Ж.Уранболорын мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
- Нэхэмжлэгч Ж.*******ыг “...Г.Батхүрэлтэй бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн-******* тоот хашаанд Г.Одхүүтэй маргалдаж улмаар түүний хэвлийн тус газар хутгалж амь насыг нь хохироосон” гэж үзэн Дорнод аймгийн Прокурорын газраас 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар бусдыг бүлэглэн алах гэмт хэрэгт яллагдагчаар татаж, цагдан хорьсон байна.
- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/207 дугаартай шийтгэх тогтоолоор Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар хүнийг бүлэглэн, онц харгис хэрцгийгээр алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.
- Ж.******* нь анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн боловч Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаар тогтоолоор шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан байна.
- Дорнод аймгийн прокурорын газраас Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн дахин Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд тус шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 287 дугаар шийтгэх тогтоолоор Ж.*******т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-д заасан хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийг хянаад Ж.*******ыг “цагаатгаж” шийдвэрлэсэн байна. Тус магадлалд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргаагүй, прокурор эсэргүүцэл бичээгүй байх бөгөөд түүнийг цагаатгасан тогтоол хүчин төгөлдөр болжээ.
- Нэхэмжлэгч Ж.******* нь 3 жил 3 сарын хугацаанд эрүүгийн хэрэгт холбогдохдоо нийт 4 сар цагдан хоригдож, 6 сарын хугацаанд ял эдэлсэн байх бөгөөд нийт 330 хоног цагдан хоригдсон болох нь тогтоогдож байна.
5. Дээрх үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ж.*******ыг хууль бусаар яллагдагчаар татан цагдан хорьж, улмаар хорих ял оногдуулан нийт 330 хоног цагдан хорьсон байх бөгөөд түүнд холбогдох хэргийг шүүхийн шийдвэрээр цагаатгасан болох нь тогтоогдож байна. Иймд Ж.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар хууль зөрчсөн ажиллагааны улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх эрх үүссэн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14-т гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэж заасан бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий албан тушаалтан, байгууллагын ажиллагаа хууль ёсоор явагдсан хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй болно.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1-д зааснаар иргэнийг хууль бусаар баривчилсан, цагдан хорьсоны улмаас иргэнд учирсан хохирлыг төр хариуцаж арилгах, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах тухай тус тус зохицуулжээ.
Иймд нэхэмжлэгч Ж.*******ын хууль бусаар яллагдагчаар татагдсан, цагдан хоригдсон, ял шийтгүүлсэний улмаас учирсан хохирлыг шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгах үүрэгтэй болно.
Нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 4 500 000 төгрөг нэхэмжилсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс”-д хамаарах юм.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч нар “...нэхэмжлэгч Ж.*******ын хууль зүйн туслалцаа авахдаа 4 500 000 төгрөгийн хөлс төлсөн гэх нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангахгүй, эргэлзээтэй байна...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй болно.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ж.*******, өмгөөлөгч Д.Галтогтох нарын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ бичгээр байгуулагдсан байна.
Тус гэрээгээр өмгөөлөгч Д.Галтогтох нь *******ын *******т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хэрэгт өмгөөлөгчөөр оролцож, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээг авна гэж, Ж.******* нь хуульзүйн туслалцааны төлбөр 4 500 000 төгрөг байх ба урьдчилгаанд 50 хувийг төлнө, үлдэгдэл төлбөрийг анхан шатны шүүх хуралдааны өмнө төлж барагдуулна, төлбөрийг бэлнээр болон өмгөөлөгчийн Хаан банк дахь 5405342268 тоот дансанд шилжүүлнэ гэж тус тус тохиролцжээ.
Шүүх талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн.
Нэхэмжлэгч тал 1 500 000 төгрөгийг бэлнээр төлсөн гэдгээ нотлохын тулд Ж.Уранболор гэгчийг гэрчээр асуулгасан бөгөөд гэрч шүүхэд “...Ж.******* нь миний ээжийн төрсөн дүү юм, Ж.*******ын охин нь надтай уулзаад би хот явах болчихлоо, Д.Галтогтох өмгөөлөгчтэй уулзаж амжихгүй байна, та энэ мөнгийг дамжуулаад өгчих гээд 1 500 000 төгрөг өгсөн. Би Д.Галтогтох өмгөөлөгчийг шүүх дээр байхад нь 1 500 000 төгрөгийг бэлнээр өгсөн” гэж мэдүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасан. Нэхэмжлэгчийн эд хөрөнгийн хохиролтой холбоотой өгсөн нотлох баримтууд дээрх хуулийн шаардлагыг хангасан байх бөгөөд нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч Ж.******* нь өмгөөлөгч Д.Галтогтоход хууль зүйн туслалцаа авах хөлсөнд 1 500 000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гэрч Ж.Уранболороор дамжуулан бэлнээр төлсөн, 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 3 000 000 төгрөгийг өмгөөлөгчийн Хаан банкны дахь 5405342268 тоот дансанд шилжүүлсэн болох нь тус тус нотлогдож байна.
2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр батлагдан одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар тухайн жилийн төсөвт урьдчилан тооцож, төлөвлөн тусгах боломжгүй, хойшлуулшгүй цаг үеийн шинжтэй арга хэмжээг шийдвэрлэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэхээр зохицуулсан байна.
Иймд дээрх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирол болох 4 500 000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 4 500 000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 9, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.УРТНАСАН
Г.ЖАРГАЛТУЯА