Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/65

 

Г.Ү-д холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор В.Төгсбаяр /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр /цахимаар/,  

Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Г.Ү-д холбогдох 2029000040075 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Ү-н өмгөөлөгч Н.Энхтөрийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Г.Ү нь 2019 оны 12 дугаар сарын 25-29-ний өдрийн хооронд Өмнөговь аймгийн Х сумын төвд байрлах иргэн А.Д-н гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч мөнгөөр хийсэн далыг хулгайлж бусдад 900 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Г.Ү-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: “Шүүгдэгч Х овогт Г-н Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн амьдрах байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ү-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Ү-с 900 000 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Д-т олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 900 000 төгрөгийн төлбөртэй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Ү-н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10 мм диаметртэй 47.5 см урттай цагаан өнгийн металлд доод хэсэгтээ DO00976-B гэсэн бичигтэй, 6.4 см өндөртэй, 7.2 см өргөн, 13.5 см урттай дунд хэсэгтээ 3.6 см*7.2см*3.3 см  хэмжээтэй зайтай, хар өнгийн будагч бодисоор будсан металл төмөр 1 ширхэг, 6.5 см*4.5см хэмжээтэй хар өнгийн металлаар бүрсэн цоож 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн   баримт шийдвэрлэх комисст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ү-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Н.Энхтөр нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...анхан шатны шүүх нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нотлох баримтууд харилцан зөрүүтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

Хэргийн бодит байдлын талаар шүүгдэгч Г.Ү нь яллагдагчаар болон шүүгдэгчээр мэдүүлэг өгөх бүртээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Гэрч С.С-н өгсөн мэдүүлгийг гэрч Ц.А үгүйсгэж мэдүүлсээр байхад гэрч Ц.А-н мэдүүлэг, түүний гэрч С.С-тай нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэг зэргийг нотлох баримтын үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй, уг баримтыг үгүйсгэсэн тухай үндэслэл заагаагүй, дүгнэлт хийгээгүй. Хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, нотолбол зохих нөхцөл байдлыг ч бүрэн гүйцэт тогтоогоогүй, гэмт хэрэг гарсан цаг хугацааг нарийн тогтоогоогүй, хэргийн газрын үзлэгээр тогтоогдоогүй төмрийг хохирогчийн авч ирснээр эд мөрийн баримтаар тооцсон, цоож эвдэрсэн, хаалга хөшсөн талаар хохирогчийн мэдүүлэгт дурдагдсан байхад энэ талаар үзлэг хийгдээгүй, хэргийн газрын үзлэгт дурдаагүй. Гэрч Ц.А “тухайн өдөр эхнэртэйгээ ярьсан, Г.Ү-тай яриагүй, шаардлагатай гэж үзвэл тухайн үед залгасан дугаараа шүүлгэж болно” гэж мэдүүлсээр байхад утасны ярьсан дугаарын жагсаалтыг гаргаж хавсаргаагүй. Гэрчээр мөрдөгч Н-г байцаасан, тэмдэглэлд гарын үсэг зуруулаагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй байна. Г.Ү утасгүй байсан талаараа мэдүүлдэг ба ямар дугаараас ярьсан нь тодорхойгүй. Үнэхээр ярьсан эсэх нь нотлогдоогүй байхад тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Хохирогч А.Д-н өгсөн мэдүүлэгт дурдагдсан төмөр, цоож нь Цагдаагийн газарт дуудлага мэдээлэл өгсөн өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдаагүй, гэрэл зураг байдаггүй. Мөн хохирогч А.Д нь “...би тэгэхээр нь ямар жижигхэн бөгж гээсэн биш, гарын алганы хэмжээтэй зүйлийг гээнэ гэж юу байсан юм бэ гэж хэлж байсан” гэх мэдүүлэг өгсөн ба үнэхээр тийм гарын алганы дайтай зүйлийг гээнэ гэдэг эргэлзээтэй, гээснээ мэдээд эргээд мөрдөөд олоогүй гэсэн ч үнэнд нийцэхгүй байна. Эдгээр үндэслэлүүдээр шүүгдэгч Г.Ү-н хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хангалттай тогтоогдохгүй, үгүйсгэгдэж байна. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулаагүй нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөрийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүгдэгч Г.Ү-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагатай нийцсэн байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад 

1. Шүүгдэгч Г.Ү нь 2019 оны 12 дугаар сарын 25-наас 29-ний хооронд иргэн А.Д-н Өмнөговь аймгийн Х сумын төвд байрлах гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч мөнгөөр хийсэн малын далны хэлбэр бүхий бөөгийн зан үйлд ашигладаг эдлэлийг хулгайлж, А.Д-т  900000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-хохирогч А.Д-н 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлгийн тэмдэглэлд “ 12 дугаар сарын 29-ний өглөө үйл хийдэг гэртээ ирэхэд цоож нь жоохон гажаад эвгүй онгойсон. Гэртээ орж ирээд бөөгийн эд зүйлээ шалгаж байхад ...мөнгөөр хийсэн дал алга болсон байсан..., 15 лан цэвэр мөнгөөр хийсэн малын дал мэт хэлбэртэй зүйл байгаа юм. Ж гэх хочтой Ү гэдэг хүнийг сэжиглэж байна. Жоохноо манай гэрээр байнга орж гардаг. Тухайн дал хаана байдгийг сайн мэдэж байсан хүн байгаа юм...”/хэргийн 1 дүгээр хавтас, 21 дүгээр хуудас/ гэж,

-хохирогч А.Д-н 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлгийн тэмдэглэлд “...Ж буюу Ү бол их дураараа. 2020 оны 3 дугаар сарын сүүлээр ахмад М.Н Ж-г мэдүүлэг  газар дээр нь шалгах ажиллагаа хийж байхад  ...Ж өөрөө мөнгөн далыг эндээс авсан гэж яг дал байсан унийг зааж байсан. Н мөрдөгч хаанаас авснаа хэл гэхэд өөрөө зааж байсан, тэрнээс биш Н тулгаж хэлж зааж өгсөн зүйл байхгүй. Дараа нь Н-н өрөөнд бид 3 цуг байхад би далыг чинь авсаан, авч явж байгаад Д дэлгүүрлүү явж байгаад гудамжинд гээчихсэн юм. Та гомдолгүй гээд хэлчих би төлнө гэж хэлж байсан. ” /хэргийн 1 дүгээр хавтас, 211 дүгээр хуудас/ гэж,

-гэрч С.С-н өгсөн мэдүүлгийн тэмдэглэлд “... 2020 оны 01 дүгээр сарын дундуур байх, ..өдрийг нь сайн санахгүй байна ...манай гэрт А гэж дууддаг ...танил ирж..архи ууж сууж байхдаа Ж-той өөрийнхөө утсаар ...нэг далны тухай яриад чи гайгүй шиг гарч чадах нь уу гээд байсан, ярьж дуусахаар нь ...асуухад Ж М-н гэрээс мөнгөн дал авсан, тэрийгээ хөдөө айлд тавьсан юм шиг байна гэж хэлсэн..., М гэдэг нь бөө буулгадаг ... Д гэдэг хүн., Д нь бөөгийн зан үйлд ашигладаг байсан мөнгөн далаа гэрээсээ алдсан талаараа ярьж байсан учир болсон зүйлийг Д-д хэлсэн...” /хэргийн 1 дүгээр хуудас, 39 дүгээр хуудас/ гэж авагдсан мэдээлэл, хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд Г.Ү-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэх ба тул анхан шатны шүүхийн түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцсэн байна гэж үзнэ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийн эхэнд “...тэмээ алдагдсан гэх мэдээллийг хүлээн аваад гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй үндэслэл байх тул хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор...” гэсэн агуулгаар хэргийн газрын үзлэг хийх үндэслэл, зорилгыг заасан боловч тухайн үйл ажиллагаа хийгдсэн явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал зэрэг тэмдэглэлд тусгагдсан үйл баримт нь А.Д-н гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн дагуу хийгдсэн ажиллагаа болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар хэргийн материалтай танилцсан оролцогч нараас ямар нэгэн санал гараагүй байна. Иймд энэ ажиллагааг явуулж бэхжүүлсэн тэмдэглэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.3 дугаар зүйлд заасан журамд нийцсэн мөрдөн шалгах ажиллагааг явуулсныг нотлох баримт гэж үзнэ. /хэргийн 1 дүгээр хавтас, 08,09 дүгээр хуудас/ Мөн үзлэг хийх ажиллагаанд оролцсон хүнийг гэрчээр дуудаж, нотлох баримт шинжлэн судлуулах талаар оролцогч нараас хүсэлт гаргаагүй байна.

3. Аливаа хүн Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын 9 дүгээр зүйлийн 2-т “...буруутгаж байгаа аливаа үндэслэлийг даруй мэдэгдэнэ”, 14 дүгээр зүйлийн 3-m “Хүн бүр өөрийг нь яллагдагчаар татсан аливаа эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхэд бүрэн тэгш эрхийн үндсэн дээр дараахь наад захын баталгаагаар хангагдах эрхтэй”, (g)-д “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 7 дугаар зүйлд “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчлалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй.”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “...нотлох баримтыг шалгуулах, ... Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах”-ыг хориглоно гэж тус тус заасан эрхийг хэрэгжих баталгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй”, 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч эх хэлээрээ болон өөрийн сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, ...мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй”, 9.6 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй гэж хуульчилсан.

Мөрдөгч нь шүүгдэгч Г.Ү-с 2020 оны 03 дугаар сарын 30-ний өдөр гэрчийн мэдүүлэг авахдаа түүнд дээрх эрхийг тайлбарлаж өгсөн нь тэмдэглэлд бэхжигдсэн мэдээллээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан шүүх, прокурор, мөрдөгч мэдүүлэг авахаас өмнө гэрчид энэ хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж өгнө гэсэн шаардлагыг биелүүлж, Г.Ү-д хуулиар эдлэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгосон, харин Г.Ү энэ эрхээ хэрэгжүүлэхээс татгалзаж мэдүүлэг өгсөн гэж үзнэ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай оролцогч нар хүсэлт гаргаагүй байна.

4. Прокурор 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 19 дугаартай яллах дүгнэлтдээ Г.Ү-г А.Д-н гэрийн хаалганы цоожийг нэвтрэн орсон гэж бичсэн бөгөөд тухайн зүйл, заалтанд заасан аль шинжийг буюу эзэмшигч өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн эд хөрөнгө нь ямар зориулалтаар ашиглаж байсан эд хөрөнгө болохыг заагаагүй боловч Г.Ү-н хууль бусаар нэвтрэн орсон гэр нь хохирогч А.Д-н байнга амьдрах зориулалттай гэр бөгөөд тухайн үед өөр газар амьдарч байсан нь тогтоогдож байна.

Г.Ү-г хүн амьдрах байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн болгон авч захиран зарцуулах бодит бололцоог бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт зөв гэж үзнэ.      

Г.Ү-д оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан нь шүүгдэгч Г.Ү-н үйлдсэн хэргийн зүйлчлэлд хамаарч байна.

Дээрх үндэслэлээр өршөөлд хамааруулахад Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна...”, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан шаардлага хангагдсан байх  ёстой.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Ү нь мөрдөн байцаалтын явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан боловч анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй үндэслэлээ “өмгөөлөгч авч мэдүүлгээ өөрчлөх боломжтой гэдгийг ойлгоод өмгөөлөгч аваад мэдүүлгээ өөрчилсөн” гэж тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх тул түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нь өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл биш гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Г.Ү-г Өмнөговь аймгийн Ханбогд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суудаг болохыг нотолсон  тус багийн Засаг даргын тодорхойлолт, иргэдэд үйлчлэх автомат машины иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан байх тул Г.Ү-г байнгын оршин суух хаягтай гэж дүгнэж, анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялаас түүний давж заалдах шатны шүүхийн хуралдаан болтол цагдан хоригдсон 68 хоногийг хасч, үлдэх 662 хоног хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрөөр дүйцүүлэн сольж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ү-г оршин суух албан ёсны хаяг болох Өмнөговь аймгийн Ханбогд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.10-т заасныг тус тус баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 662 хоног буюу 1 /нэг/ жил, 9/есөн/ сар, 27 /хорин долоо/ хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч Г.Ү-г Өмнөговь аймгийн Ханбогд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Г.Ү-д сануулсугай.     

4. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Ү-г нэн даруй сулласугай.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Ү-н 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон таслан сэргийлэх арга хэмжээний 68 /жаран найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсон болохыг дурдсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

  

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.НАСАНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧИД                                Х.ГЭРЭЛМАА

                                                                                    Ш.ТӨМӨРБААТАР