Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 69

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

            нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

            улсын яллагч С.Эрдэнэбаяр,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Даваахүү,

            шүүгдэгч М.Нямдаваагийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

            шүүгдэгч Г.Ууганбаярын өмгөөлөгч Г.Энхтүвшин,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Баярхүү,

          шүүгдэгч М.Нямдаваа, Г.Ууганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Маань овогт Машбатын Нямдаваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар, Боржигон овогт Ганбатын Ууганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 0108 0245 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 6 дугаар гудамжны 16 тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 257 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасч, 3 жил 1 сар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэг дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 106 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 05 сар 06 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн ЕП86110933 дугаартай, Маань овогт Машбатын Нямдаваа. 

2. Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага менежер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Баянхонгор аймаг Баялиг сум, 1 дүгээр баг, их халбагант гэх газарт оршин суух, регистрийн ВЭ86060511 дугаартай, Боржигон овогт Ганбатын Ууганбаяр.

Холбогдсон хэрэг яллах дүгнэлтэд дурдсанаар:

М.Нямдаваа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэрэлжийн замд 2016  оны 05 дугаар сарын 30-ны өдөр Форд маркийн 46-77 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2, 2.7-а, б дэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Б.Наранбаяр нь Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн ирж 2016 оны 05 дугаар сарын 31-ний 05 цаг 30 минутын орчим нас барсан, “Цацрал бэйкери” ХХК-ний эзэмшлийн 46-77 УНК улсын дугаартай автомашины эвдрэлд 5.130.800 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Ууганбаяр нь “Цацрал бэйкери” ХХК-ний захирлаар ажиллахдаа 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр М.Нямдавааг боорцог борлуулагч, жолоочоор ажилд авахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, албан тушаалтан дараах үүрэг хүлээнэ Б/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх гэсэн дүрмийн заалтыг зөрчиж, жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээдээр машин жолоодуулсны улмаас буюу 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Форд маркийн 46-77 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг М.Нямдаваа жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2, 2.7-а, б дэх заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, зорчигч Б.Наранбаярын амь насыг хохироосон гэмт  хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Г.Ууганбаярын өмгөөлөгч Г.Энхтүвшин нь гэм буруугийн талаар маргана, хохиролтой холбоотой асуудлаар мэтгэлцэнэ гэсэн тул шүүх хуралдааныг хоёр үе шаттай явуулсан ба шүүгдэгч Г.Ууганбаярын шүүхийн хэлэлцүүлэгт “Нямдавааг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ажилд авсан. Урьд нь Налайхад таараад манай нутгийн Батхишигийн санал болгосноор ажилд авсан. Жолооны үнэмлэхгүй хүнээр жолоо бариулснаа хүлээн зөвшөөрч байна. Намайг асуухад жолооны үнэмлэх байгаа гэсэн” гэх,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Нямдаваагийн өгсөн: “Жолооны үнэмлэхээ хэрэг гарснаас хойш авсан” гэх

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Баярхүүгийн өгсөн: “Цацрал Бэйкери” ХХК-ний захирал жолооны үнэмлэхийг нь шалгасан байсан бол өдийд миний хүү амьд байх байсан. Тэрэлжийн тэр замд эрүүл хүн машин жолоодож явсан байсан бол машин нь унахгүй байсан.” гэх мэдүүлгүүд болон

Улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт судалсан:

Шинжээчийн “Цацрал Бэйкери” ХХК-ний захирал Г.Ууганбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралт иргэн албан тушаалтны үүрэг 3.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, албан тушаалтан дараах үүргийг хүлээнэ. б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх” гэсэн дүрмийн заалтыг зөрчиж, эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн М.Нямдаваагаар тээврийн хэрэгсэл жолоодуулсан байх үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт,

/2 хх-ийн 70 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагчаар өгсөн: “Нямдавааг жолооны үнэмлэхтэй, жолоодох эрхтэй үгүйг би хариуцах ёстой байсан.” гэх мэдүүлэг,

/2 хх-ийн 67 дугаар хуудас/

“Цацрал Бэйкери” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

/2 хх 24-25 дугаар хуудас/

Тээврийн хэрэгслийн лавлагаа,

/2 хх-ийн 4 дүгээр хуудас/

Иргэний хариуцагчаар татсан тогтоол,

/2 хх-ийн 14 дүгээр хуудас/

Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /оношлогоо/ /2 хх-ийн 28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ууганбаяр нь тээврийн хэрэгслэлийн ашиглалтын аюулгүй ажиллагааг одоо болон тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хууль, шинэчлэн найруулсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт зааснаар замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар 13.4.1-13.4.4 дэх хэсэгт заасан үүргийг “Цацрал Бэйкери” ХХК-ний өмнө хүлээсэн атлаа тухайн үед Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жолоодох эрхийн үнэмлэхээр баталгаажуулна”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 дэх хэсэгт “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна” гэсэн хууль тогтоомжийн шаардлагыг хангаагүй М.Нямдаваагаар компаний жолооч борлуулалтын /хүнсний/ ажил гүйцэтгүүлэхээр өөрөө эзэмшигч иргэнээр 2015 оны авто тээврийн хэрэгслийн техник хяналтын оношлогоонд бүртгүүлсэн 4677 УНК улсын дугаартай Ford маркийн тээврийн хэрэгслийг Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 3б-д заасан тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх гэж заасан заалтыг зөрчин жолоодуулан замын хөдөлгөөнд оролцуулснаас М.Нямдаваа нь 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зам тээврийн осол гарган иргэн Б.Наранбаярын амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон түүний үйлдлийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Ганбатын Ууганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Г.Ууганбаярын өмгөөлөгч Г.Энхтүвшин нь “М.Нямдаваа ЦЕГ-ын TPS сүлжээнд шалгаж үзэхэд В 650444 тоот жолооны үнэмлэхтэй байна” гэсэн нотлох баримтаас өөрөөр дээрх судалсан баримтуудыг няцааж үгүйсгэсэн баримт судлаагүй болно. 

Хоёр. Шүүгдэгч М.Нямдаваа, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй ба эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцүүлэхэд шүүгдэгч М.Нямдаваагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Налайхад боорцгоо борлуулчихаад Улаанбаатар хот орж боорцгоо ачаад буцаад Налайх руу шөнө ирсэн. Ирээд найзтайгаа нэг шил архи уусан. Маргааш нь буюу 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 11 цагийн үед гэрээсээ гарахад архи гараагүй болохоор нь хохирогч Наранбаярыг утсаар дуудсан. Бид хоёр Налайхад боорцгоо борлуулсан. Тэгээд Тэрэлжийн дэлгүүрүүдээр борлуулахаар яваад буцаж явахдаа Батхишигтэй таарсан. Батхишиг мод ачих гээд явж байна, ачилцаад өгөөч гэхээр нь хамт ачилцаж өгөөд наашаа явж байгаад ийм зүйл болсон” гэх,

Шүүхийн хэлэлцүүлэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Баярхүүгийн өгсөн: “Жил гаруйн өмнө миний хүү 2016 он 05 дугаар сарын 30-ны өдөр эхнэртэйгээ гэртээ амарч байсан. Тухайн үед Нямдаваа гэгч залуу утастсан. Үдээс хойш миний хүү “Ааваа би Тэрэлж рүү машин барьж явахаар боллоо” гэж хэлэхээр нь “Миний хүү болгоомжтой яваарай” гэж хэлсэн. Хамгийн сүүлд тэгж л хүүдээ хэлсэн. Орой гэмтлийн эмнэлгээс хүү чинь аваарт орлоо гэж утастсан. Тухайн үед миний хүүд харагдах гэмтэл байгаагүй. Харин Нямдаваа битүү цус болсон байсан. Тэр үед би ганц хүүгээ хурдан алдана гэж санаагүй байсан. Тухайн үед гэрч гээд лам явж байсан. Тэгэхэд би Нямдавааг сайн залуу байна, миний хүүг нас барахад лам авч ирж байдаг гэж бодож байсан. Тухайн үед яаснаа мэдэхгүй байгаа гэсэн. Батхишиг гэрчээр оролцсон. Батхишиг танай хүү машин бариагүй гэж хэлсэн. Намайг эмнэлэг дээр очоод хүүтэйгээ уулзахад “Ааваа миний ам цангаад байна” гэж хэлсэн. Хамгийн сүүлд хэлсэн үг нь энэ үг байсан. Бүтэн жил амьдын тамд явж байна. Нямдаваа чи азтай хүн. Миний хүү хорвоогийн хамгийн сайн хүү байсан юм шүү. Миний хүүгийн эхнэр нь удахгүй төрөх дөхөж байсан. Тэгтэл төрсөн хүүхдээ ч харж чадаагүй өнгөрсөн. Өчүүхэн хэдхэн төгрөгийг төлөөч гэж би хэлэхгүй. Мөнгө хаанаас ч олддог юм. Хүний сайхан сэтгэл байхгүй болсон хорвоо юм байна. Нямдаваа хийсэн хэрэгтээ гэмшихгүй байна. Миний хүү тус болох гээд чамтай хамт явсан. Ааваа Нямдаваа сайн хүн гэж хаяа ярьдаг байсан. Би чамд эр хүн шиг, эцэг хүн шиг хандсан. Чи миний хохирлыг барагдуулна гэсэн. Надад сар болгон 500.000 төгрөг өгнө, ачид чинь сар болгон 200.000 төгрөг өгнө гэж хэлж байсан. Энэ талаар нотариат дээр очиход баталж өгөөгүй. Надад хэдэн төгрөг хэрэггүй. Надад миний хүүгийн амь хэрэгтэй байна. Надад амьд явах сонирхол алга байна. Миний  хүү аавдаа сор нь байсан юм. Гэрч Батхишиг хэлж байсан. Хурдан давхиад явдаг яасан онгироо залуу вэ, хаана очиж үхэх болоо гэж хэлсэн чинь 1 км яваад унасан байсан гэж хэлсэн. Миний хүүд амьд явах баталгаа байсан. Би хорвоо дээр нар шиг сайхан ганц хүүтэй хүн. Одоо 22 настай байх байсан. Амьдралын ид сайхан амьдрах насандаа энэ хүнд тус хүргэх гэж яваад амиа алдсанд нь маш их харамсалтай байна. Миний хүү Техник технологийн дээд сургуулийг энэ жил төгсөх оюутан байх байсан. Миний ач хүү 2016 оны 6 сард төрөх байсан ч талийгаач хүүгээ үзэж чадалгүйгээр амиа алдсан. Миний амьдралын хамгийн хар өдөр болсон. Би шүүгдэгчид хүлээцтэй хандаж байсан. М.Нямдаваа надад хүнлэг чанар гаргасан бол би өөр байх байсан, гэтэл энэ хүн надад хохирол төлбөр өгөөгүй. Би хүүгийнхээ амь насыг хэдэн төгрөгөөр үнэлж байгаад харамсаж байна. Би маш их гомдолтой байна. Би хохирлын 9.720.000 төгрөгийг бодитоор, баримтаар гаргаж өгсөн. Оршуулгын үед 500.000 төгрөгийг ээж нь авчирч өгсөн, дараа нь 500.000 төгрөг, шүүх хуралдааны өмнө 1.000.000 төгрөг, дараа цувуулж өгсөөр байгаад нийт 2.700.000 төгрөг хохиролд өгсөн. Өмгөөлөгчийн зардалд би 1.500.000 төгрөг бэлнээр өгсөн байгаа. Тэгээд шүүгдэгч надтай аман гэрээ хийж сар бүр 500.000 төгрөг, үлдэж байгаа хүүхдэд нь 18 нас хүртэл сар бүр 200.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Би тухайн үед зөвшөөрсөн. Гэхдээ хохирол төлбөр төлөөгүй учраас хуулийн дагуу хэргийг шийдэж өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна. Би хэрэг анх гарч байхад сэтгэл санаагаар маш их унасан байсан болохоор хэргийн материалтай сайн танилцаж чадаагүй. Би хэргийг буцааж анхан шатнаас дахин шалгуулах хүсэлтэй байна. Учир нь хавтаст хэрэгт техникийн шинжээчийн дүгнэлтээр миний хүүг Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 Б заалтыг зөрчсөн буруутай гэсэн байсан. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх

Улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт судалсан:

Шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар: “2. Форд маркийн 46-77 УНК улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Машбат овогтой Нямдаваа нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 Жолооч нь хөдөлгөөний эрчим, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Мөн МУ-ын ЗХД-ийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”. Мөн МУ-ын ЗХД- ийн 2.7а-д заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг зүйл заалтуудыг зөрчсөн байна.” гэх дүгнэлт,

/хх-ийн 38-39 дүгээр тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 33 дугаар:

“1. Талийгаачийн биед хэвлийн битүү гэмтэл, доод хөндийн венийн язрал, урагдал,  хэвлийн хөндийн цочмог цус алдалт, зүүн атгаал ясны хугарал, нүүр, их бие, мөчдийн зулгаралт гэмтэл тогтооглоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

З. Дээрх гэмтэл нь амь биед аюултай гэмтэл болно.

4. 5. Талийгаач нас барах үедээ согтолтгүй эрүүл байжээ.

6. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

7. Талийгаач нь дээрх хэвлийн битүү гэмтэл, доод хөндийн венийн язрал, урагдал гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас барсан болно.

8. Талийгаач нь ABO системээр O(I) бүлгийн цустай байна.” гэх дүгнэлт,

/хх-ийн 47  дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4918 дугаартай:

“1.2.3.4 Шинжилгээнд ирүүлсэн “Нямдаваа нас 30” гэсэн хаягтай цусанд 2,4 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2,4 промилли  спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

/1 хх-ийн 34 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Баярхүүгийн өгсөн: “Хэрэг гарсан өдөр буюу 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Налайх дүүргийн эмнэлэгт манай хүүг авчирсан байхад би талийгаач хүүтэйгээ уулзаад миний хүү яаж байна даа, болгоомжтой явахгүй яасан юм бэ гэж хэлэхэд манай хүү ааваа би буруугүй шүү, Нямдаваа ах машин жолоодож явсан, би их даарч байна, миний ам цангаж байна гэж хэлсэн юм. Өмнө өгсөн байцаалтад сэтгэл санаа уймралттай байсан учир энэ талаар хэлэхээ мартсан байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Батхишигийн өгсөн: “Тэрэлжийн зам дагуу цементэн гүүрний хажууд машин нь уначихсан байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгөөд хамт явж байсан хүмүүстэйгээ Нямдаваа, Наранбаяр хоёрыг машинаас гаргасан. Бид нарыг машинаас гаргахад жолоочийн суудал дээр Нямдаваа суугаад, хажуу талд нь зорчигчийн суудал дээр нь Наранбаяр сууж байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17-18 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч З.Цэрэн-Очирын өгсөн: “Тэрэлжээс хөдлөөд удаагүй байхад хөх өнгийн Форд маркийн тээврийн хэрэгсэл бид нарын хажуугаар хурдтайгаар гүйцэж түрүүлээд гараад явсан. Ширүүн хурдтай хажуугаар зөрөөд гарсан. Бид нар мод ачсан байсан болохоор удаан тайван явж байсан. Тэгээд зам дагуу жижиг гүүрний ойролцоо ирэхэд нөгөө Форд маркийн тээврийн хэрэгсэл замын баруун гар тал руу уначихсан байхаар нь бид нар зогсоод яасан юу болов гээд очиход жолооны ард Нямдаваа суусан байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 19-20 дугаар тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт

/1 хх-ийн 3-7 дугаар хуудас/,

“Вендо” хөрөнгийн үнэлгээний компаний гаргасан авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан,

/1 хх-ийн 61-63 дугаар хуудас/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 106 дугаар захирамж,

/1 хх-ийн 91, 95, 101, 106 дугаар хуудас/

М.Нямдаваагийн гаргасан захиргааны зөрчлийн хуудас /1 хх-ийн 110-112 дугаар хуудас/ зэргээр шүүгдэгч М.Нямдаваа нь ЦЕГ-ын TPS сүлжээнд В 650444 тоот жолооны үнэмлэхтэй, ШШГЕГ-ын шийдвэр гүйцэтгэх газраас 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5/2328 тоотыг үндэслэн хасагдсан эрхийг сэргээв гэж жолоодох эрх нь сэргэсэн боловч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Механикжсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг жолоодох эрхийн үнэмлэхээр баталгаажуулна”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 дэх хэсэгт “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслэлийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний болон олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна” гэсэн хууль тогтоомжийн шаардлагыг хангаагүй зохих газраас жолооны үнэмлэхээ авч баталгаажуулан биедээ авч яваагүй атлаа жолооны үнэмлэх байгаа гэж худал хэлэн ВЭ86060511 регистрийн дугаартай Ганбатын Ууганбаяр эзэмшигч иргэнээр бүртгүүлэн Нийслэлийн Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын Сонгинохайрхан салбар PC10 оношлогоонд 2015.06.09-ний өдөр орсон 4677 улсын дугаартай Ford маркийн TRANSIT Connect 220 загварын тээврийн хэрэгслээр жолооч борлуулагч хийхээр “Цацрал Бэйкери” ХХК-нд ажилд орж, улмаар 2015.05.30-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэрэлжид борлуулалт хийх  үедээ одоо болон тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а-д заасан “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундаа хэрэглэн уг тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо мөн дүрмийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан “жолооч тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хянах зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчин тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгоогүй, хурдыг хянах, зогсоох арга хэмжээ аваагүйгээс зам тээврийн осол гарган хамт явсан Б.Наранбаярын амь нас хохироосон Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Маань овогт Машбатын Нямдаваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлэн шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэхдээ 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар өмнөх /2002 оны/ Эрүүгийн хуулийн жолоодох эрхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулсан буюу 220 дугаар зүйл хэсгийг гэмт хэрэг тооцохгүй болсон, жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон бол гэж гэмт хэргийн үндсэн шинж нь хэвээр хадгалагдсан буюу 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан оногдуулах ялын доод хэмжээг хөнгөрүүлэн Г.Ууганбаяр, М.Нямдаваа нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул Г.Ууганбаярт холбогдох жолоодох эрхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйл хэсгийг хэрэгсэхгүй болгон Иргэний хуулийн 449 дүгээр зүйлийн 449.1, 499.4 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу түүний нэр хөрөнгөнөөс оршуулгын зардалд 7.027.400 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Баярхүүд олгож, М.Нямдаваагийн үйлдлийг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  3 дахь хэсгээр зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэн мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нямдаваагийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Харин улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тайлбар хэлэхдээ М.Нямдаваагийн эрх зүйн байдлыг дордуулан М.Нямдаваа нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн 8 жил хүртэл ял оногдуулах, шүүгдэгч М.Нямдаваагийн өмгөөлөгч хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа тул ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн тайлбарыг тус тус хүлээн авах боломжгүй, түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчийн зардалд бэлнээр өгсөн гэх 1.500.000 төгрөгийн баримт нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36.2-д “...Өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд ажлын байртай, банкинд харилцах данстай байна.”, Хуульчийн мэргэжлийн дүрмийн 2.4 дүгээр зүйлийн 8-д “...хуульч нь хууль зүйн үйлчилгээнээс олсон орлогоо мэдүүлж түүнд ногдох татвараа төлөх үүрэгтэй” гэсэн заалтуудын шаардлагад нийцээгүй ба өмгөөлөгчийн зардал, тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохтой холбоотой нотлох баримтаа хууль зүйн шаардлагад нийцүүлэн тус тус бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй гэж шүүх үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.6-36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ганбатын Ууганбаярт Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Маань овогт Машбатын Нямдаваад Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч Маань овогт Машбатын Нямдавааг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний  амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Шүүгдэгч М.Нямдаваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/  жилийн хугацаагаар хасч, 5 /тав/ жил хорих ял шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар  М.Нямдаваад оногдуулсан 5 /тав/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Нямдаваагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.Нямдаваа, Г.Ууганбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Г.Ууганбаярт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шүүх хуралдааны танхимаас сулласугай.

8. 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож 46-77 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Г.Ууганбаярт буцаан олгосугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар Г.Ууганбаярын нэр хөрөнгөнөөс оршуулгын зардалд 7.027.400 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Баярхүүд олгосугай.

10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Баярхүү нь бусад хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Нямдаваад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.БАВУУ