| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2020/04582/И |
| Дугаар | 184/ШШ2021/01469 |
| Огноо | 2021-06-25 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 184/ШШ2021/01469
| 2021 06 25 | 184/ШШ2021/01469 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ***, ****, ***** нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***, ****, ****,
Прокурор: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор ****
Гэм хорын хохиролд төрөөс 51,832,200 /тавин нэгэн сая найман зуун гучин хоёр мянга хоёр зуун/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч ********, түүний өмгөөлөгч ******, прокурор ***** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг 2005 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ажил дээрээ ажлаа хийж байхад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс хүмүүс ирж цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Тэр өдөр надаас хамт ажиллаж байсан******* амь насыг хохироосон гэж сэжигтнээр мэдүүлэг авч улмаар 2005 оны 3 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаагч нар намайг зодож, хөхүүл хүүхэдтэй эгч ******** цагдан хорьсон байгааг надад харуулж хэргээ хүлээхгүй бол аав ээжийг чинь хорино. Чамайг алчихсан ч яадаг юм бэ гэж айлган сүрдүүлж хэрэг хүлээсэн мэтээр мэдүүлгийг өөрсдөө зохион бичиж надаар гарын үсэг зуруулсан. Би гэмт хэрэг үйлдээгүй тухайгаа удаа дараа хэлж санал хүсэлт гаргаж байсан ч надад холбогдуулсан хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч нар болон шат шатны хяналтын прокурорууд хуулийг буруу хэрэглэж үндэслэлгүйгээр хилс хэрэг хүлээлгэх гэж 15 жил 7 сар 23 хоног хэлмэгдэж анхан болон давж заалдах хяналтын шатны шүүхэд нийтдээ 12 удаа орж 2007 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор 25 жилийн хорих ялаар шийтгүүлж 2007 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн эрүүгийн хэргийн 154 дүгээр тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 85 дугаартай тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаасан. Үүнээс хойш мөрдөн байцаалтын ажиллагаа тасралтгүй явагдаж 2008, 2009, 2010, 2016 онуудад анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэж нэмэлт мөрдөн байцаалтанд удаа дараа буцаасан. Ингээд 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20******** дугаар цагаатгах тогтоолоор *********** холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон З***** намайг цагаатгасан. Уг тогтоолын 9-т цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц З.********* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо арилгуулах эрхтэйг тайлбарлаж өгсөн. Гэтэл уг тогтоолыг прокурор ******** эсэргүүцэл бичсэнээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 2********* дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 202********* дугаар тогтоолыг хэвээр үлдээж улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон боловч прокурор Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд эсэргүүцэл бичсэний дагуу 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүх хурал зарлагдсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор ********* нь Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн ****** 2020 оны 10 дугаар сарын 12-ны 1/4436 дугаартай ******** холбогдох хэрэгт бичсэн прокурорын эсэргүүцлээсээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар татгалзсаныг Улсын дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 234 дүгээр захирамжаар хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай захирамж гаргаснаар Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр боллоо. Би 23 настай байхдаа Хилс хэрэгт холбогдож одоо 38 нас 9 сартай. 15 жил гаруй хугацаанд 800 гаруй хоног цагдан хоригдож хорихын хүнд нөхцөлд хүйтэн шалан дээр өдөржингөө сууж 00-ийн суултуур дээр доошоо харуулан зогсоож, шөнөжин босоогоор нь хүлээтэй зогсоож, наарны банзаар цохиулдаг. Хэргээ хүлээ гэж зүүгээр хатгуулж, цаазын ялтай хуулийн зүйл сонсгож 25 жилийн ялаар шийтгүүлж архаг, давтан хүнд хэрэг үйлдсэн хүмүүстэй хамт цагдан хорьж хийгээгүй хэрэгт бие, сэтгэлийн зовлон хүчирхийлэлд өртөж ар гэрийнхнийгээ зовоож байсандаа харамсаж, ингэж зовж амьд яваад яах вэ гээд хамгийн хүнд хуурай өлсгөлөн зарлаж, харанхуй жижиг өрөөнд хоригдсон. Сүүлдээ биеийн эрүүл мэндийн байдал эрс муудаж амь хохирохын даваан дээр хүчээр зогоолгосон байлаа. Намайг 800 хоног хоригдох хугацаанд миний бие болон ар гэрт минь асар их хохирол учирсан. Тухайлбал намайг гэмт хэрэг үйлдсэн гэж удаан хугацаагаар хорьсны улмаас манай гэр бүлээрээ ажиллаж байсан байгууллагын удирдлага болон ажилчид аав ээжийг минь ажлаас халсан хүнд хэрэгт холбогдсон хүүгийнхээ араас сэтгэл санаагаар унаж амьдралын хүнд байдалд орсны улмаас ямар ч архаг хууч өвчингүй байсан аав маань зүрх нь хаагдаж нас барсан. Охин дүү минь мөн амьдралын хүнд байдалд орсон ар гэртээ тус нэмэр болох гэж Солонгос улсад явж ажиллаад эрүүл мэнд нь муудаж ирээд бөөрний дутагдал өвчний учир нас барсан. Эрүүл саруул байсан ээж минь хүртэл цусны даралт ихдэх өвчин, зүрхний хэм алдаж, нойргүй сэтгэл гутралын өвчтэй болсон. Мөрдөн байцаагч хяналтын прокурорууд зарим шүүгч нарын мэдлэг, чадвар, хүн чанаргүй, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй ханддагаас болж би хийгээгүй хэрэгт холбогдож үүний улмаас миний хайртай хүмүүс амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа нь надад маш хүнд хэцүү байна. Би юуны төлөө яах гэж амьдарч байгаадаа гутардаг. Миний хайртай аав, дүү нар минь миний төлөө сэтгэлийн зовлон эдэлж намайг буруугүй гэдгийг сонсож чадаагүй амь насаа алдсаныг бодохоор мөн мөрдөн байцаагч нарт зодуулж, доромжлуулан басамжлуулж байсан болон прокуроруудын хүйтэн хөндий хүний мөсгүй зангуудыг мөн цагдан хорих байранд яаж тамлуулж зовж байснаа бодохоос зүрх шимширч сэтгэл санаагаар гутарч, хүнд итгэх итгэлээ алдаж уур уцаар ихтэй, гомдомхой болж эрүүл мэндийн хувьд ч хохирч бараг эрүүл эрхтэн үлдээгүй. Хэдийгээр надад холбогдсон хэрэг цагаатсан ч миний сэтгэл санаа тайвшрахгүй мөрдөн байцаагч, прокуроруудын харгис хэрцгий зан авир, хорихын дотор хүмүүстэй хэрхэн хүний ёсноос гадуур, тэр дундаа хүнд хэрэгт холбогдсон хүмүүстэй харьцаж байсан харьцаа нь одоо хүртэл миний сэтгэл санаанаас огтхон ч гарахгүй, зүүдлэх, нойр хулжих, хүн болж төрсний хувьд хийж бүтээсэн зүйлгүй, хань ижилгүй, үр хүүхэдгүй миний цаашдын амьдрал хүнд байна.
Би "*********" ХХК-д 2003 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 013 дугаар тушаалаар будах цехд машин баригчаар 2003 оны 6 дугаар сарын 21-нээс ажилд ороод 2005 оны 3 дугаар сарын 21-ний өдөр цагдаад баригдаж цагдан хоригдсоноос хойш 774 хоног цагдан хоригдож даалтанд гарсны дараа цагдаагийн хэлтсүүдэд мөн шүүхүүдэд өдөр бүр бүртгүүлж ажил хөдөлмөр эрхлэх ямар ч цаг хугацаа олгоогүй, таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан. Уул нь би цэргийн алба хаасан, хамт олны дунд ажил хөдөлмөр эрхэлж ажилдаа идэвх санаачлагатай, төлөвлөгөө нормоо давуулан биелүүлж шагнал урамшуулал авдаг нэр хүндтэй ажиллаж байсан намайг хуулийн байгууллагын хариуцлагагүй ажилтнуудын буруутай үйлдлээс болж эрхэлсэн ажилгүй хамт олонгүй хань ижилгүй, зожиг ганцаардмал, амьдрах итгэл муутай, цаашдаа хэнд итгэж яаж амьдрах ирээдүй надад харагдахгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1, 45.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.5, 2.1, 2.4-т зааснаар хохирлыг нөхөн төлүүлэх эрх үүссэнийг цагаатгах тогтоолд тодорхой зааж тайлбарласны дагуу мөн хуулийн 45.3, 1.1-д зааснаар хууль бус ажиллагааны улмаас аваагүй цалин хөлс 2005 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож 2005 оны 4 сараас 6 сарыг дуустал 3 сар нь 120,000 төгрөг, 2006 оны 02 дугаар сарын 01-нээс 2006 оны 12 сарыг дуустал 583,000 төгрөг, 2007 оны 7 дугаар сарын 01-нээс 2007 оны 9 сарыг дуустал 621,000 төгрөг, 2007 оны 10 сарын 1-нээс 2007 оны 12 сарыг дуустал 270,000 төгрөг, 2008 оны 1 сарын 1-нээс 2011 оны 3 сарыг дуустал 4,212,000 төгрөг, 2011 оны 4 сараас 2013 оны 8 сарыг дуустал 3,931,200 төгрөг, 2013 оны 9 сарын 1-нээс 2016 оны 12 сарыг дуустал 7,488,000 төгрөг, 2017 оны 1 сараас 2018 оны 12 сарыг дуустал 5,760,000 төгрөг, 2019 оны 1 сараас 2019 оны 12 сар дуустал 3,840,000 төгрөг, 2020 оны 1 сараас 2020 оны 10 сарын 14-нийг дуустал 4,410,000 төгрөг нийт 31,532,200 төгрөгийг хилс хэрэгт холбогдоогүй ажил хөдөлмөр хийж явсан бол үүнээс илүү цалин орлоготой хамт олонтой сэтгэлийн амар амгаланг эдэлж хүний ёсоор амьдарч явах байсан. Би цэргийн алба хаасны дараа “*****” ХХК-д 2003 оны 7 сараас 2005 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 15 цаг хүртэл эрүүл саруул ажил хөдөлмөрөө хийж явсан. Хилсээр хоригдож хүнд ял авч харамсалтайгаар аав охин дүү нараасаа салж олон жилийн турш сэтгэлийн хүнд зовууртай явсны улмаас сэтгэл түгших эмгэг гэдэг Олон улсын өвчний ангиллаар ***** гэдэг оношоор оношлогдож эмчилгээ хийлгэж байна. Иймд сэтгэл санааны хохиролд 28,000,000 төгрөг нэхэмжилж байна. Хэрэв үүнд эргэлзэж байна гэж үзвэл шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. 15 жил гаруй хугацаанд өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй байж хэлмэгдэж байсан учир өөрийнхөө эрхийг хамгаалуулахаар өмгөөлөгч М.Хувцагааныг 2005 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл авч хууль зүйн туслалцаа авсны хөлсөнд 2005 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 6,800,000 төгрөгийг миний ах ******** төлсөн. 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 7,500,000 төгрөгийг миний ээж *********төлсөн. Хэрэг цагаатсаны дараа өмгөөлөгчийн хөлсний үлдэгдлийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 3,500,000 төгрөг, мөн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 2,500,000 төгрөгийг тус тус төлж нийт 20,300,000 төгрөг болсон. Монгол улсын нэгдэн орсон Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын гэрээний 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт хууль бусаар баривчлагдаж эсвэл цагдан хоригдсон этгээд хохирлоо албадан нөхөн төлүүлэх, мөн эрүүл мэндээ бүрэн сэргээхэд шаардлагатай төлбөр гаргуулах эрхтэй гэж заасан.
Иймд хууль бус ажиллагааны улмаас аваагүй цалин хөлс 31,532,200 төгрөг, сэтгэл санааны хохирол 28,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 20,300,000 төгрөг нийт 78,832,200 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.1, 1.6, 45.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зохих байгууллагаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Миний бие сэтгэл санаанд учирсан хохирлоо эмчлүүлэх, эмнэлгийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа багасгаж, аваагүй цалин хөлс 31,532,200 төгрөг, эрүүгийн хэрэгт шалгагдах явцад өмгөөлөгчид төлсөн төлсөн хөлс 20,300,000 төгрөг, нийт 51,832,200 төгрөгийг төрөөс гаргуулж өгнө үү.
Төрийг төлөөлж хяналтын прокурор*********** шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Хүсэлт гаргагч ******** нь 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шаардлагаа багасгаж, сэтгэл санааны хохирлын 28,000,000 төгрөгөөс татгалзсан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: ************** /РД:ТИ-8******9/ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2005 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Max импексийн ар талын үерийн сувагт иргэн ********ай маргалдаж улмаар нүүр, толгойд чулуу, тоосгоор цохиж гавал тархины гэмтэл, зулай, дух, чамархай, дагзны ясны цөмөрсөн салаалсан хугарал, зүүн хацрын яс цөмөрсөн хугарал, суурь ясны салаалсан хугарал, хатуу бүрхүүл доорх цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дух, зүүн хөмсгөн дэх шарх, хамар хоншоор ясны цөмөрсөн хугарал, шарх, дээд уруулын дээд хэсэг дэх шарх, 2 өвдөг дэх шалбаралт, зүүн шилбэ, зүүн тохой дахь шалбаралт, зүүн тохой дахь цус хуралт, баруун сарвуун дахь шалбаралт, зулгаралт бүхий гэмтэл учруулж хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан. Уг хэрэгт шалгагдаж 2005 оны 3 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр баривчлагдаж, 2005 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс цагдан хоригдож, 2006 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 602 хоног, 2007 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2007 оны 7 дугаар сарын 10-ныг хүртэл хугацаанд 172 хоног нийт 774 хоног цагдан хоригдож, 2007 оны 7 дугаар сарын 10-наас хойш батлан даалтад байсан байна. Гэмт хэрэг гарсан өдөр буюу 2005 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ******* нь хохирогчтой уулзсан, хэргийн газраас олдсон хохирогчийн панда алчуурыг хэрэг гарсан өдөр З.Гантулга зүүж явсан талаар гэрч мэдүүлсэн, хэрэг гарсан газрын ойролцоох оршин суугч нар хэрэг гарсан шөнө Ганаа ална аа гэж хүн хашгирхыг сонссон, З.Гантулга нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд гэртээ болон эгчийндээ байгаагүй бөгөөд өөрөө хэргийн газрыг зааж мэдүүлэг өгсөн зэрэг үндэслэл бүхий нотлох баримтуудад үндэслэн ********* хэрэгт холбогдуулан шалгасан бөгөөд шүүхээс 2007 оны 3 дугаар сарын 01-ний өдөр шийтгэх тогтоол гарч, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан байна. З.Гантулга нь эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэх боловч эрүүдэн шүүсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн гэм буруутай үйлдэл нь гэмт хэрэг болох нь шүүхээр нотлогдсон тохиолдолд хохирол нэхэмжлэх эрх үүснэ. З.Гантулгыг эрүүдэн шүүсэн талаарх гэмт хэрэг нотлогдоогүй, шүүхээр шийдвэрлэгдээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.9 дүгээр зүйлд “Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг төр хариуцан арилгана” гэж заасан. *******г хэрэгт холбогдуулан шалгасан, “онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулж болзошгүй гэх үндэслэлээр ***********д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн нь үндэслэл бүхий нотлох баримтуудад үндэслэсэн байх тул мөрдөгч, прокурор, шүүгч хууль зөрчиж, санаатайгаар, эсхүл болгоомжгүйгээр, хүнийг хилс хэрэгт гүтгэх, хэрэг хүлээлгэх зорилготой хийсэн хууль бус ажиллагаа гэж үзэхгүй. Нэхэмжлэлд дурдагдсан аав, дүү нь нас барсан, ээж нь өвчтэй болсон гэх асуудал нь ******** хүнд хэрэгт холбогдсон, цагдан хоригдсонтой шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй байна. Хэдийгээр ********* нь би 2005 оны 3 дугаар сарын 23-ны өдөр эгчийгээ хоригдсон байхыг хараад хүчээр худал мэдүүлэг өгсөн гэх боловч *********н мэдүүлгийг газар дээр нь шалгаж, болсон явдлыг тодорхой мэдүүлсэн, хэрэг болсон газрыг заасан мэдүүлэг нь 2005 оны 3 дугаар сарын 22-ны өдөр явагдсан. Хэрэгт авагдсан зарим нотлох баримт устаж алга болсны улмаас хэрэг хэрэгсэхгүй болсон хэдий ч мөрдөгч, прокурор, шүүгчийн санаатай, хууль бус, гэм буруутай, эсхүл болгоомжгүй үйлдлийн улмаас **********г хэрэгт холбогдуулан шалгасан гэж үзэхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан хохирлыг нөхөн төлүүлэх эрх үүсэхгүй, хохирлыг төр хариуцан арилгах үндэслэлгүй байна. ******** авах ёстой байсан цалин хөлсийг нэхэмжлэхдээ “********” ХХК-д 2005 оноос 2020 онд самнах цехийн машин баригч гэх орон тоо байгаа эсэх, тухайн орон тооны ажлын байрны тодорхойлолт, шалгуур, цалингийн тодорхойлолт зэрэг албан ёсны баримт байхгүй, 2007 онд суллагдсан байхад 2020 он хүртэлх цалинг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Сэтгэл санаанд учирсан гэм хорын хохирлыг арилгуулах талаар Иргэний хуульд тусгайлсан зохицуулалт байхгүй тул 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, сэтгэл санааны хохирлын 28,000,000 төгрөгөөс татгалзсан нь үндэслэлтэй байна. Хэрэгт өмгөөллийн хөлсөнд төлсөн гэх баримт, шилжүүлгийн баримт байх боловч өмгөөлөгчийн зүгээс энэ орлогыг нотолсон баримтаа хэрэгт хавсаргаагүй байна. Иймд *******н гэм хорын хохирол төрөөс гаргуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********* нь гэм хорын хохиролд төрөөс 51,832,200 /тавин нэгэн сая найман зуун гучин хоёр мянга хоёр зуун/ төгрөг гаргуулахаар шаардаж байна.
*****а гэм хорын хохирол төрөөс гаргуулах шаардлагын үндэслэлээ “төрийн эрх бүхий албан тушаалтны буруутай үйлдлээс шалтгаалан хууль бусаар баривчлагдсан, яллагдагчаар татагдсан, цагдан хоригдсоноос хохирол учирсан” гэж тайлбарлах бөгөөд төрийг төлөөлөн оролцож байгаа прокурор “хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан, мөрдөгч, прокурор, шүүгчийн санаатай, хууль бус, гэм буруутай, эсхүл болгоомжгүй үйлдлийн улмаас ****г гэмт хэрэгт холбогдуулан шалгасан гэх үндэслэлгүй” гэж маргасан.
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчийн 2005 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн баривчлах тогтоол, сэжигтнээр тооцох тогтоолын дагуу “***” ХХК-ийн анхан шатны самнах цехэд машинистаар ажиллаж байсан ****г 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжиглэн баривчилж, 2005 оны 3 дугаар сарын 23-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. /хх-ийн 7-21/
Улмаар яллагдагчаар татан, урьд сонсгосон ялыг өөрчлөн Эрүүгийн хуулийн 91.2.2, 91.2.12, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг удаа дараа сунгаж байжээ.
**** холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүх 2006 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шүүн хэлэлцээд 120 дугаартай мөрдөн байцаалтад буцаах тухай тогтоол, 2006 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр хэлэлцээд 325 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гарсан ба уг тогтоолд хохирогчийн өмгөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдаанаар 2007 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 32 дугаар магадалалаар анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
Сонгинохайрхан дүүргийн шүүх хэргийг 2007 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хянан хэлэлцээд 85 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, З.Гантулгыг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар 25 жил хорих ялаар шийтгэжээ.
Энэхүү шийдвэрийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2007 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 154 дугаар тогтоолоор хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дамжуулан дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 95/
Нэхэмжлэгч З******д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 157 дугаар тогтоол, шүүгчийн 2009 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 154 дугаар захирамж, 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2 дугаар тогтоол, 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 71 дугаар тогтоолуудаар нэмэлт мөрдөн байцалтад буцааж байжээ. /хх-ийн 106-112/
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 2020/ШЦТ/583 дугаартай цагаатгах тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгасан байна.
Шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах тухай улсын яллагчийн эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 2020/ДШМ/945 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээжээ.
Улсын яллагчаас тогтоол, магадлалыг хүчингүй болгуулахаар 2020 оны 8 дугаар сарын 31-ны өдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд хандан эсэргүүцэл бичсэн, энэхүү эсэргүүцлээсээ 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр татгалзсан тул Улсын дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн өдрийн 234 дугаар захирамжаар хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр буцааснаар шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 209, 215, 216/
Хүсэлт гаргагч ****** нь зөрчигдсөн эрхээ сэргэсэн хугацааг Улсын дээд шүүхийн шүүгчийн захирамж гарсан өдрөөр тооцож байгаа болно.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт “хууль бусаар
яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана” гэж заасан тул нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.
Эрүүгийн гэмт хэргийг шалгаж тогтоох, яллагдагчаар татах, баривчлах, цагдан хорих арга хэмжээ авах, ял шийтгэх, ял эдлүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан хэдий ч З****** нь гэм буруутай болох нь тогтоогдоогүй, шүүхээс “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр цагаатгасан байх тул түүний эрх зөрчигдсөн гэж үзэж, эрх зүйн үр дагаварыг нь төр хариуцан арилгах үүрэгтэй юм.
Нэхэмжлэгч нь 15 жилийн хугацаанд нийтдээ 774 хоног цагдан хоригдсон, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, онц хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдсанаас тогтвортой ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжоо алдсан болох нь түүний тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 -т “...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” заасан бөгөөд эрүүгийн гэмт хэрэг шалгах эрх бүхий байгууллагуудын ажиллагааны улмаас ******н үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажсан эрх нь зөрчигджээ.
******** гэм хорын хохирол төрөөс гаргуулах шаардлагаа эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан 2005 оны 3 дугаар сарын 21-нээс цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсон 2020 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн өдрийг хүртэл хугацаанд аваагүй цалин хөлс, орлогоо тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 31,532,200 төгрөг, эрүүгийн хэрэгт авсан өмгөөлөгчид төлсөн хөлс 20,300,000 төгрөг, нийт 51,832,200 төгрөг гэж тодорхойлсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тухайн хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх эрх үүсэх, мөн хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1,6 дахь заалтад хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс зэрэг эд хөрөнгийг хохирлыг нөхөн төлөхөөр зохицуулсан байна.
Нэхэмжлэгч нь өөрт учирсан гэм хорын хохирлын хэмжээг нотлох үүрэгтэй бөгөөд гэмт хэрэгт сэжиглэгдэн баривчлагдах үедээ “Б*******” ХХК-ийн Самнах цехэд машин баригчаар ажиллаж байсан нь тус компанийн тодорхойлолт, гүйцэтгэх захирлын тушаал зэрэг баримтаар тогтоогдож байгаа хэдий ч ажил хөдөлмөр эрхлээгүй хугацааны хохирлоо тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нэхэмжилсэнийг буруутгах үндэслэлгүй юм. /хх-ийн 217-219/
Мөн 2005 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны хөлсөнд 2005 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 6,800,000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 7,500,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 3,500,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 2,500,000 төгрөг, нийт 20,300,000 төгрөгийг төлсөн нь өмгөөлөгч *********** Хаан банк дахь ******* дансны хуулга, нэхэмжлэгчид олгосон мөнгө хүлээн авсан тасалбараар нотлогдсон. /хх-ийн 147, 148,187/
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэм хорын хохиролд төрөөс 51,832,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ********* олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Томилогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төрийн сангаас 51,832,200 /тавин нэгэн сая найман зуун гучин хоёр мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ********* олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.