Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэрэлхүгийн Жаргалтуяа |
Хэргийн индекс | 142/2023/02114/И |
Дугаар | 142/ШШ2024/00255 |
Огноо | 2024-02-05 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 142/ШШ2024/00255
2024 02 05 142/ШШ2024/00255
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 00 тоот хаягт оршин суух, Д.О /РД: ХН000000, утас: 00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 00 байранд байрлах, “Т” ******* /РД: 0000000, утас: 00000000/-д холбогдох,
“965,000 төгрөгийн үнэ бүхий алтан бөгж гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.О
Хариуцагчийн төлөөлөгч М.Д
Хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч “Т” *******-д холбогдуулан “965,000 төгрөгийн үнэ бүхий алтан бөгж гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 2023 оны 11 сарын 25-ны өдөр ломбардад өөрийн 3,65 гр алтан бөгжөө 540,000 төгрөгт тавьсан. 2023 оны 11 сарын 28-ны өдөр ломбардын хүний 5093225442 дансанд 550,100 төгрөг шилжүүлсэн. Би Улаанбаатар хотод байдаг учир ирж авах боломжгүй байсан учир замын унаанд тавиад явуулчих гэж хэлсэн. Таньдаг хүнээрээ явуулах гэсэн явуулж чадаагүй. Тендерийн унаанд тавиад явуулчихлаа, дугаарыг над руу явуулсан гэж хэлж байсан. Маргааш нь бөгжөө авах гэтэл жолооч нь хаячихсан байна. Надад флаш гэж хэлж өгсөн, би флашаар нь төлье гэж хэлээд надад өгөөгүй. Би найдвартай унаанд тавиад өгөөрэй гэж хэлсэн. Зоос гоёлоос худалдаж авсан. 3,65 гр алтан бөгжийг 965,000 төгрөгөөр худалдаж авсан Одоог хүртэл миний бие бөгжөө авч чадаагүй байна. Би 965,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Энэ дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлж байна. Бөгжөө аваад удаагүй байсан. Иймд миний бөгжийг тус ломбардын газраас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч “Т” *******-ийн төлөөлөгч М.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Оын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хариу тайлбар гаргаж байна. Манай “Т” ******* нь 2008 оноос хойш Орхон аймагтаа барьцаалан зээлдүүлэх төвийн үйл ажиллагаа явуулж байна. 2023 оны 11 сарын 25-ны өдөр үйлчлүүлэгч Д.О нь манай төвд хандан өөрийн 3,6 грамм алтан бөгжийг тавьж, 540,000 төгрөгийг зээлсэн. Анх бөгжөө тавихдаа л өөрийгөө Улаанбаатар хотод байдаг тул шуудангаар буюу хот руу явдаг унаагаар явуулаад өгөөч гэж хэлээд байсан. Ингээд 2023 оны 11 сарын 27-ны өдөр холбогдоод мөнгөн дүн хэд болсныг асуусан бөгөөд удалгүй 2023 оны 12 сарын 01-ний өдөр Д.О нь нийт төлбөр 550,100 төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараа мөнгөө өгсөн тул та Улаанбаатар хотын дайварт тавиад өг гэж удаа дараа олон удаа гуйсан тул түүний хүсэлтээр найдвартай баталгаатай албан ёсны тендерийн унаагаар явуулж өгөхөөр болж судалсан. Улмаар 2023 оны 12 сарын 03-ны өдөр Зэст багт байрлах Барилгачдын талбай орж хот руу явах албан ёсны тендерийн унаа асуухад 58-25 ОРХ соната маркийн унаа байсан бөгөөд тухайн жолоочоос тендерийн унаа эсэхийг тодруулахад “ББ од” *******-ийн жолооч гэсэн тул тухайн машины жолоочид дайврыг өгсөн. Дайврыг өгөхдөө цагаан өнгийн дэвтрийн цаасыг жижиглэж хуйлаад битүү скочоор ороож өгсөн. Тухайн үед би Д.О руу утасдаж ямар машинд өгсөн, ямар дугаартай машинд өгсөн талаар ярьж байх хооронд жолооч нь энэ юу вэ? Жижиг юм байна флаш уу гэж асуух шиг болсон, би утсаар ярьж байсан болохоор жолоочид ямар нэгэн хариу өгч чадаагүй. Ингээд би Д.О руу тосож аваарай гээд мессежээр жолоочийн гар утасны дугаар, машины дугаар, дансны дугаар зэрэг мэдээллийг явуулсан. Тухайн өдөр над руу жолооч болон тосож авах Д.О нар эргэж холбогдоогүй тул дайвраа авсан байх гэж бодож байсан. Гэтэл маргааш өдрийнх үдээс хойшоо 2-3 цагийн үед Д.О холбогдоод жолоочоос дайвраа аваагүй, дайвар байхгүй, олдохгүй байна гэж холбогдсон. Ярьсных нь дараа гайхаж жолоочтой холбогдоход скочтой жижиг болохоор хүний ачаанд наалдаад явсан байж магадгүй, эсхүл хүн андуураад аваад явсан байж магадгүй, хайгаад олохгүй байна гэж хэлсэн. Би жолоочид өгсөн, жолооч тухайн дайврыг яасан гэдгээ мэдэхгүй байгаа. Жолоочийн өгсөн тайлбараас харахад дайвар авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг, авчихаад тухайн хүнд нь өгөлгүйгээр хайнга хандаж бусдын эд хөрөнгийг алдаж, бусдыг хохироож байна. Энэ бүх учир байдлыг хэлэхэд жолооч флаш байсан юм биш үү тэр флашийн мөнгийг нь би өөрөө өгчихье гэж хэлээд байгаа. Иймд би ямар нэгэн байдлаар бусдыг хохироосон, бусдын эд хөрөнгийг завшсан, хулгайлсан луйвардсан зүйл байхгүй. Би уг хүний өөрийнх нь буюу Д.Оын удаа дараа гуйсан хүсэлтийнх нь дагуу албан ёсны дайвар тээвэрлэдэг газар хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгсөн тухайн өдөртөө Д.О нь өөрөө очиж дайврыг аваагүй, магадгүй тэр өдрөө очоод авсан бол дайвар алга болохгүй ч байсан байх магадлалтай тул нэхэмжлэгчийн бас буруутай үйлдэл байгаа. Мөн дайврыг авсан жолоочийн буруутай үйлдэл байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Хариуцагч “Т” *******-ийн төлөөлөгч М.Д, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.О нь би Улаанбаатар хотод байдаг учир та миний бөгжийг унаанд тавиад өгөөч гэж надаас гуйсан. Таньдаг хүнээрээ явуулах гээд Д.О руу утасдаж асуух гэтэл тэр үед утсаа аваагүй. Тэгээд би тендерийн унаанд бөгжийг нь тавиад явуулсан. Бөгжөө Улаанбаатар хотод очсон өдөр нь очиж аваагүй, маргааш нь очиж авах гэсэн чинь жолооч өгөхгүй байна гэхээр нь би жолоочоос асуусан чинь та надад флаш өгсөн биз дээ. Тэр флашийг чинь аваад өгье гэж хэлсэн. Би тухайн үед жолоочид яг флаш гэж хэлээгүй. Тэгж хэлж болдог үгүйг мэдэхгүй байсан. Жолооч та надад алтан бөгж гээд хэлчихгүй яасан юм бэ? гэж хэлсэн. Би өөрөө аваад алга болгосон бол хамаа алга төлж болно. Хүнд өгч явуулчихаад, хүний алга болгосон эд зүйлийг би өмнөөс нь төлнө гэдэг хэцүү байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч Д.О нь “Т” *******-д холбогдуулан бөгж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 3,65 гр алтан бөгжөө 540,000 төгрөгт тавьсан. Барьцааны төлбөрөө төлөөд нэхэмжлэгч Улаанбаатар хот руу дайврын унаагаар явуулахыг гуйсан учир хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчийн хэлсний дагуу такси үйлчилгээнд уг маргаан болоод байгаа бөгжийг өгч явуулсан. Хариуцагчийн төлөөлөгч уг бөгжийг дайврын унаад өгч явуулсан, өгч явуулсан гэдгийг нэхэмжлэгч өөрөө мөн хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд буюу жинхэнэ хариуцагчаа тодорхойлоогүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч болон хариуцагч байгууллага хоёрын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж, зээлийг төлснөөр тухайн харилцаа дууссан. Харин дайврыг өгсөн талаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Улаанбаатар хот руу дайврыг хүргэж өгөх үүрэг хүлээсэн жолооч нь Иргэний хуулийн 396 дугаар зүйлийн 396.1 дэх хэсэгт заасан үүргээ хүлээгүйгээс үүссэн, тодруулбал эд хөрөнгийг тухайн тээвэрлэгч тухайн этгээдэд хүлээн өгөх хүртэл ачаа дутсан, гэмтсэн гэх мэт аливаа хариуцлагыг жолооч хэсэгчлэн болон бүхэлд хариуцна гэсний дагуу хариуцагч тээвэрлэлтийн улмаас бий болсон хохирлыг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. Цагдаагийн газарт мэдүүлэг өгөхдөө тухайн жолооч өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж бусдын эд зүйлсийг гээгдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, алтан бөгжийг харуулсан гэрэл зураг, Алт, мөнгөн эдлэл худалдсан тухайн зар бичиг болон 4044 дугаартай барьцаалан зээлдүүлэх гэрээ зэрэг баримтын хуулбар болон эх хувь зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. (хх 2-5, 20 тал)
5. Хариуцагчаас: “Т” *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2024.01.10-ны өдрийн 63 дугаартай “Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, дайврыг өгсөн машины мэдээллийг харуулсан болон нэхэмжлэгч рүү зурвас /мессеж/ илгээснийг харуулсан гэрэл зураг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. (хх 7, 12-13, 17-18 тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.О нь тус шүүхэд хариуцагч “Т” *******-д холбогдуулан “965,000 төгрөгийн үнэ бүхий алтан бөгж гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон болно. (хх 1 тал)
Хариуцагч тал дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалздаг бөгөөд татгалзлын үндэслэлээ “...би тендерийн унаанд бөгжийг нь тавиад явуулсан. Би өөрөө аваад алга болгосон бол хамаа алга төлж болно. Хүнд өгч явуулчихаад, хүний алга болгосон эд зүйлийг би өмнөөс нь төлнө гэдэг хэцүү байна. Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд буюу жинхэнэ хариуцагчаа тодорхойлоогүй, нэхэмжлэгч болон хариуцагч байгууллага хоёрын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж, зээлийг төлснөөр тухайн харилцаа дууссан. Харин дайврыг өгсөн талаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Жолооч Цагдаагийн газарт мэдүүлэг өгөхдөө өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж бусдын эд зүйлсийг гээгдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарладаг.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнэ буюу алтан бөгжний үнийг тухайн бөгжийг худалдаж авсан үнэ болох 965,000 төгрөг гэж тодорхойлдог бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
1. Хариуцагч “Т” ******* нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг байх бөгөөд уг барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааныхаа хүрээнд нэхэмжлэгч Д.Од 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 540,000 төгрөгийн зээлийг 1 сарын хугацаатай хүүтэйгээр зээлдүүлэхээр, Д.О нь уг зээлийн барьцаанд өөрийн 3,65 гр жинтэй алтан бөгжийг барьцаалахаар тус тус харилцан тохиролцож, энэ тухай 4044 дугаартай барьцаат зээлийн гэрээг бичгээр байгуулжээ.
2. Хариуцагч “Т” ******* нь дээрх гэрээний дагуу 540,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Од шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх ба нэхэмжлэгч Д.О нь гэрээнд заасан 1 сарын хугацаанаас өмнө буюу 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлж авсан 540,000 төгрөгийг тухайн өдрийг хүртэлх хугацаанд бодогдсон хүүгийн хамт нийт 550,100 төгрөгийг хариуцагч “Т” *******-д төлөх үүргээ мөн биелүүлсэн байна.
3. Нэхэмжлэгч Д.О нь Улаанбаатар хотод оршин суудаг тул барьцаанд тавьсан алтан бөгжийг Улаанбаатар хот руу явах найдвартай унаанд тавьж өгөхийг хариуцагчаас гуйсны дагуу хариуцагч “Т” *******-ийн захирал М.Д 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар-Эрдэнэт хоёрын хооронд явдаг тендерийн унаа гэх 58-25 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд дайж явуулсан, тухайн тээврийн хэрэгслийн жолооч Ш.Э нь тухайн дайврыг алга болгож үрэгдүүлсэн зэрэг үйл баримтууд тогтоогдож байна. Эдгээр үйл баримтуудын талаар талууд маргадаггүй болно.
Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2-т “Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаанд зөвхөн хөдлөх хөрөнгө барьцаална” гэж, 286.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Зээлийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд түүнд дараах нөхцөлийг тусгасан байна” гэж, 15.3-т “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд зээлийн гэрээ байгуулахдаа энэ хуулийн 15.2-т заасан нөхцөл бүрийг зээлдэгчид тайлбарлаж өгнө” гэж тус тус заасан.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Д.О болон хариуцагч “Т” ******* нар нь алтан бөгж барьцаалан зээл авах, өгөх талаар харилцан хүсэл зоригоо илэрхийлж, хэлцлийн гол нөхцөл /барьцааны зүйл, үнэ, хугацаа, хүлээх үүрэг г.м/-ийн талаар хэлэлцэн тохиролцож, гэрээг бичгээр байгуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байх ба тэдний хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 286 дугаар зүйл, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 15 дугаар зүйлд тус тус заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр барьцаалан зээлдүүлэх газраас олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иймд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй, гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг хэн алин нь гэрээний нөгөө талаас шаардах эрхтэй.
Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч тал барьцааны зүйл болох алтан бөгжийг тендерийн унаанд дайж, тус тендерийн унааны жолооч тухайн дайврыг үрэгдүүлсэн нь маргааны зүйл болсон байх бөгөөд ийнхүү барьцааны зүйл болох алтан бөгжийг тендерийн унаад дайж явуулсныг нэхэмжлэгч Д.О-д хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлгүй.
Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4-д “Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй...” гэж, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд санаатай, эсхүл болгоомжгүй үйлдлээр зээлдэгчид хохирол учруулсан бол хохирлыг бүрэн барагдуулна” гэж тус тус заасан бөгөөд хуульд ийнхүү зааснаар хариуцагч барьцаалан зээлдэх газрыг гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ хэрэгжүүлээгүй, зээлдэгчид хохирол учруулсан гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгч Д.О нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс хохирол учирсан бол “учруулсан хохирлыг арилгуулах”-ыг хариуцагчаас шаардах эрхтэй.
Хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзаж буй үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх зарчимтай.
Гэвч хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “Т” ******* нь барьцааны зүйл болох алтан бөгжийг нэхэмжлэгч Д.О-д хүлээлгэн өгсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч талыг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзаж буй үндэслэлээ нотолж чадаагүй, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Иймд шүүх дээрх бүгд үндэслэлүүдээр хариуцагч “Т” *******-аас барьцаалан зээлдэх гэрээний үүргийн дагуу 965,000 төгрөгийн үнэ бүхий 3,65 гр жинтэй алтан бөгжийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Хуульд зааснаар нэхэмжлэгч Д.О-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,710 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 27,710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “Т” *******-аас 965,000 /есөн зуун жаран таван мянга/ төгрөгийн үнэ бүхий 3,65 гр жинтэй алтан бөгжийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,710 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 27,710 /хорин долоон мянга долоон зуун арав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, талууд хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА