Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2024/00337

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 02 22 142/ШШ2024/00337

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, шүүгч Ц.Дагиймаа, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 00 тоот хаягт оршин суух, С.Ж /РД: ФД000000, утас: 00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг,******* дулааны цахилгаан станц *******-ийн байрны 422 тоотод байрлах,******* дулааны цахилгаан станцын Үйлдвэрчний эвлэлийн хороонд холбогдох,

10,318,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

33,499,322 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******

Хариуцагчийн төлөөлөгч П.Баттөр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

Иргэдийн төлөөлөгч Б.Нарантуяад тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******нд холбогдуулан 10,318,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Би Орхон аймгийн Э*******-ын *******-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 10,318,000 төгрөг гаргуулахаар дараах шаардлагыг гаргаж байна. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/46 тоот шийтгэх тогтоолоор ******* нь Э*******-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллах хугацаандаа Эв нэгдлийн сангийн 40,647,700 төгрөг, тушаал шийдвэргүй болон анхан шатны баримтгүй гаргасан 14,354,000 төгрөг нийт 55,001,700 төгрөгийн хохирол учруулсан гэж гэм буруутайд тооцсон. ******* би анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаас 5 хоногийн завсарлага авч 2023 оны 02 сарын 01-ний өдөр өөрийн нэр дээрх Хаан банкны 5286312905 тоот данснаас 55,001,007 төгрөгийг Орхон аймгийн Э*******-ын *******-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны 130600005581 тоот дансанд хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Ингээд тус шийтгэх тогтоолд гомдол гаргасан ба Орхон аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 сарын 12-ны өдрийн №20 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцагдсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. ******* нь 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж 10,318,000 төгрөгийг давхардуулан авсан болох нь нотлогдож байгаа боловч уг буцалтгүй тусламжийг Монгол Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн хорооны шийдвэр болон******* дулааны цахилгаан станцын үйлдвэрчний эвлэлийн Тэргүулэгчдийн тогтоолоор тус тус олгосон байх тул 10,318,000 төгрөгийг шүүгдэгч ******* итгэмжлэн хариуцаж байсан эсэх, улмаар түүнийг завшсан гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 55,001,700 төгрөгөөс дээрх төгрөгийг хасч, үлдэх 44,683,700 төгрөг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан их хэмжээний хохиролд тооцогдохгүй юм гэж Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/46 тоот шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн. Иймд Орхон аймгийн Э*******-ын ******* Үйлдвэрчний Эвлэлийн хорооноос 10,318,000 төгрөгийг гаргуулан ******* надад олгож өгнө үү.

Миний бие 2016-2020 онд салбарын үйлдвэрчний эвлэлийн ажлын бодлогыг тодорхойлох чиг үүрэг бүхий ЭХГУУҮ-ийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажилласан юм. Ажиллах хугацаандаа эрчим хүчний салбарт оршиж байсан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн зөрчил, сахилгын нэг зөрчилд шийтгэлийн хэлбэр давхардсан асуудлыг 3 шатны шүүх болон хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүлсэн болно. Дээрх шийдвэрүүдийг Эрчим хүчний сайдаас үүрэг чиглэл гарган салбарт хэрэгжүүлсэн бөгөөд нэг жилд салбарын ажиллагсадын орлого 600 саяаас тэрбум төгрөгөөр өсөх тооцоо гарч байсан. Мөн манай үйлдвэрчний эвлэлийн хороо 3 жил дарааллан салбарын тэргүүний байгууллагаар шалгарч ажиллагсадын цалинг 57 хүртэл хувиар өссөн бөгөөд тайлангийн хурлаар гишүүд миний ажилд дүүрэн хангалттай үнэлгээ өгсөн юм. Ажлын энэ үзүүлэлт, тэтгэвэрт гарч цаашид ажиллахгүй зэргийг харгалзан холбоо болон хорооны тэргүүлэгчдийн тогтоолоор надад 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон юм. Надад тэтгэмж хүссэн өргөдөл санал гаргасан зүйл байхгүй бөгөөд шийдвэр гаргахад би оролцоогүй болно. Хоёр өөр ажлын үзүүлэлтээр, 2 өөр чиг үүрэг бүхий байгууллага, 2 өөр эх үүсгэвэр бүхий санхүүгээс 2 байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий шийдвэр тогтоолоор олгосныг анхаарч давж заалдах шүүх миний нэхэмжилсэн 10,318,000 төгрөгийг надаас суутгах хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзсэн. Иймд миний нэхэмжилсэн 10,318,000 төгрөгийг гаргаж өгөхийг хүсье.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх яагаад намайг буруугүй гэж үзсэн гэхээр би Э*******-ын Үйлдвэрчний Эвлэлийн хорооны дарга, Монголын Эрчим хүч Геологи, Уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүн гэдэг 2 ажлыг хийдэг байсан. Энэ 2 байгууллага нь тусдаа чиг үүрэгтэй, өөр байгуулагууд юм. Монголын Эрчим хүч Геологи, Уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хороонд би ажиллаж байх үедээ 2 томоохон ажлыг хийж гүйцэтгэсэн. Эрчим хүчний салбарт сахилгын шийтгэлийг дархардуулахгүй байх гэдэг асуудлыг 3 шатны шүүхээр явж байж шийдвэрлүүлсэн. 2-т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг бас өөрчилж өгсөн. Эдгээр ажлыг хийж гүйцэтгэсэн гэж намайг ажлаас гарахад 10,000,000 төгрөгийг өгсөн. Намайг ажиллаж байх үед тус хороо нь Монгол улсын хэмжээнд 3 удаа шилдэг хороогоор шалгарсан. Би надад ийм мөнгө өгөөч гэж гуйгаагүй. Бүх гишүүдийн саналаар надад буцалтгүй тусламж гэж энэ мөнгийг өгсөн байсан. Би энэ асуудлаар хуралдсан хуралд нь оролцоогүй. Надгүйгээр 2 удаа хуралдсан байсан. Энэ тэтгэмж нь цаашдаа ажиллана гэсэн нөхцөлтэй байгаагүй. Миний хийсэн ажлыг үнэлж Монголын Эрчим хүч Геологи, Уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос өгсөн буцалтгүй тусламжийн мөнгө нь Э*******-ын Үйлдвэрчний Эвлэлийн хороонд ямар ч хамааралгүй. Энэ 2 байгууллага чинь тусдаа удирдлага, санхүүтэй байгууллагууд юм. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх үүнийг зөв дүгнэсэн. Эрүүгийн хэргийн хурал болох үеэр миний бие маш хүнд өвчтэй байсан. Хурал дээр өөрийгөө өмгөөлөх чадвар хомс байсан учир шүүхэд өөрийгөө зөвөөр ойлгуулж чадаагүй гэв.

2. Хариуцагч *******г төлөөлж тус хорооны дарга П.Баттөр хариу тайлбартаа: ******* нь Э*******-ын ҮЭ-ийн хорооноос 10,318,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.01-ний өдрийн 2023/ШЦТ/46 тоот шийтгэх тогтоол, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023.04.12-ны өдрийн №20 тоот магадлалаар, Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.06.07-ны өдрийн 445 тогтоолоор хэрэг эцэслэгдэн шийдэгдсэн байхад дахин уг хэрэгтэй холбогдуулсан нэхэмжлэлийг шүүх хүлээн авсан байна. Хэргийн бодит хохирол 55,001,700 төгрөг гэж тооцсон. Тухайн үед Э*******-ын ҮЭ-ийн хорооны хуримтлалын мөнгийг ******* өөрийн хувийн дансанд байршуулж хүү болох 31,099,322 төгрөгийг хувьдаа завшсан байдаг. Үүнийг Орхон аймгийн Бэйкер тилли Далай ван аудит ХХК-ийн шинжээч хохиролд оруулан тооцоогүй. Шүүх хуралд дээр шинжээч тооцоогүй гэдгээ хэлдэг. Хэрэв тооцсон бол хохирол нэмэгдэнэ. Э*******-ын ҮЭ-ийн хорооноос шинжээчийн төлбөрийг төлж барагдуулсан ба иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шинжээчийн төлбөрийг иргэн *******аас нэхэмжлэл эрхтэй байгаа болно. Иймээс иргэн *******аас Э*******-ын ҮЭ-ийн хороо бодит хохирлыг сөрөг нэхэмжлэл гаргаж бүрэн барагдуулах эрх нээлтэй байгаа болно. Иймд иргэн *******ын Э*******-ын ҮЭ-ийн хорооноос 10,318,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргахгүй энэ хэргийг ингээд дуусгавар болгоё гэж тохиролцсон боловч тохиролцооноосоо буцаж шүүхэд нэхэмжпэл гаргажээ. Энэхүү нэхэмжлэлийг Э*******-ын ҮЭ-ийн хорооны тэргүүлэгчид хэлэлцээд сөрөг нэхэмжлэл гаргаж хохирлыг бүрэн барагдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно.

Орхон аймгийн Э*******-ын Үйлдвэрчний Эвлэлийн хорооны харилцах дансны хуулгыг хэрэгт өгсөн байгаа. 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Э*******-ын Үйлдвэрчний Эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурал болж даргаа сонгосон. 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай тушаалаар намайг Орхон аймгийн Э*******-ын Үйлдвэрчний Эвлэлийн хорооны даргаар томилж, *******ыг ажлаас чөлөөлөсөн тухай тушаал гарсан. ******* гэдэг хүний эрх тэр өдөр дуусаж, миний сэргэх ёстой байсан. Гэвч 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр ажил үүргийг надад хүлээлгэж өгсөн. 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр буюу албан тушаал нь цуцлагдсан байх үед ******* нь өөртөө буцалтгүй тусламж гэж 10.318.000 төгрөгийг авсан байсан. Өмнө нь энэ хүн энэ буцалтгүй тусламжийг манай дээд байгууллагаас авсан атлаа дахиад давхардаж авсан. Энэ буцалтгүй тусламжийн мөнгийг ямар нэгэн тушаал, шийдвэр, тэргүүлэгчийн хурлын тогтоолгүйгээр авсан мөнгө болох нь тогтоогдсон. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ямар нэгэн тушаал, шийдвэргүй олон гүйлгээг хийсэн байсан. Энэ мөнгийг нэхэмжлэх боломжтой гэж харж байгаа боловч нэхэмжлээгүй. Эрдэнэцэцэг гээд өөрийн нягтлан хүнд буцалтгүй тусламж гэж 2,000,000 төгрөгийг өгсөн байдаг, томилолт гэх мэт нийт 5 гүйлгээг хийсэн байсан. Эрх зүйн чадамжгүй байсан үедээ гүйлгээг хийсэн байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******т холбогдуулан 33,499,322 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийн төлөөлөгч П.Баттөр нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Э*******-ын ҮЭ-ийн хорооны хуримтлал болох 45,168,000 төгрөгийг жилийн 15,4 хувийн хүүтэйгээр ******* өөрийн хувийн нэр дээрх Төрийн банкны 130600105881 тоот хадгаламжийн данс руу 2016 оны 11 сарын 09-ний өдөр шилжүүлсэн байдаг. Энэ өдрөөс хойш ******* нь нийт дөрвөн жилийн хугацаанд банкнаас олгосон хадгаламжийн хүүг Үйлдвэрчний эвлэлийн гишүүдэд мэдэгдэлгүйгээр хувьдаа ашигласаар ирсэн бөгөөд банкнаас олгосон хүүгийн нийт төлбөр болох 31,099,322 төгрөгийг хувьдаа завшсан байдаг. Үүнийг Орхон аймгийн Бэйкер тилли Далай ван аудит ХХК-ийн шинжээч, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хурлын явцад нотлох баримтын хэмжээнд оруулж тооцоогүй болно. Иймд Э*******-ын ҮЭ-ийн хорооноос шинжээчийн төлбөр болох 2,400,000 төгрөгийг болон Э*******-ын ҮЭ-ийн хорооны гишүүдийн татварын мөнгөөр бий болсон хуримтлалын мөнгийг ******* өөрийн хувийн дансандаа байршуулан авч байсан хүүгийн төлбөр 31,099,322 төгрөг нийт 33,499,322 төгрөгийн учруулсан гэм хорыг гаргуулж хохирлыг барагдуулах нэхэмжлэл гаргаж байна.

*******ын нэхэмжлэлийг Э*******-ын Үйлдвэрчний Эвлэлийн хорооны гишүүдэд танилцуулахад хурлаар авч хэлэлцээд сөрөг нэхэмжлэл гаргах чиг үүргийг надад өгсөн. Э*******-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны хуримтлал болох 45,168,000 төгрөгийг жилийн 15,4 хувийн хүүтэйгээр ******* өөрийн хувийн нэр дээрх Төрийн банкны 130600105881 тоот хадгаламжийн данс руу 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлсэн байдаг. Энэ өдрөөс хойш ******* нь нийт 4 жилийн хугацаанд банкнаас олгосон хадгаламжийн хүүг Үйлдвэрчний эвлэлийн гишүүдэд мэдэгдэлгүйгээр хувьдаа ашигласаар ирсэн бөгөөд банкнаас олгосон хүүгийн нийт төлбөр болох 22,237,038 төгрөгийг хувьдаа завшсан байдаг. Үүнийг Орхон аймгийн Бэйкер Тилли Далайван аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг Орхон аймгийн Эрүүгиин хэргийн анхан шатны шүүх хурлын явцад нотлох баримтын хэмжээнд оруулж тооцоогүй. Иймд Э*******-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос шинжээчийн төлбөр болох 2.400.000 төгрөг болон Э*******-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн татварын мөнгөөр бий болсон хуримтлалын мөнгийг ******* өөрийн хувийн дансандаа баиршуулан авч байсан хүүгийн төлбөр 22,237,038 төгрөг нийт 24,637,038 төгрөгийн учруулсан гэм хорын хохирлыг барагдуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна Аудитын дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн сайн анхаарч үзнэ үү. Уг дүгнэлт дээр хүүг тооцож төлбөрийн акт тавиагүй байгаа. Монголын Эрчим хүч Геологи, Уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хороонд анхан шатны хороонууд 30 хувийн татвар төлдөг. Анхан шатны хорооны дарга ажлаас чөлөөлөгдөхөд буцалтгүй тусламж авна гэсэн нэг ч тийм зүйл заалт, дүрэм, журам байхгүй. Б.Жамъянжав гэдэг хүн тэтгэвэрт гарахад нь энэ хорооноос буцалтгүй тусламж авсан. Ажлаас чөлөөлсөн тушаал нь гарсан байх үед өөртөө энэ буцалтгүй тусламжийг авсан нь буруу юм. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хохирлын хэмжээ 55,000,000 төгрөгөөс дээш болчихоор ял өгөх гээд байсан учир настай хүн, хүнд өвчтэй гэж бодоод хохирлыг хэмжээг бууруулсан. Эрүүгийн хэргийн шүүх хурал болсны дараагаар одоо ингээд бүх асуудал дууслаа гээд гар бариад салцгаасан. Ийм л үйл баримт болсон. 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажил хүлээлгэх ёстой байсан боловч хүлээлцэхгүйгээр энэ өдөр энэ мөнгийг авсан байсан. Эрх зүйн чадамжгүй болсон байх үедээ авсан гэдэг нь дансны хуулгаар нотлогдож байгаа. Дансны хуулгыг харахаар сар бүр хүүг авч байсан нь харагдаж байгаа. Толгой эргүүлэхийн тулд эрүүгийн хэрэг дээр төлсөн 55,000,000 төгрөгт энэ 22,000,000 төгрөгийг оруулж төлсөн гэж хэлж байна. Энэ нь худлаа. Энэ нь надад учраад байгаа хохирол биш, Э*******-ын Үйлдвэрчний Эвлэлийн хороонд учирсан хохирол. Хувь хүний дансанд байсан учир аудитын дүгнэлтээр хүүг тооцоогүй гэж тайлбарлаж байсан. Энэ хүн эрүүгийн хэрэг дээр шалгагдаж байх үедээ бие нь муу байсан гэдэг нь үнэн, би тэр үед өрөвдсөн гэв.

4. Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ******* намайг 2016 оны 11-р сард Үйлдвэрчиний эвлэлийн хорооны даргаар сонгогдоход нягтлан бодогч Ч.Пүрэвсүрэн, шинээр томилогдсон Б.Эрдэнэцэцэг нар ажил ажил хүлээлцэхдээ өмнөх дарга Л.Ганболдын нэр дээр байсан 45,168,000 төгрөг бүхий 130600077287 тоот дансыг хааж миний нэр дээр 130,600105881 тоот данс нээсэн байдаг. Эв нэгдлийн хадгаламжийн данс нь анх 2008 онд үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан Б.Ариунбаатарын нэр дээр нээгдсэн бөгөөд уламжлал болон даргын нэр дээр явж ирснийг аудитын компани тогтоосон юм. Эв нэгдлийн сан гэх хуримтлал нь ажил хаялт ажилгүйдлийн үед гишүүдийг цалинжуулах зориулалт бүхий хуримтлал юм. 2016 оны 11-р сард ажил хүлээн авч бүх гишүүдийн хурлыг хуралдуулж санхүүгийн талаар танилцуулахад гишүүдээс эрчим хүчний салбарт ажил хаялт нь хуулиар хязгаарлагдсан байдаг тул их хэмжээний хуримтлал шаардлагагүй гэж үзэж уг хуримтлалын 3-ны 1 хувийг гишүүдийн эрүүл мэндэд, 3-ны 1 хувийг сургалт, аялал жуулчлалд, 3-ны 1 хувийг хуримтлалд зарцуулах шийдвэр гарч бүх гишүүдийн хурлын тогтоолоор баталгаажуулсан болно. Хурлын шийдвэрийн дагуу гишүүдэд олгодог урамшуулал тэтгэмж тусламжийг 2-3,5 дахин нэмэгдүүлж урьд өмнө хийгдэж байгаагүй Медипас эмнэлэгт гишүүдийг нарийн шинжилгээнд хамруулах, ОХУ, Солонгос, Манжуур, Тайланд, Вьетнам зэрэг орнуудад гишүүдийг аялал жуучлалд хамруулах зэрэг томоохон хөрөнгө зарсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн юм. Бололцоотой үед хуримтлалыг өсгөн, хөрөнгө дутагдсан үед зарцуулж ажилласаар 2020 онд ажил хүлээлгэж өгөхдөө 25,174,460,34 төгрөгийн үлдэгдэлтэй хүлээлгэн өгсөн. Аймгийн үйлдвэрчний холбоо, аудит, цагдаагийн байгууллагад шалгуулахдаа би бүх дансны хуулгыг гаргаж өгсөн бөгөөд дээрх байгууллагууд бүх орлого, зарлага, хүү, мөнгөн гүйлгээг нэг бүрчлэн тулган шалгаж Эв нэгдлийн сан-гийн хөрөнгө үйлдвэрчний эвлэлийн үил ажиллагаанд зарцуулагдсан гэж дүгнэж харин анхан шатны баримтгүй, тушаал шийдвэр, тэргүүлэгчдийн тогтоол дутуу гаргасан зэрэг хариуцлагын алдаа гаргасан гэж дүгнэж надад 55,001,700 төгрөгийн төлбөр тавьсныг би бүрэн барагдуулсан болно. /эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолын 4 дэх тал/ Анх намайг 86,101,022 төгрөг завшсан гэсэн нэхэмжлэл гаргасан бөгөөд үүний 31,993,22 төгрөгийн зарцуулалт нь баримт материалаар батлагдан хасагдаж 55,001,700 төгрөг болсон юм. Зарцуулалт нь баримт материалаар батлагдсан дүнг дахин хадгаламжийн хүү нэрээр нэхэмжилж байгаа болно. Иймд хадгаламжийн хүүг завшсан гэх үндэслэл надад байхгүй нь аудит, цагдаагийн байгууллагаар тогтоогдсон тул сөрөг нэхэмжлэлд заасан 31,099,322 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм. Намайг шалгаж эхэлсэн хугацаанаас өнөөдрийг хүртэлх хугацаанд******* *******-ын үйлдвэрчний эвлэлийн хороо, түүний удирдлагатай уулзаж хэлэлцсэн зүйл огт байхгүй тул Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 10,318,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргахгүй энэ хэрэг ингээд дуусгавар болгоё гэж тохиролцсон гэсэн тайлбар огт үндэслэлгүй болно. Бейкер тилли Далай Ван аудит 2021 оны 05-р сард дүгнэлт гаргасан. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 02-р сарын 01-ний өдөр хуралдсан. 2 жилийн дараа хурал хуралдахад шинжээчийн дүгнэлтийн төлбөрийн материал байхгүй байсан. Иймд 2,400,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Э*******-ын Үйлдвэрчний Эвлэлийн хороо анх намайг 86,101,022 төгрөгийг хувьдаа идэж завшсан гэж үзээд надаас энэ мөнгийг нэхэмжилсэн. Шинжээчийн дүгнэлтээр хүүгийн орлого 22,682,531 төгрөг орсон байна гэж тогтоож би өгсөн. Э*******-ын Үйлдвэрчний Эвлэлийн хорооны дансны үлдэгдэл 25,000,000 төгрөгийг дараагийн даргад нь хүлээлгэж өгсөн. Намайг 2016 оны 11 дүгээр сард Үйлдвэрчний Эвлэлийн хорооны даргаар сонгогдоход нягтлан бодогч Ч.Пүрэвсүрэн, Б.Эрдэнэцэцэг нар ажил хүлээлцэхдээ өмнөх дарга А.Ганболдын нэр дээрх дансанд байсан 45,168,000 төгрөгийг миний нэр дээр данс нээж шилжүүлсэн байсан. Эв нэгдлийн хадгаламжийн данс нь анх 2008 онд Э*******-ын Үйлдвэрчний Эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан Б.Аринбаатарын нэр дээр нээгдсэн бөгөөд уламжлал болон даргын нэр дээр явж ирсэн. Хүүгийн орлого нь тооцогдоод явсан. Энэ мөнгө нь Үйлдвэрчний Эвлэлийн хороонд зарцуулагдаад явсан байна гэж аудитын компани тогтоосон. Би шалгалт хийхэд бүх баримтаа гаргаж өгсөн. Эв нэгдлийн сангаас анхан шатны баримтгүй, тушаал, шийдвэр, тэргүүлэгчийн хурлын тогтоол дутуу гаргасан зэрэг хариуцлагын алдаа гаргасан гэж дүгнэж надад 46,001,700 төгрөгийн төлбөр тавьсныг би бүрэн барагдуулсан. Энэ данс бол хамгийн ил тод данс байсан. Би анх 45,168,000 төгрөгтэй энэ дансыг авсан. Эв нэгдлийн сан гэх хуримтлал нь ажил хаялт ажилгүйдлийн үед гишүүдийг цалинжуулахад зориулагдах хуримтлал байсан. Гэвч 2016 оын 11 дүгээр сард ажил хүлээн авч бүх гишүүдийн хурлыг хуралдуулж, санхүүгийн талаар танилцуулахад гишүүдээс эрчим хүчний салбарт ажил хаялт нь хуулиар хязгаарлагдсан байдаг тул их хэмжээний хуримтлал шаардлагагүй гэж үзэж уг хуримтлалыг 3 хувааж, гишүүдийн эрүүл мэнд, сургалт, аялал жуучлалд зарцуулсан. Ажилчдаа Медипас эмнэлэгт нарийн шинжилгээнд хамрагдуулж, ОХУ, Солонгос, Манжуур, Тайланд, Вьетнам зэрэг орнуудаар аялуулсан. Аудитын компани шалгалт хийж 31,000,000 төгрөгийг хассан. Хадгаламжийн хүүг завшсан гэх үндэслэл байхгүй нь аудит, цагдаа, шүүхийн байгууллагаар тогтоогдсон учир сөрөг нэхэмжлэлд дурдсан мөнгийг төлөх үндэслэл байхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан тайлбар хэлье. Эхлээд 33,499,322 төгрөгийг нэхэмжилж байсан хэр нь сая хурал дээр багасаж нэхэмжилж байна. Тэр аудитын дүгнэлтээр гарсан 22,000,000 төгрөгийн хохирлыг надаар төлүүлсэн. Монголын Эрчим хүч Геологи, Уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хороо, Э*******-ын Үйлдвэрчний Эвлэлийн хороо 2 тусдаа, ямар ч хамааралгүй байгууллагууд юм. Монголын Эрчим хүч Геологи, Уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос олгосон буцалтгүй тусламжийн шийдвэр гаргах үед миний оролцоо байгаагүй, надгүйгээр гаргасан шийдвэр. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тамга, тэмдэгээ хүлээлцсэн. Тиймээс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр миний гарын үсэг, тамга тэмдэг хүчинтэй байсан гэв.

5. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн болон Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.01-ний өдрийн 2023/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023.04.12-ны өдрийн 2023/ДШМ/20 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.06.07-ны өдрийн 445 дугаар тогтоол зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банк дахь Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, тус шүүхийн шүүгчийн 2023.10.31-ний өдрийн 142/ШЗ2023/05811 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар, Төрийн банк дахь Харилцах дансны харилцагчийн хуулга, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц *******-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны санхүүгийн үйл ажиллагаанд хяналтын зөвлөлөөс хийсэн хяналт, шалгалтын дүгнэлтийн хуулбар, Бэйкер тилли далайван аудит ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2021.03.29-ний өдрийн 01/02-03 дугаартай Шинжээчийн дүгнэлт гаргасан тухай албан бичиг болон Шинжээчийн дүгнэлт зэргийн хуулбарыг тус тус шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болно. (хх 3-19, 32-34, 69-101 тал)

6. Хариуцагч талаас: хариу тайлбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төрийн банк дахь Харилцах дансны харилцагчийн хуулга, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц *******-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлын 2020.08.28-ны өдрийн 02 дугаартай Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргыг томилох, чөлөөлөх тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, тус Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгчдийн 2024.01.02-ны өдрийн А/01 дугаартай Шүүхэд нэхэмжлэл гаргах тухай тогтоол, иргэн Ч.Пүрэвсүрэн /*******-ны ня-бо нь гэх/-гийн бичгээр гаргасан тайлбар, Төрийн банк дахь Харилцах дансны харилцагчийн хуулга, хадгаламжийн хүүг тооцсон талаарх баримт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болно. (хх 26, 29-30, 47-49, 64-68 тал)

7. Шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр Төрийн банк ХК-аас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Төрийн банк ХК-ийн Орхон салбараас 2024.02.09-ний өдрийн 29/153 дугаартай албан бичгээр Харилцах дансны харилцагчийн хуулга-ыг нотлох баримтаар ирүүлсэн болно. (хх 56-62 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд хариуцагч Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын Үйлдвэрчний эвлэлийн хороонд холбогдуулан 10,318,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын Үйлдвэрчний эвлэлийн хороо нь нэхэмжлэгч *******т холбогдуулан шинжээчийн төлбөр 2,400,000 төгрөг, хадгаламжийн хүүгийн орлого 31,099,322 төгрөг, нийт 33,499,322 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, харин хариуцагчийн төлөөлөгч П.Баттөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Төрийн банкнаас ирүүлсэн дансны хуулгаар 22,237,038.74 төгрөгийн хүү бодогдсон нь тогтоогдсон гэх үндэслэлээр 8,862,284 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, нэхэмжлэгчээс хадгаламжийн хүүгийн орлого 22,237,038 төгрөг, шинжээчийн төлбөр 2,400,000 төгрөг, нийт 24,637,038 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тус тус оролцсон болно.

Хариуцагчийн төлөөлөгч ийнхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон ба нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ ...би анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаас 5 хоногийн завсарлага авч 2023.02.01-ний өдөр 55,001,007 төгрөгийг Э*******-ын *******-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дансанд хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Орхон аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх 10,318,000 төгрөгийг давхардуулан авсан болох нь нотлогдож байгаа боловч уг буцалтгүй тусламжийг Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн хорооны шийдвэр болон******* дулааны цахилгаан станцын үйлдвэрчний эвлэлийн Тэргүүлэгчдийн тогтоолоор тус тус олгосон байх тул 10,318,000 төгрөгийг шүүгдэгч ******* итгэмжлэн хариуцаж байсан эсэх, улмаар түүнийг завшсан гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 55,001,700 төгрөгөөс дээрх төгрөгийг хасч шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Надад тэтгэмж хүссэн өргөдөл санал гаргасан зүйл байхгүй бөгөөд шийдвэр гаргахад би оролцоогүй болно. Хоёр өөр ажлын үзүүлэлтээр, 2 өөр чиг үүрэг бүхий байгууллага, 2 өөр эх үүсгэвэр бүхий санхүүгээс 2 байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий шийдвэр тогтоолоор олгосныг анхаарч давж заалдах шатны шүүх миний нэхэмжилсэн 10,318,000 төгрөгийг надаас суутгах хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзсэн. Иймд миний төлсөн 10,318,000 төгрөгийг Э*******-ын ******* Үйлдвэрчний Эвлэлийн хорооноос буцаан гаргуулж өгнө үү... гэж тайлбарладаг.

Хариуцагчийн төлөөлөгч П.Баттөр нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалздаг бөгөөд татгалзлын үндэслэлээ ...******* нь 2020.09.01-ний өдөр буюу албан тушаал нь цуцлагдсан байх үед өөртөө буцалтгүй тусламж гэж 10,318,000 төгрөгийг авсан байсан. Өмнө нь энэ хүн энэ буцалтгүй тусламжийг манай дээд байгууллагаас авсан атлаа дахиад давхардаж авсан. Энэ буцалтгүй тусламжийн мөнгийг ямар нэгэн тушаал, шийдвэр, тэргүүлэгчийн хурлын тогтоолгүйгээр авсан мөнгө болох нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэж тайлбарлахаас гадна сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ ...******* нь нийт 4 жилийн хугацаанд банкнаас олгосон хадгаламжийн хүүг Үйлдвэрчний эвлэлийн гишүүдэд мэдэгдэлгүйгээр хувьдаа ашиглаж завшсан байдаг. Бэйкер Тилли Далайван аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг Орхон аймгийн Эрүүгиин хэргийн анхан шатны шүүх хурлын явцад нотлох баримтын хэмжээнд оруулж тооцоогүй. Иймд шинжээчийн төлбөр болох 2,400,000 төгрөг болон Э*******-ын *******-ны гишүүдийн татварын мөнгөөр бий болсон хуримтлалын мөнгөний хүү 22,237,038 төгрөг нийт 24,637,038 төгрөгийн учруулсан гэм хорын хохирлыг барагдуулж өгнө үү... гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч ******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалздаг бөгөөд татгалзлын үндэслэлээ ...Шинжээчийн дүгнэлтээр хүүгийн орлого 22,682,531 төгрөг орсон байна гэж тогтоосон. Анх намайг 86,101,022 төгрөг завшсан гэсэн нэхэмжлэл гаргасан бөгөөд үүний 31,993,22 төгрөгийн зарцуулалт нь баримт материалаар батлагдан хасагдаж 55,001,700 төгрөг болсон. Зарцуулалт нь баримт материалаар батлагдсан дүнг дахин хадгаламжийн хүү нэрээр нэхэмжилж байна. Хадгаламжийн хүүг завшсан гэх үндэслэл надад байхгүй нь аудит, цагдаагийн байгууллагаар тогтоогдсон тул сөрөг нэхэмжлэлд заасан 31,099,322 төгрөг, шинжээчийн зардал 2,400,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй... гэж тайлбарладаг.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч ******* 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар томилогдон ажиллаж эхэлсэн байх ба тус хорооны гишүүдийн татварын орлогыг хуримтлуулдаг Эв нэгдлийн сан гэсэн нэртэй Төрийн банк дахь 130600105881 тоот хадгаламжийн дансыг уламжлал болгон ирсний дагуу *******ын нэр дээр тус хадгаламжид байсан 45,168,000 төгрөгийн хамт шилжүүлэн өгсөн байна.

2. Эрдэнэтийн дулааны цахилгаан станц *******-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргыг томилох, чөлөөлөх тухай тогтоолоор нэхэмжлэгч *******ыг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс тус хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлж Төрийн банк дахь дээрх хадгаламжийн дансыг 25,174,460.34 төгрөгийн үлдэгдэлтэй буцаан хүлээн авсан байна. (хх 48 тал)

3. Эрдэнэтийн дулааны цахилгаан станц *******-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны хяналтын зөвлөлөөс 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд тус хорооны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтээр ...Анх төвлөрүүлсэн 45,168,000 төгрөгийн хүүгийн орлогыг 2016.11.09-ний өдрөөс нэмэгдүүлэн тооцож Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь заалтын дагуу хүүгийн орлогын 10 %-ийн татварыг хасаад 2020.09.04-ний өдрийн байдлаар тооцоход 76,743,869.09 төгрөг болж өсөхөөр байжээ. Гэвч тус данснаас орсон гарсан дүнг тооцож, хүлээлгэн өгсөн 25,174,460.34 төгрөгийг хасахад зөрүү дүн 40,647,737.31 төгрөгийн дутагдалтай байна. Иймд энэ хөрөнгийг тус санд буцаан байршуулж, гишүүдийг хохиролгүй болгох... талаар дүгнэсэн байна. (хх 69-90 тал)

4. Орхон аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгаас нэхэмжлэгч *******ыг Эрдэнэтийн дулааны цахилгаан станц *******-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж түүнд итгэмжлэн хариуцуулсан үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн татварын мөнгөнөөс завшиж, хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан шалгасан байх ба мөрдөгчийн тогтоолоор шинжээчээр томилогдсон Бэйкер тилли далайван аудит ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/02-03 дугаартай Шинжээчийн дүгнэлт гаргасан тухай албан бичгээр ирүүлсэн Шинжээчийн дүгнэлтэд ...******* *******-ны эв нэгдлийн сангийн 40,647,700 төгрөгийг дутаасан байна. ...Монголын Эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоонд албан бичиг бичиж тодруулга авахад МЭХГУУ*******олбооноос ирүүлсэн 2021.3.29-ний өдрийн 31 тоот албан бичигт Э******* *******-ийн *******-ны дарга *******ын ҮЭ-ийн сонгуульт үүрэг дуусгавар болсонтой холбогдуулан 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжийг манай ҮЭ-ийн холбооноос олгосон ба Э******* *******-ийн *******-оос буцалтгүй тусламж авсан талаар бидэнд мэдэгдээгүй болно гэсэн хариуг ирүүлсэн байх тул ******* нь уг 10,318,000 төгрөгийг давхар хорооноос авсан гэж үзэж байна. ...2020.06.15-ны өдрийн Тэргүүлэгчдийн тогтоол №08-ыг үндэслэн 110,000 төгрөгийн буцалтгүй тусламж олгох байсан боловч 1,100,000 төгрөгийг хувийн хадгаламжийн дансанд шилжүүлэн 990,000 төгрөгийг илүү авсан. 2020.09.01-ний өдөр 2,100,000 төгрөгийг 130600085114 данс руу шилжүүлэн авсан. Уг гүйлгээнд 6 сарын тогтоолыг хавсаргасан хэдий ч мөнгө гаргахаас өмнө буюу хойно баримт байхгүй байна. Мөнгө хүлээн авсан хүний гарын үсэгтэй баримт байхгүй учир уг 2,100,000 төгрөгийг *******ын тооцоонд оруулан тооцов. 2020.09.01-ний өдөр 1,170,000 төгрөгийг нягтлан бодогч Эрдэнэцэцэг зарлагын ордер бичиж гаргасан боловч хэнд юунд зарцуулсан нь тодорхойгүй баримт байхгүй байна. Шинжээчийн ажлыг хийх явцад Эв нэгдлийн сангийн 40,647,700 төгрөг, тушаал шийдвэргүй болон анхан шатны баримтгүй гаргасан 14,354,000 төгрөг, нийт 55,001,700 төгрөгийн тооцоотой болох нь тогтоогдсон болно... гэжээ.

5. Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, тус шүүх 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж 2023/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолоор *******ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 55,001,700 төгрөгийн хохирлыг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй талаар дурдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж, их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ. (хх 5-9 тал)

6. Дээрх шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж 2023/ДШМ/20 дугаартай магадлалаар эрүүгийн хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа тус хорооны мөнгийг өөрийн дансандаа байршуулан гүйлгээ хийх, санхүүгийн баримт тооцоогүй, дур мэдэн зарцуулах зэргээр 44,683,700 төгрөгийг завшсан үйл баримт тогтоогдож байна, харин хэрэгт авагдсан баримтуудаар ******* нь 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж 10,318,000 төгрөгийг давхардуулан авсан болох нь нотлогдож байгаа боловч уг буцалтгүй тусламжийг Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны шийдвэр болон******* дулааны цахилгаан станцын Үйлдвэрчний эвлэлийн Тэргүулэгчдийн тогтоолоор тус тус олгосон байх тул 10,318,000 төгрөгийг шүүгдэгч ******* итгэмжлэн хариуцаж байсан эсэх, улмаар түүнийг завшсан гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 55,001,700 төгрөгөөс 10,318,000 төгрөгийг хасаж, шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлтийг оруулж шийдвэрлэсэн байна. (хх 10-14 тал)

7. Дээрх магадлалыг мөн шүүгчдэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч хяналтын гомдол гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим хүлээн авч, нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 445 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. (хх 15 тал)

Талууд дээрх үйл баримтуудын талаар маргадаггүй, харин нэхэмжлэгч ******* нь хариуцагч******* дулааны цахилгаан станцын Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж 10,318,000 төгрөгийг давхардуулан авсан, мөн тус хорооны гишүүдийн татварыг хуримтлуулдаг хадгаламж буюу Эв нэгдлийн санд хуримтлагдсан хүүгийн орлогоос өөрийн харилцах данс руу шилжүүлэн авч байсан зэрэг нь талуудын маргааны зүйл болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч өөрөө, харин нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө тус тус нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд талууд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлж улмаар мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар хэргийн үйл баримтыг нотлох замаар мэтгэлцэх учиртай.

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс *******ыг нэг удаагийн буцалтгүй тусламж 10,318,000 төгрөгийг итгэмжлэн хариуцаж байсан эсэх, улмаар уг мөнгийг завшсан гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 55,001,700 төгрөгөөс хасаж тооцсон байх тул шүүх энэ талаар дахин дүгнэх боломжгүй.

Харин нэхэмжлэгч ******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдсон байгууллага болох******* дулааны цахилгаан станцын Үйлдвэрчний эвлэлийн хороонд 10,318,000 төгрөгийг төлсөн байх тул тус байгууллагаас уг мөнгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж, 493 дугаар зүйлийн 493.1-д Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэж тус тус зааснаар буцаан шаардах эрхтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч ******* нь шинжээчийн төлбөрт 2,400,000 төгрөгийг төлсөн болохоо баримтаар нотлоогүй байна.

Мөн *******т холбогдох эрүүгийн хэрэгт шинжээчээр томилогдсон Бэйкер тилли далайван аудит ХХК нь *******ыг******* дулааны цахилгаан станцын Үйлдвэрчний эвлэлийн хорооны Эв нэгдлийн сангийн 40,647,700 төгрөгийг дутаасан гэж дүгнэсэн байх бөгөөд уг дүгнэлтэд хүүгийн орлого 22,682,531.34 төгрөг орсон талаар болон ******* тус сангийн мөнгөнөөс 19,238,436.71 төгрөгийг өөрийн 130600085114 тоот данс руу шилжүүлсэн, энэ мөнгийг Үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагаанд зарцуулсан гэх боловч уг данснаас нягтлан бодогч Эрдэнэцэцэгийн утасны төлбөрүүд төлөгдөж байснаас бусад гүйлгээ хэнд юунд зарцуулагдсан нь тодорхойгүй зөвхөн тухайн хүний нэр регистрээр гарч байсан учраас уг мөнгийг *******ын нэр дээр тооцоо гаргасан гэж дүгнэсэн байна.

Үүнээс үзэхэд Эв нэгдлийн сангийн 40,647,700 төгрөгийг дутаасан гэх тооцоонд *******ын өөрийн 130600085114 тоот дансанд шилжүүлэн авсан мөнгө буюу хүүгийн орлогын тооцоолол орж, эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон Давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэж *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж, хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ялаар шийтгэсэн байх тул иргэний шүүх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар дахин дүгнэж нэхэмжлэгч *******аас хадгаламжийн хүүгийн орлого 22,237,038 төгрөгийг гаргуулж хариуцагч******* дулааны цахилгаан станцын Үйлдвэрчний эвлэлийн хороонд олгох үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч******* дулааны цахилгаан станцын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 10,318,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, хариуцагч******* дулааны цахилгаан станцын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос нэхэмжлэгч *******т холбогдуулан гаргасан шинжээчийн төлбөр 2,400,000 төгрөг, хадгаламжийн хүүгийн орлого 31,099,322 төгрөг, нийт 33,499,322 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хуульд зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,380 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлага 10,318,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 180,038 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас илүү төлсөн 342 төгрөгийг буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 180,038 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгож, харин хариуцагч******* дулааны цахилгаан станцын Үйлдвэрчний эвлэлийн хорооны сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хуульд зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325,447 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэв.

Мөн иргэдийн төлөөлөгч Б.Нарантуяад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг заавал оролцуулах тухай санал гаргаагүй, иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн санал гаргасан тул шүүх тэдний саналыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар шүүх хуралдааныг иргэдийн төлөөлөгч Б.Нарантуяагийн эзгүйд үргэлжлүүлэн явуулах боломжтой гэж үзэн шүүх хуралдааныг явуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******ноос 10,318,000 /арван сая гурван зуун арван найман мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, хариуцагч *******ноос нэхэмжлэгч *******т холбогдуулан гаргасан 33,499,322 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,380 төгрөгөөс 180,038 төгрөгийг, хариуцагч *******ноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325,447 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Төрийн сангаас нэхэмжлэгчийн илүү төлсөн 342 /гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг, хариуцагч *******ноос улсын тэмдэгтийн хураамжид 180,038 /нэг зуун наян мянга гучин найм/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, талууд хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА

ШҮҮГЧИД Ц.ДАГИЙМАА

Р.ҮҮРИЙНТУЯА