Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2024/00436

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024         03           07                                                    142/ШШ2024/00436

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 00 тоот хаягт оршин суух, С.Ж-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 00 тоот хаягт оршин суух, Н.Б-д холбогдох,

 “2,697,880 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдааны оролцогчид:       

               Нэхэмжлэгч *******

               Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 2,697,880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 Миний бие 2016-2020 онд “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллах хугацаанд нягтлан бодогчоор *******, хяналтын зөвлөлийн даргаар ******* нар сонгогдон ажиллаж байсан. Компанийн хэмжээнд Монгол улсын “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль”-ийн заалт зөрчигдсөнийг ******* илрүүлэн мэргэжлийн хяналтын байгууллагад оруулан шийдвэрлүүлсний төлөө үйлдвэрийн захиргаа *******ийг үндсэн ажлаас нь халж, үйлдвэрчний эвлэлийн хороо гишүүнийхээ эрхийг хамгаалж 3 шатны шүүхээр ажилд нь буцаан томилох, ажилгүй байсан хугацааны 20 гаруй сая төгрөгийн цалинг нөхөн олгуулах шийдвэр гаргуулсан. ******* нь ажилгүй байх хугацаандаа амьдралд тохиолдсон хүндрэлтэй байдлаас шалтгаалж захиргаанаас ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрийг олгох үед эргэн төлөх болзолтойгоор хугацаагүй хадгаламжийн данснаас хүүтэйгээр зээл авах саналыг тавьсан. Энэ тухай хяналтын зөвлөлийн дарга *******той зөвлөлдөхөд зөвшөөрсний дээр өөрөө 2 сая төгрөг зээлэх санал тавьсан.******* нь 2 удаагийн үйлдлээр 15,000,000 төгрөг, ******* 2,000,000 төгрөг тус тус зээлсэн. Намайг ажил хүлээлцэх үед *******т захиргаанаас ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгоогүй байсан учир *******ээр зээлсэн мөнгө хүүг тооцуулахад ******* 17,152,040.54 төгрөг, ******* 2,697,880 төгрөг төлнө гэж миний тэмдэглэлийн дэвтэр дээр өөрийн гараар бичиж өгсөн. /тэмдэглэлийн дэвтэр надад бий/ Дээрх дүнгээр Үйлдвэрчний эвлэлийн хорооны дансанд мөнгө төлөх нь үнэн тухайгаа баталгаажуулж санхүү хүлээлцсэн актад гарын үсэг зурсан. “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос миний эсрэг нэхэмжлэх гаргахдаа *******ийн гарын үсэг бүхий мөнгөн дүнг ирүүлж *******ын гарын үсэг бүхий хэсгийг хасаж хуурамч актыг ирүүлсэн болно. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралд ******* мэдүүлэг өгөхдөө: Би ******* гэдэг хүнээс 15,000,000 төгрөг зээлсэн юм. Би өөрийнхөө худалдаа хөгжлийн 466001544 дансаараа түүнээс 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөг зээлсэн. Тухайн үед би ажлаасаа халагдсан байсан үе юм. Миний хувьд одоо тус зээлсэн мөнгөнөөсөө барагдуулж эхлээгүй байгаа. 130600150881 дугаартай данс хүлээлцсэн тэмдэглэл дээр *******ээс эргэн төлөх 17,152,040.54 төгрөг гэж бичээд гарын үсэг зурсан нь үнэн. Энэ миний гарын үсэг мөн байна. Миний хувьд Үйлдвэрчний эвлэлийн хороонд ямар ч өр төлбөр байхгүй. ******* гэдэг хувь хүнд 15,000,000 төгрөгийн өр байгаа гэж мэдүүлсэн. /Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дугаар тал/ ******* нь мөнгө зээлснээ мэдэхгүй гэж мэдүүлсэн боловч хурлын дараа надаас уучлал гуйж намайг үнэнээ хэлбэл ажлаас хална гэсэн юм. Ээлжийн амралтаа авахдаа мөнгийг төлнө гэсэн боловч одоо болтол төлөөгүй байна. Дээрх процессыг сонссон хамт ажилладаг хүмүүс зэмлэхэд дээрх үгийг хэлсэн байдаг. Эрсдлийн сангийн хугацаагүй хадгаламжийн Төрийн банк дахь 130600105881 тоот дансыг анх 2008 онд Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга ******* нээж 2012 онд сонгогдсон Л.Ганболд ажил авахдаа өөрийн нэр дээр шилжүүлж, 2016 онд намайг ажил авахад нягтлан бодогч *******, ******* нар санхүү хүлээлцэхдээ ******* миний нэр дээр уламжлал болгон шилжүүлсэн байдаг. Энэ дансыг миний бие 45,168,000 төгрөгтэй хүлээн авч 25,174,460.34 төгрөгтэй хүлээлгэн өгсөн. Энэ сангийн хөрөнгө Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд зарцуулагдсан гэж шинжээч дүгнэсэн бөгөөд уламжлагдаж ирснийг тогтоосон юм. Данс миний нэр дээр байсан учир Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 2023/ШУТ/ҮЭ тоот тогтоолоор ******* нь “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн Үйлдвэрчний хорооны даргаар ажиллах шатны бичиг баримтгүй гаргасан 14,354,000 төгрөг нийт 55,001,700 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн. Миний бие 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдөр өөрийн хаан банкны 5286312905 дансанд дээрх хохирлыг бүрэн барагдуулсан бөгөөд төлсөн 55,001,700 төгрөгийн төлбөрт *******ийн төлөх ёстой 17,152,040 төгрөг, *******ын 2,697,880 төгрөг төлөгдсөн юм. Иймд *******ээс 17,152,040 төгрөг, *******оос 2,697,880 төгрөг нийт 19,849,920 төгрөгийг гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү.

 Тушаасан мөнгө, хүүгийн талаар ******* мэдэж байсан. Шүүхэд тайлбар өгөхдөө ингээд худлаа яриад байдаг. Миний нүүрийг харахаас санаа зовж байгаа болохоор товлогдсон шүүх хурлуудад ирэхгүй байгаа байх гэж бодож байна. ******* нь *******ийн гараар бичиж өгсөн шиг баримтыг ******* мөн бичиж өгч байсан, тэр бичсэн хэсгийг Эрдэнэтийн ДЦС-ын Үйлдвэрчний эвлэлийн хороо надад өгөхгүй байгаа. *******, ******* нарын зээлсэн мөнгийг хүүгийн хамт нийлүүлээд 19,849,920 төгрөгийг 13060107881 гэсэн эв нэгдлийн данснаас Төрийн банкны зээлийн данс руу 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр “бэлэн бусаар зээл төлөв” гэсэн утгатай шилжүүлсэн. Тэдэнд зээлийг хамтад нь авч өгсөн. Хэрвээ зээлсэн мөнгө нь хадгаламжийн дансанд байршиж байсан бол хүү ямар хэмжээтэй байх байсан талаар хэлээд хүүг нь бодож өгч байсан. Би тэдэнд хадгаламж барьцаалж зээл авч өгч байна гэж хэлсэн. Би хувиасаа өгсөн бол хяналтын зөвлөлийн даргаас асууж зөвлөлдөхгүй шүү дээ. Би *******ын авсан зээлийг хувиасаа төлсөн. Миний нэхэмжилсэн 2,697,880 төгрөгийг *******оос гаргуулж өгнө үү гэв.

 2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гарагсан *******ын нэхэмжлэлтэй танилцлаа. Иргэн ******* иргэн ******* надаас 2,697,880 төгрөг нэхэмжлэж хариуцагчаар татсан байна. Би *******аас 2,697,880 төгрөг аваагүй болно. Иймд *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Нэхэмжлэгчээс: өөрийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.01-ний өдрийн 2023/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоол,  Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.04.12-ны өдрийн 2023/ДШМ/20 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.06.07-ны өдрийн 445 дугаартай “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” тогтоол зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, өөрийн тэмдэглэлийн дэвтэрт ******* нь өөрийн болон *******ын төлөх мөнгийг гараар бичсэнийг харуулсан баримт, Төрийн банкны депозит дансны харилцагчийн хуулгын хуулбар, “Бэйкер тилли Далайван Аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2021.03.29-ний өдрийн 01/02-03 дугаартай “Шинжээчийн дүгнэлт гаргасан тухай” албан бичиг болон шинжээчийн дүгнэлт зэргийн хуулбар, Төрийн банк дахь *******ын харилцах дансны харилцагчийн хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно. (хх 4-17, 36-37, 56-66, 68 тал)

 4. Хариуцагчаас: Хариу тайлбар, “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн захирлын 2024.01.30-ны өдрийн Б/56 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, уг тушаалын хавсралт зэрэг баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн болно. (хх 25, 30-33 тал)

 5. Шүүхээс: Нэхэмжлэгчийн хүсэлтээр Орхон аймгийн Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын үйлдвэрчний эвлэлийн хорооноос нотлохб аримт гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд тус Үйлдвэрчний эвлэлийн хороо нь 2024.02.27-ны өдрийн албан бичгээр Төрийн банк дахь ЭДЦС Үйлдвэрчний эвлэлийн хорооны “Харилцах дансны харилцагчийн хуулга”, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлын 2020.08.28-ны өдрийн 02 дугаартай “Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргыг томилох, чөлөөлөх тухай” тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн банк дахь *******ын харилцах дансны хуулгын хуулбар зэргийг ирүүлсэн, мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр *******ийг асуух ажиллагааг хийсэн болно. (хх 45-49, 71-72 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

           Нэхэмжлэгч ******* нь тус шүүхэд хариуцагч *******т холбогдуулан “2,697,880 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон бөгөөд нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “...Би хувиасаа *******т мөнгө зээлээгүй, түүнд хадгаламж барьцаалж зээл авч өгч байна гэж хэлсэн. *******, ******* нарын зээлсэн мөнгийг хүүгийн хамт нийлүүлээд 19,849,920 төгрөгийг 13060107881 гэсэн эв нэгдлийн данснаас Төрийн банкны зээлийн данс руу 2020.07.16-ны өдөр “бэлэн бусаар зээл төлөв” гэсэн утгатай шилжүүлсэн. Намайг “ЭДЦС” ТӨХК-ийн Үйлдвэрчний хорооны даргаар ажиллах хугацаандаа 55,001,700 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн. Би 2023.02.01-ний өдөр өөрийн данснаас ЭДЦС-ын Үйлдвэрчний эвлэлийн хороонд 55,001,700 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулсан, энэ төлсөн төлбөрт *******ын төлөх ёстой 2,697,880 төгрөг төлөгдсөн. Иймд *******оос 2,697,880 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарладаг.

           Хариуцагч ******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Би *******аас 2,697,880 төгрөг аваагүй болно. Иймд *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

           Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

           1. Нэхэмжлэгч ******* 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар томилогдон ажиллаж эхэлсэн байх ба тус хорооны гишүүдийн татварын орлогыг хуримтлуулдаг “Эв нэгдлийн сан” гэсэн нэртэй Төрийн банк дахь 130600105881 тоот хадгаламжийн дансыг уламжлал болгон ирсний дагуу *******ын нэр дээр тус хадгаламжид байсан 45,168,000 төгрөгийн хамт шилжүүлэн өгсөн байна.

2. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай “Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргыг томилох, чөлөөлөх тухай” тогтоолоор нэхэмжлэгч *******ыг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс тус хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлж Төрийн банк дахь дээрх хадгаламжийн дансыг 25,174,460.34 төгрөгийн үлдэгдэлтэй буцаан хүлээн авсан байна.

           3. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны хяналтын зөвлөлөөс 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд тус хорооны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтээр “...Анх төвлөрүүлсэн 45,168,000 төгрөгийн хүүгийн орлогыг 2016.11.09-ний өдрөөс нэмэгдүүлэн тооцож Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь заалтын дагуу хүүгийн орлогын 10 %-ийн татварыг хасаад 2020.09.04-ний өдрийн байдлаар тооцоход 76,743,869.09 төгрөг болж өсөхөөр байжээ. Гэвч тус данснаас орсон гарсан дүнг тооцож, хүлээлгэн өгсөн 25,174,460.34 төгрөгийг хасахад зөрүү дүн 40,647,737.31 төгрөгийн дутагдалтай байна. Иймд энэ хөрөнгийг тус санд буцаан байршуулж, гишүүдийг хохиролгүй болгох...” талаар дүгнэсэн байна.

           4. Орхон аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгаас нэхэмжлэгч *******ыг “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж түүнд итгэмжлэн хариуцуулсан үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн татварын мөнгөнөөс завшиж, хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан шалгасан байх ба мөрдөгчийн тогтоолоор шинжээчээр томилогдсон “Бэйкер тилли далайван аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/02-03 дугаартай “Шинжээчийн дүгнэлт гаргасан тухай” албан бичгээр ирүүлсэн Шинжээчийн дүгнэлтэд “...******* нь өөрийн нэр дээрх Эв нэгдлийн сангийн мөнгөнөөс 21,409,300 төгрөгийг зээл бэлэн бусаар төлсөн гэж гаргасан нь нягтлан бодогч Эрдэнэцэцэг /17,000,000 төгрөг/, хяналтын зөвлөлийн гишүүн Болд-Очир /3,000,000 төгрөг/ нарт Эв нэгдлийн сангийн мөнгийг барьцаалан авч өгсөн зээл төлөгдөөгүй учраас уг данснаас татаж авсан гэж тайлбарласан боловч, нягтлан бодогч Эрдэнэцэцэг, хяналтын зөвлөлийн гишүүн Болд-Очир нарт өгсөн нотлох баримт бидэнд ирүүлээгүй учир бид уг мөнгийг *******ын нэр дээр тооцож байна. Шинжээчийн ажлыг хийх явцад Эв нэгдлийн сангийн 40,647,700 төгрөг, тушаал шийдвэргүй болон анхан шатны баримтгүй гаргасан 14,354,000 төгрөг, нийт 55,001,700 төгрөгийн тооцоотой болох нь тогтоогдсон болно...” гэжээ.

           5. Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, тус шүүх 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж 2023/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолоор *******ыг гэм буруутайд тооцон торгох ялаар шийтгэгдсэн байх бөгөөд нь тэрээр уг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 55,001,700 төгрөгийн хохирлыг хохирогчоор тогтоогдсон “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд бүрэн төлсөн байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан гэрч ******* “...Би ажлаас халагдсан хойноо ******* гуайгаас 2019 оны 7 сард байхаа 10 сая төгрөгийг зээлж авч байсан. Тэгээд дахин мөнгө хэрэгтэй болоод 5 сая төгрөгийг зээлээч гэж гуйж 2019 оны 8 билүү 9 сард очиход ******* гуай өөрийнхөө утсыг надад өгөөд интернет банкнаасаа 5 сая төгрөгийг өөрийнхөө данс руу шилжүүлээд авчих гэж хэлээд би шилжүүлж авсан. Энэ үедээ ******* гуай ******* бас 2 сая төгрөг зээлээч гээд байгаа, түүн рүү бас 2,000,000 төгрөгийг шилжүүлчих гээд утаснаасаа надаар ******* луу мөнгийг шилжүүлүүлж байсан юм...” гэх мэдүүлэг өгснөөс гадна тэрээр нэхэмжлэгч *******ын тэмдэглэлийн дэвтэрт “...Болд-Очир 2,697,880 төгрөг, Эрдэнэцэцэг 17,152,040.54 төгрөг, нийт 19,849,920.54 төгрөг...” төлөх талаар өөрийн гараар бичжээ.

7. Төрийн банк дахь “Харилцагчийн дансны харилцагчийн хуулга” /хх 70 тал/-аар *******ын нэр дээр байсан “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны 130600105881 тоот данснаас 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 19,89,920.54 төгрөгийг “Зээл бэлэн бусаар төлөв” гэсэн утгатайгаар шилжүүлсэн, мөн “Бэйкер тилли далайван аудит” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын гаргасан шинжээчийн дүгнэлтэд 19,89,920.54 төгрөгийг зээл бэлэн бусаар төлсөн талаар дүгнэсэн зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч өөрөө, харин нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө тус тус нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд талууд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлж улмаар мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар хэргийн үйл баримтыг нотлох замаар мэтгэлцэх учиртай.

           Гэвч хариуцагч ******* нь хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэлээ баримтаар гаргаж нотолж чадаагүй бөгөөд түүнийг хуульд заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Харин хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч ******* нь Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа тус хорооны гишүүдийн татварыг хуримтлуулдаг хадгаламжийн мөнгийг барьцаалан Төрийн банкнаас зээл авч, хариуцагч *******т 2,000,000 төгрөгийг 2019 оны 09 сард зээлдүүлсэн, уг зээл 2,000,000 төгрөгийг 2020 оны 07 сарын 16-ны өдрийн байдлаарх бодогдсон хүүгийн хамт нийт 2,697,880 төгрөгийг Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын Үйлдвэрчний эвлэлийн хорооны Эв нэгдлийн сангийн 130600105881 тоот дансанд хадгалагдаж байсан хадгаламжийн мөнгөнөөс банкинд буцаан төлсөн байх ба ******* нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг маргаан бүхий 2,697,880 төгрөгийг Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын Үйлдвэрчний эвлэлийн хороонд төлж барагдуулсан болох нь тус тус нотлогдож байна.

          Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдсон байгууллага болох Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын Үйлдвэрчний эвлэлийн хороонд хариуцагч *******ын хариуцан төлөх 2,697,880 төгрөгийг төлсөн байх тул хариуцагч *******оос уг мөнгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэж, 493 дугаар зүйлийн 493.1-д “Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна” гэж тус тус зааснаар буцаан шаардах эрхтэй байна.

           Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч *******оос 2,697,880 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

          Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,116 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 58,116 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

           Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар шүүх хуралдааны товыг шүүх хуралдааны оролцогч нарт мэдэгдсэн боловч хариуцагч ******* нь “...шүүх хуралдаанд миний бие эрүүл мэндийн шалтгаанаар очиж амжихгүй тул миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* нь хариуцагчийг шүүх хуралдаанд заавал оролцуулах талаар санал хүсэлт гаргаагүй болно.  

           Иймд шүүх хариуцагчийн гаргасан хүсэлт, нэхэмжлэгчийн гаргасан тайлбар зэргийг үндэслэн, хариуцагч *******ын шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4-д тус тус заасны дагуу шүүх хуралдааныг хариуцагч *******ын эзгүйд явуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******оос 2,697,880 /хоёр сая зургаан зуун ерэн долоон мянга найман зуун ная/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,116 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 58,116 /тавин найман мянга нэг зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, талууд хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА