| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2026/0082/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/94 |
| Огноо | 2026-02-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2026/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дын Бд холбогдох эрүүгийн 2538005340071 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хд овогт Дын Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн “Б” дэлгүүрийн орчимд хохирогч Ж.Гтой хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн сарвууны эрхий хурууны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 6-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 461 дугаартай:
1. Ж.Гийн биед зүүн сарвууны эрхий хурууны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 12-13-р хуудас),
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаартай: “...Д.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй. Д.Б нь сэтгэцийн ямар нэгэн эмгэг үгүй. Д.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Д.Б нь нь ямар нэг сэтгэцийн өвчнөөр өвчилж байгаагүй. Д.Б нь хэрэг хариуцах чадвартай. Д.Б нь оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвартай...” гэх дүгнэлт, шинжилгээ (хх-ийн 25-26-р хуудас),
Шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Манай найз жаахан уучихсан юм аа уучлаарай гээд эвээр хэлэхэд дайрч давшилаад байхаар нь зүүн гарын эрхий хурууг барьж аваад дарчихсан чинь хугарсан байсан...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг
Хохирогч Ж.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагаас 18 цагийн хооронд цэцэрлэгийнхээ хүүхдийг аваад Мөрөн сумын 9 дүгээр багийн “Б” дэлгүүрийн орчимд машинтайгаа явж байтал **** тээврийн хэрэгсэлтэй машин хажуунаас шахаж урдуур дайрч ороод урсгал сөрөөд явсан. Миний эргэх зүгт тэр машинтай хүн зогссон. Тэгэхээр би очиж уулзахад согтуу байсан болохоор нь яагаад та нар согтуу байж машин тэрэг барьж хөдөлгөөнд оролцож байгаа юм бэ? хүн амьтан дайрвал яах вэ? гээд жолоочид нь хэлээд зогсож байтал ар талд нь сууж явсан хүн бууж ирээд би жолооч нь байна гэхээр нь та яагаад машинаа өөр хүнд шилжүүлж байгаа юм бэ? гэж хэлтэл чамд ямар хамаатай юм бэ? гээд намаиг шууд цохиж зодсон. Тэгээд жолоочийн хажууд сууж явсан эмэгтэй хүн нь салгаж авсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 9-р хуудас),
Гэрч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай найз О ирсэн юм уу, тэнд зогсож байгаад таарсан юм уу бүү мэд гараа хугалуулсан гэх залуутай маргалдаж муудалдцсан юм шиг байсан. Би яг тухайн үеийн болсон үйл явдлыг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Д.Б нь хохирогч Ж.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байна.
Хохирогч Ж.Гийн 500,000 төгрөгийг хүлээн авсан гэх нотариатчаар баталуулсан өргөлдөл (хх-ийн 64-р хуудас) хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Д.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Б нь хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох тухай прокурорын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2538005340071 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хд овогт Дын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Дын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн 2538005340071 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР