Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2026/ШЦТ/100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Хохирогч Д.Б, Б.Э,

Хохирогч нарын өмгөөлөгч Б.Амаржаргал,

Иргэний хариуцагч, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганчимэг, Б.Манлайбаяр,

Иргэний хариуцагч С.Н,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бын Бд холбогдох эрүүгийн 2438004660522 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овогт Бын Б,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 11-р сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн ****** сумын 2 дугаар баг ******ын *** гэх газар ****** маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хориглосон газарт түр зогсолт хийхдээ МУ-ын ЗХД-ийн 9.3 “ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ: в/харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсзгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй /эсхүл байхгүй/ тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд” мөн дүрмийн 9.5 “ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслийн суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна. Мөн дүрмийн 14.10 “хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс ***** маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл араас нь мөргөж Б.Э, Д.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн ****** сумын 2 дугаар баг ******ын *** гэх газар ****** маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хориглосон газарт түр зогсолт хийхдээ МУ-ын ЗХД-ийн 9.3 “ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ: в/харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсзгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй /эсхүл байхгүй/ тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд” мөн дүрмийн 9.5 “ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслийн суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна. Мөн дүрмийн 14.10 “хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс ***** маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл араас нь мөргөж Б.Э, Д.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтуудын талаар:

Талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар дээр дурдсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдсон болно.

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 13-р хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 16-21, 23-р хуудас),

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл ( хх-ийн 22-р хуудас),

Шүүгдэгч Б.Бы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд өгсөн: “...****** сумын шил дээр гараад явж байхад гэнэт машин эвдрээд зам дээр зогссон. Тэгэхээр нь би машинаас буугаад урдаас нь хойш нь чиглэлтэй түрсэн чинь дийлэхгүй байсан. Ядаж байхад Н тасраад унасан байсан. Ингээд байж байхад эсрэг талын урсгалаас машин ирж байхаар нь гараа өргөсөн чинь хоёр машин давхар зогссон. Тэр хоёр машиныг зогсохоор нь би очоод машин эвдэрчихлээ хамт түрээд замаас гаргаад өгөөч гэж хэлээд байж байхад гэнэт тас гээд л машины эд анги тас бүр шидэгдээд явчихаар нь эргээд харсан чинь миний унаж байсан машины араас нэг цагаан өнгийн машин очоод мөргөсөн байсан. Харин миний унаж явсан машин тэр машинд мөргүүлээд замаас гараад жалга руу орж байсан. Тэгэхээр нь би тэр мөргөсөн машин дээр яваад очсон чинь дотор нь хоёр хүн байсан. Жолоон дээр хөгшин эрэгтэй, жолоочийн хажууд нэг эмэгтэй хүн байхаар нь жолоочоос юу болов та гэж асуухад урдаас машин гялбаанд ороод мөргөчихлөө гэж хэлсэн...Би хохирогч нарт тус бүр 3 сая төгрөгийн хохирол нөхөн төлсөн байгаа...” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд өгсөн: “... ****** сумын арын ***** дээр явж байхад миний урдаас 2 машин зам дээр зэрэгцээд зогссон юм шиг байхаар нь яагаад ингэж зогсож байгаа юм бол гэж бодоод их гэрлээ ойрын гэрэл рүү шилжүүлээд явж байхад гэнэт миний явж байсан замын урсгал дээр машин зогсож байсан. Тэгээд зогсож чадалгүй тэр машиныг мөргөсөн. Ямар ч байсан миний мөргөсөн машин эргэн тойронд хүн явж харагдаагүй...Би 40 км/ц орчмын хурдтай явж байсан...Гомдолтой байна...эмчилгээ, замын зардал, малчин хөлсөлсөн зардал 19,897,945 төгрөг, машины үнэлгээ 9,997,500 төгрөг, сэтгэцэд учирсах хохирол 15,173,900 төгрөг нийт 45,068,845 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Шүүгдэгчээс өгсөн 3 сая төгрөгийн хохирлыг нийт нэхэмжилсэн дүнгээс хасаж тооцно...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Эн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд өгсөн: “...****** сумын шил дээр явж байхад эсрэг талын урсгал дээр хоёр машин гэрлээ асаагаад зогссон юм шиг харагдаж байсан. Гэрлийн гялбаанд ороод явж байхад зам дээр машин харагдаад зогсож чадахгүй ардаас нь очоод мөргөсөн. Би ослын улмаас ухаан алдаад унасан байсан. Нэг мэдсэн чинь миний баруун гарын алганаас цус гарсан, урд зогсож байсан машин байхгүй нөгөө гэрлээ тусгаад зогсож байсан машинууд ч гэсэн байхгүй болсон байсан. Аав маань чи цагдаа, түргэн дууд гэж ямар ч байсан хэлж байсан. Ингээд байж байхад нэг хүн ямар ч байсан ирж байсан. Удалгүй цагдаа, түргэний хүмүүс ирээд аав бид хоёрыг буцаад Мөрөн сум руу тээвэрлэж авч явсан...Тухайн машин аав бид хоёрын явж байсан замын урсгал дээр зогссон байсан. Замаа чөлөөлж тавиагүй байсан... Би 4 удаа хагалгаанд орсон...Эмчилгээ, замын зардал, ажилгүй байсан хугацааны 3 сарын цалингийн зөрүү зэрэг 15,732,679 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 15,173,400 төгрөг нийт 30,906,079 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Шүүгдэгчийн өгсөн 3 сая төгрөгийг хасаж тооцно...Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

Иргэний хариуцагч С.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд өгсөн: “...Б ах бид хоёр *** сумаас **** сумын чиглэлтэй явсан. Тухайн үед бид хоёр миний эзэмшлийн ****** улсын дугаартай ***** маркийн машинтай ардаа гэрийн тавилга эд зүйлс ачсан явж байсан юм. Тэр өдөр би архи уусан байсан болохоор машин бариагүй. Харин Б ах машин барьж явсан. Би тэр өдөр архи уугаад унтаад явж байсан болохоор яг юу болсон гэдгийг мэдээгүй. Гэнэт л толгой өвдөөд байхаар нь сэрээд харсан чинь би машин дотроо миний машин засмалаас гараад цасан дотор зогссон байсан. Тэгээд буугаад ирсэн чинь цагдаа нар ирсэн байсан... Тухайн үед Б ахаас юу боловч гэж асуусан чинь диск эвдрээд машин явахаа болиод зам дээр зогсож байхад араас ирээд машин мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд л би Б ах бид хоёр миний машиныг ****** сумын төв оруулсан...Энэ машиныг аваад одоо 3 жил орчим болж байгаа миний эзэмшлийн машин. Хохирлыг хувааж төлж барагдуулна...Хэн хэнийх нь л буруу...” гэх мэдүүлэг,

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаартай:

1. Д.Бын биед баруун дунд чөмөг яс болон зүүн талын 4 дүгээр хавирганд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.

3. Д.Бын биед учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 39-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 09 дугаартай:

1. Б.Эгийн биед зүүн атгаамж чөмөг яс болон зүүн шуу, богтос ясанд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.

3. Б.Эгийн биед учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 44-р хуудас),

Хөвсгөл аймгийн автотээврийн төвийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн: “...****** улсын дугаартай ****** маркийн тээврийн хэрэгсэл авто үйлчилгээний мэдээллийн сан дахь мэдээллээр **** Улсад 1994 онд олон зориулалтаар үйлдвэрлэгдэж 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсад импортлогдсон ангилал В суудлын тоо 2 арлын дугаар ***** жолооны хүрд баруун, хурдны хайрцаг механик тээврийн хэрэгсэл болно. ****** улсын дугаартай ****** маркийн тээврийн хэрэгсэл урд салхины шил баруун дээд хэсэгтээ хагарсан, хол ойрын гэрэл бүрэн ажиллагаатай, урд талын дохио бүрэн ажиллагаатай боловч суурь нь хагарсан, урд гупер зүүн хэсэгтээ хагарсан, зүүн хаалга дээрх нэмэлт дохионы гэрэл хагарсан, хойд гэрэл дохио байхгүй, хойд гэрэл дохионы цахилгааны утас тасарч унжсан, рамны арын хөндлөн тарипц дотогшоо гулзайж орсон, яндан сууриараа мултарсан, зүүн талын хойд амартизатор сууриараа хугарсан, тэвшний будаг арилж гандсан, арын улсын дугаар дотогшоо нугарсан байдалтай байна. Уг тээврийн хэрэгсэл нь 2024 оны техникийн хяналтын үзлэгт 05 дугаар сарын 30-ны өдөр засвартайгаар бүртгэгдсэн байна.

****** улсын дугаартай ****** маркийн тээврийн хэрэгсэл нь хөдөлгүүр болон жолооны хүрд бүрэн ажиллагаатай, урд талын гэрэл дохио хагарч гэмтсэн боловч ажиллагаа хэвийн хойд гэрэл дохио байхгүй авцуулах холбооны гэмтлийн улмаас тоормос болон явах эд ангийг шалгах боломжгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 50-51-р хуудас),

Шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 24/443 дугаартай: “...Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад ****** маркийн ****** улсын дугаартай автомашины жолооч Б.Б Замын хөдөлгөөний дүрмийн 9.3.В, 9.5, 14.10 заасныг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

***** маркийн ***** улсын дугаартай автомашины жолооч Д.Б Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Дээрх зам тээврийн осолд замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэл болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна... 

****** маркийн ****** улсын дугаартай автомашины жолооч Б.Б Замын хөдөлгөөний дүрмийн 9.3.В, 9.5, 14.10 дахь заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (хх-ийн 63-64-р хуудас),

*****, *****ын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн: “...****** маркийн ****** улсын дугаартай автомашины жолооч Б.Б Замын хөдөлгөөний дүрмийн 9.3.В, 9.5, 14.10 гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. *****маркийн ***** улсын дугаартай автомашины жолооч Д.Б Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Дээрх зам тээврийн осолд замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэл болон бусад нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна... жолооч Б.Б Замын хөдөлгөөний дүрмийн 9.3.В, 9.5, 14.10 гэх заалтуудыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна. ****** маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.В-д заасныг зөрчсөн байна...” гэх дүгнэлт (хх-ийн 72-73-р хуудас),

***** ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаартай: “...Үнэлгээгээр тогтоогдсон дүн 9,997,500 төгрөг...” гэх автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан (хх-ийн 122-125-р хуудас),

***** шинжилгээний төвийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 109 дугаартай: “...Б.Эгийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын түгшилтийн шинжүүд хүндэвтэр илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна...” гэх дүгнэлт (хх-ийн 137-139-р хуудас),

***** шинжилгээний төвийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 110 дугаартай: “...Д.Бын сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна...” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Эрүүгийн 2438004660522 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагчаас шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Бы үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Хохирогч нарын өмгөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа...Иймд хохирогч нарт учирсан хохирлыг гаргуулж өгнө үү...” гэв.

Хохирогч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “...Үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү...” гэв.

Хохирогч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: “...Бодит учирсан хохирлоо нэхэмжилж байгаа ашиг олох гэсэн зүйл байхгүй...” гэв.

Иргэний хариуцагч, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Манлайбаяр  шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлээд гэм буруу дээр ямар нэгэн байдлаар маргадаггүй бөгөөд өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж, гэмшиж буйгаа илэрхийлдэг. Шүүх хуралдаанаас өмнө 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 2 хохирогчид тус бүр 3,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн цаашлаад шүүхээс тогтоосон бодит хохирлыг барагдуулах байр суурьтай байгаа. Өмгөөлөгч нарын зүгээс гэм буруу дээр маргаагүй бөгөөд хохирлыг шударгаар нэхэмжилсэн эсэх эргэлзээтэй байна гэдэг зүйлийг ярьж байгаа бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулах нь зайлшгүй асуудал юм. Гэхдээ Иргэний хуулийн  514 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ зайлшгүй анхаарч үзээсэй гэж хүсэж байна....Шинжээчийн дүгнэлт хангалтгүй эргэлзээтэй гарсан нөхцөл байдал зэргээс шалтгаалж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүх хуралдааныг 1 удаа 60 хүртэл хоногоор хойшлуулах зохицуулалт бий болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна...” гэв.

Иргэний хариуцагч, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганчимэг  шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Миний зүгээс өмгөөлөгч Б.Манлайбаяртай санал нэг байгаа бөгөөд түүний хэлсэн тайлбар дүгнэлтийг дэмжиж байна. Хохирол төлбөртэй холбоотой асуудлын тухайд хохирогч нарын зүгээс нийт 75,974,924 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг хохирол бодит байдалтай нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй...Орон сууц хөлслөхдөө гэрээ хийсэн байгаа боловч түрээслэгч этгээдэд хэрхэн төлбөр төлсөн нь тодорхойгүй бөгөөд уг нотлох баримт хэрэгт заавал байх ёстой...Орон сууц түрээслэгч этгээд гэрчээр мэдүүлэг өгсөн байх шаардлагатай. Асрагч хөлсөлсөн юм бол цалин хөлсөө бэлэн авсан юм уу дансаар авсан юм уу гэдэг нь тодорхой байж, нотлогдох ёстой. Малчин авч ажиллуулсан гэх асуудалд, н.***** гэж хүнийг нэг сарын 400,000 төгрөг өгсөн талаар бэлэн мөнгөний зарлагын баримт байна. Гэтэл тус мөнгийг байгууллагын зүгээс н.Энхтайван гэдэг хүн шилжүүлсэн байдаг бөгөөд байгууллага хохироод байгаа юм уу? гэдэг байдал нь эргэлзээтэй байна. Ийм учир шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд бодит нотлох баримтыг үнэлж дүгнээсэй гэж хүсэж байна. Сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоох бүрэн боломжтой гэж үзэж байна...Шинжээчийн дүгнэлт үнэн зөв бөгөөд бодит байдалд нийцсэн, эргэлзээгүй байх ёстой...” гэв.

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

Эрх зүйн дүгнэлт:

Тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, хүний эрүүл мэндэд хохирол учирсан үйлдэл хоорондоо шууд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.

Хохирогч Б.Э нь зам тээврийн ослоос зүүн атгаамж чөмөг яс болон зүүн шуу, богтос ясанд хугарал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 44-р хуудас)-ээр,

Хохирогч Д.Б нь зам тээврийн ослоос баруун дунд чөмөг яс болон зүүн талын 4 дүгээр хавирганд хугарал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 39-р хуудас)-ээр тус тус тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Б нь ****** маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн  9.3.В, 9.5, 14.10-т заасныг зөрчсөн болох нь шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 24/443 дугаартай дүгнэлт (хх-ийн 63-64-р хуудас), *****, *****ын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлт (хх-ийн 72-73-р хуудас)-ээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг гаргасан шинжээч нарт хууль сануулсан, тэдгээр нь дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтүүдэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3.В, 9.5, 14.10 дахь заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарч улмаар Б.Э, Д.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзлээ.

“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно, “Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно.” гэж тайлбарласан.

Дээрх хуулийн тайлбараас үзвэл шүүгдэгч Б.Б нь жолооч гэх ойлголтод, түүний жолоодож байсан ****** маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгсэл гэх ойлголтод тус тус хамаарч байна.

Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох В ангилалын эрхтэй болох нь жолоочийн лавлагаа мэдээлэл (хх-ийн 92-р хуудас)-ээр тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь үндэслэлтэй, зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болохыг дурдлаа.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан техникийн шинжээчийн дүгнэлт хангалтгүй эргэлзээтэй гарсан нөхцөл байдал зэргээс шалтгаалж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүх хуралдааныг 1 удаа 60 хүртэл хоногоор хойшлуулах тухай санал дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь дангаар болон бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн дүгнэлтүүд гарсан ба уг дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан төдийгүй агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй байдаг тул хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж зааснаар шүүгдэгчийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэртэй байна.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандаж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний...эрүүл мэнд, эд хөрөнгө,...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Б.Б нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Э, Д.Б нарын эрүүл мэндэд эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон.

Хохирогч Б.Э эмчилгээ, замын зардал, ажилгүй байсан 3 сарын хугацааны цалингийн зөрүү, байр хөлсөлсөн зардал 15,732,679 төгрөгийн хохирол, сэтгэцэд учирсан хохирол 15,173,400 төгрөг нийт 30,906,079 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна.

Хэрэгт авагдсан хохирлын баримтуудаас үзвэл: Эмчилгээнд гарсан зардалтай холбоотой.

Замын зардалд бүгд 425,600 төгрөгийн хохирол дээрх баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Б.Э нь хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж 3 сар авсан бөгөөд үүнээс цалингийн зөрүү 526,425 төгрөг гарсан болох нь ***** даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04/1161 дугаартай албан тоот (хх-ийн 229-р хуудас)-оор тогтоогдож байна.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан. Уг хуулийг дагалдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт оруулж, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан.

Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгохоор тодорхойлжээ.

***** шинжилгээний төвийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 109 дугаартай: “...Б.Эгийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын түгшилтийн шинжүүд хүндэвтэр илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна...” гэх дүгнэлт (хх-ийн 137-139-р хуудас) гарчээ.

“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дэх хэсэгт заасан “нөхөн төлбөр тооцох жишиг, аргачлал” хүснэгтийн гуравдугаар зэрэглэлд “... хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг” нь 9-15% байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д заасны дагуу хохирогч Б.Эд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоохдоо хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, гэмт хэргийн улмаас стресст үзүүлэх хариу урвалын түгшилтийн шинж илрэх, өдөр тутмын амьдралд оролцоход хүндрэл учрах зэрэг сөрөг үр дагавар, ажил хөдөлмөрөө хэвийн хийхэд гэмтлээс шалтгаалан хүндрэлтэй зэргийг харгалзан үзэж гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сард хүчин төгөлдөр үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (660,000 төгрөг)-г 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг нийт (660,000x18)= 11,880,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ.

“Иргэний хариуцагч” гэдэгт гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцахаар татагдсан хүн, хуулийн этгээдийг тус тус ойлгоно.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж хуульчлагдсан ба иргэний хариуцагч С.Н нь ****** маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 86-р хуудас), иргэний хариуцагч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Иймд гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг иргэний хариуцагч С.Н, шүүгдэгч Б.Б нараас тэнцүү хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Б.Эн нэхэмжилсэн хохирлоос баримтаар тогтоогдсон эмчилгээний зардал 1,853,605 төгрөг, замын зардал 425,600 төгрөг, цалингийн зөрүү 562,425 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 11,800,000 төгрөг нийт 14,721,630 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Б, иргэний хариуцагч С.Н нараас хувь тэнцүү хэмжээгээр буюу тус бүрээс 7,360,815 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Эд 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах 7,360,815 төгрөгийн хохирлоос нөхөн төлсөн 3 саяыг хасаж 4,360,815 төгрөгийг шүүгдэгч Б.Баас гаргуулж хохирогч Б.Эд олгохоор шийдвэрлэв.  

Нийт 1,850,353 төгрөгийн шатахуун авсан е баримтыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд зарцуулсан хохиролд тооцох боломжгүй байна.

Учир нь хэний эзэмшлийн ямар төрлийн тээврийн хэрэгсэлд, ямар зориулалтаар шатахуун хийсэн нь баримтаар тогтоогдохгүй байгаа болно.

********* ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 60,800 төгрөгийн хот хооронд, ************ тасалбар (хх-ийн 213-р хуудас)-т Г.Г гэх хүний нэр бичигдсэн байх тул хохиролд оруулах боломжгүй юм. Мөн *****-ийн нэмэлт бүтээгдэхүүний захилга баталгуужуусан гэх 460,443, 682,160, 801,344 төгрөгийн захиалгын баримт (хх-ийн 220-228-р хуудас)-ууд байх хэдий ч уг баримтыг хохиролд тооцох үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь тухайн бүтээгдэхүүнийг  зайлшгүй хэрэглэх шаардлагатай талаарх эмчийн заавар бичиг хэрэгт авагдаагүй бөгөөд тухайн *****-ын нэмэлт бүтээгдэхүүнийг хохирогч нь өөрийн санаачилгаар авч хэрэглэсэн тул гэмт хэргийг улмаас учирсан хохирол оруулан тооцоогүй болно.

Орон сууц хөлслөх гэрээ (хх-ийн 216-р хуудас), орон сууц хөлсний төлбөр 9 сая төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн талаарх Хаан банкны шилжүүлгийн баримт байх боловч уг гэрээ, баримтыг үндэслэн орон сууц хөлсөлсөн 9 сая төгрөгийн зардлыг гаргах боломжгүй байна.

Учир нь гэрээний  2.2-т хөлсний байрыг хөлслүүлэгчид хүлээлгэн өгөх өдөр хөлсийг бүрэн төлнө гэж заасан ба уг байрыг 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээлцэж тэмдэглэл (хх-ийн 217-р хуудас) үйлдсэн бөгөөд уг тэмдэглэлд байрны хөлсний төлбөрийг 2025 онд багтааж дуусгавар болгоно гэж гараар нэмж бичиж засвар оруулсан, мөн гэрээний 1.4-т заасан үүргийн биелэлтийн барьцаанд өгсөн 1 сая төгрөгийг орон сууцны хөлсний төлбөрт суутгахаар тохиролцов гэсэн атлаа суутгуулсан дүнг хасаагүй орон сууц хөлсний төлбөр 9 сая төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн нь ойлгомжгүй байна.

 Өөрөөр хэлбэл  барьцааны 1 сая төгрөгийг хөлсөнд суутгуулсан атлаа 8 сая төгрөг үлдсэн байхад 9 саяыг шилжүүлсэн нь уг орон сууцыг хүлээлгэн өгсөн тэмдэглэлд 2025 онд багтаан төлбөрийг төлөх талаар гараар нэмж бичигдсэн нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа болно.

Иймд хохирогч Б.Э нийт нэхэмжилсэн 30,906,079 төгрөгийн хохирлоос баримтаар тогтоогдоогүй орон сууц хөлсөлсөн зардал, замын зардал, эмчилгээний зарим зардал 13,453,474 төгрөгийн хохирол болон цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Б, иргэний хариуцагч С.Н нараас тус тус нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

Хохирогч Д.Б нь эмчилгээний зардал, замын зардал, малчин хөлсөлсөн хөлс, асрагч авсан хөлс 19,897,945 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 9,997,500 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 15,173,400 төгрөг нийт 45,068,845 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл:  Эмчилгээний зардал бүгд 3,812,280 төгрөгийн хохирол дээрх баримтуудаар тогтоогдож байна.

Тээврийн хэрэгсэлд учирсан хохирол: ***** ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаартай: “...Үнэлгээгээр тогтоогдсон дүн 9,997,500 төгрөг...” гэх автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний  дүгнэлт (хх-ийн 122-125-р хуудас) гарсан байна.

***** шинжилгээний төвийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 110 дугаартай: “...Д.Бын сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна...” гэх дүгнэлт гарчээ.

“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дэх хэсэгт заасан “нөхөн төлбөр тооцох жишиг, аргачлал” хүснэгтийн гуравдугаар зэрэглэлд “... хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг” нь 9-15% байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д заасны дагуу хохирогч Д.Бад гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоохдоо хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, гэмт хэргийн улмаас стресст үзүүлэх хариу урвалын түгшилтийн шинж илрэх, өвдөлт зовиур мэдрэх, ижил төст нөхцөл байдлаас сэрэмжлэх, айх, түгших, тайван бус болох зэрэг өдөр тутмын амьдралд оролцоход учрах хүндрэл зэрэг сөрөг үр дагаваруудыг харгалзан үзэж гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сард хүчин төгөлдөр үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (660,000 төгрөг)-г 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг нийт (660,000x18)= 11,880,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Д.Бын нэхэмжилсэн хохирлоос баримтаар тогтоогдсон эмчилгээний зардал 3,812,280 төгрөг, тээврийн хэрэгслийн үнэлгээ 9,997,500 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 11,800,000 төгрөг нийт 25,689,780 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Б, иргэний хариуцагч С.Н нараас хувь тэнцүү хэмжээгээр буюу тус бүрээс 12,844,890 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бад олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Бад 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах 12,844,890 төгрөгийн хохирлоос нөхөн төлсөн 3 саяыг хасаж 9,844,890 төгрөгийг шүүгдэгч Б.Баас гаргуулж хохирогч Д.Бад олгохоор шийдвэрлэв. 

Замын НӨАТ-ын баримтуудыг гэмт хэргийн улмаас учирсан замын зардалд тооцох боломжгүй байна.

Учир нь хэний эзэмшлийн ямар төрлийн тээврийн хэрэгсэлд ямар зориулалтаар шатахуун хийсэн нь баримтаар тогтоогдохгүй байгаа болно.

Хавтаст хэргийн 244 дүгээр хуудсанд авагдсан 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 1,600,000 төгрөгийн НӨАТ-ын баримт нэр нь харагдахгүй, юу авсан нь тодорхойгүй байх тул уг баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Хавтаст хэргийн 243 дугаар хуудсанд авагдсан н эмнэлгийн 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 490,000 төгрөгийн НӨАТ-ын баримт нь давхардсан байгаа болохыг дурдлаа.

*****-ын нэмэлт бүтээгдэхүүний захилга баталгуужуусан гэх 1,436,401, 899,835, 723,096 төгрөгийн баримт нийт 3,059,332 төгрөгийн захиалгын баримтууд байх хэдий ч уг баримтыг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оруулан тооцох үндэслэлгүй гэж үзлээ. Тухайн бүтээгдэхүүнийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай талаарх эмчийн заавар бичиг хэрэгт авагдаагүй бөгөөд тухайн *****-ийн нэмэлт бүтээгдэхүүнийг хохирогч нь өөрийн санаачилгаар авч хэрэглсэн тул гэмт хэргийг улмаас учирсан хохирол оруулан тооцоогүй болно.

Хохирогч Д.Бын нэхэмжилсэн малчин хөлсөлсөн, асрагч хөлсөлсөн зардлуудыг нотлох баримтаар тооцож хохирлыг гаргуулах боломжгүй байна гэж үзлээ.

Учир нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр асрагч хөлслөх гэрээ байгуулсан хэдий ч асрагч А.Бид гэрээнд заасан хөлсийг хэрхэн ямар байдлаар төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Малчин хөлсөх гэрээ 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан ба малчны хөлсийг сар бүр бэлэн мөнгөний зарлагын баримт үйлдэж өгсөн гэх боловч тухайн бэлэн мөнгөний зарлагын баримтад малчны тамга зэргийг дарж баталгаажуулаагүй тул уг бэлэн мөнгөний зарлагын баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй юм. Мөн хохирогч Д.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ГССҮТ-д хэвтсэн болох нь өвчний түүхийн хуулбараар тогтоогдож байгаа болохыг дурдлаа.

Иймд хохирогч Д.Б нийт нэхэмжилсэн 45,068,845 төгрөгийн хохирлоос баримтаар тогтоогдоогүй малчин хөлсөлсөн зардал, асрагч хөлсөлсөн зардал, замын зардал, эмчилгээний зарим зардал нийт 16,085,565 төгрөгийн хохирол болон цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Б, иргэний хариуцагч С.Н нараас тус тус нэхэмжлэх эрхтэй болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.

Хохирогч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн харилцлагын талаарх дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна....” гэв.

Иргэний хариуцагч, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Иргэний хариуцагч, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Манлайбаяр шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 90-97-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт мал маллан амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч нь торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2438004660522 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Бын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бын Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Б.Баас 4,360,815 (дөрвөн сая гурван зуун жаран мянга найман зуун арван тав) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эд, 9,844,890 (есөн сая найман зуун дөчин дөрвөн мянга найман зуун ер) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бад,

иргэний хариуцагч С.Нгээс 7,360,815 (долоон сая гурван зуун жаран мянга найман зуун арван тав) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эд, 12,844,890 (арван хоёр сая найман зуун дөчин дөрөв мянга найман зуун ер) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бад тус тус олгосугай.

7. Эрүүгийн 2438004660522 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хохирогч Б.Э орон сууц хөлсөлсөн зардал, замын зардал, эмчилгээний зарим зардал нийт 13,453,474 төгрөгийн хохирол болон цаашид гаргах эмчилгээний зардлаа, хохирогч Д.Б малчин хөлсөлсөн зардал, асрагч хөлсөлсөн зардал, замын зардал, эмчилгээний зарим зардал нийт 16,085,565 төгрөгийн хохирол болон цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Б, иргэний хариуцагч С.Н нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.УУГАНБАЯР