| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2023/04610/И |
| Дугаар | 101/ШШ2024/01590 |
| Огноо | 2024-03-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2024/01590
2024 03 21 101/ШШ2024/01590
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.М нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Б-д холбогдох,
Орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, албадан чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг бүрдүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М
Хариуцагч Б.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч А.Ду
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, өмгөөлөгч О.М нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Б.М нь П.Я гэх этгээдтэй харилцан тохиролцож 999999999999тоот 48.5 м.кв 2 өрөө орон сууцыг 1.м.кв-ыг нь 2,500,000 (хоёр сая таван зуун мянган) төгрөгөөр тооцож худалдан авсан. Орон сууцны нийт үнэ 121,250,000 (зуун хорин нэгэн сая хоёр зуун тавин мянган) төгрөг болсон.
Уг орон сууцны төлбөрийг төлөхдөө би унаж байсан 0348 улсын дугаартай 2020 онд үйлдвэрлэгдсэн Ни маркын авто машиныг 110,000,000 /зуун арван сая/ төгрөгт тооцож өгсөн ба тухайн үед миний машин "Н ХХК-д 15,000,000 төгрөгний барьцаанд байсныг чөлөөлж улмаар П.Яын нэр дээр шилжүүлсэн.
Мөн П.Яын 5023089216 тоот дансанд 2022.05.23-нд 30,000,000 төгрөг, 2022.05.31-нд 10,000,000 төгрөг, 2022.05.31-нд 8,000,000 төгрөг, 2022.06.01-нд 5176014201 тоот дансанд 20,000,000 төгрөг, 2022.06.11-нд 2,000,000 төгрөг, нийт дансаар 70,000,000 төгрөгийг төлж дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөнөөр Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж зааснаар Б.Мы өмчлөлд шилжсэн.
П.Яаас 999999999999тоот 48.5 мкв 2 өрөө орон сууцыг надад хүлээлгэн өгсөн ба уг орон сууцанд миний аав, ээж амьдарч, эзэмшиж, ашиглаж байсан.
Түүнээс орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гарган өгөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдөр, маргааш гэсээр өнөөдрийг хүрсэн. Миний олж мэдсэнээр П.Я нь уг орон сууцыг ажлын хөлсөнд бартерт авсан гэж сонссон. Би төлбөрөө бүрэн төлсөн боловч өмнөх хүнээсээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгөөгүй намайг хууран мэхэлсэн.
2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хариуцагч П.Яын оршин суух хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хаяг дээрээ байхгүй гэж үзэн тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 3333333333 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Улмаар Б.Мы зүгээс 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж П.Яыг эрэн сурвалжлах нэхэмжлэлийг гаргасан.
Гэтэл П.Яын хамаарал бүхий этгээд болох Б.Б мессэж бичиж, утсаар дарамтлаж, заналхийлэн, миний худалдаж авсан байрнаас зайл гэх зэргээр сүрдүүлж байгаа талаар 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хандан дээрх асуудлыг шалгуулахаар өргөдөл гаргасан.
2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Б.Б гэгч нь 44444444444444 тоотод өдрийн цагаар ирж энэ байр миний байр, би П.Яаас худалдаж авсан өмчлөх эрхийн гэрчилгээ нь энэ байна та нар одоо миний байрнаас зайл гэх зэргээр тохуурхан доромжилж гэрийн тавилга эд хогшлыг гаргаж хаях, манай ахын гэдсэнд хадаас тулгаж заналхийлэх зэргээр танхайрч байсан тул арга буюу цагдаад дуудлага өгсөн.
Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаа нар ирж иргэд хоорондын маргаан байна иргэний журмаар шийдвэрлүүл гэж хэлсэн.
2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Б.Б гэгч нь намайг болоод миний өндөр настай аав ээжийг хууль ёсоор эзэмшин, ашиглаж, СӨХ, Ус цахилгааны төлбөр зэргийг төлж оршин сууж ирсэн 44444444444444 тоот байрнаас хүч хэрэглэн албадан гаргасан.
Хэргийн 83 талд хариуцагч Б.Бын өөрийнх нь бичгээр ирүүлсэн тайлбарт 2022 оны 7 сард П.Яад худалдахаар тохиролцсон гэх тайлбараар Б.Мд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т зааснаар эзэмших эрх үүссэн. Б.Мд эзэмших эрх үүсэх үед уг орон сууц нь Б.Бын өмчлөлд байгаагүй, түүнд 2023.04.23-ны өдөр гэрчилгээ олгогдсон, Ш ХХК-ийн өмчлөлд байсан, мөн шүүгчийн захирамжаар битүүмжлэгдсэн байсан. Өөрөөр хэлбэл өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхгүй хориг тавигдсан, харин эзэмших, ашиглах эрх нь нээлттэй байсны үндсэн дээр П.Яад байрны түлхүүрийг хүлээлгэн өгсөн байна.
Байрны хууль ёсны өмчлөгчөөр Б.Б бүртгэлтэй гэдэгт маргахгүй, гэхдээ Б.Мы хувьд байрны үнийг бүрэн төлсөн мөртлөө хохирсон, гэтэл яг энэ цаг хугацаанд Б.Б өмчлөгч болоогүй, маргаантай байсан болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т зааснаар орон сууцыг Б.М өөрийн эзэмшил, ашиглтад шилжүүлэн авснаар түүнд өмчлөх эрх үүссэн бөгөөд хэрэв тухай орон сууцны өмчлөгч Б.Б гэдгийг мэдэж байсан бол шударгаар өмчлөх эрх олж авсан гэж тооцохгүй бөгөөд харин мэдээгүй байсан учир өмчлөх эрхийг гэрээ хэлцлийн үндсэн дээр бий болгосон гэж үзэж байна.
Тэгэхээр Б.Мы хувьд өмчлөх эрхийг шударгаар олж авсан өмчлөгч байх боломжтой, харин Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т зааснаар Б.Б нь нэхэмжлэгч Б.Мы аав, ээжид гэм хор учруулсан.
Иймд нэхэмжлэгч Б.Мд өмчлөх эрх нь гэрээ хэлцийн үндсэн дээр үүссэн гэж үзэж байгаа тул түүнийг 44444444444444 тоот 48.5 м.кв 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, уг орон сууцыг Б.Бын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгөтөй холбоотой бичиг баримтуудыг хүлээлгэж өгөхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч Б.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өмгөөлөгч А.Дугийн хамт татгалзлынхаа үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :
Нэхэмжлэгч Б.Мы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. "П.Яын хамаарал бүхий этгээд болох Б.Б гэснийг эс зөвшөөрч байна. Б.Бын хувьд П.Я гэх этгээдтэй садан төрөл, нутгийн, найз нөхдийн, сурагч, оюутан цагийн, бизнесийн гэхчилэн ямар нэгэн холбоо хамааралгүй.
Миний бие 2019 онд ашиглалтанд орсон, 999999 тоот 48,4 м.кв орон сууцны хууль ёсны цорын ганц өмчлөгч бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 555555555 дугаар гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн 777777777 миний нэр дээр бүртгэгдсэн орон сууц юм.
Миний бие өөрийн өмчлөлийн тус орон сууцыг худалдан борлуулах зарыг эхнэр У.Гэрэлт-Одын фэйсбүүк хаягт 2022 оны 7 дугаар сарын эхээр тавьсан бөгөөд зарын дагуу П. Янжид гэх эмэгтэй надтай холбогдсон. Тухайн үед П.Я орон сууцыг худалдан авахыг хүсэж, орон сууцны төлбөрийг 2022 оны 7-р сардаа багтааж төлнө гэсэн.
"Л ХХК-ийн захирал гэж өөрийгөө танилцуулсан Пүрэвдашийн Янжид гэх эмэгтэйн итгэл төрүүлэхүйц амлалтад итгэж, 999999 тоот 48,4 м.кв орон сууцны түлхүүрийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр түүнд өгсөн юм. П.Я нь орон сууцанд ...компанийхаа ажилчныг яаралтай оруулах хэрэгтэй байна... гэсээр түлхүүрийг авсан.
Түүнээс хойш "Л ХХК-ийн захирал П.Я орон сууцны төлбөрөө "одоохон төлнө хэмээн олон удаа намайг тайвшруулж хуурсаар, төлбөрөө хойшлуулсаар орон сууцны төлбөрийг төлж дуусгах 7 дугаар сар өнгөрсөн боловч нэг ч төгрөгийн төлбөр барагдуулаагүй, төлбөр төлөх ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Улмаар хэд хэдэн сар өнгөрсөн боловч П.Я өмнө нь холбогдож байсан 99112821 дугаарын утсаар авахаа больж, Шинэ зуун айл" төвд үйл ажиллагаа явуулдаг оффис дээр нь очиход тэндээ үйл ажиллагаа явуулахаа больсон байсан.
Ингээд өөрийн орон сууцыг түүнд худалдах, худалдан авах найдвар нэгэнт тасарсан тул орон сууцанд амьдарч байгаа П.Яын хамаарал бүхий буюу түүний надад хэлснээр компанийн ажилтан гэх айлд өөрийн биеэр очиж уулзсан.
Миний орон сууцанд нэхэмжлэгч Б.Мы ээж, аав хоёр амьдарч байсан тул тус орон сууц нь миний өмчлөлийн орон сууц болохоо хэлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээгээ тэдэнд үзүүлсэн. Тухайн үед Б.Мы ээж, аав хоёр охин маань гадаадад яваа түүнтэй холбогдохыг бодъё, утсыг нь чамд олж хэлье, чиний утсыг дамжуулъя гэсэн. Хэсэг хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэгч Б.М надтай холбогдож, очоод учрыг олъё, очоод сайхан ярилцъя гэсэн. Түүнээс хойш олон хоног сар өнгөрсөн, Б.М гадаадаас ирсэн ч орон сууцыг чөлөөлж өгөхгүй олон сар өнгөрсөн. Тус орон сууцыг Б.Мыхан бүтэн жил гаруйн хугацаанд ямарч үнэ төлбөргүй хууль бусаар ашигласан бөгөөд цахилгаан, ус, дулаан, СӨХ-ийн төлбөрийг зохих газарт нь төлсөн байх гэж найдаж байсан.
Орон сууцыг суллаж, чөлөөлүүлэхээр олон удаа шаардаж, гуйж гувшиж, энэрэн нигүүлсэнгүй хандаж, олон хоног сарыг туулж арга мухардаад эцэст нь өөрийн хууль ёсны өмчлөлийн байраа суллаж авсан. Өөрөөр хэлбэл тус орон сууцны өмчлөгч миний бие өөрийн өмчлөлийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардаж, гаргуулж авсан.
Нэхэмжлэлд дурдсанаар байрнаас зайл гэж тохуурхсан явдал өчүүхэн ч гаргаагүй бөгөөд миний бие уг байрыг П.Яаас худалдаж аваагүй харин түүнд худалдаж, түүний хүсэлтээр үнийг нь сарын дараа авахаар тохиролцсон ч бүтэн жил хууртагдаж, эцэст нь мөнгө ч үгүй зальт этгээдэд залилуулж хоцорсон нь үнэн юм.
Мөн орон сууцны нийт үнэ 121,250,000 төгрөг болсон гэсэн мөртлөө П.Яад 110,000,000 төгрөгийн автомашиныг нэр дээр шилжүүлсэн, 5 удаагийн шилжүүлгээр 70,000,000 төгрөгийг дансаар, нийт 180,000,000 төгрөгийг төлсөн талаар дурьдсан байна. Гэтэл 180,000,000 төгрөг нь П.Я, Б.М нарын хоорондын төлбөр тооцооны асуудал байх бөгөөд нэхэмжлэгч Б.Мгийн зүгээс надад, миний нэр дээр ямар нэгэн төлбөр гүйцэтгэж, мөнгө өгөөгүй, шилжүүлээгүй болно.
Түүний нэхэмжлэлдээ хавсаргасан 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр цементийн үнэ нэрээр 30,000,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 18,000,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн Б.Мы баримтын огноог харахад П.Яад орон сууцыг худалдахаар тохиролцож, түлхүүрийг 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр түүнд өгсөн өдрөөс өмнө гүйцэтгэсэн төлбөр байна.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Б.М нь нэхэмжлэлдээ "П.Яад байрны мөнгө өгсөн гэж бичсэн нь орон сууцны хууль ёсны өмчлөгч надад нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй болохыг нотолж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Б.М нь хэнд, ямар төлбөр гүйцэтгэсэн түүнд хамаарах нэхэмжлэлээ гаргах эрх нь нээлттэй гэж үзэж байна.
Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдохгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2, 110 дугаар зүйлд зааснаар хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болж, шинэ өмчлөгчид өмчлөх эрх шилжих учиртай. Гэтэл нэхэмжлэгч нь П.Яад мөнгө өгсөн учраас худалдаж авсан гэж хийсвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. Б.Бын хувьд түүнд эрхийн доголдолгүй хөрөнгө хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн зүйл огт тогтоогдохгүй байна.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.30-ны өдрийн 1144 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.29-ний өдрийн 66666666 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022.06.28-ны өдрийн 88888888888 дугаартай тогтоолоор маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Быг тогтоож, Ш ХХК-иас өмчлөх эрхийг баталгаажуулахтай холбоотой бүх баримт бичгийг гаргаж өгөхийг даалгасан. Шүүхийн шийдвэрээр Б.Быг хууль ёсны өмчлөгч болохыг тогтоох хүртэл Улсын бүртгэлийн байгууллагад байрыг битүүмжилсэн зүйл байхгүй. Тодруулбал энэхүү орон сууцны анхны өмчлөгчөөр Б.Быг бүртгэсэн болох нь Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтаар тогтоогдож байна.
Иймд Б.М болон Б.Б нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа, тодруулбал худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:
3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н ХХК болон Б.М нарын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний хуулбар, эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, банкны дансны хуулга, цахим захидал, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Манай байр Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийн нэхэмжлэхүүд, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.06.05-ны өдрийн 101/ШЗ2023/333333333дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Б.Мы 2023.06.16-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдлийн хувь, Б.Маас 2024.07.21-ний өдөр Н.Аэд олгосон итгэмжлэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Н.А болон өмгөөлөгч О.М нарын хооронд 2024.03.04-ний өдөр байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх1-74, 91,173-177, 235-236/,
3.2. Хариуцагчаас ирүүлсэн : Эрхийн улсын бүртгэлийн 7777777 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 хороолол /13321/, Да хүрээ гудамж, 55б байр, 999999 тоот хаягт байршилтай, 48.4 мкв талбайтай, хоёр өрөө орон сууцны өмчлөх эрхийн зориулалттай, өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Б.Б болон өмгөөлөгч А.Ду нарын хооронд 2023.11.15-ны өдөр байгуулагдсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б.Б болон Ш ХХК-ийн хооронд 2018.08.10-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022.06.28-ны өдрийн 001/ХТ2022/0088888888888 дугаар тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.30-ны өдрийн 181/ШШ2020/111111111 дугаар шийдвэр /хх 104,109, 179-180, 202-214/,
3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Эрхийн улсын бүртгэлийн 7777777 дугаарт бүртгэгдсэн, /13321/, Да хүрээ гудамж, 55б байр, 999999 тоот хаягт байршилтай, 48.4 мкв талбайтай, хоёр өрөө орон сууцны бүртгэл хийгдсэнтэй холбоотой баримт /хх 119-165/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Б.Бд холбогдуулан орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, албадан чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой бичиг баримтуудыг бүрдүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Хариуцагч нь талуудын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй, худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, орон сууцны үнийг хүлээн аваагүй, түүний өмчлөлд орон сууцыг шилжүүлэн өгөх үүрэг хүлээгээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргасан.
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
4. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/111111111 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 66666666 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2022/0088888888888 дугаар тогтоолоор, Шинэ гэр хотхоны С блокын, 11 давхрын 999999 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Быг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт материалыг Б.Бд бүрдүүлж өгөхийг Ш ХХК-д даалгаж шийдвэрлэжээ.
4.2. Нийслэлийн Улсын бүртэлийн газраас 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр, Эрхийн улсын бүртгэлийн 7777777 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Да хүрээ гудамж, 55б байр, 999999 тоот хаягт байршилтай, 48.4 мкв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Быг бүртгэж, түүнд 555555555 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.
4.3. Ийнхүү дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Б.Бд олгосноор тэрээр уг хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон байх ба Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар бүртгэлийг үнэн зөв гэж тооцох учиртай.
5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
5.1. Худалдах, худалдан авах гэрээний онцлог нь нэг этгээдээс нөгөө этгээдэд өмчлөх эрх шилжих учиртай бөгөөд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээнэ.
6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг, 48.5 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны 1 мкв-ыг 2,500,000 төгрөг, нийт 121,250,000 төгрөгөөр худалдаж авахаар П.Ятай тохиролцож, түүний нэр дээр Ни маркийн тээврийн хэрэгслийг 110,000,000 төгрөгт тооцож шилжүүлсэн, дансаар 70,000,000 төгрөг төлснөөр үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлсөн, өмчлөх эрхийг шударгаар олж авсан тул шаардах эрхтэй гэж тайлбарласан.
6.1. Тэрээр орон сууцыг худалдан авахаар хэлэлцэн тохирсон үнийг П.Яад төлсөн, уг төлбөрийг хариуцагч Б.Б хүлээн авсан, ингэснээр орон сууцыг эзэмшил, ашиглалтад хүлээн авсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлоогүй болно.
6.2. Мөн маргаж буй орон сууцыг худалдан авахаар өмчлөгч буюу хариуцагч Б.Бтай тохиролцсон болох нь тогтоогдохгүй байх ба орон сууцны үнийг П.Яад төлснийг Н ХХК-тай 2021.12.28-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээ, банкны дансны хуулга, цахим захидал, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийн баримт нотолно гэх боловч эдгээр баримт нь хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдрийн, аль банкны, хэн эзэмшдэг болох, хэн, хэний хооронд харилцсан цахим захидал болох нь тодорхойгүй байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шийдвэрийн үндэслэл болгох учиргүй. /хх-ийн 46-53/
7. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй,
110 дугаар зүйлийн 110.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заасан.
7.1. Дээрх байдлаас үзэхэд талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжсэн гэж үзэх гэж үзэх, тодруулбал нэхэмжлэгч Б.М нь орон сууцыг хариуцагч Б.Баас худалдаж авахаар тохиролцож, хэлэлцэн тохирсон үнийг түүнд төлснөөр өмчлөлдөө шилжүүлэн өгөхийг шаардах эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй гэж үзэв.
8. Иймд хариуцагч Б.Бд холбогдох, Эрхийн улсын бүртгэлийн 7777777 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Да хүрээ гудамж, 55б байр, 999999 тоот хаягт байршилтай, 48.4 мкв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг Б.Бын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгөтөй холбоотой бичиг баримтуудыг хүлээлгэж өгөхийг даалгах тухай, нэхэмжлэгч Б.Мы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 914,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Бд холбогдох,
Эрхийн улсын бүртгэлийн 7777777 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Да хүрээ гудамж, 55б байр, 999999 тоот хаягт байршилтай, 48.4 мкв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг Б.Бын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгөтөй холбоотой бичиг баримтуудыг хүлээлгэж өгөхийг даалгах тухай, нэхэмжлэгч Б.Мы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 914,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШЗ2023/18031 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ