Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 112/шш2023/0024

 

2022 оны 08 сарын 07 өдөр дугаар 112/ШШ2023/0024 Есөнбулаг сум

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах би Ө З ХХК-ийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг дарга О.Ат холбогдох аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/125 дугаар захирамжийг илт хууль бус акт болохыг тогтоолгох шаардлага бүхий хэргийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 24 дүгээр зөвлөгөөний тогтоолоор хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө З ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.М шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ө З ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Ат холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцож байгаа Ө З ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.М би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар дараах хүсэлтийг гаргаж байна.

Үүнд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч бид харилцан ойлголцож манай компани Хантайшир аймгийнхаа 100 жилийн ойн арга хэмжээнд зориулсан бүтээн байгуулалтад оролцож, аймгийн удирдлагууд ойн арга хэмжээгээ сайхан зохион байгууллаа.

Бид аль аль талдаа буруу ойлголцсон зүйлээ нэг талдаа гарган эвлэрч цаашид хамтран ажиллах болсон тул нэхэмжлэгч би өөрийн хуулиар олгогдсон эрхийн дагуу Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Ат холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Ө З ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Мээс Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/125 дугаар захирамжийг илт хууль бус акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор байх тул нэхэмжлэгч Ө З ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Мийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д заасан хориглолтод хамаарахгүй мөн Ө З ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С-аас татгалзсан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдахыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт ...нэхэмжлэлээсээ татгалзах ...замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ө З ХХК-иас аймгийн Засаг дарга О.Ат холбогдуулан гаргасан аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/125 дугаар захирамжийг илт хууль бус акт болохыг тогтоолгох шаардлага бүхий хэргийг нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 66, 67, 68 дугаар зүйлийн дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ