2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2026/ШЦТ/487

 

                            

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Л.Солонго, хохирогч ***, түүний өмгөөлөгч Д.Батдорж, шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч С.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галмандах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508031161606 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

                                         Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Т нь 2025 оны 06 дугаар сарын 17-ны шөнийн 04 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны *** тоот хашааны гадна 17 нас 7 сартай буюу насанд хүрээгүй хохирогч ***ийг найз охиныг нь өмөөрсөн гэх шалтгаанаар маргалдан, харилцан зодолдож, хохирогчийн нүүрэн тус газарт нь цохиж зодон эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал, уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний сулрал, буйлны цус хуралт, зүүн тохойн зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг:

 

Хохирогч ***: “...2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр *** манай ажил дээр найз охинтойгоо муудалцсан, хамт очьё гээд ирсэн, ажлаа тараад хамт гэрт нь очсон, *** бид хоёрыг очиход найз охин нь байгаагүй, хэсэг байж байгаад ирсэн, найз охинтойгоо муудалцахаар нь би өмөөрсөн чинь намайг зодсон. Эрүүл мэндийн хувлд эрүүний хагалгаанд орсон, ярихад хэцүү болсон. Би тархины даралттай байсан зодуулснаас хойш унаж татдаг өвчтэй болсон. Баримтаар болон мэдүүлгээр ***гээс 3,500,000 төгрөг нэхэмжилнэ, биеийн байдал хүнд байгаа. Шинжээчийн дүгнэлтээр нэг шүд суларсан гэх боловч доод бүх шүднүүд суларсан. Шүүгдэгч нэг ч удаа уулзаагүй, уулзах байх, хохирол төлөх байх гэж их харсан. Би өөрөө ажилд орсон ч ажил хийх боломжгүй, чадахгүй, эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Шүдний аппарат хийлгэнэ, шүдний аппаратанд 2,500,000 төгрөг шаардлагатай гэсэн. Мөн би сэтгэл гутралд орсон...” гэв.

         

          Шүүгдэгч Н.Т: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүхэд нэмж мэдүүлэг өгөхгүй, тхайн үед яг юу болсон талаар хохирогч худлаа мэдүүлэг өгсөн байсан учир дургүй хүрээд хохирлын мөнгийг өгөөгүй, бусдаар хохирлын мөнгийг өгөхөд татгалзах зүйлгүй, төлнө...” гэв.

 

          Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд

 

Насанд хүрээгүй хохирогч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 06 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө би хүүхдийн 100-д ажлаа хийж байтал шөнө 01 цагийн орчим найз *** манай ажил дээр архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирээд найз охин болох ***тай муудалцсан, хамт ярилцах хүн хэрэгтэй байна гээд миний ажлыг тарахыг хүлээгээд ганцаараа пиво уусан. Тэгээд би 03 цагийн үед ажлаа тараад ***ий хамт гараад дэлгүүрээс пиво аваад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо ***ий найз охин ***ын гэрт ирэхэд *** гэртээ байхгүй байсан. *** уурлаад гэрт нь байсан дүү нарт нь агсам тавиад, намайг яв гээд хөөгөөд байхаар нь би хашаанаас гарахад ***ий найз охин *** гэртээ ирж таарсан. ***ыг машинаас буугаад иртэл *** ***ын үснээс зулгаагаад, нүүр лүү нь алгадахаар нь би яагаад эмэгтэй хүн цохиод байгаа юм гээд түлхэхэд *** миний үснээс зулгааж байгаад нүүр рүү гараараа 3-аас 4 удаа цохисон. Тэгээд *** хашаандаа ороод ***тай дахин муудалцсан. Тухайн үед миний толгой эргээд хашаан дотор модон сандал дээр сууж байтал *** миний хажууд ***тай муудалцаж байгаад гэнэт өөрийнхөө ууж байсан пивоны шилийг аваад миний баруун шанаа орчим 3-аас 4 удаа цохиод намайг газар унагааж байгаад нүүрэнд гараараа хэд хэдэн удаа цохиод, хөлөөрөө өшиглөсөн. Удалгүй цагдаагийн алба хаагчид ирээд ***г эрүүлжүүлэх байр луу аваад явсан...” /хавтас хэргийн 16-17 дахь тал/ гэсэн,

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 06 дугаар сарын 17-ны шөнө би гэртээ амарч байтал шөнийн 05 цагийн орчим миний төрсөн охин Анударь над руу утсаар залгаад ээжээ би хүнд зодуулсан цагдаагийн байгууллага дээр байна гэхээр нь би гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэс дээр иртэл манай охин хувцас нь шороо болчихсон, эрүү ам нь өвдсөн бололтой сайн ярьж чадахгүй хүнд зодуулсан талаараа хэлсэн. Тэгэхээр нь би охиноо дагуулаад гэртээ иртэл бие өвдөөд байна гэхээр нь түргэн тусламжийн 103 дуудаж үзүүлтэл Гэмтэл согог судлалын Үндэсний төвд үзүүлэх шаардлагатай гээд бид хоёрыг түргэний машинаар хүргэж өгсөн. Гэмтлийн эмч үзээд томограф зураг авхуулсан. Тэгээд дараа нь шүүх эмнэлэгт үзүүлсэн, томографын хариу гарсны дараа гэмтлийн эмчид дахин үзүүлтэл хагалгаанд орох шаардлагатай байна, эхний ээлжинд гэрээр эмчилгээ хийгээд зааврын дагуу эм ууж бай гээд жор бичиж өгсөн. Охиноо гэрээр 4 хоног эм уулгаж харж байгаад 2025 оны 06 сарын 21-ний өдөр Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хагалгаанд орсон. Охин Анударьд учирсан хохиролд эмчилгээний зардалд гарсан болон цаашид эмчилгээ хийлгэхэд шаардлагатай нийт 3,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Уг нэхэмжлэлд эм тариа авч эмчилгээ хийлгэсэн болон тухайн үед эмнэлэг явахад ашигласан унааны хөлс, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай мөнгөн дүн багтаж байгаа. *** гэх залуу манай охиныг цохиж зодсон байж эмчилгээний зардалд мөнгө өгөөгүй...” /хавтаст хэргийн 144 дэх тал/ гэсэн,

 

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 04 цагийн үед гэртээ ирэхэд манай салсан найз залуу ***, *** гэх нэртэй охинтой 2 литрийн пиво 2 ширхгийг хувааж уугаад сууж байсан, *** над руу “чи надаас салчхаад гараад явлаа” гэх шалтгаанаар над руу уурласан. Тэгээд бид хоёрын маргаан дунд *** дундуур орж ирээд ***тэй маргалдаад улмаар ***, ***ий толгой руу ууж байсан лаазтай пивоны шилээр 1 удаа цохиод, *** зөрүүлээд ***гийн нүүр лүү 2 удаа хүчтэй алгадсан. Тэр хооронд манай эмэгтэй дүү цагдаа дуудсан. Тухайн үед *** намайг ***гээс өмөөрөөд хоорондоо маргалдаж зодолдсон. *** гэх эмэгтэйг зүс таньдаг, бүтэн нэр нь *** гэсэн. Фейсбүүк нэр нь Э.*** гэдэг тул *** бид хоёр *** гэх нэрээр нь дууддаг...” /хавтас хэргийн 19, 138-139 дэх тал/ гэсэн,

 

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 06 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө би манай эгч ***ын найз залуу *** нь *** гэх эмэгтэйн хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ирээд эгч ***ыг байхгүй юм уу, хаана байгаа юм гэж асуухаар нь би одоо ирэх байх, мэдэхгүй гэхэд тэр хоёр манай гэрээс гараад хашаан дотор модон сандал дээр шилтэй пиво уугаад суусан. Тэгэхээр нь би эгч *** руу утсаар залгаж ***, *** нар ирээд хашаанд пиво ууж байгаа талаар хэлтэл удалгүй хүрээд ирсэн. *** манай эгч ***ыг хардаад хэрүүл маргаан хийхэд *** гэх эмэгтэй дундуур нь ороод боль гэсэн. Тэгээд хэрүүл маргаан дуусахгүй болохоор нь *** гэх эмэгтэй ууж байсан пивоны шилээрээ ***ий толгой хэсэгт нэг удаа цохиод дахиад цохих гэтэл *** пивоны шилийг нь булааж авч хаяад чи яагаад байгаа юм, намайг биш ***ыг чи зодох гэж ирсэн биз дээ гэж уурлаад нүүрэнд нь гараараа хоёр удаа цохиж газар унагаад дахин зодох гээд байхаар нь би салгаад ***г гэрт оруулаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ***, *** нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн нэлээн согтолттой байсан...” /хавтас хэргийн 140-141, дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Н.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 06 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө би найз ***тэй хүүхдийн 100-д байрлах ажил дээр нь очиж уулзаад би ганцаараа 0,5 литрийн шилтэй пиво 2 ширхгийг уусан. Шөнийн 03 цагийн үед ажил нь тараад бид 2 хамт найз охин ***ын гэрт очих замдаа дэлгүүр орж, 2,5 литрийн пиво 1 ширхэг, 0,5 литрийн шилтэй пиво нэг ширхгийг авсан. ***ын гэрт нь ирээд авсан пивоо хашаанд нь уугаад сууж байхад найз охин *** гаднаас орж ирсэн. Би найз охиноо шөнөжин хаагуур явж байгаад ирж байгаа юм гэж хардаад гар утсыг нь аваад шалгах гэтэл утсаа өгөхгүй хэрүүл маргаан болсон. Энэ үед *** чи хүүхдийн утас үзэж яах гээд байгаа юм гээд миний толгой руу ууж байсан пивоны шилээр нэг удаа цохисон. Тэгэхээр нь би уурандаа ***гийн толгой руу гараараа нэг удаа цохиж, нэг удаа алгадсан. ...*** бид хоёр анх 2024 оны 12 дугаар сард фейсбүүкээр танилцаж, хэд, хэдэн удаа уулзаж байсан найзууд. ***гийн бүтэн нэр нь *** бөгөөд фейсбүүк хаяг нь Э.*** гэдэг тул би *** гэж дууддаг. Маргаан болох үед хашаан дотор манай найз охин ***, найз *** болон найз охины дүү *** нар байсан. Миний биед учирсан гэмтэл шарх сорви байхгүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” /хавтас хэргийн 21-22, 134 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ЕГО725/8280 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “ ...Дүгнэлт: 1. ***ийн биед эрүү ясны хугарал, уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, буйлны цус хуралт, зүүн тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон даагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” /хавтас хэргийн 25-26 дахь тал/ гэсэн,

 

Мөн газрын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ЕГО825/2831 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Насанд хүрээгүй хохирогч Эрдэнэтөгс овогтой Анударь /РД: УП07310384/-ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна.

2. 3. Дээрх шинжүүд нь түр зуурынх эсхүл байнгын эсэх, цаашид хэрхэн нөлөөлөх эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл, нийгэм, хамт олны дэмжлэг бүхий орчин, сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах эсэхээс хамаарна.

4. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна.

5. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай...” /хавтас хэргийн 48-50 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд, 

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтас хэргийн 5 дахь тал/,

- Дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 6 дахь тал/,

- Өвчний түүх /хавтаст хэргийн 83-94 дэх тал/,

- Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хавтаст хэргийн 108 дахь тал/,

- Нэхэмжлэл /хавтаст хэргийн 113 дахь тал/,

- Дансны хуулга /хавтаст хэргийн 116-127 дахь тал/,

- Хохирогчийн хүсэлт /хавтаст хэргийн 148 дахь тал/,

- Хохирлын баримтууд /хавтас хэргийн 149-166 дахь тал/,

- Шүүгдэгч Н.Тий хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 66 дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 67 дахь тал/, жолоочийн мэдээлэл, лавлагаа /хавтаст хэргийн 68 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 53 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 56-62 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч Н.Т нь 2025 оны 06 дугаар сарын 17-ны шөнө 04 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны *** тоот хашаанд 17 нас 07 сартай буюу насанд хүрээгүй хохирогч ***ийг найз охиныг нь өмөөрсөн гэх шалтгаанаар маргалдан, харилцан зодолдож, хохирогчийн нүүрэнд нь цохиж зодон эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал, уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний сулрал, буйлны цус хуралт, зүүн тохойн зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч ***ийн: “...Тэгээд шөнө 03 цагийн үед би ажлаа тараад ***гийн хамт дэлгүүрээс пиво аваад ***ын гэрт ирэхэд *** гэртээ байхгүй байсан. *** уурлаад гэрт нь байсан дүү нарт нь агсам тавиад, намайг яв гээд хөөгөөд байхаар нь би хашаанаас гарахад ***ий найз охин *** гэртээ ирж таарсан. ***ыг машинаас буугаад иртэл *** ***ын үснээс зулгаагаад, нүүр лүү нь алгадахаар нь би яагаад эмэгтэй хүн цохиод байгаа юм гээд түлхэхэд *** миний үснээс зулгааж байгаад нүүр рүү гараараа 3-аас 4 удаа цохисон. Тэгээд *** хашаандаа ороод ***тай дахин муудалцсан. Тухайн үед миний толгой эргээд хашаан дотор модон сандал дээр сууж байтал *** миний хажууд ***тай муудалцаж байгаад гэнэт өөрийнхөө ууж байсан пивоны шилийг аваад миний баруун шанаа орчим 3-аас 4 удаа цохиод намайг газар унагааж байгаад нүүрэнд гараараа хэд хэдэн удаа цохиод, хөлөөрөө өшиглөсөн...” /хавтас хэргийн 16-17 дахь тал/ гэсэн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ийн: “...2025 оны 06 дугаар сарын 17-ны шөнө би гэртээ амарч байтал шөнийн 05 цагийн орчим миний төрсөн охин Анударь над руу утсаар залгаад ээжээ би хүнд зодуулсан цагдаагийн байгууллага дээр байна гэхээр нь би гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтэс дээр иртэл манай охин хувцас нь шороо болчихсон, эрүү ам нь өвдсөн бололтой сайн ярьж чадахгүй хүнд зодуулсан талаараа хэлсэн. Шүүх эмнэлэгт үзүүлсэн, томографын хариу гарсны дараа гэмтлийн эмчид үзүүлэхэд хагалгаанд орох шаардлагатай байна, эхний ээлжинд гэрээр эмчилгээ хийгээд зааврын дагуу эм ууж бай гээд жор бичиж өгсөн. Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хагалгаанд орсон...” /хавтаст хэргийн 144 дэх тал/ гэсэн, гэрч ***ын: “...Гэртээ ирэхэд манай салсан найз залуу ***, *** гэх нэртэй охинтой 2 литрийн пиво 2 ширхгийг хувааж уугаад сууж байсан, *** над руу “чи надаас салчхаад гараад явлаа” гэх шалтгаанаар над руу уурласан. Тэгээд бид хоёрын маргаан дунд *** дундуур орж ирээд ***тэй маргалдаад улмаар ***, ***ий толгой руу ууж байсан лаазтай пивоны шилээр 1 удаа цохиод, *** зөрүүлээд ***гийн нүүр лүү 2 удаа хүчтэй алгадсан. *** намайг ***гээс өмөөрөөд хоорондоо маргалдаж зодолдсон...” /хавтас хэргийн 19, 138-139 дэх тал/ гэсэн, гэрч ***гийн: “...Би эгч *** руу утсаар залгаж ***, *** нар ирээд хашаанд пиво ууж байгаа талаар хэлтэл удалгүй хүрээд ирсэн. *** манай эгч ***ыг хардаад хэрүүл маргаан хийхэд *** гэх эмэгтэй дундуур нь ороод боль гэсэн. Тэгээд хэрүүл маргаан дуусахгүй болохоор нь *** гэх эмэгтэй ууж байсан пивоны шилээрээ ***ий толгой хэсэгт нэг удаа цохиод дахиад цохих гэтэл *** пивоны шилийг нь булааж авч хаяад чи яагаад байгаа юм, намайг биш ***ыг чи зодох гэж ирсэн биз дээ гэж уурлаад нүүрэнд нь гараараа хоёр удаа цохиж газар унагаад дахин зодох гээд байхаар нь би салгаад ***г гэрт оруулаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” /хавтас хэргийн 140-141, дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны ЕГО725/8280 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: ***ийн биед эрүү ясны хугарал, уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, буйлны цус хуралт, зүүн тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон даагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” /хавтас хэргийн 25-26 дахь тал/ гэсэн, мөн газрын 2025 оны ЕГО825/2831 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: Насанд хүрээгүй хохирогч ***ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай...” /хавтас хэргийн 48-50 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

 

Хохирогч ***ийн эрүүл мэндэд эрүү ясны хугарал, уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, буйлны цус хуралт, зүүн тохойн зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан нь шүүгдэгч Н.Т түүнийг санаатай цохисон үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.Тг хохирогч ***ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Тгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хохирол төлөгдөөгүй нөхцөл, шүүгдэгч Н.Тий хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн биед эрүү ясны хугарал, уруулын шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, буйлны цус хуралт, зүүн тохойн зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой (хавтаст хэргийн 149-166 дахь тал) 1,043,577 төгрөгийг баримтаар нэхэмжилснийг төлж барагдуулаагүй учир гэм буруутай этгээд болох Н.Тээс гаргуулж, хохирогчид олгож, хохирогч *** эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ***ийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилж дүгнэлт гаргасан бөгөөд дүгнэлтээр сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байх тул шүүхээс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолд зааснаар гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 3,952,080 /гурван сая есөн зуун тавин хоёр мянга ная/ төгрөгөөр тогтоож, гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

 

Мөн Эрүүл мэндийн даатгалын санд хохирогч *** энэ гэмт хэрэгтэй холбогдуулан 3,913,000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан бөгөөд үүнтэй холбоотой баримтыг даатгалын сангаас гаргаж ирүүлсэн, улмаар нэхэмжилсэн учир гэм буруутайд этгээдээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн 2508031161606 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Т энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч *** гомдолтой гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелээгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т ээс 8,908,737 /найман сая есөн зуун найман мянга долоон зуун гучин долоо/ төгрөг гаргуулж, хохирогч ***д 4,995,657 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 3,913,000 төгрөгийг тус тус олгож, хохирогч *** цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

5. Эрүүгийн 2508031161606 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Т энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч *** гомдолтой гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР