Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 129/ШШ2024/00142

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                      129/ШШ2024/00142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын .... баг, .......хаягт байрлах “М” ХХК /РД:....../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А аймгийн Ж сумын ..... багт байрлах “Ж” ХХК /РД:....../-д холбогдох

8 844 151 /найман сая найман зуун дөчин дөрвөн мянга нэг зуун тавин нэг/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов. Хариуцагч “Ж” ХХК-ийн захирал Б.Б-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан 8 844 151 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. 

 

1.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Манай компани нь “Ж” ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх гэрээ” байгуулсан. Тухайн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т Барааны төлбөрийг барааг хүлээн авснаас хойш хуанлийн 30 хоногийн дотор худалдагчид төлөхөөөр заасан. Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5-т “Төлбөр тооцоог хугацаанд нь хийгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийг дүнгийн 0.5 хувийн алдангийг худалдагч талд төлөхөөр заасан. Гэтэл “Ж” ХХК нь үнэ бүхий бараа, бүтээгдэхүүний үнийг төлөх, “Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй байна. Манай байгууллагын зүгээс “Ж” ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж тооцоо нийлсэн акт үйлдсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна. Иймд тус байгууллагатай байгуулсан гэрээний 5.2, 5.5 дахь хэсэг болон тооцоо нийлсэн баталгааны дагуу 5 996 035 /таван сая есөн зуун ерэн зургаан мянга гучин тав/, алданги төлбөр 2 848 116/ хоёр сая найман зуун дөчин найман мянга нэг зуун арван зургаа/ төгрөг (гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 5 996 035 төгрөгийн алданги болох 29 980 төгрөгийг 95 хоногоор тооцоход  2 848 116 төгрөг болно) нийт 8 844 151 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу “Ж” ХХК-аас гаргуулж өгнө үү ...” гэжээ.

 

1.2. Хариуцагч “Ж” ХХК шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

2.1 Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Бид өмнө нь эвлэрээд үндсэн төлбөрөө 02 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар гэрээ байгуулсан. Хариуцагч тал нь уг төлбөрөө төлөөгүй, мөн холбоо барихгүй байгаа. Ийм учраас хариуцагч байгууллагын төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна..., ...”М” ХХК буюу манай салбар компани нь “Ж” ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх гэрээ байгуулсан. Энэ гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т  барааны төлбөрийг хүлээж авснаас хойш хуанлийн 30 хоногийн дотор барааны төлбөрийг худалдагчид төлөхөөр заасан, мөн уг гэрээний 5 дугаар зүйлийн 5.5-т төлбөр тооцоог хугацаанд нь хийгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг худалдагч талд төлөхөөр заасан. Гэтэл “Ж” ХХК нь үнэ бүхий бараа бүтээгдэхүүний үнийг төлөх, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төлбөрийг хугацаандаа төлөхгүй байгаа. Манай байгууллагын зүгээс “Ж” ХХК-тай гэрээгээр байгуулсан үүргээ биелүүлэхийг шаардаж тооцоо нийлсэн актуудыг үйлдсэн. Тооцоо нийлэх акт үйлдсэн боловч төлбөр огт төлөгдөхгүй байгаа учраас манай байгууллага тус хариуцагч байгууллагатай байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, 5.5-т заасны дагуу үндсэн гэрээний төлбөр 5,996,035 төгрөг, алданги  2,848,116 төгрөг, нийт 8,844,151 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6, 262 дугаар зүйлийн 262.1-т тус тус заасны дагуу хариуцагч “Ж” ХХК-аас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан..., ... Бид зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр бараагаа зээлээр өгдөг байсан. Тухайн байгууллага нь Ж суманд байдаг эмийн сангийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Уг байгууллага нь зарим бараагаа зээлээр худалдаж аваад дараа нь тухайн барааны мөнгөө дутуу тооцож өгдөг байсан. Бид тооцоо нийлэх үед тухайн хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Б нь тооцоо нийлсэн актыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Мөн бид харилцаж тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Ийм учраас зээлээр авсан гэрээний төлбөрийн үлдэгдэл 5,996,035 төгрөг, алданги  2,848,116 төгрөг, нийт 8,844,151 төгрөгийг нэхэмжилж байгаа...” гэжээ.

 

          3. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд:

- 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан “Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх гэрээ”

-”М” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ

-2021.01.01-2021.12.31-ний өдрийг дуустал хугацааны тооцооны үлдэгдлийн баталгаа

-2023.01.01-2023.03.31-ний өдрийг дуустал хугацааны тооцооны үлдэгдлийн баталгаа №26

-Итгэмжлэл

-2024 оны 01 сарын 23-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч байгууллагуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан гаргасан 8 844 151 гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...”Ж” ХХК нь үнэ бүхий бараа, бүтээгдэхүүний үнийг төлөх, “Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй байна. Манай байгууллагын зүгээс “Ж” ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж тооцоо нийлсэн акт үйлдсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна. Иймд тус байгууллагатай байгуулсан гэрээний 5.2, 5.5 дахь хэсэг болон тооцоо нийлсэн баталгааны дагуу 5 996 035 /таван сая есөн зуун ерэн зургаан мянга гучин тав/, алданги төлбөр 2 848 116/ хоёр сая найман зуун дөчин найман мянга нэг зуун арван зургаа/ төгрөг (гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 5 996 035 төгрөгийн алданги болох 29 980 төгрөгийг 95 хоногоор тооцоход  2 848 116 төгрөг болно) нийт 8 844 151 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу “Ж” ХХК-аас гаргуулж өгнө үү ...” гэжээ.

2. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан аваад шүүхэд хандаж хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд ирээгүй болно.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан “Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх гэрээ, 2021.01.01-2021.12.31-ний өдрийг дуустал хугацааны тооцооны үлдэгдлийн баталгаа, 2023.01.01-2023.03.31-ний өдрийг дуустал хугацааны тооцооны үлдэгдлийн баталгаа №26, 2024 оны 01 сарын 23-ны өдөр нэхэмжлэгч “М” ХХК,  хариуцагч “Ж” ХХК нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч “М” ХХК нь “Ж” ХХК-д эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлж хариуцагч “Ж” ХХК хүлээн авсан барааны төлбөрийг төлж байжээ. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар ирүүлсэн Эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх 2022 оны 01 сарын 13-ны өдрийн гэрээнд “М”ХХК нь эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх, хариуцагч “Ж” ХХК сард дээд тал нь 5 сая төгрөгөөс хэтрэхгүй бараа зээлээр худалдан авч барааг хүлээн авснаас 30 хоногийн дотор төлбөрийг төлөхөөр, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг төлөхөөр тохирчээ. Гэрээнд зээлээр худалдах худалдан авах гэрээний заавал байх нөхцөл болох төлбөл зохих хүүг тогтоогоогүй байна. Иймд талуудын хооронд Зээлээр худалдах худалдан авах гэрээ биш Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэлээ.

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдан авагч “Ж” ХХК, худалдагч тал болох “М”ХХК-с худалдан авсан барааны төлбөрийг төлөх үүрэгтэй.

Хэрэгт авагдсан 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгч “М”ХХК, хариуцагч “Ж” ХХК нарын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээнд “...

1. Хариуцагч “Ж” ХХК нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөр болох 5 996 035 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулсан тохиолдолд алданги төлбөр болох  2 848 116 төгрөгийг нэхэмжлэгч тал нэхэмжлэхгүй бөгөөд хариуцагч тал алданги төлбөр 2 848 116 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөх үүргийг хүлээхгүй.

2. Хариуцагч “Ж” ХХК нь энэхүү гэрээний 1 дэх хэсэгт заасан үндсэн төлбөр 5 996 035 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд алданги төлбөр 2 848 116 төгрөгийг нэхэмжлэгчид нэмж төлөх үүргийг хүлээнэ.

3. Энэхүү гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг хариуцагч тал биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлнэ...” гэжээ.

Эвлэрлийн гэрээнд үүрэг гүйцэтгэх хугацааг хоёрдмол утгаар тохиролцсон байсан учир шүүх эвлэрлийг гэрээг баталгаажуулаагүй, шүүх хуралдаанаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд үндсэн төлбөр болон алдангийг талууд зөвшөөрч гарын үсэг зурсан, хариуцагч “Ж” ХХК-с нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар нотлох баримт шүүхэд ирүүлээгүй тул уг гэрээнд заасан  төлбөрийн хэмжээг хариуцагч байгууллага маргахгүй хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.

Иймд хариуцагч “Ж” ХХК-с Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан үндсэн төлбөр 5 996 035 /таван сая есөн зуун ерэн зургаан мянга гучин тав/ төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан алданги 2 848 116 /хоёр сая найман зуун дөчин найман мянга нэг зуун арван зургаа/ төгрөг, нийт 8 844 151 /найман сая найман зуун дөчин дөрвөн мянга нэг зуун тавин нэг/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М”ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч “М”ХХК-ийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 156 456 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж” ХХК-аас 156 456 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М”ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч “Ж” ХХК-аас үндсэн төлбөр 5 996 035 /таван сая есөн зуун ерэн зургаан мянга гучин тав/ төгрөг, алданги 2 848 116 /хоёр сая найман зуун дөчин найман мянга нэг зуун арван зургаа/ төгрөг, нийт 8 844 151 /найман сая найман зуун дөчин дөрвөн мянга нэг зуун тавин нэг/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М”ХХК-д олгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М”ХХК-ийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 156 456 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж” ХХК-аас 156 456 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М”ХХК-д олгосугай.

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч,  хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ч.ЖАРГАЛАН