Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 129/ШШ2024/00150

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

                                                      129/ШШ2024/00150

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж шүүгч Д.Элбэгзаяа, Ц.Дагиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А аймаг, Э сум, ... баг, ....хаягт байрлах  “Х” ХХК /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А аймаг, Б сум, .... багт оршин суух Б.Э-д / иргэний бүртгэлийн дугаар: ...../ холбогдох

Хариуцагч Б.Э-ийн хууль бус эзэмшлээс газар чөлөөлөхийг даалгах, хариуцагч Б.Э-д “Х” ХХК-ийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж дахин хууль бусаар газар ашиглахгүй байхыг даалгах, газрыг хууль бусаар эзэмшсэн гэм хорын төлбөрт 23 250 000 төгрөг, газрыг өмнөх байдалд сэргээх буюу тариалан эрхлэхэд бэлэн болгож уринш хийхэд гарах зардал болох 6 638 000 төгрөг, нийт 29 888 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн төлөөлөгч Ч.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Э.М, М.Б, иргэдийн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Б.Э-д холбогдуулан “Хариуцагч Б.Э-ийн хууль бус эзэмшлээс газар чөлөөлөхийг даалгах, хариуцагч Б.Э-д “Х” ХХК-ийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж дахин хууль бусаар газар ашиглахгүй байхыг даалгах, газрыг хууль бусаар эзэмшсэн гэм хорын төлбөрт 23 250 000 төгрөг, газрыг өмнөх байдалд сэргээх буюу тариалан эрхлэхэд бэлэн болгож уринш хийхэд гарах зардал болох 6 638 000 төгрөг, нийт 29 888 000 төгрөг гаргуулах тухай” төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. 

1.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... “Х” ХХК нь А аймгийн Б сумын ... баг, .... хаягт байрлах, нэгж талбарын ..... дугаар бүхий 10463700 мкв үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газрыг тус сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 145/2 тоот захирамжаар 26 жилийн хугацаагаар эзэмших эрхийг авсан. Гэтэл манай компанийн эзэмшлийн газрыг Б сумын .... багийн иргэн Б.Э нь зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хууль бусаар хашаа барьж тусгаарлаж сүүлийн 3 жил тариалалт хийж байна. Манай компани талбайгаа ашиглахаар талбай чөлөөлөх тухай удаа дараа мэдэгдэж, Б сумын Засаг даргад удаа дараа хандсан боловч одоог хүртэл газрыг чөлөөлөлгүй манай компанийн газар эзэмших эрхийг хууль бусаар зөрчиж 3 жилийн турш ашиглаж эзэмшиж байна. Сүүлийн 3 жил 2021 онд 5 га талбайд ногоон тэжээл тариалахад 1 га-аас дунджаар 150, 5 га талбайгаас нийт 750 ширхэг ногоон тэжээл хураан авч 5 250 000 төгрөг, 2022 онд 9 000 000 төгрөг, 2023 онд 9 000 000 төгрөг, нийт 23 250 000 төгрөгийн орлого олох боломжтой байсан. Дээрх хохирлыг манай компани Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь хариуцагч нь манай компанийн газрыг хууль бусаар эзэмшээгүй байсан бол манай компани өөрийн эзэмшлийн газар дээр тариалалт хийж орлого олох боломжтой байсан. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” талаар заасан бөгөөд өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй талаар тодорхой заасан. Мөн 106.3-т ийнхүү шаардлага гарснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасан. Түүнчлэн дээр дурдсан өмчлөгчийн шаардах эрх нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарахаар зохицуулсан. Иймд хариуцагч Б.Э-д газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг даалгаж, газрыг хууль бусаар эзэмшсэний гэм хорын төлбөрт 23 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

1.2. Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...Нэхэмжлэгч Ч.М-ын гаргасан 23 250 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ч.М нь 2009 онд газар тариалан эрхэлж эхэлсэн цагаас хойш тухайн газар /ногоон тэжээл тарьсан гэх/-т ямар нэгэн байдлаар тариа тариагүй байсан учраас миний бие энэ хугацаанд ногоон тэжээл тарьсан. Тухайн талбайд Ч.М нь газар тариалангийн үйл ажиллагаа явуулаагүй учраас нэхэмжилж байгаа 23 250 000 төгрөгийн орлогыг олох боломжгүй гэж үзэж байна. Хэрэв Ч.М нь ногоон тэжээл тарьсан гэх 5 га газарт өмнөх жилүүдэд тариа будаа тарих болон газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлсэн бол миний бие дээрх талбайд ногоон тэжээл тарихгүй байсан. Газар эзэмшиж эхэлсэн буюу 2009 оноос хойш хугацаанд тухайн 5 га газарт газар тариалангийн үйл ажиллагаа эрхлээгүй гэдгийг нутгийн иргэд бүгд мэднэ. Ийм учраас миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэгч Ч.М нь өөрийн эзэмшлийн гэх нийт талбайг тойруулан тариалан эрхлэлтийн зориулалтын бус нүх ухаж, хаалт хийсэн нь : -Тухайн бүс нутгийн хүн малыг ундаалдаг Ш гэх голын гольдролыг олон жилийн хугацаанд хааж боогдуулсан, -Хаалт хийж ухсан нүх нь жил ирэх тусам эзэмшлийн гаднах атар газрыг идэж малын бэлчээрийг хомсдуулсан, энэ нөхцөл байдлуудад нутгийн иргэд болон миний зүгээс бухимдалтай хандаж байна. Энэ талаар Ч.М-д удаа дараа хэлж шаардлага тавьж байсан. Ч.М нь ухсан нүхийг бөглөж, гол горхийг хэвийн урсацтай болгож нөхөн сэргээлт хийсэн тохиолдолд 5 га газрыг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй болно...” гэжээ.

 

1.3 Нэхэмжлэгч "Х" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа “..."Х" ХХК нь Б сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 145/2 тоот захирамжаар нэгж талбарын .... тоот дугаартай 10463700 мкв газрыг “Үр тарианы усалгаагүй тариалан”-н зориулалтаар эзэмших болсон ба уг газраа зориулалтын дагуу эзэмшиж үйл ажиллагаа явуулж ирсэн ба хуулиар болоод гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж холбогдох татвар, хураамж зэргийг төлж ирсэн. Гэвч тус газрын зарим хэсэг болох 5 га орчим газрыг хариуцагч Б.Э нь 2021 оноос өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшиж байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулж ирсэн. Тодруулбал 2021, 2022, 2023 онуудад тус газарт зөвшөөрөлгүй ногоон тэжээл тарьсан ба уг хууль бус үйлдлийг таслан зогсоохоор Б сумын Тамгын газар, мэргэжилтэнд манай байгууллагын зүгээс удаа дараа хандсан түүнчлэн иргэн Б.Э-тэй биечлэн уулзаж тариалалтаа зогсоо, болохгүй гэж зүй ёсны шаардлага тавьж учирлаж олон янзаар хэлсэн боловч үр дүнд хүрээгүй. Хариуцагч хууль бус үйлдлээ үргэлжлүүлж явсаар 3 жил болсон. Хариуцагчийн буруутай үйлдлээс үйдэлтэй манай байгууллагад дараах сөрөг үр дагаврууд үүссэн.

- Б.Э-ийн хууль бусаар 3 жил дараалан ашигласан 5 га газартаа үйл ажиллагаа явуулж үр шимийг нь хүртэж чадаагүй.

-Б.Э-ийн хууль бусаар ашигласан талбайн хэмжээ нь 5 га орчим боловч үүнээс үүдэлтэй зэргэлдээх буюу баруун урд талд нь байрлалтай хэрэглүүрийн 96 га газрын урд үзүүрийн 20 орчим га газар, урд зүгт нь байрлах 2 модны 26 га газраа ашиглаж чадахгүй нөхцөл байдал үүссэн.

-Газар тариалангийн үйл ажиллагаа нь жил бүр нэг газартаа тариалан эрхлээд байх боломжгүй ба зарим газраа сэлгэж амрааж, өнжиж, тордож байх ёстой боловч байгууллагын энэ асуудалд сөрөг үр дагавар үүсгэсэн. Шаардлага тавьж хууль бус үйлдлийн таслан зогсоож болиулах бүх талын арга хэмжээг авсаар байхад хүчээр 3 жил хууль бусаар үйл ажиллагаа явуулсан. Цаашид энэ үйлдэл нь ямар хугацаанд үргэлжилж ямар хэмжээний хохирол сөрөг үр дагаварт хүргэх болохыг тааварлашгүй мөн түүний хууль бус үйлдлийг үргэлжлэхгүй гэх баталгаа байхгүй байна. Хууль ёсны эзэмшигчийн хувьд өөрийн эзэмшлийн газраа хэн нэгнээс хараат бус байдлаар зориулалтын дагуу бүрэн гүйцэд ашиглах нь хууль ёсны эзэмшигч өмчлөгчийн үндсэн эрх юм. Түүнчлэн Б.Э-ийн хууль бус үйлдлээс үүдэлтэй түүний ашиглаж байсан болоод ашиглах боломжгүй болгосон байсан газруудыг тариалан эрхлэхэд бэлэн болгож уринш хийхэд урьдчилсан байдлаар манай байгууллага 6 638 000 төгрөгийг өөрөөсөө гаргах болоод байна. Хэрэв Б.Э нь дээрх хууль бус үйлдлүүдийг гаргаагүй бол манай байгууллага тухайн газруудаа зориулалтын дагуу ашиглаад үр шимийг нь хүртээд явах бүрэн боломжтой байсан. Нэхэмжлэлийн шаардлага:

1. Хариуцагч Б.Э-д “Х” ХХК-ийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж дахин хууль бусаар газар ашиглахгүй байхыг даалгаж өгнө үү.

2. Б.Эийн хууль бусаар ашигласан болоод ашиглах боломжгүй болгосон газрыг өмнөх байдалд сэргээх буюу тариалан эрхлэхэд бэлэн болгож уринш хийхэд гарах зардал болох 6 638 000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ. /1-р хх-ийн 189-190/

 

1.4 Хариуцагч Б.Э нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа “..."Х" ХХК-ийн нэхэмжлэлийн ихэсгэсэн нэгдүгээр шаардлагын хувьд: Хариуцагч миний ногоон тэжээл тарьсан талбай нэхэмжлэгч байгууллагын эзэмшлийн газартай давхцаж байгаа болох нь хуулийн байгууллагын шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд миний бие тухайн газар дээр нь болон бусад эзэмшлийн газарт нь тариалалт хийхгүй. Хоёрдугаар шаардлагын тухайд: Миний ногоон тэжээл тарьсан газрын урд зүгт болон хэрэглүүрийн тэр хавьд огт тариалалт хийж байгаагүй малын бэлчээр бүхий атар газар байдаг бөгөөд тухайн газар нь нэхэмжлэгч байгууллагын эзэмшлийн газар биш, нийтийн эдэлбэр газар гэж бодож байна. Учир нь 2009 оноос хойш 2021 он хүртэл тухайн газрыг хэн нэгэн этгээд хагалаагүй, уринш хийгээгүй. Миний ногоон тэжээл тарьсан газар хэрэгсүүрийн баруун урд талд байрладаг, тухайн газартаа нэхэмжлэгч байгууллага тариалалтаа хийхэд 5 га газар саад болохгүй, уг газрын урд зүгт байрладаг гэх хоёр модны 26 га газар ямар учиртай газар болохыг мэдэхгүй байна. Модны 2-ын тэр хавьд нутгийн малчдын эзэмшлийн газар л байдаг. Миний яг ямар үйлдлийн улмаас нэхэмжлэгч байгууллага өөрийн эзэмшлийн газраа ашиглаж чадахгүйд хүрээд байгааг мэдэхгүй байна” гэжээ. /2-р хх-ийн 43/

2.1 Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн төлөөлөгч Ч.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: : Манай компанийн хувьд газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага. Тухайн маргаан бүхий газрууд нь манай өөрийн хууль ёсны газар мөн. Энэ байдлыг нотолсон нотлох баримтууд ч гэсэн олон байгууллагаас ирсэн байх. Манай байгууллага 15 жил газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа. 2009, 2023 онуудад аймгийн аварга байгууллага болж байсан. Би тариа тарихдаа зарим газраа өнжөөж амраадаг, зарим газрыг эрсдэлтэй үеийн нөөцөд үлдээдэг. Б.Э-ийн тухайд 2021 онд манай газар дээр тариалалт эрхэлж эхлэхэд нь за яах вэ, таривал тариг дээ гэж бодсон. Мөн дараа нь дахиад тарьчихсан байсан учраас юм хэлээгүй. 2021 онд хариуцагч тариалалт хийгээд ургац хурааж авсан. Гэхдээ миний бие энэ удаагийн шүүх хуралдаанаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа учраас 2021 онд олох боломжтой байсан орлого болох 5,250,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. ...Манай зүгээс нэгдүгээрт хууль ёсны газрыг хариуцагчийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү. Хоёрдугаарт: Дахин энэ газрыг хариуцагч нь ашиглахгүй байхыг даалгах. 2022, 2023 онд манайх тухайн газарт тариалан эрхлээд олох байсан орлогыг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. ...Газар тариалангийн технологи гээд Монголын байтугай дэлхийн хэмжээний газар тариалангийн технологи байгаа. Тэр технологийн дагуу л тариалалтаа хийдэг. Б.Э би өнгөцхөн хагалж ногоон тэжээл тарьдаг, Ч.М гуай хөрсөөр нь эргүүлж улаан буудай тарьдаг гэж хэлж байна. Мөн өмгөөлөгч нар нь тухайн хөрс гэмтсэн үгүй нь тодорхойгүй байна. Үүнийг нотолсон нотлох баримт байхгүй байна гэж тайлбарлаж байна. Үнэхээр нотлох баримт хүсээд байгаа юм бол тариалалтын талаар олон онолын ном байгаа тэр бүхнийг авч ирж харуулъя. Манайхыг 1000 га талбайдаа бүрэн тариалалт хийдэггүй гэж байна. Тухайн талбайг ээлжилж тарьдаг. 100га талбайг нь аюулгүй байдлын нөөцөд гээд хадгалдаг, бусад өмнө нь тариалалт хийсэн газраа өнжөөдөг, 5га газартаа огт тариалалт өмнө нь хийж байгаагүй гэж байна. Би тэр 5га газраа нөөцдөө хадгалж байсан байж болно. Манай  компани 1997 онд дуудлага худалдаагаар уг газрыг авсан. Тухайн өөрийн эзэмшил ашиглалтын газартаа юугаа хийх нь бид нарын төлөвлөлтийн асуудал. Хариуцагч нь танай талбай дотор нийтийн эзэмшлийн талбай байгаа гэж байна. Мөн атар газар эзэмшсэн гэж байна. Атар газар гэдэг нь огт өмнө нь ашиглаж байгаагүй газрыг хэлнэ. Атаршсан газар гэдэг нь олон жилийн өмнө ашиглаж байгаад ашиглаагүй удсан газрын хэлнэ. Атар газрын тухайд эрх бүхий төрийн байгууллага нь судалж үзээд энэ талбай дотор танайх газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж болно гэдэг байдлаар надтай гэрээ хийж газрыг эзэмшүүлсэн. Хариуцагч нь газрын асуудлаас болоод сумын Засаг даргын Тамгын газраар өдөр болгон л явж байгаа. Манай газар дотор хэд хэдэн хиргисүүрүүд байгаа. Эрх бүхий байгууллагаас нь тухайн хиргисүүрийг хамгаалах ёстой шүү гэсэн албан тоот ирсэн. Тэгэхээр би хуульд заасан хэмжээгээр нь тэр хиргисүүрүүд рүү ойртуулахгүйгээр тойруулаад тарьж байгаа. Тэгээд суманд албан тоотоо өгсөн. Үнэхээрийн соёлын үнэт өв юм би өгөхөд бэлэн байна, хамгаалахад бэлэн байна, надад шийдвэрээ гаргаж өгнө үү гэж албан тоот явуулж байсан. Гуравдугаарт Б.Э гэдэг хүн 5 га газрыг хашаалснаас болоод би урд нь байгаа хоёр талбай руугаа орж чадаагүй нь үнэн. Өөр байдлаар орох боломжгүй. Тухайн талбай руу орох гэхээр энэ хүн тариалалт хийчихсэн байсан учраас би хүний хийсэн зүйлийг сүйтгээд яах вэ гээд тухайн үед ажиллаж байсан хүмүүсээ болиулаад ажлаа зогсоосон. Тухайн газар би тариалалт хийсэн бол ашиг олох л ёстой байсан. ...Өмгөөлөгч нарт хандаж хэлэхэд тухайн талбай дотроо юугаа хийх нь манай төлөвлөлтийн ажил юм шүү. Хоёрдугаарт уринш хийх, өнжөөх, тариалалт хийх  үйл явц бол Монголын биш дэлхийн технологи байдаг юм аа, нотлох баримт байхгүй байна гэж хэлж байна. Энэ бол маш том технологи шүү. Үүнийг нотлох баримтуудыг авч ирье гэвэл нэлээн хэдэн сайхан ном авч ирж өгнө. Тийм учраас та хэд маань газар тариалангийн технологи, энэ том үйлдвэрлэлийг үгүйсгэхгүй байгаач ээ гэж хүсэж байна. Газрын хэмжилтийн тухайд мэргэжлийн байгууллагаас хэмжилт хийгээд Б.Э-ийн тариалсан газрын хэмжээг цэгээр тэмлэгдээд хэрэгт хавсаргасан байгаа. Мөн манай газрын цэгүүдийг ч тогтоогоод тэмдэглээд өгсөн байгаа шүү дээ гэв.

2.2 Хариуцагч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “: Нэхэмжлэгч тал худлаа ярьж байна. ...Огт ашиглаж байгаагүй газраа 2 жил тариалалт хийсэн гэж мэдүүлсэн байсан, намайг 2021 онд 32 портер ногоон тэжээл авсан гэж ор үндэслэлгүй зүйл хэлсэн байсан. Намайг мөн хаваржаан дээрээ малаа өгөх ногоон тэжээлээ хураагаад зуслан дээрээ зарах ногоон тэжээлээ хураасан гэж худлаа мэдүүлсэн. миний төрсөн ах Б гэдэг хүн ногоон тэжээл тарьдаг. Тэр хүн миний зуслангийн хашаан дээр ногоон тэжээлээ хураасан байсан. Өвөл та нар очихдоо ч гэсэн багцааг нь харсан. Миний хувьд худалдан борлуулж ашиг олж байсан зүйл байхгүй. Би таван малынхаа ам руу хийх ногоон тэжээлээ л хурааж авсан. ...Миний уг газрыг чөлөөлж өгөхгүй гээд байгаа шалтгаан нь би 2022 онд таны хүүтэй ярилцаад чөлөөлж өгөхөөр тохиролцсон байсан ч та нар голын гольдрил өөрчлөөд хууль бусаар газар ашиглаад явсан. Уг хууль бусаар олж авсан атар газраа атаршсан газар гээд яваад байдаг. Таны эзэмшлийн гээд нэрлээд байгаа газар дунд чинь нийтийн эзэмшлийн маш олон га газар байгаа. Мөн төрийн хамгаалалтад авсан газрыг ч гэсэн өөрийн газар дотроо оруулаад авчихсан байгаа. Энэ асуудал сумын хэмжээнд яригдаж байгаа. Энэ хүнийг захиргааны хэргийн шүүхэд өгнө гэж ярьж байгаа. Миний хувьд газрыг нь чөлөөлж өгнө, харин хохирол төлбөрийг төлж чадахгүй. Учир нь энэ хүн намайг 3 жил тариа тарьсан учир дахин тариалалт эрхлэх боломжгүй гэж байна. Тийм зүйл байхгүй. Миний хувьд тухайн газарт өнгөцхөн хагалалт хийж тариалан эрхэлсэн, түүнээс Ч.М ах шиг хөрсөөр нь эргүүлж тариалалт хийгээгүй. Улаан буудайг тариалахад газраа хөрсөөр нь эргүүлэх шаардлагатай байдаг. Ч.М ах улаан буудай тариалдаг учир газраа хөрсөөр нь эргүүлдэг. Миний хувьд улаан буудай тариалаагүй, ногоон тэжээл тариалсан. 2022 оны тухайд Ч.М гуай тухайн газар дээрээ тариалалт хийх боломжгүй байсан. Учир нь өөр 400 га талбайд улаан буудай тариалсан. 2023 оны тухайд тариалалт хийх байсан эсэхийг мэдэхгүй байна. Миний хувьд нэхэмжлэгч хууль бусаар газар эзэмшээд байсан учраас би уг газрыг нь чөлөөлж өгөөгүй. ...Би энэ газрын нөхөн сэргээлт дээр ярья. Ногоон тэжээл тарихдаа хөрсийг өнгөцхөн ухаж тарьсан болохыг Техник дундын үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд нотолно. Уг тоног төхөөрөмжүүдийг хараад үзвэл гүн ухаж тарьдаг тоног төхөөрөмжүүд биш. Тухайн Техник дундын үйлдвэрийн техникүүд нь ердөө 10 см л хагалдаг. Харвагч гэх төхөөрөмж нь өнгөцхөн хагалдаг төхөөрөмж юм. Түүнээс 30-40 см хагалдаг тоног төхөөрөмж биш. Нэхэмжлэгч байгууллагын тухайд 1046 га газраас зөвхөн 400га газар дээр нь өнжөөхгүй тариалалт хийдэг. Өөрөө хэсэг газартаа өнжөөхгүй тариалалт хийдэг хэрнэ миний тарьсан гэх 5га газрыг өнжөөх ёстой, уринш хийх ёстой гэж яриад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримтууд: 

          - ........ дугаартай Аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, ....... нэгж талбарын дугаартай кадастрын зураг /1-р хх-ийн 5-6 хуудас/,

            -”Х” ХХК-ийн дүрэм /1-р хх-ийн 7-14 хуудас/,

            -”Х” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-ийн 15-р хуудас/

            -”ХМ” ХК-ний 2023.06.06-ны өдрийн 1/19, 2023.06.29-ний өдрийн 1/23, 2023.06.15-ны өдрийн 1/22 тоот албан бичгийн хуулбар /1-р хх-ийн 16-р хуудас/,

            -А аймгийн Б сумын газрын даамал болон Х ХХК нарын байгуулсан иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар /1-р хх-ийн 17-20-р хуудас/,

            - “Х” ХХК-ийн 2023.09.25-ны өдрийн 1/84 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зурагт өөрчлөлт орсон тухай тайлбар” / 1-р хх-ийн 67-р хуудас/,

            -2007.06.04-ний өдрийн “Дуудлага худалдаанд ялагчтай байгуулах гэрээ” /1-р хх-ийн 68-69-р хуудас/,

            -Нэгж талбарын ......, ........ дугаартай газрын кадастрын зураг /1-р хх-ийн 70-75-р хуудас/,

            -”Х” ХХК-ийн 2022.06.15-ны өдрийн 1/22 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 76/,

            -”ХМ” ХК-ийн 2023.06.06-ны өдрийн 1/19 дугаартай албан бичиг/1-р хх-ийн 77/,

            - Б сумын газрын даамлаас хариуцагч Б.Э-д хүргүүлж байсан 2023 оны 04 сарын 10-ны Мэдэгдэх хуудасны хуулбар/1-р хх-ийн 78/,

            -Гар утасны дүрс бичлэгийг хуулбарлан буулгасан СД 1ш, гар утасны мессежний хуулбар / 1-р хх-н 80-81х/

            -А аймгийн Б сумын Засаг даргын 2023.06.20-ны өдрийн 01/225 дугаартай Газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоотын хуулбар /1-р хх-ийн 79/,

            - 2007.06.04-ний өдрийн Дуудлага худалдаанд ялагчтай байгуулах гэрээний хуулбар /1-р хх-ийн 82-83/,

            -2021-2022 оны тариалалт, хураалтын зураг тайлбарын хамт /1-р хх-ийн 109-123/,

            -”ХМ” ХК-ийн тариалан болон атаршсан газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны нэгж талбарын сүлжээний зураг,тайлбар /1-р хх-ийн 124/

            -Нэгж талбарын ....., .....дугаартай кадастрын зураг /1-р хх-ийн 125-126/,

            -Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлангийн хуулбар /1-р хх-ийн 127-154/,

            -Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангийн хуулбар /1-р хх-ийн 155-175/,

            -”ХМ” ХК-ийн 2021 оны жилийн санхүүгийн тайлан /1-р хх-ийн 176-184/,

            -Уринш хийх зардлын тооцоолол /1-р хх-ийн 193/,

            -Монгол улсын Гавъяат агрономич Б.Ж-ийн тодорхойлолт /2-р хх-ийн 24/,

            -Б.Ж-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, гавъяат агрономич үнэмлэхийн хуулбар, 118416 дугаартай дипломын хуулбар /2-р хх-ийн 25-28/,

            -Б ХХК-ийн дүрмийн хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээ /2-р хх-ийн 29-31/,

            - Б ХХК-ийн 2023.11.13-ны өдрийн 201 дугаартай тодорхойлолт /2-р хх-ийн 32/

 

4.1 Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

            -А аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын 2023.10.09-ний өдрийн 03/345 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 96/,

            -Нэгж талбарын .... дугаартай кадастрын зураг /1-р хх-ийн 97-98/,

            -А аймгийн Б сумын Засаг даргын 2010.02.01-ний өдрийн 05 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хуулбар /1-р хх-ийн 99/,

         - А аймгийн Б сумын Засаг даргын 2023.02.09-ний өдрийн А/13 дугаартай “Газрын зөрчил арилгах тухай” захирамжийн хуулбар/1-р хх-ийн 100/,

            - А аймгийн Б сумын Засаг даргын 2010.02.02-ны өдрийн 06 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр өөрчлөх тухай захирамжийн хуулбар /1-р хх-ийн 101/,

            -....... дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 102/,

            -0112720 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар/1-р хх-ийн 103/,

            -Б сумын газрын даамлаас хариуцагч Б.Э-д хүргүүлсэн 2023.04.10-ны өдрийн мэдэгдэх хуудас /1-р хх-ийн 215/,

            -А аймгийн Б сумын Засаг даргын 2023.06.20-ны өдрийн 01/225 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 216/,

            -Гэрч М.М-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 15-18/,

            -Гэрч Б.И-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 19-20/,

            -Гар утасны дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 21-23/,

            -А аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2023.12.12-ны өдрийн 01/562 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 44/,

            Гэрч Л.Б-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 63-65/

 

4.2 Хариуцагч талын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

            -Гэрч Ё.Б-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 68-71/,

            -Гэрч Ч.А-ын мэдүүлэг /2-р хх-ийн 73-74/,

            -Гэрч Б.Б-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 76-77/,

           

            4.3. Нэхэмжлэгч хариуцагч талуудын хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт:

-Тариа тариалсан гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон тэмдэглэлийн хавсралт кадастрын зураг /1-р хх-ийн 220-221/,

            -Үзлэг хийсэн гэрэл зураг /1-р хх-ийн 222-250, 2-р хх-ийн 1-8/,

 

            5.Иргэдийн төлөөлөгч бичгээр гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч Б.Э нь “Х” ХХК-ийн эзэмшлийн 5 га газарт зөвшөөрөлгүй газар тариалан эрхэлсэн учир газрыг чөлөөлж өгч нэхэмжлэгч талаас гаргасан хохирлыг барагдуулж өгөх нь зөв гэж үзэж байна. Харин нэхэмжилж байгаа мөнгөн дүнгийн тухайд үнэн зөв тогтоож өгөх шаардлагатай байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Х” ХХК-аас хариуцагч Б.Э-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж “Х” ХХК-ийн эзэмшлийн А аймгийн Б суманд байрлах .... нэгж талбарын дугаар бүхий газар дээр барьсан хашааг буулгаж газрыг чөлөөлөхийг хариуцагч Б.Э-д даалгаж, 2022 онд олох байсан орлого 4 500 000 төгрөг, 2023 онд олох байсан орлого 5 400 000 төгрөг, нийт 9 900 000 төгрөгийг хариуцагч Б.Эөөс гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, үлдэх  8 100 000 төгрөг, хууль бусаар ашигласан болон ашиглах боломжгүй болгосон газрыг өмнөх байдалд нь сэргээх буюу тариалан эрхлэхэд бэлэн болгож уринш хийхэд гарах зардал  6 638 000 төгрөг, нийт 14 738 000 төгрөг, Х ХХК-ийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж дахин хууль бусаар газар ашиглахгүй байхыг даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Х ХХК нь А аймгийн Б сумын .... баг, .... хаягт байрлах, нэгж талбарын .... дугаар бүхий 10463700 мкв үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газрыг тус сумын Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 145/2 тоот захирамжаар 26 жилийн хугацаагаар эзэмших эрхийг авсан. Гэтэл манай компанийн эзэмшлийн газрыг Б сумын .... багийн иргэн Б.Э нь зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хууль бусаар хашаа барьж тусгаарлаж сүүлийн 3 жил тариалалт хийж байна. Манай компани талбайгаа ашиглахаар талбай чөлөөлөх тухай удаа дараа мэдэгдэж, Б сумын Засаг даргад удаа дараа хандсан боловч одоог хүртэл газрыг чөлөөлөлгүй манай компанийн газар эзэмших эрхийг хууль бусаар зөрчиж 3 жилийн турш ашиглаж эзэмшиж байна. Сүүлийн 3 жил 2021 онд 5 га талбайд ногоон тэжээл тариалахад 1 га-аас дунджаар 150, 5 га талбайгаас нийт 750 ширхэг ногоон тэжээл хураан авч 5 250 000 төгрөг, 2022 онд 9 000 000 төгрөг, 2023 онд 9 000 000 төгрөг, нийт 23 250 000 төгрөгийн орлого олох боломжтой байсан... Иймд хариуцагч Б.Э-д газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг даалгаж, газрыг хууль бусаар эзэмшсэний гэм хорын төлбөрт 23 250 000 төгрөгийг гаргуулж өгнө үү...,

...Түүнчлэн Б.Э-ийн хууль бус үйлдлээс үүдэлтэй түүний ашиглаж байсан болоод ашиглах боломжгүй болгосон байсан газруудыг тариалан эрхлэхэд бэлэн болгож уринш хийхэд урьдчилсан байдлаар манай байгууллага 6 638 000 төгрөгийг өөрөөсөө гаргах болоод байна. Хэрэв Б.Э нь дээрх хууль бус үйлдлүүдийг гаргаагүй бол манай байгууллага тухайн газруудаа зориулалтын дагуу ашиглаад үр шимийг нь хүртээд явах бүрэн боломжтой байсан. Хариуцагч Б.Эд “Х” ХХК-ийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж дахин хууль бусаар газар ашиглахгүй байхыг даалгаж, Б.Э-ийн хууль бусаар ашигласан болоод ашиглах боломжгүй болгосон газрыг өмнөх байдалд сэргээх буюу тариалан эрхлэхэд бэлэн болгож уринш хийхэд гарах зардал болох 6 638 000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

3. Хариуцагч Б.Э нэхэмжлэлийн “газар чөлөөлүүлэх шаардлагыг зөвшөөрсөн” бөгөөд бусад шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...Нэхэмжлэгч Ч.М-ын гаргасан 23 250 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ч.М нь 2009 онд газар тариалан эрхэлж эхэлсэн цагаас хойш тухайн газар /ногоон тэжээл тарьсан гэх/-т ямар нэгэн байдлаар тариа тариагүй байсан учраас миний бие энэ хугацаанд ногоон тэжээл тарьсан. Тухайн талбайд Ч.М нь газар тариалангийн үйл ажиллагаа явуулаагүй учраас нэхэмжилж байгаа 23 250 000 төгрөгийн орлогыг олох боломжгүй гэж үзэж байна. Хэрэв Ч.М нь ногоон тэжээл тарьсан гэх 5 га газарт өмнөх жилүүдэд тариа будаа тарих болон газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлсэн бол миний бие дээрх талбайд ногоон тэжээл тарихгүй байсан... Мөн нэхэмжлэгч Ч.М нь өөрийн эзэмшлийн гэх нийт талбайг тойруулан тариалан эрхлэлтийн зориулалтын бус нүх ухаж, хаалт хийсэн нь : -Тухайн бүс нутгийн хүн малыг ундаалдаг Ш гол гэх голын гольдрилыг олон жилийн хугацаанд хааж боогдуулсан, хаалт хийж ухсан нүх нь жил ирэх тусам эзэмшлийн гаднах атар газрыг идэж малын бэлчээрийг хомсдуулсан. Ухсан нүхийг бөглөж, гол горхийг хэвийн урсацтай болгож нөхөн сэргээлт хийсэн тохиолдолд 5 га газрыг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй болно...”,

“...Миний ногоон тэжээл тарьсан газрын урд зүгт болон хэрэглүүрийн тэр хавьд огт тариалалт хийж байгаагүй малын бэлчээр бүхий атар газар байдаг бөгөөд тухайн газар нь нэхэмжлэгч байгууллагын эзэмшлийн газар биш, нийтийн эдэлбэр газар гэж бодож байна. Учир нь 2009 оноос хойш 2021 он хүртэл тухайн газрыг хэн нэгэн этгээд хагалаагүй, уринш хийгээгүй. Миний ногоон тэжээл тарьсан газар хиргисүүрийн баруун урд талд байрладаг, тухайн газартаа нэхэмжлэгч байгууллага тариалалтаа хийхэд 5 га газар саад болохгүй, уг газрын урд зүгт байрладаг гэх хоёр модны 26 га газар ямар учиртай газар болохыг мэдэхгүй байна. Модны 2-ын тэр хавьд нутгийн малчдын эзэмшлийн газар л байдаг. Миний яг ямар үйлдлийн улмаас нэхэмжлэгч байгууллага өөрийн эзэмшлийн газраа ашиглаж чадахгүйд хүрээд байгааг мэдэхгүй байна” гэжээ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Х ХХК нь аялал жуулчлал, газар тариалан, мал аж ахуй, хүнсний ногоо үрслэг тариалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба А аймгийн Б сумын ... багийн нутаг дэвсгэрт ... нэгж талбарын дугаар бүхий 10463700 мкв газрыг  үр тарианы усалгаагүй тариалан зориулалтаар эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан “Х” ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2007 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Дуудлага худалдаанд ялагчтай байгуулах гэрээ”, нэгж талбарын ....., ..... дугаартай газрын кадастрын зураг, А аймгийн Б сумын Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр өөрчлөх тухай захирамж, 0202836 дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 0112720 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, А аймгийн Б сумын Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, А аймгийн Б сумын Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр өөрчлөх тухай захирамж, А аймгийн Б сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/13 дугаартай “Газрын зөрчил арилгах тухай” захирамж, Нэгж талбарын ...... дугаартай кадастрын зураг, А аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 03/345 дугаартай албан  бичиг, 2021-2022 оны тариалалт, хураалтын зураг, ХМ ХК-ийн тариалан болон атаршсан газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны нэгж талбарын сүлжээний зураг  зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийг А аймгийн Б сумын..... багийн нутаг дэвсгэрт .... нэгж талбарын дугаар бүхий 10463700 мкв газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа этгээд буюу шударга эзэмшигч гэж үзнэ.

 

            -Хариуцагч Б.Э-ийн хууль бус эзэмшлээс газар чөлөөлөхийг даалгах” шаардлагын тухайд:

            Хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч байгууллагын эзэмшлийн .... нэгж талбарын дугаар бүхий 10463700 мкв газраас 5 га газрыг нэхэмжлэгч байгууллагын зөвшөөрөлгүй хашаалж 2021-2023 онд ногоон тэжээл тариалсан, нэхэмжлэгч байгууллага 2022 оноос газрыг чөлөөлөхийг удаа дараа шаардаж байгаа болох нь хэрэгт авагдсан  Б сумын газрын даамлаас хариуцагч Б.Э-д хүргүүлсэн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн мэдэгдэх хуудас, А аймгийн Б сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01/225 дугаартай албан бичиг, гэрч Б.И-ийн мэдүүлэг, гар утасны дүрс бичлэгт шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл, тариа тариалсан гэх газарт шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл болон тэмдэглэлийн хавсралт кадастрын зураг, гэрэл зураг, гэрч Ё.Б, Ч.А нарын мэдүүлэг зэрэг баримтаар  тогтоогдож байна.

            Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж, 106.4-т “Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “Х” ХХК нь өөрийн эзэмшлийн газрыг хууль бусаар эзэмшиж байгаа этгээд болох хариуцагч Б.Э-өөс эзэмшлийн газрыг чөлөөлөхийг шаардсан нь үндэслэлтэй, хариуцагч Б.Э нэхэмжлэлийн энэ шаардлагыг маргахгүй болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн тул нэхэмжлэгч байгууллагын эзэмшлийн газар дээр барьсан хашаагаа буулгаж газрыг чөлөөлөхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэлээ.

 

            -Газрыг хууль бусаар эзэмшсэн гэм хорын төлбөрт 23 250 000 төгрөг гаргуулах шаардлагын  тухайд:  

            Нэхэмжлэгч “Х” ХХК шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Б.Э-ийн хууль бусаар хашаалсан газар дээр 2021 онд ногоон тэжээл тариалсан бол олох байсан орлого 5 250 000 төгрөг гаргуулахаас татгалзсан бөгөөд 2022, 2023 онд ногоон тэжээл тариалсан бол олох байсан орлого 1 га талбайгаас дунджаар 150 боодол, 5 га талбайгаас нийт 750 боодол ногоон тэжээл хураана, 1 боодол  тэжээлийн үнийг 12 000 төгрөгөөр тооцно гэсэн үндэслэлээр 2022 онд олох байсан орлого 9 000 000 төгрөг, 2023 онд олох байсан орлого 9 000 0000 төгрөг, нийт 18 000 000 төгрөг нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан. 

            Хариуцагч талын өмгөөлөгч нар шүүх хуралдааны шатанд “хариуцагчийн хашаалсан талбайг 5 га болохыг нотлоогүй, өөр ямар ч ургамал тариалах боломжтой байсан байхад заавал ногоон тэжээл тариалж олох байсан орлого нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэсэн тайлбар гаргасан. Харин хариуцагч Б.Э нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш бичгээр өгсөн тайлбарууддаа 5 га газрын хэмжээг маргаагүй, мөн  гэрч Л.Б-ын мэдүүлгээр хариуцагч Б.Э 5 га талбайгаар тооцож тухайн байгууллагаас техник түрээсэлж байсан зэргээр хууль бусаар эзэмшсэн газрын талбайн хэмжээ 5 га болох нь тогтоогдож байна.

Хариуцагчийн дээрх 5 га талбайг хууль бусаар эзэмшиж ногоон тэжээл тариалж байсан хугацаанд нэхэмжлэгч 2022, 2023 онд  олох байсан ашгаа ногоон тэжээлээр тооцож нэхэмжилсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байх тул хариуцагч Б.Э-өөс 2022, 2023 онд нэхэмжлэгч өөрөө ногоон тэжээл тариалсан бол олох байсан орлогыг баримтаар нотлогдсон хэмжээнд нэхэмжлэх эрхтэй гэж үзлээ.

А аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын 2023 оны 12 сарын 12-ны 01/562 дугаартай  тодорхойлолтод “ Манай аймагт 5 га газарт 800 кг малын тэжээлийн үр тариалах боломжтой бөгөөд 1 га талбайгаас тухайн жилийн ургацын байдлаас шалтгаалан 90-120 боодол ногоон  тэжээл хураан авах боломжтой. Ногоон тэжээл 2021 онд 7500, 2022 онд 10 000, 2023 онд 12 000-15 000 төгрөгийн үнэ ханштай байна” гэжээ. Орон нутагт газар тариалангийн үйлдвэрлэл, үр тариа, тэжээл үйлдвэрлэл, газар тариалангийн техник технологийн асуудал хариуцан ажилладаг төрийн байгууллага болох А аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын 2023 оны 12 сарын 12-ны 01/562 дугаартай тодорхойлолтыг 1 га талбайгаас хэдий хэмжээний ургац авах, ногоон тэжээлийн зах зээлийн үнэ ямар байсныг бодитой тогтоосон нотлох баримт гэж дүгнэлээ. Уг баримтыг үндэслэн хариуцагч Б.Э-ийн хууль бусаар хашаалсан талбайд нэхэмжлэгч байгууллага ногоон  тэжээл тариалсан бол нэг га талбайгаас 90 боодол ногоон тэжээл, 5 га талбайгаас 450 боодол ногоон тэжээл, нэг боодол ногоон тэжээлийн үнэ 2022 онд 10 000 төгрөгөөр тооцож 4 500 000 төгрөг, 2023 онд 12 000 төгрөгөөр тооцож 5 400 000 төгрөг, нийт 9 900 000 төгрөг олох боломжтой байсан, нийт 9 900 000 төгрөгийг орлого олох боломжтой байсан гэж үзлээ.

 Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 229 дүгээр зүйлийн 229.1-т заасныг баримтлан 2022, 2023 онд Б.Э-ийн хууль бусаар эзэмшсэн талбайд ногоон тэжээл тариалсан бол олох байсан орлого 9 900 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 8 100 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч талаас олох байсан орлогын талаар нотлох баримт болгож Монгол улсын гавъяат агрономич Б.Ж-ийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гавъяат агрономич үнэмлэхийн хуулбар, 118416 дугаартай дипломын хуулбар, Б ХХК-ийн дүрэм, Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 201 дугаартай тодорхойлолт гэсэн баримтуудыг шүүхэд ирүүлсэн. Б.Ж болон Б ХХК-н “ 1 га-с хураан авах ногоон тэжээлийн ургацын хэмжээ болон ургацын үнийг тодорхойлсон тодорхойлолт”-ийг баримтат эх сурвалжгүй тодорхойлсон, үнэн зөв эсэх нь эргэлзээтэй гэсэн үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй болно. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2022, 2023 онд ногоон тэжээл хэдэн төгрөгөөр зарагдаж байсан талаар үнэ олон нийтийн сүлжээнд Фейсбүүкт тодорхой байгаа, нийтэд илэрхий мэдээлэл гэсэн тайлбар гаргасан. Гэвч олон нийтийн сүлжээнд тавигдсан ногоон тэжээлийн үнийн саналыг ногоон тэжээлийн худалдаалагдаж байсан үнэ гэж үзэх үндэслэлгүй.

           

             -Хариуцагч Б.Э-д “Х” ХХК-ийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж дахин хууль бусаар газар ашиглахгүй байхыг даалгах шаардлагын тухайд:

            Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой. Ирээдүйд эрх зөрчиж болзошгүй гэж зөрчигдөөгүй эрхийг хамгаалах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул хариуцагч Б.Э-д “Х” ХХК-ийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж дахин хууль бусаар газар ашиглахгүй байхыг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            -Газрыг өмнөх байдалд сэргээх буюу тариалан эрхлэхэд бэлэн болгож уринш хийхэд гарах зардал болох 6 638 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

           Газрын чанар байдлыг муутгасан, ашиглах боломжгүй болгосон гэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдсонгүй. Мөн нэхэмжлэгч тал уринш хийхэд гарах зардлын баримт ирүүлсэн боловч аливаа тариалалт хийхийн тулд уринш хийх нь зайлшгүй хийгдэх ажил бөгөөд хариуцагч Б.Э-ийн гэм буруутай үйлдлийн улмаас уринш хийх шаардлагатай болсон гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул уринш хийхэд гарах зардлыг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Иргэдийн төлөөлөгчийн “ Хариуцагч Б.Э нь “Х” ХХК-ийн эзэмшлийн 5 га газарт зөвшөөрөлгүй газар тариалан эрхэлсэн учир газрыг чөлөөлж өгч нэхэмжлэгч талаас гаргасан хохирлыг барагдуулж өгөх нь зөв гэж үзэж байна. Харин нэхэмжилж байгаа мөнгөн дүнгийн тухайд үнэн зөв тогтоож өгөх шаардлагатай байна” гэсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан болон хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул үндэслэлтэй гэж үзсэн болно.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 535 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-өөс нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 243 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Нотлох баримтуудыг үнэлэхдээ:

1. Нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар баримт учир

            -”ХМ” ХК-ний 2023.06.06-ны өдрийн 1/19, 2023.06.29-ний өдрийн 1/23, 2023.06.15-ны өдрийн 1/22 тоот албан бичгийн хуулбар /1-р хх-ийн 16 х/,

            -А аймгийн Б сумын газрын даамал болон Х ХХК нарын байгуулсан иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар /1-р хх-ийн 17-20 х/

            -”Х” ХХК-ийн 2022.06.15-ны өдрийн 1/22, “ХМ” ХК-ийн 2023.06.06-ны өдрийн 1/19 дугаартай албан бичиг/1-р хх-ийн 76, 77х /,

            - Б сумын газрын даамлаас хариуцагч Б.Э-д хүргүүлж байсан 2023 оны 04 сарын 10-ны Мэдэгдэх хуудасны хуулбар/1-р хх-ийн 78х /,

            -гар утасны мессежний хуулбар / 1-р хх-н 80-81х/

            -А аймгийн Б сумын Засаг даргын 2023.06.20-ны өдрийн 01/225 дугаартай Газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоотын хуулбар /1-р хх-ийн 79х /,

            - 2007.06.04-ний өдрийн Дуудлага худалдаанд ялагчтай байгуулах гэрээний хуулбар /1-р хх-ийн 82-83 х/

            2. Нэхэмжлэлийн шаардлагад ач холбогдолгүй учир:

            -Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлангийн хуулбар /1-р хх-ийн 127-154х /,

            -Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангийн хуулбар /1-р хх-ийн 155-175х /,

            -”ХМ” ХК-ийн 2021 оны жилийн санхүүгийн тайлан /1-р хх-ийн 176-184х /

 

            3. Эх сурвалжаа баримтаар нотлоогүй мэдээлэл учир үнэн зөв эсэх нь эргэлзээтэй гэсэн үндэслэлээр

            -Монгол улсын Гавъяат агрономич Б.Ж-ийн тодорхойлолт /2-р хх-ийн 24х /,

            - Б ХХК-ийн 2023.11.13-ны өдрийн 201 дугаартай тодорхойлолт /2-р хх-ийн 32х

           

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүү М.М, хариуцагч Б.Э-ийн ах Б.Б нарын мэдүүлгийг нэхэмжлэгч,хариуцагч нартай гэр бүлийн харилцаатай, үнэн мэдүүлсэн эсэх нь эргэлзээтэй гэсэн үндэслэлээр тус тус нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 106 дугаар зүйлийн 106.2, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг тус тус баримтлан “Х” ХХК-ийн эзэмшлийн А аймгийн Б суманд байрлах ...... нэгж талбарын дугаар бүхий газар дээр барьсан хашааг буулгаж газрыг чөлөөлөхийг хариуцагч Б.Э-д даалгаж, 2022 онд олох байсан орлого 4 500 000, 2023 онд олох байсан орлого 5 400 000 төгрөг, нийт 9 900 000 төгрөгийг хариуцагч Б.Э-өөс гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, үлдэх  8 100 000 төгрөг, хууль бусаар ашигласан болон ашиглах боломжгүй болгосон газрыг өмнөх байдалд нь сэргээх буюу тариалан эрхлэхэд бэлэн болгож уринш хийхэд гарах зардал  6 638 000 төгрөг, нийт 14 738 000 төгрөг, "Х" ХХК-ийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж дахин хууль бусаар газар ашиглахгүй байхыг даалгах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 535 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-өөс нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 243 550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.ЖАРГАЛАН

                    

                      ШҮҮГЧИД                                                       Д.ЭЛБЭГЗАЯА

                                                            

                                                      Ц.ДАГИЙМАА