Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2024/01138

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Х  тоотод оршин суух,  регистрийн дугаартай, Б овогт Ү.Н нэхэмжлэлтэй, 

Хариуцагч:Х тоотод оршин суух, регистрийн дугаартай, Б.А, 

Хариуцагч:Х  байрлах, регистрийн дугаартай, Г ХХК нарт холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнээс татгалзсны үр дагавар 18.895.176 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгч: Ү.Н*******

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Б*******

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.М*******,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ү.Н******* хариуцагч Б.А*******, Г******* ХХК нарт холбогдуулан гэрээнээс татгалзсны үр дагаварт 18.895.176 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу төлсөн төлбөрийг буцаан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Анх орон зээлээр худалдах, худалдан авах гэрээг 7 жил 7 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй байхаар Г******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.А*******тай харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Өөрийн компанид ажиллах саналыг Б.А******* тавьсан бөгөөд уг гэрээг байгуулах гол нөхцөл нь миний бие хариуцагч компанид тогтвор сууршилтай, эдийн засгийн үр ашигтай, ажлын гүйцэтгэл сайтай ажиллах нөхцөлтэйгөөр урьдчилгаа төлбөр төлөлгүй, хөнгөлөлттэйгээр худалдан авч, зээлийн төлбөрийг сар бүр цалингаасаа төлөхөөр тохиролцсон ба нийт 12.895.176 төгрөг төлж барагдуулсан. Гэтэл Ковид 19 цар тахал гарснаар байгууллагын үйл ажиллагаа доголдож, үүнээс үүдэж ажлын гүйцэтгэл доошилсон. Гэтэл ажилтан надаас шалтгаалаагүй байхад алдагдалтай ажиллаж байна, ямар нэгэн үр ашиг гаргахгүй байгаа тул байрыг хүлээлгэж өг гэж удаа дараа дарамт шахалт үзүүлж байсан. Миний хувьд гэрээний дагуу тохирсон ёсоор цалингаасаа төлбөрөө төлнө гэж хүлээн зөвшөөрөхгүй байсан боловч удаа дараа орон сууцыг чөлөөлж өг, ажлаа хүлээлгэж өг гэж дарамталж байсан тул аргагүйн эрхэнд орон сууц түрээслэх гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл хариуцагч надад орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээг түрээсийн гэрээ болгож өөрчлөх саналыг тавьж, сар бүр цалингаасаа төлбөрөө төл гэсэн. Ү.Н******* миний бие өөрийн өмчлөлийн орон сууцтай болох зорилгоор сар бүр цалингаасаа зээлийн төлбөр төлдөг, өөрийн данснаас төлбөр төлдөггүй байсан. Тухайн үед түрээсийн гэрээ байгуулахдаа улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Улсын бүртгэлийн лавлагааг харахад байрыг өөр хүмүүстэй хамтран өмчилдөг талаар баримтууд ирсэн. Хамтран эзэмшигчийн зөвшөөрөлгүй хийсэн гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан учраас төлсөн төлбөрөө буцааж авах нь зүйтэй гэж үзсэн. Гэрээ байгуулсны дараа байранд шууд ороод амьдрах боломжгүй байсан тул худалдаж аваад цаашид амьдрах, өөрийн өмч болно гэж үзээд 6.000.000 төгрөгөөр засвар хийсэн. Үүнийг хариуцагч тал зөвшөөрч тооцоонд оруулсан. Иймд нийт 18.895.176 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ү.Н******* нь 2019 оны 4 дүгээр сараас эхлэн Г******* ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллаж байх хугацаанд буюу 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг тус компанийн захирал Б.А*******тай байгуулсан. Уг гэрээний гол нөхцөл нь ажилтан сар бүр 1.000.000 төгрөг төлөх ёстой байсан боловч талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу төлөлт бүрэн хийгдээгүй бөгөөд 2,3,5 дугаар сард огт төлөлтөө хийж чадаагүй, гэрээний үүргээ биелүүлж чадахгүй байсан болохоор орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг түрээсийн гэрээ болгон өөрчилсөн. Түрээсийн гэрээг хүчээр байгуулсан гэх агуулгатай зүйлийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байна, тийм зүйл болоогүй. Мөн хамтран эзэмшигчийн талаар ярьж байна. н.Д******* гэх хүн Б.А*******гийн нөхөр юм. Орон сууц түрээслэх гэрээний дагуу нэхэмжлэгч нь 3 жилийн хугацааны турш 90 хувийн ажлын гүйцэтгэлтэй ажилласнаар тухайн хугацаанд төлсөн төлбөрийг орон сууц худалдан авах үнэнд тооцно, гэрээний 3.4-т худалдан авах нөхцөлгүй түрээсэлсэн тохиолдолд 600.000 төгрөгний өртөгтэй байна гэж тус тус заасан. Талуудын хооронд байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээний 4.1-т заасны дагуу төлбөрөө бүрэн төлөөгүй, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд тухайн орон сууцыг түрээсэлсэн гэж үзэн 600.000 төгрөгөөр тооцно. Гэж заасны дагуу нэхэмжлэгч Ү.Н******* 2019 оны 12 дугаар сараас 2022 оны 05 дугаар сарын 26 хүртэл тухайн орон сууцанд 600.000 төгрөгний түрээстэй амьдарсан нь нэхэмжлэлийн үнийн дүнд дүйцсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага 18.895.176 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн иргэн Б.А*******гийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2022/16523 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж,

 

Хариуцагчаас итгэмжлэл, хариу тайлбар, 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн орон сууц түрээслэх гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ү.Н*******гийн Г******* ХХК-ийн Захиргаа хүний нууцийн хэлтэст гаргасан өргөдөл, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх Ү.Н*******гийн байрны түрээсийн тооцоо, Г******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Ү.Н*******гийн Г******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.А*******д гаргасан хүсэлт өргөдөл, Г******* ХХК-ийн 22/08 дугаартай тойрох хуудсыг ирүүлсэн,

 

Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 3 дугаар байр, 60 тоот хаягт байрлах, орон сууцны дэлгэрэнгүй лавлагаа ирснийг хэрэгт хавсаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Г******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.А******* намайг тус компанид ажиллах санал тавьж улмаар түүнтэй 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, орон сууцыг нийт 68.000.000 төгрөгөөр худалдан авч, жилийн 8 хувийн хүүтэй, 7 жил 7 сарын хугацаатай төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Миний бие тухайн компанид тогтвор суурьшилтай ажиллаж, цалингаасаа байрны төлбөрийг сар бүр төлж байхаар тохирсон. Хэсэг хугацааны дараа хариуцагч талаас компани алдагдалтай ажиллаж байна, ямар нэгэн үр ашиг гарахгүй байгаа тул орон сууцыг чөлөөлж өг, ажлаа хүлээлгэж өг гэж удаа дараа дарамт ирүүлсэн ба хариуцагчийн санал болгосноор Б.А*******гийн компани болох Г******* ХХК-тай түрээсийн гэрээг аргагүйн эрхэнд байгуулж, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 12.895.176 төгрөгийг төлсөн. Нэгэнт өөрийн гэсэн орон сууцтай болж байгаа учир анх орохдоо орон сууцны засвар үйлчилгээнд 6.000.000 төгрөг зарцуулсан. Гэрээний үүрэг нэгэнт биелэгдээгүй, миний бие ажлаас гарч орон сууцыг хариуцагчид хүлээлгэн өгсөн тул хариуцагчаас нараас 18.895.176 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ ...талуудын хооронд орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба гэрээний гол нөхцөл нь нэхэмжлэгч сар бүр 1.000.000 төгрөг төлөх ёстой байсан боловч төлөлт бүрэн хийгдээгүй, гэрээний үүргээ биелүүлж чадахгүй байсан болохоор зээлээр худалдах, худалдан авах гэрээг түрээсийн гэрээ болгон өөрчилсөн. Талуудын хооронд байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээний 4.1-т заасны дагуу төлбөрөө бүрэн төлөөгүй, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд тухайн орон сууцыг түрээсэлсэн гэж үзэн 600.000 төгрөгөөр тооцно. Гэж заасны дагуу нэхэмжлэгч Ү.Н******* 2019 оны 12 дугаар сараас 2022 оны 05 дугаар сарын 26 хүртэл тухайн орон сууцанд 600.000 төгрөгний түрээстэй амьдарсан нь нэхэмжлэлийн үнийн дүнд дүйцсэн, амьдарч байх хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Нэхэмжлэгч Ү.Н*******, хариуцагч Б.А******* /Г******* ХХК-ийн гүйцэтгэх захирал/ нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ажилтан Ү.Н*******, Гоёл тайлор ХХК-ийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэн, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлтэйгөөр урьдчилгаа төлбөр төлөлгүйгээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 3 дугаар байр, 60 тоотод байрлах, орон сууцыг жилийн 8 хувийн хүүтэй, 7 жил 7 сарын хугацаатай нийт 68.000.000 төгрөгөөр зээлээр худалдан авах, компани сар бүр Ү.Н*******гийн цалингаас орон сууцны төлбөрийг суутгаж байхаар тохирчээ.

 

6.Гэрээ ёсоор Ү.Н******* орон сууцыг хүлээн авч, байрандаа засвар үйлчилгээ хийж орсон байх ба компани сар бүр Ү.Н*******гийн цалингаас орон сууцны төлбөрийг суутгаж байсан нь зохигчдын тайлбараар тогтоогдов.

 

7.Хариуцагч тал Ү.Н*******г сар бүр 1.000.000 төгрөг төлөх ёстой байсан боловч төлөлтөө бүрэн хийгээгүй гэрээний үүргээ биелүүлээгүйгээс байрыг чөлөөлж өгөхийг шаардсан гэж тайлбарлаж байх ба харин нэхэмжлэгч Ү.Н******* Ковид 19 цар тахал гарснаар байгууллагын үйл ажиллагаа доголдсон, 1,2 удаа өвчний улмаас эмнэлгийн чөлөө авснаас өөрөөр ажил таслаагүй, компани миний цалингаас суутгалыг хийгээд явж байсан гэж тайлбарлаж байгаа болно.

 

8.Дээрх гэрээг байгуулсны дараа Г******* ХХК, Ү.Н******* нарын хооронд 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр орон сууц түрээслэх гэрээ байгуулагдаж, гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т өмнөх гэрээний нэгэн адил орон сууц түрээсийн төлбөр нэг сарын 1.000.000 төгрөг байхаар гэрээндээ тусгажээ.

 

9.Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулах болсон шалтгааныг хариуцагч нь нэхэмжлэгч Ү.Н*******г гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж 2,3,5 дугаар сард огт төлөлт хийгээгүйгээс өмнөх гэрээг өөрчилсөн гэж, нэхэмжлэгч төлөлт хийгээгүй шалтгаан нь өөрөөс хамаараагүй, Ковид 19 цар тахал нөлөөлсөн, хариуцагч талаас удаа дараа орон сууцыг чөлөөлж өг, ажлаа хүлээлгэн өг гэж дарамталж, улмаар түрээсийн гэрээ болгон өөрчлөх саналыг тавьснаар арга буюу дээрх гэрээг байгуулсан гэж тус тус тайлбарлаж байна.

 

9.Иргэний хуулийн 262 дугаар 262.1-т Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

10.Зохигчид орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээний зорилгоо тодорхойлж, орон сууцыг нэхэмжлэгч Ү.Н*******д шилжүүлж, компани түүний цалингаас орон сууцны төлбөрт суутгаж байхаар тохирч, тодорхой хугацааны дараа уг гэрээг түрээсийн гэрээг болгон өөрчилж өмнөх гэрээний адил сар бүр төлбөрийг авч байхаар тохирсноос үзэхэд талуудын хооронд дээрх хоёр гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

11.Гэвч талууд гэрээг хуульд нийцүүлж хийгээгүй, өөрөөр хэлбэл өмчлөгчтэй гэрээг байгуулаагүй, компанид үр бүтээлтэй ажиллах, цалингаас төлбөрийг суутгаж авна гэж тохирсон боловч гэрээг компанитай байгуулаагүй, зохих этгээдээс зөвшөөрөл аваагүй, түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх ба улмаар дээрх хоёр гэрээ хэрэгжээгүй, нэхэмжлэгч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэж хариуцагч гэрээнээс татгалзаж, Ү.Н******* ажлаас чөлөөлөгдсний улмаас орон сууцыг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна.

 

12.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан дагуу нэхэмжлэгч өгсөн мөнгөө нэхэмжлэх шаардах эрхтэй гэж үзлээ.

 

13.Нэхэмжлэгч нь дээрх хоёр гэрээний дагуу нийт 12.895.176 төгрөг төлсөн, орон сууц засварын зардалд 6.000.000 төгрөг зарцуулсныг хариуцагч тал хүлээн зөвшөөрч тооцоонд оруулсан байх тул нэхэмжлэгч гарсан зардлаа төлсөн төлбөрийн хамт нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй.

 

14.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгчийг уг орон сууцанд амьдарч байх хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн тул буцаан нэхэмжлэх эрхгүй гэж маргаж байх боловч орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний зорилго нь ажилтан Ү.Н******* компанийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэн, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлтэйгөөр урьдчилгаа төлбөр төлөлгүйгээр орон сууцыг 68.000.000 төгрөгөөр зээлээр худалдан авах, ингэхдээ компани сар бүр Ү.Н*******гийн цалингаас 1.000.000 төгрөгийг орон сууцны төлбөрт суутган авч байхаар тохирсон ба улмаар уг гэрээг түрээсийн гэрээ болгон өөрчилсөн, сард төлөх төлбөрийн хэмжээг өөрчлөөгүй байна.

 

15.Талуудын хооронд байгуулсан орон сууц түрээсийн гэрээний 1.2-т ...Энэхүү гэрээ нь түрээслэгчийг Г******* ХХК-д үр бүтээлтэй тогтвор суурьшилтай ажиллуулах, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ төлөвлөгөөний биелэлтийг бүрэн хангуулах зорилготой болно, гэрээний 1.3-т ... Түрээслэгчийн Г******* ХХК-д ажилласан ажлын гүйцэтгэлийн үнэлгээ нь 36 сарын хугацаанд сарын дундаж нь 90 хувиас багагүй үнэлэгдсэн тохиолдолд сар тутам төлсөн түрээсийн төлбөрийг тухайн орон сууцыг худалдан авах үнэд тооцож болно... гэж тус тус заасан байгаагаас үзэхэд уг гэрээ нь түрээсийн гэрээ нэртэй боловч түрээсийн гэрээний зорилго агуулгаас өөрөөр хийгдсэн гэж үзэхээр байна.

 

16.Түүнчлэн гэрээний 3.4-т худалдан авах нөхцөлгүй түрээсэлсэн тохиолдолд 600.000 төгрөгний өртөгтэй байна гэж заасан ба талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан гэрээний дагуу орон сууцыг зээлээр худалдах, худалдан авахаар тохирсон, энэхүү гэрээний зорилгыг түрээсийн гэрээнд үргэлжлүүлэхээр заасан байх тул төлбөрөө бүрэн төлөөгүй, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд тухайн орон сууцыг түрээсэлсэн гэж үзэж, нэхэмжлэгч Ү.Н*******гийн 2019 оны 12 дугаар сараас 2022 оны 05 дугаар сарын 26 хүртэл тухайн орон сууцанд 600.000 төгрөгний түрээстэй амьдарсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа нь дээрх гэрээний тохиролцоогоор үгүйсгэгдэж байна.

 

17.Орон сууц зээлээр худалдах, худалдан авах болон түрээсийн гэрээ хэрэгжээгүй, нэхэмжлэгч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэж хариуцагч гэрээнээс татгалзаж, Ү.Н******* ажлаас чөлөөлөгдөж, орон сууцыг хүлээлгэн өгсөн байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар 12.895.176 төгрөг, орон сууцны засварын зардалд төлсөн 6.000.000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн гэх баримтыг тайлбарын хамт өгч байх тул нийт 18.895.176 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

18.Талуудын хооронд байгуулсан орон сууц түрээсийн гэрээний 1.3-т ... Түрээслэгчийн Г******* ХХК-д ажилласан ажлын гүйцэтгэлийн үнэлгээ нь 36 сарын хугацаанд сарын дундаж нь 90 хувиас багагүй үнэлэгдсэн тохиолдолд сар тутам төлсөн түрээсийн төлбөрийг тухайн орон сууцыг худалдан авах үнэд тооцож болно... гэж заасан дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн ажилласан хугацааны ажлын гүйцэтгэлийн үнэлгээг дээр дурдснаар тооцож гаргах эрх нь нээлттэй байсан ба хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А*******, Г******* ХХК нараас 18.895.176 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ү.Н*******д олгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 252.426 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А*******, Г******* ХХК нараас 252.426 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ү.Н*******д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН