Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2024/00374

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2024/00374

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 5 дугаар хэсэг гудамж, 5б байр, 5 тоотод оршин суух, ИН99073039 регистрийн дугаартай, Цагаан гэрүүд овогт Б******* Г******* нэнхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайн гудамж, Тэнүүн хотхонд байрлах, 5928699 регистрийн дугаартай, Т******* ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж 79.163.420 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О*******,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******,

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Б*******,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Гантогтох хариуцагч Т******* ХХК-д холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж 79.163.420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

Нэхэмжлэгч Б.Гантогтох 2021 онд бартерын байр зарна гэх зарын дагуу Б.Энхтөр гэх хүнтэй танилцсан ба Б.Энхтөр нь Эй Си Эйч ХХК-ийн ерөнхий менежерээр ажиллаж байсан. Мөн хариуцагчийн хариу тайлбарт дурдсанаар Дэлгэр хаан хаан инвест ХХК-ийн ерөнхий менежерээр ажиллаж байсан. Тухайн үед Б.Э******* уулзаж, уг байрыг авах саналыг хүлээн авч, байрыг 54.000.000 төгрөгөөр зарна, Т******* ХХК гадна фасадны хөөс бүхий нэг тэрбум төгрөгийн үнэтэй барилгын материал нийлүүлэхээр тус байрыг оролцуулаад хэд хэдэн байр аваад худалдан борлуулж байгаа гэх мэдээллийг өгч байсан. Ингээд Т******* ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулснаар Дэлгэр хаан ХХК-иас байрны төлбөрийг 100 хувь шилжүүлэх агуулгатай гэрээ байгуулж, нэхэмжлэгч Б.Г******* хувьд гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн буюу 54.000.000 төгрөгнөөс 32.720.000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 21.813.000 төгрөгийг Б.Энхтөрийн дансанд шилжүүлсэн гэдэг. Уг гэрээг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан боловч гэрээний сар өдрийг 10 дугаар сарын 28 гэж өөрөөр бичсэн байсан. Мөнгө шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байгаа. Харин Т******* ХХК байрыг хүлээлгэж өгөөгүй, өмчлөх эрхийг шилжүүлээгүй. Энэ талаар хариуцагчийн хариу тайлбарт дурдсанаар Т******* ХХК нь Дэлгэр хаан ХХК-иас бараа материал нийлүүлээгүй гэж тайлбарладаг. Талууд Дэлгэр хаан ХХК-иас бараа материал нийлүүлдэг байсан болохыг хүлээн зөвшөөрч маргадаггүй. 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Б.Энхтөрийн өгсөн гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Учир нь Дэлгэр нагал хаан инвест ХХК 100 гаруй тэрбум төгрөгийн бараа материал нийлүүлсэн. Гэтэл Т******* ХХК үүнийг үгүйсгэж бараа материал нийлүүлдэггүй гэж хэлдэг. 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан Дэлгэр нагал хаан инвест ХХК-иас Т******* ХХК-д барилгын гадна фасад гаргаж өгсөн зарлагын баримт байгаа. Хариуцагчийн хариу тайлбарт Дэлгэр нагал хаан инвест ХХК нь бусад компаниас бараа материал худалдан аваад Т******* ХХК-д нийлүүлсэн баримтад нийт 61.600.000 төгрөгийн үнэ бүхий зарлагын падаан хавсаргасан байгаа. Иймд орон сууц захиалгаар бариулах гэрээний үүрэг биелэгдсэн гэж үзэж байна. Хамгийн анх 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайна 0 гудамж, 6 давхар, 607 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу 76.015.000 төгрөг, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т заасны дагуу зээлийн хүү буюу хохиролд 3.148.420 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Учир нь орон сууцны төлбөрийг төлсний дараа орон сууцаа хүлээн авах хүсэлтийг компанид гаргахад аль хэдийн уг орон сууцыг бусдад худалдаж, өөр өмчлөгчтэй болсон байсан. Уг орон сууцыг худалдан авахад Б.Г******* аав ээж болох н.Бямбадорж, н.Дунгармаа гэх хүмүүсээс зээл аваад тухайн байрны үнийг шилжүүлсэн гэдэг. Энэ зээлийн дагуу одоо хүртэл өртэй явж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 3.148.420 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар төлсөн байдаг. Иймд орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзаж, нийт 79.164.420 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, өмгөөлөгч Г.Б******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэрээ байсан эсэх нь эргэлзээтэй бөгөөд Т******* ХХК-иас тус шүүхэд 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хариу тайлбар болон холбогдох баримтуудыг гаргаж өгсөн. 2019 оны 7 дугаар сард тухайн орон сууц бусад этгээдэд худалдан борлогдож, 100 хувь төлбөрийг төлж, тухайн этгээд уг орон сууцанд амьдарч байгаа талаар тайлбарладаг. Энэ үйл баримтыг ямар нэгэн байдлаар үгүйсгээгүй буюу үгүйсгэх шаардлагагүй гэж үзсэн. Тэгэхээр нэг орон сууцанд хоёр гэрээ байгуулагдсан байх ба энэ нь хариуцагч компанийн буруутай үйлдэл байна. Хариуцагч компанийн үйлдэл Иргэний хуульд заасан ямар хэм хэмжээгээр зохицуулагдах вэ гэх агуулга яригдана. Жишээ нь талуудын хооронд 2021 онд байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээ хүчин төгөлдөр гэрээ мөн эсэх, эсвэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтэд илэрхий зан суртахуунд харшилсан хэлцэл үү гэх эргэлзээтэй зүйл байгаа ба хуульд харшилсан хэлцэл байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа орон сууц захиалгаар бариулах гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ буюу Иргэний хуулийн 355, 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа ч тухайн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр гаргах ёстой шаардлага байна. Талуудын хооронд анхнаасаа хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаагүй. Т******* ХХК нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөхөөс өмнөх шаардлага болох 607 тоот орон сууцыг нэхэмжлэгчид олгох боломжгүй байсан байна. Өөрөөр хэлбэл худалдан борлогдсон байр байсан. Тухайн гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй хууль зөрчсөн хэлцэл байсан байна. Тэгэхээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.5-д заасан хүчин төгөлдөр бус хийсэн хэлцэл хийсэн буюу тухайн хэлцлийн дагуу шилжүүлсэн төлбөрийг буцаан өгөх боломжгүй харилцаа гэж үзэж байна. Түүнчлэн нэхэмжлэгч 3.148.420 төгрөг нэмж нэхэмжилж байгаа нь хүчин төгөлдөр гэрээний үүрэг биелүүлээгүй хохирол уу, эсвэл анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсны улмаас учруулсан хохирол болох эсэх талаар тодруулах шаардлагатай байна. Гэрээний үүрэг биелэгдсэн эсэх, хариуцагчийн зүгээс анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байх боломжтой байна. Орон сууц захиалгаар бариулах гэрээ хавтаст хэрэгт авагдсан байна. Энэ гэрээний дагуу талууд тодорхой үүрэг хүлээсэн байна. Мөн бартерын байр худалдан авах талаар ярилцсанд маргадаггүй. Эй Си Эйч ХХК-тай харилцсан бөгөөд энэ компани 54.000.000 төгрөгийн төлбөр төлсөн гэх үйл баримтад талууд маргадаггүй бөгөөд баримтаар нотлогддог. Эй Си Эйч ХХК-ийн албан тоотод Дэлгэр нагал хаан инвест ХХК нь Т******* ХХК-ийн орон сууцыг Б.Гантогтоход шилжүүлж өгөөрэй гэх агуулгатай албан бичиг гаргасан байна. Тэгэхээр Эй Си Эйч ХХК магадгүй Дэлгэр нагал хаан инвест ХХК-ийн өмнөөс гэрээний үүргийг биелүүлсэн байхыг үгүйсгэдэггүй. Гэтэл Дэлгэр нагал хаан инвест ХХК нь Т******* ХХК-тай байгуулсан бартерын гэрээний үүргийг гүйцэтгэсэн гэх хангалттай нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад тогтоогдохгүй байна. Тухайлбал орон сууц захиалгаар бариулах гэрээнд гадна фасадны хөөсийг 100 хувь бартераар тооцож, Дэлгэр нагал хаан инвест ХХК-иас шилжүүлэх талаар дурдсан ба мөн төлбөр тооцоо төлөгдөж дуусаагүй байна. Нэхэмжлэгч талаас бартерын үүргээ гүйцэтгэж, 54.000.000 төгрөг төлсөн байна. Гэхдээ бартерын орон сууц худалдаж авч байгаа хүний хувьд тухайн бартерын үүргийн гүйцэтгэл хангагдсан эсэхийг тодруулаагүй. Эй Си Эйч ХХК 100 хувь үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгэсэн эсэх, эсвэл Дэлгэр нагал хаан инвест ХХК тухайн байртай холбоотой үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгэсэн эсэх талаар тодруулах шаардлагатай байсан. Гэтэл бодит байдал дээр Т******* ХХК-д Дэлгэр нагал хаан инвест ХХК бартерын гэрээний үүргээ биелүүлээгүй буюу төлбөр төлөгдөөгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтад зарлагын падаан дээр Т******* ХХК гэх нэршилтэй, Б.Энхтөр гэх хүнээс хэрэгт хамааралгүй компанийн тамга тэмдэг дарагдсан. Эдгээр зарлагын баримтууд нь Т******* ХХК тухайн бараа материалыг хүлээж авсан гэх үйл баримтыг хангалттай нотлохгүй байна гэж үзэж байна. Т******* ХХК бараа материал хүлээж аваагүй талаар тайлбарласан. Гэтэл нэхэмжлэгч өөр хуулийн этгээдийн тамга тэмдэг дарагдсан байх бөгөөд хүлээлгэж өгсөн этгээд нь Б.Энхтөр гэх хүн байна. Б.Энхтөр гэх хүн тамга дарсан юм бол нөгөө тал гарын үсэг зураагүй байх нь тамга дарсан компанийн гүйцэтгэх удирдлага менежер, борлуулалтын ажилтан гэх эргэлзээтэй. Т******* ХХК бараа материал хүлээн авсан гэх болон санхүүгийн баримт байхгүй байна. Мөн Дэлгэр нагал хаан инвест ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхгэрэл гэх хүн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Т******* ХХК-д гараар бичсэн албан тоот өгсөн байдаг. Тухайн гар бичмэлээр тодорхой үүрэг хүлээсэн эсэх, эсвэл үүргээс татгалзсан эсэх баримтыг нотариат гэрчилсэн байгааг хавтаст хэрэгт баримтаар авагдсан. Тухайн баримтад Дэлгэр нагал хаан инвест ХХК болон Т******* ХХК-ийн хооронд үүрэг байх талаар дурдсан. Тухайн өдөр Т******* ХХК-иас С.Мөнхгэрэл захиралд төлбөрөө төлөөгүй бартерын үүргээ биелүүлээгүй тул байр өгөхгүй. Бараа материал нийлүүлээгүй тул байраа өгөхгүй гэх мэдэгдлийг албан ёсоор гардуулаад гардаж авсан этгээд гарын үсэг зураад хүлээн зөвшөөрсөн. Мөн тухайн өдөр Т******* ХХК болон Дэлгэр нагал хаан инвест ХХК-ийн хооронд төлбөр тооцоо байхгүй гэх зүйлийг хэлсэн байдаг. Нэхэмжлэгч Б.Гантогтохтой адилхан гэрээ байгуулаад Т******* ХХК-иас байр худалдаж авна гэж явж байсан хүний төлбөрийг 100 хувь хариуцна гэдгийг илэрхийлсэн гар бичмэл хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тэгэхээр өмгөөлөгчийн зүгээс харахад 1 дүгээрт Т******* ХХК, Б.Г******* хооронд байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байсан. Үүнд өгсөн авснаа буцаах нөхцөл байдал үүснэ. Гэтэл Т******* ХХК нэхэмжлэгчээс мөнгөн төлбөрийг хүлээн аваагүй байна. Орон сууц захиалгаар барих гэрээний бартерын үүрэг биелэгдээгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, орон сууц захиалгын гэрээ шилжүүлэх тухай баримт, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ, нэхэмжлэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, Хаан банкны дансны хуулга, Хас банкны зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, итгэмжлэл, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б.Гантогтохоос Эс си эйч ХХК-ийн ерөнхий менежер Б.Энхтөрд хүргүүлсэн мэдэгдэл, Т******* ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл, Т******* ХХК-д гадна фасадны хөөс нийлүүлсэн талаарх зарлагын баримт,

 

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ, иргэн С.Мөнхгэрэлээс Т******* ХХК-д гаргасан тайлбар, 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т******* ХХК-иас Дэлгэр нагал хаан ХХК, Эс си эйч ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл, итгэмжлэл,

 

Тус шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2023/12899 дугаартай шүүгчийн захирамжаар Хаан банк ХК-иас дансны мэдээллэлийн баримт, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШЗ2023/21601 дугаартай шүүгчийн захирамжаар Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа зэрэг баримтууд ирснийг хэрэгт хавсаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Б.Гантогтох хариуцагч Т******* ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр /сар өдрийг буруу бичсэн гэх/ орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, орон сууцны үнэ 54.000.000 төгрөгийг төлсөн боловч гэрээнд заасан өмчлөх эрхийг шилжүүлээгүй гэж орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, 79.163.420 төгрөг гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, татгалзлын үндэслэлээ талуудын хооронд анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байгуулагдсан тул өгсөн авснаа буцаах нөхцөл байдал үүснэ. Гэтэл Т******* ХХК нэхэмжлэгчээс мөнгөн төлбөрийг хүлээн аваагүй, орон сууц захиалгаар барих гэрээний бартерын үүрэг биелэгдээгүй гэж маргаж тайлбараа гаргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар мэдүүлгээс үзэхэд Дэлгэр нагал хаан инвест ХХК нь Т******* ХХК-тай бараа материал нийлүүлэх гэрээ байгуулж, барилгын гадна фасадны хөөсийг нийлүүлж, уг гэрээний төлбөрт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайна 0 гудамж, Тэнүүн хотхон, 607 тоот 33.05 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг бартераар авахаар тохирчээ.

 

6.Эс си эйч ХХК-ийн ерөнхий менежер Б.Энхтөр танай захиалгаар бариулж буй Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайна 0 гудамж, Тэнүүн хотхон, 607 тоот 33.05 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны захиалгын гэрээг Завхан, Тосонцэнгэл 5 дугаар баг, Баян-Улаан хаягт оршин суух, Цагаан гэрүүд овогт Б******* Гантогтоход шилжүүлж, бидний цаашдын хамтын ажилд туслана уу гэх хүсэлтийг Дэлгэр нагал хаан инвест ХХК-ийн захирал С.Мөнхгэрэлд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 65 тоот албан бичгээр хүргүүлсэн нь хавтаст хэргийн 5 дугаар талд авагдсан байна.

 

7.Улмаар Т******* ХХК, нэхэмжлэгч Б.Гантогтох нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр /2021 оны 5 дугаар сарын 28 гэх/ орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр гүйцэтгэгч Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайна 0 гудамж, 607 дугаар байр, 33.05 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх, гэрээний нэрлэсэн үнэ 76.015.000 төгрөг байх, төлбөр төлөх нөхцөлд гадна фасадны хөөсний 100 хувийн бартераар тооцож, Дэлгэр нагал хаан инвест ХХК-иас шилжүүлж байгаа болно гэжээ.

 

8.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Гантогтох нь Дэлгэр нагал хаан инвест ХХК-ийн Т******* ХХК-д нийлүүлсэн бараа материалын үнэнд /бартерт/ тооцон авсан орон сууцыг Эс си эйч ХХК-ийн ерөнхий менежер Б.Энхтөрөөс худалдан авч, мөнгийг Б.Энхтөрийн дансанд шилжүүлсэн байна.

 

9.Т******* ХХК, Б.Гантогтох нарын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлд гэрээний үнэ төлбөр төлөх нөхцөлийн талаар заасан ба тухайн орон сууцны нийт үнэ 76.015.000 төгрөг, 100 хувийн бартер гэж давхар дурджээ.

 

10.Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Б.Гантогтохыг орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

11.Б.Гантогтох орон сууцны төлбөрийг төлсний дараа гэрээний 3.1-т зааснаар захиалсан орон сууцаа хүлээн авах хүсэлт гаргахад уг орон сууцыг бусдад худалдсан, өмчлөх эрхээ шилжүүлж авах боломжгүй талаар мэдэгдэж, улмаар 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, орон сууцны нийт үнэ 76.015.000 төгрөг, зээлийн хүүгийн хохиролд 3.148.420 төгрөг нийт 79.163.420 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

 

12.Гэрээний зүйл болох барилга ашиглалтад орж, хариуцагч Т******* ХХК Б.Гантогтоход орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгөөгүй, тэрээр орон сууцыг эзэмшилдээ аваагүй, өөр этгээдэд худалдсан үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгч орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, орон сууцны төлбөрт шилжүүлсэн мөнгөө шаардах эрхтэй тул хариуцагч Т******* ХХК-иас 76.015.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

13.Харин нэхэмжлэгч нь орон сууцыг худалдан авахын тулд аав н.Бямбадорж, ээж н.Дунгармаа нараас зээл авч одоог хүртэл зээл төлөгдөөгүй гэж тайлбарлаж, зээлийн хүүгийн хохиролд 3.148.420 төгрөг нэхэмжилж байгаа боловч уг зээлийг ямар зорилгоор авсан, орон сууц худалдан авахад зарцуулагдсан эсэх, хэдий хугацааны хүүгийн төлбөрт 3.148.420 төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, түүнийг нотолсон баримтгүй, Хас банкны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримт ирүүлсэн боловч нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул хохирол нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

14.Хариуцагч Т******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар Эй си эйч ХХК нь Дэлгэр нагал хаан инвест ХХК-ийн өмнөөс гэрээний үүргийг биелүүлсэн, Дэлгэр нагал хаан инвест ХХК нь Т******* ХХК-тай байгуулсан бартерын гэрээний үүргийг гүйцэтгэсэн гэх хангалттай нотлох баримтгүй, орон сууц захиалгаар бариулах гэрээнд гадна фасадны хөөсийг 100 хувь бартераар тооцож Дэлгэр нагал хаан инвест ХХК-иас шилжүүлэх талаар дурдсан хэдий ч төлбөр тооцоо төлөгдөж дуусаагүй, өөрөөр хэлбэл Т******* ХХК-д Дэлгэр нагал хаан инвест ХХК бартерын гэрээний үүргээ биелүүлээгүй буюу төлбөр төлөгдөөгүй гэж маргаж байгаа болно.

 

15.Нэхэмжлэгч Б.Гантогтох, хариуцагч Т******* ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан, төлбөр төлөх нөхцөлд гадна фасадны хөөсний 100 хувийн бартераар тооцож, Дэлгэр нагал хаан инвест ХХК-иас шилжүүлж байгаа болно гэж дурдсанаас үзэхэд Т******* ХХК, Дэлгэр нагал хаан инвест ХХК-ийн хоорондын тохиролцоог үндэслэн дээрх гэрээ байгуулагдсан, талууд төлбөрийн нөхцөлөө тохирч уг гэрээг байгуулсан гэж үзэхээр байна.

 

16.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Г******* нэхэмжлэлийн шаардлагаас 76.015.000 төгрөгийг хангаж, үлдэх 3.148.420 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

17.Т******* ХХК нь Дэлгэр нагал хаан инвест ХХК-ийг бартерын үүргээ биелүүлээгүй буюу төлбөр төлөгдөөгүй гэж маргаж байгаа тохиолдолд тухайн асуудлаар тусад нь нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар Т******* ХХК-иас 76.015.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Гантогтоход олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.148.420 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Гантогтохоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 624.267 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т******* ХХК-иас 538.025 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Гантогтоход олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН