| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00186/И |
| Дугаар | 152/ШШ2024/00162 |
| Огноо | 2024-04-19 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 152/ШШ2024/00162
У аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.х овогт Л.Б-ийн,
Д.Б-тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цогзолмаа оролцов.
Нэхэмжлэгч Л.Б-д шүүх хуралдааны товыг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдсэн бөгөөд тэрээр Миний бие У аймгийн Ө сумын Б багт амьдардаг. Хүү Б.Д нь тус сумын дунд сургуульд сурдаг, сургуулийнхаа дотуур байранд түр амьдарч байна. Би гэрээ нүүлгэх, малаа ар давуулах ажилтай дахин шүүхэд ирэх боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Б нь 1996 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Д.Б-тай хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. Миний бие 1976 онд төрсөн, 48 настай. Би 1992 оноос У аймгийн Ө сумын Б багт аав ээжийгээ мал маллаж байгаад 1996 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Д овогтой Б-тай гэр бүл болж 3 хүү төрүүлсэн. Бид хоёр суугаад 27 жил хамт амьдрах хугацаандаа Ц багт мал маллаж өөрөө мал маллаж эхнэр сургуульд бага ангийн багшаар ажиллаж амьдарч ирсэн. Энэ хугацаанд бид гэрлэлтээ батлуулаагүй байсан ба эхнэр болох Д.Б нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны орой нойр булчирхай өвдөж Ө сумын эмнэлэгт 5 хоноод 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр У-д орж ирээд маргааш нь У хот руу хагалгаанд орохоор яваад 3 удаа хагалгаанд ороод хагалгаагаа даалгүйгээр 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нас барсан. Насанд хүрээгүй нэг хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох шаардлага гарсан тул намайг эхнэр Д.Б-тай1996 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч Л.Б нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, У аймгийн Ө сумын Б багийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаар тодорхойлолт, Б.Д-ын төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Д.Б-ийн нас барсны гэрчилгээний хуулбар, Д.Б-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Ш-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Ш-ын төрсний гэрчилгээний хуулбар, Б.Б-ын төрсний гэрчилгээний хуулбар, 2019 онд авхуулсан гэх Л.Б, Д.Б, Б.Ш, Б.Б, Б.Д нарын фото зураг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс гэрч Х.А-аас мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1. Нэхэмжлэгч Л.Б нь Д.Б-тай 1996 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Л.Б-ийн Д.Б-тай хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Д.Б 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нас барсан болох нь түүний нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогджээ.
4. Нэхэмжлэгч Л.Б нь гэрлэлт батлуулаагүй болох нь гэрлэсний бүртгэлгүй лавлагаагаар нотлогдож байна.
5. Хэдийгээр Л.Б, Д.Б нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч хамт амьдарч тэдний дундаас хүү Б.Ш 1998 оны 7 дугаар сарын 24-ний өдөр, хүү Б.Б 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, хүү Б.Д 2011 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, эцэг Л.Б-оор овоглосон болох нь тэд нарын төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогджээ.
6. У аймгийн Ө сумын Ц багийн Засаг дарга С.П-ын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаар Л.Б /ОК76040319/, Д.Б нар 1996 онд гэр бүл болж, улмаар 3 хүүхэд төрүүлж өсгөн хамт амьдарч байсан бөгөөд эхнэр болох Д.Б нь 2023 онд нас барсан тул Л.Б нь бага хүү Б.Д-ын хамт амьдарч байгаа нь үнэн болно гэх тодорхойлолтыг шүүхэд ирүүлжээ.
Гэрч Х.А Д.Б1994 онд А-н багшийн сургууль төгсөж ирээд Л.Б-той хамт амьдарч эхэлсэн. Д.Б Ө сумын дунд сургуульд бага ангийн багшаар ажилладаг, нөхөр Л.Б ажил эрхэлдэггүй байсан. Л.Б, Д.Б хоёр Б.Ш, Б.Б, Б.Д гэх 3 хүүтэйгээ Ө суманд амьдарч байсан. Хамгийн том хүүхэд болох Б.Ш нь 2021 онд нас барсан. Л.Б, Д.Б хоёр 1997 оноос 2023 он хүртэл хамт амьдарсан. 2023 онд Д.Б нас барсан. Л.Б, Д.Б хоёр маань гэрлэлтээ батлуулаагүй байсныг нь Д.Б-г нас барсны дараа л мэдсэн. Одоо бага хүүхэд Б.Д нь Ө сумын дунд сургуульд 7 дугаар ангид суралцдаг, сургуулийнхаа дотуур байранд амьдардаг гэх мэдүүлгийг шүүхэд өгсөн бөгөөд гэрчийн мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
7. Иймд нэхэмжлэгч Л.Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, гэрч Х.А-ын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус үндэслэн Таван хар овогт Л.Б, Ш овогт Д.Б нарыг 1996 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Т.х овогт Л.Б, Шовогт Д.Б нарыг 1996 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор У аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР