Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 42

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Замбагацэцэгийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 153/ШШ2019/00333 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багт оршин суух, ПЕ67040904 тоот регистрийн дугаартай, Тогосой овогт Батхуягийн Замбагацэцэгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлттэй иргэний хэргийг хүсэлт гаргагч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, нарийн бичгийн даргаар  Б.Нарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Б.Замбагацэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Миний бие нь 1967 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. Бага насаа аав, ээжийн гар дээр өнгөрөөж, 1975 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж, 1983 онд 8 дугаар ангиа төгссөн. Дунд сургуулиа төгсөөд Залуучуудын Эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад /3 дугаар бригад/ өөрийн аав Т.Батхуягийн суурьт туслах малчнаар ажиллаж, ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн бөгөөд цалин хөлс аавын нэр дээр гардаг байсан. Аав Т.Батхуяг нь ямаа голдуу бог мал малладаг байсан.

Миний бие нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад 1983 оны 6 сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Т.Батхуягийн суурьт малчнаар ажилласан. Б.Замбагацэцэг миний бие нь 8 хүүхэд төрүүлсэн. Алдарт эхийн I, II дугаар одонтой. Миний бие нь одоо ч Ховд аймгийн Зэрэг сумандаа хувиараа мал маллаж амьдарч байна. Иймд Б.Замбагацэцэг намайг Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад 1983 оны 6 сарын 1-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 153/ШШ2019/00333 дугаар шийдвэрээр: “1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПЕ67040904 тоот регистрийн дугаартай, Тогосой овогт Батхуягийн Замбагацэцэгийн 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 2.Хүсэлт гаргагч Б.Замбагацэцэгийн 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлын талаарх баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүэй. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж шийдвэрлэжээ.

 

            Хүсэлт гаргагч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал юм. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д зааснаар үйл явдлыг батлах баримт бичгийг олж авах боломжгүй, үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүхэд хандан шийдвэрлүүлэхээр хуульчилсан. Ийм учраас ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэхээс өөр онцгой нөхцөлийг хуульчилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн арван гурав дугаар бүлэгт хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааг  журамлан зохицуулсан. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ энэхүү журмыг зөрчиж, хүсэлт гаргагчийн үйл явдлыг бичгийн баримтаар гарцаагүй нотолсон байхыг шаардсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ, 37 дугаар зүйлийн 37.2-т гэрчийн мэдүүлэг нь нотлох баримт байхаар хуульчилсан.

             Шүүх хуралдаан дээр хууль сануулж асуусан гэрч М.Мөнгөнцэцэг, Ё.Орломжав нарын мэдүүлгийг бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээгүй байх бөгөөд 30-аад жилийн өмнөх бичгийн нотлох баримтыг өөрт олдох боломжит хэмжээгээр гаргаж өгсөн байхад хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлгийг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримттай хангалттай харьцуулж дүгнэлт хийгээгүй. Тухайн үеийн албан хэрэг хөтлөлтийн зөрчил нь хүсэлт гаргагчийн өөрийн буруутай үйл ажиллагаа, үйлдлээс хамаараагүйд бодит дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангасан байна.

Хүсэлт гаргагч Б.Замбагацэцэг нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад 1983 оны 6 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх Б.Замбагацэцэгийн 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож,  1983 оны 6 сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус бригадад малчнаар ажиллаж байсан байдлын талаарх баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Б.Замбагацэцэг нь 1986, 1988 онд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоогдож байгаа бөгөөд шүүх түүний 1986, 1987, 1988 онуудад ажиллаж байсан байдлыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хүсэлт гаргагчийн 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус бригадад малчнаар ажиллаж байсан байдлын талаарх баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэсэн байх бөгөөд шүүхийн энэхүү дүгнэлтийг буруу гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан 1980 оны Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэрт Б.Замбагацэцэг нь хэзээ ямар ажилд орсон /томилогдсон/, ажлаас чөлөөлөгдсөн тушаалын огноо болон бусад мэдээллийн талаарх ямар нэгэн бичилт хийгдээгүй, мөн хүсэлт гаргагчийн “би өөрийн аав Т.Батхуягийн суурьт туслах малчнаар ажилладаг байсан, цалин хөлс аавын нэр дээр гардаг байсан” гэх тайлбартай нийцэхгүй байгаа талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Б.Замбагацэцэгийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр оролцсон М.Мөнгөнцэцэг, Ё.Орломжав нар нь түүнийг 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг гэрчилж мэдүүлэг өгсөн боловч тэдний мэдүүлгийн эх сурвалж болох нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хүсэлт гаргагч  түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн давж гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 153/ШШ2019/00333 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хүсэлт гаргагч түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Замбагацэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ТУЯА

 

                   ШҮҮГЧИД                                    Б.ДАМБА

                                                                     

                                                                                   М.НЯМБАЯР