Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/68

 

Н.А-д холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор Л.Солонго,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа /цахимаар/,

Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Володя даргалж шийдвэрлэсэн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/103 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Н.А-д холбогдох 2128000000094 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдлыг  үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Н.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн үед Өмнөговь аймаг, Д суманд И.Г-тай маргалдаж, түүний толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго нь Н.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Н-н А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.А-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг 2 /хоёр/ жил 11 /арван нэг/ сар 28 /хорин найм/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялаас эдэлсэн 1 /нэг/ сар 5 /тав/ хоногийн ялыг хасаж, үлдэх 2 /хоёр/ жил 10 /арав/ сар 23 /хорин гурав/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 2 /хоёр/ жил 10 /арав/ сар 23 /хорин гурав/ хоногийн хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.А-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон 30 /гуч/ хоногийн хорих ялыг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 10 /арав/ сар 23 /хорин гурав/ хоногийн хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Н.А-н нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 11 /арван нэг/ сар 23 /хорин гурав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д оногдуулсан 2 /хоёр/ жил 11 /арван нэг/ сар 23 /хорин гурав/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...шүүх дүгнэлтдээ ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 8 дугаар талд “шүүгдэгч Н.А нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсний дараа дахин гэмт хэрэг үйлдэж, шүүхээс гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг энэ зүйлийн 3 дахь хэсэгт ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихоор заажээ. ...Ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялыг биелүүлээгүй гэх үндэслэлийг хамааруулан ойлгохоор заасан байна гэж дүгнэн ялыг нэмж нэгтгэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.2 дахь хэсгийн 2.2-т заасан заалтууд нь хууль зүйн агуулгын хувьд өөр өөр ойлголт байхад нэг ойлголт мэтээр холбон тайлбарлаж ялыг нэмж нэгтгэсэн нь эрх зүйн үндэслэлгүй.

Мөн шүүх Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/948 дугаар “...Н.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биечлэн эдлэх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасан зөрчил гаргаагүй болно” гэсэн албан бичгийг анхаарч үзээгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх хугацаа тоолох заалтыг баримтлан Н.А-н зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлж эхэлсэн цаг хугацааг ялтны дэлгэрэнгүй судалгаанаас авч үзвэл 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 1093 хоногийн ялаас 35 хоногийн ялыг биечлэн эдэлсэн нь нотлогдоно. Үүнээс үзвэл Н.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй, харин зорчих эрх хязгаарлах ялыг эдлүүлэн хяналт тавьж эхлэхээс өмнөх цаг хугацаанд буюу 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтад орохоос 24 хоногийн өмнө гэмт хэрэг үйлдсэн байна.

 Хавтаст хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтуудаар Н.А нь ямарваа нэгэн байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй гэх үндэслэлийг нотолсон баримт байхгүй байхад шүүх хийсвэр дүгнэлт хийж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд хэргийн зүйчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4, 5, 7 дахь заалтуудыг хүчингүй болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Прокурор Л.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь Н.А 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 90 дугаар шийтгэх тогтоолоор өршөөлд хамрагдан зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн. Шүүхийн шийтгэх тогтоол гараад 10 хүрэхгүй хоногийн хугацааны дотор дахин гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэнд тооцогдож байх тул анхан шатны шүүхийн 103 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Н.А-н эрх зүйн байдлыг дордуулан ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэм буруутайд тооцсон, торгох ял шийтгэсэн тухайд Н.А-н болон өмгөөлөгчийн зүгээс маргах зүйлгүй. Харин торгох ялыг хорих ялаар хүндрүүлэн нэмж нэгтгэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Н.А-г зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь заалтыг журамлан шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/948 тоотод “ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биечлэн эдлэх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасан зөрчлийг гаргаагүй.” гэсэн. Энэхүү албан тоот үндэслэлтэй. Мөн ялтны дэлгэрэнгүй судалгааны ялын тооцооноос харвал Н.А 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж зорчих эрх хязгаарлах ялыг эдэлсэн байдаг. Тэгэхээр ял эдэлж байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн үү гэвэл үйлдээгүй болох нь харагдаж байна. Дуусах хугацаа нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр. Энэ хугацаанд тухайн хүн дахин гэмт хэрэг үйлдсэн бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөнд тооцно. Ялаа эдэлж эхлээгүй байх хугацааны зүйлийг хамаатуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй гэдэг нь Н.А-с шалтгаалж бий болоогүй байхад шүүх үндэслэлгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй гэж дүгнэн торгох ялыг хорих ялаар сольж, нэмж нэгтгэн ял оногдуулсан нь эрх зүйн үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйл нь зорчих эрхийг хязгаарлах ялын журмыг зөрчих гэсэн зохицуулалттай. Н.А-н хувьд хэзээнээс зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж эхэлсэн бэ гэх цаг хугацааны байдлыг анхаарч үзнэ үү. Н.А-н дахин гэмт хэрэг үйлдсэн хугацаа нь 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр юм. Тэгэхээр зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаандаа гэмт хэрэг үйлдээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг хэвээр үлдээж, 3 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бичсэн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Н.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн үед Өмнөговь аймгийн Д суманд И.Г-тай маргалдаж, түүний толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, зулгаралт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч И.Г, гэрч Г.П, Ч.О нарын мэдүүлэг, шинжээчийн 404 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэж  анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан хуульд заасан үндэслэл, журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна.

Шүүгдэгч Н.А-н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ И.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Н.А-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.А нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2., 2.4 дэх заалтад зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж уг ялыг Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсний дараа 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэж шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа анхан шатны шүүх нь хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохдоо Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Харин анхан шатны шүүх нь Н.А-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нэг гэмт хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэсэн заалтыг хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэлтэй боловч дээрх хуулийн заалтыг хэрэглэснээр Н.А-д оногдуулсан эрүүгийн хариуцлагын хэмжээнд нөлөөлөөгүй болно гэж үзэв.  

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолд /хх-66/ ...шүүгдэгч Н.А...нарт хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсонтой холбогдуулан  тэднийг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялыг биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүхээс мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болсон байх бөгөөд Н.А нь дээрх шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаагүй байна.

Өөрөөр хэлбэл уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолыг шүүгдэгч зөвшөөрсөн бол мөн цаг хугацаанаас эхлэн биелүүлэх үүрэгтэй юм.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар  нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай” давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан тул Н.А-н 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/103 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.А-н 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.НАСАНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧИД                     Х.ГЭРЭЛМАА

                                                                       Ш.ТӨМӨРБААТАР