| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 197/2026/0238/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/238 |
| Огноо | 2026-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Бат-Эрдэнэ |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2026/ШЦТ/238
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэндсүрэн,
улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ /цахимаар/,
шүүгдэгч С.А /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 9 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С Х овогт С.А-д холбогдох эрүүгийн 2508055750027 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
С Х овогт С.А, *** өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***, бараа зөөгчийн ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт, *** тоотод оршин суух, /Иргэний үнэмлэхийн хаяг: *** тоот/, ял шийтгэлгүй, регистрийн дугаар:***.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч С.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Найзуудтайгаа нийлж архи уусан. Нэг найзтайгаа маргаад цагдаа дуудсан. Хоёр хүн маргалдсан байхад ганцхан намайг явууллаа гээд ийм үйл явдал болсон...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.А нь 2025 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Х-г “...намайг цагдаа дуудаж өглөө...” хэмээн уурлан түүний хэсэг хүү цохиж, биед нь тархи доргилт, дух, баруун дээд, доод зовхи, хамар, уруул, нуруу, баруун дал, хоёр гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун даланд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3-4 дэх тал/, хохирогч Б.Х-гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/, шүүгдэгч С.А-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14100 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 10-11 дэх тал/, эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан эсэхийг шалгасан баримт /хавтаст хэргийн 58 дахь тал/, цагдаагийн байгууллагын дуудлага мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 66 дахь тал/, *** хорооны Хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хавтаст хэргийн 69 дэх тал/, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн 71-75 дахь тал/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамаараалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч С.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.А нь энэ гэмт хэргийн улмаас “Эрүүл мэндийн даатгал”-ын санд учирсан 124.000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч Б.Х нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч С.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлав.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С Х овогт С.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч С.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг прокурор, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.